Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1355

 

“Ш”СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01213 дугаар шийдвэртэй, “Ш”СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч С.М-д холбогдох 3 690 000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч нь  “Ш”СӨХ-оос 370 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, хариуцагч С.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа: Хариуцагч С.М-тай сууц өмчлөгчдийн холбооны /цаашид СӨХ-ны гэх/ дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 5 дугаар орцны 00 тоотыг түрээслэх гэрээг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, 3 дугаар орцны 00 тоотыг түрээслэх гэрээг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус тус байгуулсан. Энэхүү гэрээний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02127 дугаар шийдвэрээр хариуцагчаас түрээсийн зүйлийг чөлөөлөхийг даалгаж, 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн боловч хариуцагч түрээсийн байрыг суллаагүй. Иймд 2018 оны 8-12 дугаар сарын түрээсийн төлбөр сарын 150 000 төгрөг, хоёр 00 тоотын нийт 1 500 000 төгрөг, гэрээнд заасан торгууль 150 000 төгрөг, бүгд 1 650 000 төгрөг, СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор дээрх 00 тоотын түрээсийн төлбөрийг сарын 200 000 төгрөг болгож, 50 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч одоог болтол дээрх 00 тоотыг чөлөөлж өгөөгүйгээс олох байсан ашиг 2018 оны 11, 12 дугаар сарын зөрүү буюу сарын 50 000 төгрөг, 2 сарын зөрүү буюу хоёр 00 тоотын хохирол 200 000 төгрөг, 2019 оны 1-4 дүгээр сарын түрээсийн төлбөрт сарын 200 000 төгрөг буюу хоёр 00 тоотын 400 000 төгрөг, нийт 600 000 төгрөг олох байсан орлогоор хохирсон. Үүнээс гэрээнд заасан торгууль 60 000 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч нь 00 тоотын 2018 оны 11, 12, 2019 оны 01 дүгээр сарын дулааны төлбөрт 90 000 төгрөг төлсөн. Мөн дээрх 00 тоотуудын 2019 оны 2-4 дүгээр сарын түрээсийн төлбөр тус бүр сарын 200 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөг болж байх бөгөөд мөн хугацааны дулааны төлбөрт 90 000 төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас түрээсийн зүйлийг суллаж өгөөгүй ашигласан хугацааны төлбөрт 3 300 000 төгрөг, гэрээнд заасан торгуульд 210 000 төгрөг, дулааны төлбөрт төлсөн 180 000 төгрөг, нийт 3 690 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа: Дээрх 00 тоот өрөөнүүдийг суллах талаар шүүхийн шийдвэр гарсан. Миний бие 5 дугаар орцны 00 тоотыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр суллаж өгсөн, 3 дугаар орцны 00 тоотыг суллаж өгөхөд бэлэн. Нэхэмжлэгч анхнаасаа хүн амьдрах ёсгүй өрөөг надад түрээсэлсэн учраас уг гэрээ нь хүчин төгөлдөр бус тул төлбөрийг төлөхгүй. Мөн гэрээ байгуулаагүй, гэрээний хугацаа дууссан тул торгууль шаардах эрхгүй. Дулааны төлбөрийг ихээр нэхэж байхаас гадна дулаан өгөхгүй хаадаг байсан тул төлбөрийг төлөх үндэслэлгүй. Уг 00 тоотод би амьдраагүй. Нэхэмжлэгч намайг үйлчлэгчээр ажилд авч ажиллуулсан боловч цалингаа өгөөгүй тул түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй. Албадан чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан байхад дахин түрээсийн төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Ш”СӨХ-ны дарга Б.Нямдаваатай 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 3-00 тоотод, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 5-00 тоот тус бүрийг түрээслэхээр гэрээ байгуулсан. Энэхүү 2 өрөө нь хүн амьдрах аргагүй байсан тул Б.Нямдаваатай амаар тохиролцож иж бүрэн засварыг өөрийн хөрөнгөөр хийж гарсан зардлаа түрээсийн төлбөрөөс хасуулахаар тохиролцсон. Гэтэл Д.А- нь СӨХ-г булааж авснаар бид гаргасан зардал болон цалингаа авч чадахгүйд хүрсэн. 2 өрөөний засварт нийт 220 000 төгрөгийг зарцуулсан. 2018 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал орцны цэвэрлэгээний материал СӨХ огт өгөөгүй бөгөөд бид нийт 150 000 төгрөг зарцуулсан байдаг. Иймд засварын зардалд 220 000 төгрөг, өөрийн зардлаар цэвэрлэгээний материал худалдан авсан төлбөрт 150 000 төгрөг, нийт 370 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэл нь хөдөлмөрийн маргаантай холбоотой бөгөөд энэхүү түрээсийн гэрээний маргаанд холбоогүй. Түүнчлэн, 220 000 төгрөгийн засвар хийсэн болон өөрийн зардлаар 150 000 төгрөгөөр цэвэрлэгээний хэрэгсэл авсан нь тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4, 232 дугаар зүйлийн 232.5, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.М-аас 2 860 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш”СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас           830 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Ш”СӨХ-д холбогдох 220 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлээс 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ш”СӨХ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 106 850 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 11 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 60 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын орлогоос 5 150 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: С.М- миний бие “Ш”СӨХ-той 2017 оны 8  дугаар сарын 01-ний өдөр, мөн оны 8 дугаар сарын 20-ны өдрүүдэд 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 3-00 тоот, 5-00 тоот өрөөнүүдэд амьдарч байсан. Сарын төлбөрийг тухайн үеийн СӨХ-ны дарга Б.Нямдаваатай 150 000 төгрөг гэж тохирсон бөгөөд нөхөр бид хоёр тус СӨХ-д жижүүр, үйлчлэгчийн ажилд орсон тул түрээсийг 100 000 төгрөгөөр тооцож, цалингаас суутгал хэлбэрээр төлөөд явж байсан.

Гэтэл одоогийн “Ш”СӨХ-ны дарга гэгч Д.А- нь СӨХ-ны тамга, тэмдэг бичиг баримтыг бусадтай бүлэглэн булааж аваад жирийн ажилчин биднийг үндэслэлгүйгээр халж өнөөдрийг хүртэл хохироож байна. 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 10  дугаар сар хүртэл нэг ч цалин өгөхгүй ажиллуулсан. Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Д.А-ын сууц өмчлөгчдийн холбооны даргын асуудлаар эрүүгийн хэрэг үүсч шалгагдаж байгааг цагдаа, прокурорын байгууллагын албан бичгүүд болон гэрч Б.Нямдаваа тодорхой гэрчилсэн.

Мөн оршин суугчдаас сонгогдоогүй учир 12 дугаар байрны оршин суугчид 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хурал хийж жинхэнэ удирдлагаа сонгосон, Д.А- СӨХ-ны тамга, тэмдэг өгөхгүй өнөөдрийг хүртэл зугтсаар байгаа, тэрээр СӨХ-г төлөөлөх тохирохгүй хүн гэдгийг албан бичгээр ирүүлсэн. СӨХ-ны тамга, тэмдгийг ашиглаж биднийг удаа дараа ажлаас үндэслэлгүй халсан нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02127 дугаар шийдвэр, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/0020 дугаар шийдвэрүүдээр тогтоогдсон. Цалин өгөхгүй ажиллуулснаас түрээсийн мөнгөө өгч чадаагүй нь СӨХ-ны буруутай үйл ажиллагаа бөгөөд 2018 оны 6 дугаар сараас түрээсийн гэрээг цуцалснаар дахин гэрээ хийгээгүй.

 “УБЦТС” ХК-ийн баримтыг үндэслэн халуун, хүйтэн ус цахилгааныг таслуулж, хүн амьдрах боломжгүй болгосон. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.8-д заасныг тус тус зөрчиж, хүн суулгах хориотой, цахилгааны шитний аюултай бүсэд хүн суулгаж мөнгө олох үндэслэлгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй. Мөн гэрээ хийсэн нь хууль бус орлого байна гэдгийг нотолж шийдвэр гарахгүй өнөөдрийг хүртэл хохироосоор ирсэн. 2018 оны 4 дүгээр сард бидний гэрээг хүчингүй болгож тус өрөөнөөс хөөсөн, бид цалингүй болохоор төлбөрөө төлж чадахгүй байсаар шүүхийн шийдвэрээр 4, 5-р сард 2 өрөөг чөлөөлсөн. 2018 оны 9 дүгээр сараас ямар ч халуун, хүйтэн усгүй, цахилгаан дулааныг таслуулсан учир амьдрах боломжгүй болсон байхад хуучин гэрээний үнэ болох 150 000 төгрөгөөр тооцож төлбөр төлөх шийдвэр гарсныг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 Мөн 12 дугаар байрны 5-00, 3-00 тоот өрөө тус бүрт засвар хийж 220 000 төгрөгийн зардал гарсан гэдгийг гэрч Б.Нямдаваа гэрчилсэн боловч хангаагүй, хувиасаа гаргасан цэвэрлэгээний материал 150 000 төгрөгийг шүүх нэхэмжлэгчээс гаргуулаагүйд гомдолтой байна гэжээ.   

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

           

            Нэхэмжлэгч “Ш”СӨХ нь хариуцагч С.М-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр 3 300 000 төгрөг, гэрээнд зааснаар торгууль 210 000 төгрөг, дулааны төлбөрт төлсөн 180 000 төгрөг, нийт 3 690 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч түрээслэсэн өрөөнүүдэд засвар хийсэн зардал 220 000 төгрөг, тус СӨХ-д үйлчлэгчийн ажил хийж байх үедээ өөрийн мөнгөөр цэвэрлэгээний материал худалдан авсан 150 000 төгрөг, нийт 370 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд харилцан маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03077 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 3-00 тоот, 5-00 тоот өрөө тус бүрийг чөлөөлөхийг хариуцагчид даалгасан боловч чөлөөлөөгүй, хохирол учруулсаар байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн байна. /хх1-2/

 

Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03077 дугаар шийдвэрээр “Ш”СӨХ болон С.М- нарын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, С.М-аас гэрээний төлбөрт 1 265 000 төгрөг гаргуулах, мөн дээрх 00 тоот өрөө тус бүрийг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэжээ. /хх58-61/

 

Шүүх, хариуцагч С.М- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй 5 дугаар орцны 00 тоотыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр, 3 дугаар орцны 00 тоотыг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшил ашиглалтад байлгасан гэж дүгнэж, 2018 оны 8 дугаар сараас хугацааг тоолж, нийт 8 сар 26 хоногийг сарын 150 000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлээс түрээсийн төлбөрт шаардсан 3 300 000 төгрөгөөс 2 680 000 төгрөгийг гаргуулж, үлдэх 620 000 төгрөгийг нь хожим буюу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ш”СӨХ-ны удирдах зөвлөлийн 7 дугаар тогтоол /хх45-46/-оор төлбөрийг 50 000 төгрөгөөр нэмэгдүүлж 200 000 төгрөг болгосон нь хариуцагчид хамааралгүй, эд хөрөнгө хөлслөх гэрээ 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр цуцлагдсан, үүнээс хойш хугацаанд гэрээнд заасан торгууль 210 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх үндэслэл зааж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Мөн хэрэгт авагдсан “Төрийн банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар         /хх41-43,139-141/ нэхэмжлэгч нь дээрх хоёр 00 тоот өрөөний дулааны төлбөрт 180 000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтад тулгуурласан байна.

 

Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ, Д.А- “Ш” СӨХ-г төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрээр 00 тоот хоёр өрөөг 2018 оны 4 болон 5 дугаар сард чөлөөлсөн, 2018 оны 9 дүгээр сараас халуун, хүйтэн ус, цахилгаан, дулааныг тасалж амьдрах боломжгүй болсон атал 150 000 төгрөгөөр тооцож төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлээс гэрчийн мэдүүлгээр нотлогдсон 220 000 төгрөгийн зардал, цэвэрлэгээний материал авсан 150 000 төгрөгийг хангаагүй нь буруу гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 00 тоот өрөөнүүдийг анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талд хүлээлгэсэн өгсөн үйл баримт тогтоогдсон, шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэсэн Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасныг үндэслэн талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар сарын 150 000 төгрөгөөр тооцож 00 тоот хоёр өрөөний төлбөрт нийт 2 680 000 төгрөг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд хариуцагчийг 2018 оны 4, 5 дугаар сард дээрх өрөө тус бүрийг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч уг сууцанд амьдрах боломжгүй болгосон тул сарын төлбөрийг 150 000 төгрөгөөр тооцсон нь буруу гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч С.М- нь дээрх өрөөнүүдийг засан сайжруулахад зарцуулсан 220 000 төгрөгийн талаар гэрч Б.Нямдаваа нотолсон гэх боловч тухайн гэрчийн мэдүүлэгт /хх117/ “С.М-ыг өөрийнхөө хөрөнгөөр засвар хийчих, явцын дунд эргүүлээд өгье гэж хэлж байсан, хэдий хэмжээний төгрөгөөр засвар хийсэн гэдгийг мэдэхгүй” гэжээ. Энэ нь хариуцагчийг 220 000 төгрөгийн зардал гаргаж, тухайн өрөөнд засвар хийсэн гэх эргэлзээгүй баримт болж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл,  дээрх хэмжээний зардал хариуцагчаас гарсан гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Түүнчлэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас цэвэрлэгээний материалд зарцуулсан 150 000 төгрөг гаргуулна гэх шаардлагыг шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх153-156/

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/01213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.М-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           Т.ТУЯА