Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа,

улсын яллагч Ц.Лхамсүрэн,

хохирогч Э.***********,

хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран,

шүүгдэгч Э.*********** нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.***********ад холбогдох эрүүгийн 2425004570252 дугаартай, 312/2025/0396/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.*********** нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********тоот өөрийн гэртээ хохирогч Э.***********ийн зүүн чих рүү алгадаж, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.***********, хохирогч Э.*********** нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425004570252 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.*********** нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********тоот гэртээ хохирогч Э.***********ийг “гэрт хүүхдийн хөнжил нөмөрч унтлаа” гэх шалтгаанаар  зүүн чих рүү нь алгадаж, эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий гэмтлийг санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.***********ын өгсөн: “...Тухайн өдөр хүүхэд маань 6 сартай байсан. Нөхөр бид хоёрын дунд гэр бүлийн асуудал байсан нь үнэн. Ээжийндээ 2 хүүхдийн хамт хоносон. Өглөө гэртээ очиход гэрт үл таних эмэгтэйтэй цуг нөхөр маань байсан. Буйдангийн толгой дээр хэрэглэсэн бэлгэвчний хайрцаг байсан. Энэ нөхцөл байдлыг хараад би шокт орсон. Доогуураа шалдан миний хүүхдийн өлгийгөөр бөгс хэсгээ ороосон байсан. Би тэгээд бичлэг хийсэн. Би энэ хүний биед халдаагүй нөхөртөө л уурлаж байсан. Энэ хүний өөрийнх нь ярьж байгаа шиг бие засах шаардлагатай манай гэрт орсон юм бол бие засчхаад гарах боломж байсан. Гэрт ороход л хүүхдийн тоглоом, тэрэг байсан. Хараад мэдэх боломжтой. Сэтгэл санааны хувьд би эмгэгтэй байсан. 3 сарын хугацаанд шөнө унтаагүй. Би энэ хүнийг хүнлэг байгаасай гэж хүсэж байна. Хохирогч гэх эмэгтэйн дунд чихний үрэвсэлтэй удаан явсан болох нь хэрэгт баримтуудаар тогтоогдсон. Архаг хэлбэрийн чихний үрэвсэл, архаг тонзолит гэх оношоор эмчилгээ хийлгэж байсан байгаа. Одоо хүртэл энэ хүн чихэндээ эмчилгээ хийлгээгүй байгаа. Хүүхдийнхээ өлгийг авах гэж оролдсон, гэхдээ түүний толгой хэсэгт цохиогүй...” гэх мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.***********ийн өгсөн: “...***********хотхонд нэг эмэгтэй миний хацар руу алгадаж сэрээсэн. Би гутлаа өмсөөд л гэрээс нь гарсан. Чих маань шуугиад байсан. Би энэ хүн рүү яагаад намайг алгадаж байгаа юм бэ гэдэг асуултыг тавьсан. Тэр залуу бид хоёрын хооронд ямар нэгэн дотно асуудал үүсээгүй, ийм яриа өрнөөгүй учир надад тэр хүн аюулгүй санагдаад гэрийнх нь буйдан дээр ганцаараа унтсан. Би хувцастайгаа унтсан. Чихний үрэвсэлт өвчин надад байгаагүй. 48 цагийн дотор чихний хэнгэргээ нөхүүлэх ёстой. Хэрвээ энэ хугацаа өнгөрвөл хагалгаа хийлгэх шаардлага үүснэ гээд тэр дор наалт наалгаж, эмчлүүлсэн. Миний талаар интернэтэд худал зүйлийг энэ хүн тавьснаас болж аптекийн хүн, таксины жолооч хүртэл намайг таньж байсан. Би амиа хорломоор санагдсан. Сэтгэл зүйчтэй уулзсан. *********** эмнэлэгт очиж 10 хоног хэвтсэн. Маш их цочролд орсон, өөрийгөө мэдрэхгүй би гэртээ шээж байсан. Надад маш хэцүү байсан, охинтойгоо хоёулаа амьдардаг, ганц бие ээж хүн. Эмнэлэгт хэвтээд эмчийн өгсөн эмүүдийг би уугаагүй, бөөгнүүлж байгаад 22-23 ширхэг эмийг гэртээ авч очоод өсвөр насны охиныхоо хажууд амиа хорлохоор уусан. Тэгээд эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг,    

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Э.***********ийн өгсөн: “....2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш *********** гэх залуу над руу мессеж бичиж эхэлсэн. Мессежний утга нь орой завтай юу, өнөөдөр уулзах уу, салхинд гарах уу гэж бичсээр байсан. Би шалтаг тоочоод уулзаагүй. Танихгүй хүнтэй салхинд гарахгүй гэдгээ ч хэлсэн. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр над руу бас л уулзах уу гэж бичсэн. Би тэгэхээр нь тэгэхээс дээ гэж бичсэн. Би дотроо үнэхээр энэ хүн надтай танилцах гээд байгаа юм байна, би энэ хүнд таалагдсан юм байна гэж бодоод *********** төвд уулзахаар болсон. Намайг очиход тэр залуу хоол идээд пиво уугаад сууж байсан. Би очоод нэг пиво уусан. Тэгээд бид хоёр *********** караоке руу ороод 2 пиво уусан. Баян худалдааны төвийн 6 давхарт байдаг пабад 02 цаг хүртэл суусан. Тэр залуу манай гэрт очиж пиво уух уу, би ганц бие гэж хэлсэн. Тэгээд тэдний гэр лүү явсан. Гэр нь ***********хотхонд байсан. Тэр залуу дуудлагаар 4 пиво захиалаад өөрөө гарч авсан. Би тэр үед зурагтаар хөгжим сонсож байсан. Би тэдний гэрт уугаагүй, хөгжим сонсож сууж байхад 04 цаг өнгөрч байсан. Тэр залуу оройтсон юм чинь хоноод явахгүй юу гэсэн. Би буйдан дээр сууж байгаад хувцастайгаа унтсан байсан. Намайг унтсан хойгуур юм нөмрүүлсэн юм шиг байсан. Тэр залуу өөрийнхөө өрөөнд орж унтсан. Өглөө миний чих рүү нэг хүн алгадаад би сэрсэн. Сэрээд харахад нэг эмэгтэй утсаа барьсан бичлэг хийж байсан. Миний чих дүнгэнээд юм сонсохгүй байсан. Би чанга дуугаар чи яагаад намайг алгадаж байгаа юм бэ гээд орилсон. Миний хамраас цус гарсан. Би гутлаа өмсөөд гараад явсан...." гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

-Хохирогч Э.***********ийн дахин өгсөн: “...Миний хамрын мурийлт бол өмнө би хамрын хагалгаанд орсон өмнөх гэмтэл байсан. Харин миний чихний зүүн талын хэнгэрэг цоорсон асуудал бол энэ хэрэг анх 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 09 цагт *********** багт байрлах ***********хотхоны ***********тоотод *********** гэх эмэгтэй намайг унтаж байхад миний зүүн талын чих рүү алгадаж сэрээсэн тэрнээс болоод миний хэнгэрэг цоорсон. Тухайн үед миний хамар хэсгээс цус гараад миний чих дүнгэнэж шуугиад байхаар нь би тэр айлаас гутлаа өмсөөд хурдан гарсан. Тухайн эмэгтэй 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөө олон нийтийн сүлжээнд миний зураг бичлэгийг цахим хаягаас олон нийтийн сүлжээнд тавьсан тэр асуудлаас болж миний сэтгэл зүй тайван биш айдас түгшүүртэй маш их олон хүний дайралт авсан өөрийн ажил дээр хүртэл нэр хүндээ алдсан. Энэ хэргийн улмаас болж би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэж 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Би энэ хэргийн улмаас 24 хоног ажилдаа яваагүй. Орхон аймгийн *********** эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гадуур сэтгэл заслын эмчилгээ хийлгэж өөрийн ажил төрөлд яваагүй болно. Би хэрэгт холбоотой өөрт хийгдсэн эмчилгээний зардал мөнгө бол 7 сая орчим мөнгө зарцуулсан байна...” гэх мэдүүлэг, ( 1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал),

2. Гэрч Г.***********ы өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *********** бааранд би найз *********** хамт орж үйлчлүүлж байгаад *********** гэх эмэгтэйтэй анх танилцсан. Тэгээд би тухайн эмэгтэйтэй мессежээр харилцаж байгаад бид хоёр 2024 оны 8 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчим уулзахаар болж Уртбулаг багт байрлах *********** лоунжид уулзаж юм ярьж суусан. Тэгээд бид хоёр тэндээс гараад ***********ард байрлах *********** караокед бид хоёр хамт орж дуулж тэндээ 0.5 граммын касс пиво 2 ширхгийг уусан. Тэгээд удалгүй тэндээс гарж яваад *********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 808 нэртэй баарны гадаа очсон тэгсэн чинь тухайн баарны үүдэнд хамгаалагч *********** бид хоёр гаднаас орох гэтэл тухайн хамгаалагч ***********ийг оруулахгүй гэсэн. Тэгэхээр би заза болъё гэж хэлээд гадаа зогсож байхад *********** би бие засмаар байна гэхээр нь би тэр баарны дундуур ороод биеэ засчих гэж хэлсэн чинь үгүй гэсэн тэгээд би хажуу талын *********** буудал руу ороод биеэ засчих гэж хэлсэн. Тэгтэл бас үгүй гэсэн тэгэхээр нь би тухайн үед манай гэр ойрхон байсан болохоор хоёулаа манай гэрт очъё гэж хэлсэн. Манай гэрт бид хоёр хамт очсон. *********** гэх эмэгтэйтэй пиво ууж бид хоёр хоорондоо юм ярьж суугаад шөнийн 05 цагийн үед унтаж амарсан юм. Тэгээд би өглөө 07- 08 цагийн хооронд сэрээд нойл ороод гарж иртэл манай эхнэр *********** гэрийн үүдэнд гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Энэ юу эмэгтэй хүнтэй чи гэр орондоо байж байгаа юм гэж хэлээд над руу орилоод утсаар бичлэг хийгээд байхаар нь би утсыг нь авах гэж оролдлого хийсэн боловч авч чадаагүй. Манай эхнэр над руу аймаар орилоод байхаар би эхнэрээ нөгөө эмэгтэй рүү ойртуулахгүй гээд орц руу гараас нь түлхэж гаргасан юм. Тэгээд бид орцонд зогсож байх үед *********** гэх эмэгтэй манай гэрээс гутлаа өмсөөд гараад явсан юм” гэх мэдүүлэг, ( 1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал),

3. Бичлэгт Э.*********** нь ганцаараа байна аймар арчаагүй намайг 2,3 удаа хуурч байгаа байхгүй юу, энэ хүүхэн нь энд унтаж байгаад гараад явчхаж байгаа байхгүй юу, баахан пиво уучихсан гэж хэлээд буйданг харуулж байна..., 2 дахь бичлэгт ...*********** нь буйдан дээр сууж байна, яалаа гэж чи намайг алгадаж байгаа юм бэ гэж хэлж байна... гэх хатуу дискт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

4. Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчдийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаартай “Э.***********ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 2 нүдний ухархайн ясны хугарал, зүүн талын хэнгэргэн халсны цооролт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх зүүн талын хэнгэргэн халсны цооролт гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 2 нүдний ухархайн ясны хугарал, нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хэрэг учрал болсон цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. Зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 769 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй...” гэх дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал),

5. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хэргийн материалаар хийсэн 1107 дугаартай дүгнэлтэд: “Э.***********ийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хамар ясны зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг журмын 3.1.1-д зааснаар тус тус хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт нь хуучин гэмтэл байна...” гэх дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 93-97 дахь тал) гэх дүгнэлт,

6. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1345 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр “Э.***********ийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 28-ны шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна, дээрх шинжүүд нь хүний сэтгэцэд
баримтууд болон хэрэгт хураагдаж ирсэн гар утсаар хийгдсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.***********, гэрч Г.*********** нарын өгсөн мэдүүлэг, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1107 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Э.***********ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хатуу дискт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гар утсаар хийгдсэн бичлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч Э.*********** нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** тоот гэртээ хохирогч Э.***********ийг “гэрт хүүхдийн хөнжил нөмөрч унтлаа” гэх шалтгаанаар зүүн чих рүү нь алгадаж, эрүүл мэндэд нь зүүн “чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий гэмтэл учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.***********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 14, 1107 дугаартай дүгнэлтүүдэд тус тус нэрлэн зааж, Э.***********ын хохирогчийн зүүн чих рүү алгадсан үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирогч Э.*********** нь өмнө нь дунд чихний үрэвсэлтэй байсан, энэ нь тэдний хүсэлтээр хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Э.***********ийн эмнэлгийн байгууллагуудаар үйлчлүүлж байсан эмчийн үзлэг, шинжилгээний хариугаар тогтоогдсон, дээрх үрэвслийн улмаас хэнгэргэн хальс цоорсон байх боломжтой гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн хэдий ч хохирогч Э.***********т учирсан “зүүн чихний хэнгэргэн хальс цоорол” гэмтэл нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтойг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын 14, 1107 дугаартай дүгнэлтүүд, мөн хохирогч нь хэрэг болсон өдрийн орой Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт толгой өвдөнө..., ...зүүн чих шуугьж, хатгаж өвдөнө гэх зовууриар очиж үзүүлэхэд зүүн чихний хэнгэрэг гэмтсэн цус хуралттай байсан болох нь эмч М.Бат-Эрдэнийн үзлэгээр илэрсэн болох нь яаралтай тусламжийн 17711 дугаартай хуудас, мөн ***********чих хамар хоолойн эмнэлэгт 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үзүүлж, 08 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн мэдээ алдуулалтын доор зүүн чихний хэнгэрэгт цоорлын түвшинд хэнгэрэг нөхөн наалт наалгасан болохыг эмч О.Эрдэнэсувдын үзлэгийн хуудаст тодорхойлон бичсэн, ***********ХХК-ний 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Э.*********** нь “хэнгэргэн хальсны төвийн цоорол” оношоор үзлэг хийлгэж 1,006,720 төгрөгийн төлбөр гарч, иргэнээс 100,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалаас 906,720 төгрөгийг төлсөн гэх И баримт, хохирогчийн амбулаторийн картын хуулбар зэргээр тус тус үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт, тайлбар үндэслэлгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь хохирогч Э.***********ийг доогуураа нүцгэн, хүүхдийн минь хөнжлөөр биеэ ороосон хэвтэж байсан..., би гэртээ орж чадаагүй *********** намайг оруулаагүй, би хохирогчийг цохиогүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба хэрэгт түүний хийсэн гэх гар утасны бичлэгт “хохирогч Э.*********** нь зүүн талын хацар хэсгээ барьсан, дээгүүрээ хар өнгийн майк, доогуураа мөн хар өнгийн өмдтэй буйдан дээр сууж байгааг харуулсан хэсэг бичигдсэн, мөн Э.*********** нь буйдан дээр баруун талаараа хэвтээд унтаж байгааг харуулсан хэсэг” тус тус бичигдсэн зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэж, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортойгоор өгсөн ...унтаж байхад нэг хүүхэн алгадаад сэрээсэн..., ...би хувцастайгаа унтсан... гэх мэдүүлгийг нотолсон, мөн чихний хэнгэргэн хальс цоорол нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх талаар шинжээчийн 3 удаагийн дүгнэлтүүдэд тус тус тусгасан байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Шүүгдэгч Э.***********ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Э.***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Хохирогч Э.*********** нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биед учирсан хөнгөн хохирол болох “...чихний хэнгэргэн хальсны цоорол...”-ыг эмчлүүлэхээр эмчилгээ, оношилгооны төлбөрт 7,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 14,850,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны лист, цалингийн зөрүү 4,387,000 төгрөгийн нийт 26,237,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж холбогдох нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд ирүүлсэн байгаа нь хэргийн 1 дүгээр хавтасны 200-211 дэх талд авагдсан. /хохирогч нотлох баримтын үнийн дүнг буруу тооцоолж 661 төгрөгийн зөрүү гаргасан байгааг тэмдэглэв/.

          Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь заалтад “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасны дагуу хохирогч Э.***********ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.          

          Үүнд: Э.*********** нь “***********-ийн *********** ***********ажиллаж сард 6,036,061 төгрөгийн цалин авдаг бөгөөд 2024 оны 08 дугаар сард 4,555,475 төгрөгийн, 09 дүгээр сард 3,127,986 төгрөгийн цалин, листийн мөнгийг тус тус авч, 08 дугаар сард 1,474,586 төгрөгийн, 09 дүгээр сард 2,908,075 төгрөгийн нийт 4,382,661 төгрөгийн цалин аваагүй болох нь түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ************ *****-ын цалингийн лавлагаа зэргээр тогтоогдсон байна.

          Иймд шүүгдэгч Э.***********аас дээрх хохирогчийн 8, 9 дүгээр сард аваагүй гэх цалингийн зөрүү 4,382,661 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.***********т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Мөн *********** эмнэлэгт 10 хоног хэвтсэн төлбөр 880,000 төгрөг, компьютер томограф тодосгогч бодисгүй толгойн зураг авхуулсан 200,000 төгрөг, боловсролын бусад төрлийн сургалтын үйлчилгээний 350,000 төгрөг, бензиний 60,000 төгрөг, 70,000 төгрөг, Эрдэнэт медикал эмнэлэгт компьютер томограф тодосгогч бодисгүй толгойн зураг авхуулсан 150,000 төгрөг, компьютерт томограф тодосгогчгүй чамархайн зураг авхуулсан 180,000 төгрөг, ***********чих хамар хоолойн эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгүүлсэн төлбөр 1,006,720 төгрөгөөс иргэний төлсөн 100,000 төгрөгийн нэхэмжлэлүүд нь бодит баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс 2,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,800,000 төгрөгийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй нь үлдээх зүйтэй.

          Хохирогч нь 20 хоногт эмнэлэгт хэвтсэн гэх боловч хэрэгт энэ талаарх хангалттай баримт байхгүй, Өвчний түүхт эмнэлгээс гарсан өдрийг 2024 оны 09 дүгээр сарын 12 гэсэн байсныг 22 болгож засварласан байх тул энэ баримтаар хохирогчийг 20 хоног эмнэлэгт хэвтсэн гэж үзэх боломжгүй болохыг тэмдэглэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус зохицуулсан.

          Шүүгдэгч Э.***********ын хохирогчийн зүүн хацарт алгадсан үйлдлийн улмаас хохирогчийн зүүн чихний хэнгэрэгэн хальс цоорсон нь гэмт хэргийн хохирол бөгөөд, шүүгдэгч Э.*********** нь хохирогч Э.*********** болон өөрийн нөхөр Г.*********** нарын талаар цахим орчинд тухайн цаг хугацаанд хийсэн бичлэг, зургийг “Амьдралд их олон юм үзэх юмаа өөр хүүхэнтэй 6 сартай хүүхдийн минь унтдаг орон дээр тэврэлдээд хэвтэж байна гэж зүүдэлсэнгүй” гэх агуулгатай мэдээллийг байршуулсны улмаас Э.*********** нь сэтгэл санааны хямралд орж, амиа хорлохыг завдаж эм ууж, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн нь гэмт хэргийн хор уршиг гэж үзэх боломжтой.

          Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирогч Э.***********т зүүн чихний хэнгэрэгэн хальс цоорсон гэмтлийн улмаас сэтгэцэд хор уршиг учраагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлд нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хангасан боловч Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14/6602 дугаартай албан бичгээр 1345 дугаартай дүгнэлтийг “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “Шинжилгээнд хохирогчийн нас, хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал, тухайн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, чанар зэргийг харгалзан сэтгэцийн эмчийн үзлэг, сэтгэл зүйн болон сэтгэц физиологийн үзүүлэлт, эмгэг сэтгэл судлалын шинжилгээ, ажиглалт, бусад арга, хэрэглэгдэхүүнийг ашиглан” гаргасан тул нэмэлт шинжилгээ хийхээс татгалзан буцаасан байна.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1345 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.***********т гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байгааг тогтоосон тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, гэмтлийн улмаас учирсан зовуурь, шаналал, сөрөг үр дагавар зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэгдсэн 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж 99,000,000 төгрөгийн 10 хувиар тооцож 9,900,000 төгрөгийг шүүгдэгч Э.***********аас гаргуулан хохирогч Э.***********т олгуулахаар шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Э.***********аас ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 4,382,661, эмчилгээ, оношилгооны зардалд 2,200,000, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 9,900,000 нийт 16,482,661 төгрөгийг гаргуулж хохирогч Э.***********т олгох нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах байр суурийг илэрхийлсэн санал, дүгнэлтийг, хохирогч Э.Мөнгөнчимэг, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх байр суурийг тус тус илэрхийлж оролцов.

Шүүгдэгч Э.***********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Э.***********ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.***********ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй.

2 дугаар хавтаст хэргийн 13-24 дэх талд авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ЗШ/72 дугаартай шийтгэврийн хуулбар, ********* *************-ын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн лавлагаа, ажлын газрын лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.*********** нь 25 настай, хэрэг хариуцах насанд хүрсэн, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Г.***********тай 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, “***********-ийн ****************** ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдрах, Орхон аймгийн Баян-Өндөр сум *********** тоот орон сууцыг хамтран өмчилдөг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.***********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Э.***********ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн 2 бага насны хүүхдийн хамт амьдарч, хүүхэд асрах чөлөөтэй байгаа нөхцөл байдал, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********ад шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.***********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.***********аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдсан бичлэг бүхий хоёр ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* овогт *************ы ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********ад шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуу/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.*********** нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.***********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.***********аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 9,900,000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 4,382,661 /дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга зургаан зуун жаран нэг/, эмчилгээ оношилгооны зардалд 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч ************* овогт *******************ийн *********** /Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***************** тоотод оршин суух бүртгэлтэй, РД:*************, утас:****************/-т олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ, оношлогооны зардал 4,800,000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч Э.*********** нь эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Э.***********аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ