| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2022/04788/И |
| Дугаар | 182/ШШ2023/00920 |
| Огноо | 2023-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2023/00920
| 2023 03 14 | 182/ШШ2023/00920 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..... хаягт оршин суух, Д.У /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... хаягт оршин суух, Ч.Н /РД:00000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,455,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,
Хариуцагч Ч.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов..
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Ч.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,455,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Д.У нь 2020.01.13-ны өдөр хариуцагч Ч.Нтай аман тохиролцоо хийж 8,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлж, мөнгийг хариуцагчийн Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Хариуцагч Ч.Н нь дээрх аман гэрээний дагуу тохиролцсон хугацаанд зээлээ бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд 2021.01.12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 5,045,000 төгрөгийг төлсөн учраас 3,455,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн 2021.08.05-ны өдөр төлсөн 400,000 төгрөг, 2021.08.16-ны өдөр төлсөн 480,000 төгрөг, 2021.09.17-ны өдөр төлсөн 300,000 төгрөг, 2021.11.09-ний өдөр төлсөн 270,000 төгрөг, 2022.01.26-ны өдөр төлсөн 39,000 төгрөг буюу нийт 1,489,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч үлдэгдэл 1,966,000 төгрөгийг Ч.Нгаас гаргуулж өгнө үү...” гэв.
2.Хариуцагч Ч.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие Д.Уээс 2020.01.13-нд 8,500,000 төгрөгийг хүүгүй зээлж авсан энэ талаар маргахгүй. Нэхэмжлэгчийн хувьд бусдад 10 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдэг бөгөөд зарим үед мөнгө зээлэх хүн байвал зээлдүүлээд өгөөч гэж надад мөнгө шилжүүлж, би тэр мөнгийг нь бусдад зээлж, хүүгийн хамт буцааж өгдөг байсан...
Дээрх 8,500,000 төргрөгийг би 2020.02.17-нд 300,000 төгрөг, 2020.03.05-нд 545,000 төгрөг, 2020.07.14-нд 600,000 төгрөг, 2020.09.09-нд 150,000 төгрөг, 2020.09.10-нд 483,000 төгрөг, 2020.12.12-нд 500,000 төгрөг буюу нийт 2,578,000 төгрөг хүү, цалин гэсэн утгаар, 2021.01.12-нд 480,000 төгрөг, 2021.03.13-нд 500,000 төгрөг, 2021.04.10-нд 1,000,000 төгрөг, 2021.06.11-нд 1,000,000 төгрөг, 2021.06.15-нд 1,500,000 төгрөг, 2021.06.19-нд 410,000 төгрөг, 2021.08.05-нд 400,000 төгрөг, 2021,08.16-нд 480,000 төгрөг, 2021.09.17-нд 300,000 төгрөг, 2021.11.06-нд 270,000 төгрөг, 2022.01.23-нд 50,000 төгрөг, 2022.01.26-нд 39,000 төгрөг, 2022.04.05-нд 125,000 төгрөг 2022.06.23-нд 30,000 төгрөг буюу нийт 9,1620,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулсан.
Энэ нь миний Хаан банкны 0000000000 дугаартай данснаас нэхэмжлэгчийн Хаан банкны 0000000000 дугаартай харилцах данс руу шилжүүлж байсан дансны хуулгаар нотлогдох учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.11.01-ний өдөр 70,230 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,
-2022.03.01-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 3 х/,
-М.Цт 2022.10.18-ны өдөр олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,
-0000000000 тоот Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /хх-ийн 5-13 х/,
4.Хариуцагч нь хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 0000000000 тоот Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /хх-ийн 40-135 х/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч Ч.Нгаас зээлийн гэрээний үүрэгт 1,966,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Уийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Ч.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,455,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас 1,489,000 төгрөгийг хасч, 1,966,000 төгрөгийг гаргуулахаар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
- 2020.01.13-нд зээлийн гэрээ амаар байгуулан 8,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүүгээр зээлсэн бөгөөд хариуцагч нь нийт 6,534,000 төгрөгийг төлж, үлдэх 1,966,000 төгрөгийг төлөөгүй учраас хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч Ч.Н нь 8,500,000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк дахь нэхэмжлэгчийн 0000000000 тоот, хариуцагчийг 0000000000 тоот “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
а/ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
б/ Нэхэмжлэгч Д.У нь хуульд заасны дагуу 8,500,000 төгрөгийг хариуцагч Ч.Нгийн Хаан банкны 0000000000 тоот дансанд 2020.01.13-нд шилжүүлэн өгсөн байх ба талууд зээл авсан талаар маргаагүй.
в/ Харин хариуцагч зээлийг 9,162,000 төгрөгөөр цалин, хүү, Урнаад гэсэн утгатайгаар бүрэн төлж дуусгасан, бидний хооронд цалин олгох харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч виз мэдүүлэхэд хэрэгтэй учраас цалин гээд шилжүүлээрэй гэж хэлдэг байсан учраас нэхэмжлэлийн шаардлага болох 1,966,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан бөгөөд шүүх энэхүү тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзлээ.
г/ Учир нь хэрэгт авагдсан Хаан банкны 0000000000 тоот дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-аар хариуцагч Ч.Н нь 2020.02.17-нд 300,000 төгрөг, 2020.03.05-нд 545,000 төгрөг, 2020.07.14-нд 600,000 төгрөг, 2020.09.09-нд 150,000 төгрөг, 2020.09.10-нд 483,000 төгрөг, 2020.12.12-нд 500,000 төгрөг, 2021.01.12-нд 480,000 төгрөг, 2021.03.13-нд 500,000 төгрөг, 2021.04.10-нд 1,000,000 төгрөг, 2021.06.11-нд 1,000,000 төгрөг, 2021.06.15-нд 1,500,000 төгрөг, 2021.06.19-нд 410,000 төгрөг, 2021.08.05-нд 400,000 төгрөг, 2021,08.16-нд 480,000 төгрөг, 2021.09.17-нд 300,000 төгрөг, 2021.11.06-нд 270,000 төгрөг, 2022.01.23-нд 50,000 төгрөг, 2022.01.26-нд 39,000 төгрөг, 2022.04.05-нд 125,000 төгрөг 2022.06.23-нд 30,000 төгрөг буюу нийт 9,162,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн 0000000000 тоот дансанд Урнаад, цалин гэсэн утгатайгаар шилжүүлэн төлжээ.
д/ Дээрх баримтаас харахад 2020.01.13-ны өдөр 1 сарын хугацаатай олгогдсон 8,500,000 төгрөгийн зээл 2020.02.1-ны өдрөөс 2022.06.23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 9,162,000 төгрөгөөр бүрэн төлөгдсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 1,966,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
е/ Талуудын хооронд 2019.03.16-ны өдрөөс 2021.03.16-ны өдрийг хүртэл нийтдээ 10 удаагийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бусад зээлүүд дууссан учраас зөвхөн 2020.01.13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа гэж тайлбарласан тул хариуцагч Ч.Нгаас 1,966,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Уийн улсын тэмдэгтийн хураамжид 2022.11.01-ний төлсөн 70,230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ч.Нгаас зээлийн гэрээний үүрэгт 1,966,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.2-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Уийн улсын тэмдэгтийн хураамжид 2022.11.01-ний төлсөн 70,230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА