Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/03283

 

 

 

 

 

2023 10 16

181/ШШ2023/03283

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ШУТИС-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: тус сургуулийн захирал /үүрэг гүйцэтгэгч/-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь хариуцагч Шинжлэх ухаан, технологийн их сургууль-д холбогдуулан тус сургуулийн захирал /үүрэг гүйцэтгэгч/-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Ц.Э нь тус сургуульд 2010 оноос хойш Физикийн тэнхимийн багшаар ажилласан ба Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолд дурдсан асуудал болох үед буюу 2020 оны 7 дугаар сард сургуулийн шаардлагын дагуу өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдаж байсан ба ажлын боловсон хүчний асуудлаас болж дахин ажиллах хүсэлт тавьснаар 2021 оны 9 дүгээр сард эргэж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Физикийн тэнхимийн багшаар ажиллаж эхэлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолоор Ц.Э ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хассан нь тушаалд дурдсан шүүхээс багш, ажилтны гэм бурууг тогтоож, түүнд ногдуулсан шийтгэлийн улмаас ажил үүргээ биелүүлэх боломжгүй болсон үндэслэл биш бөгөөд нийтийн албан тушаалтанд багшийн албан тушаал хамаарахгүй тухай Авлигын эсрэг хуульд тодорхой заасан байдаг.

Ц.Э ын хувьд тухайн хэрэг учрал болох үед өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж байсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолоор тухайн үйлдэлдээ шийтгүүлсэн ба ажлаас халагдах шийтгэлийг дахин давхардуулж ногдуулсан нь үндэслэлгүй байхын сацуу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4, 123.5 хэсэгт заасныг тус тус зөрчсөн тушаал юм.

Иймд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 181/Ш32023/01377 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд хандахад 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хуралдаад шүүхээр шийдвэрлүүлэх талаар хариу өгсөн даруйд дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. ... гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...Ц.Э ын гаргасан нэхэмжлэлдээ ...2020 оны 7 сард сургуулийн шаардлагын дагуу өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж байсан..., ... Ц.Э ын хувьд тухайн хэрэг учрал болох үед өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж байсан... гэж бичсэн байна. Гэтэл Ц.Э нь ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаанд 2020 онд гаргасан өргөдөлдөө Цэвээн овогтой Эрхэмбаяр миний бие нь өөр ажилд шилжих болсон тул намайг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү. гэсэн хүсэлт гаргасан бөгөөд Ц.Э ын гаргасан хувийн хүсэлт, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн саналыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/147 тоот тушаалаар Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн ахлах багшийн албан тушаалаас чөлөөлсөн байдаг.

Ийнхүү ажлаас чөлөөлөгдөх үед оюутнаас мөнгө авсан гэх асуудлыг өөрөө үгүйсгэж байсан болно. Ц.Э нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ШУТИС-ийн захиргаанд ажил орох хүсэлт өгсөн бөгөөд Ц.Э ын хүсэлт, хөдөлмөрийн гэрээг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багшийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлэн ажиллуулсан.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06/8582 дугаар албан бичгээр Бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам болон нэмэлт өөрчлөлт, 2015 оны А/184 дүгээр тушаалаар батлагдсан Багш ажилтны ёс зүйн дүрэм-ийг хуулбарлан баталгаажуулж ирүүлэхийг хүсэлт болгосноор, ШУТИС-ийн Захиргаа хүний нөөцийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр албан бичгээр 34 хуудас бүхий материалыг хуулбар үнэн дарж хүргүүлсэн. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/37 дугаар прокурорын мэдэгдэл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд ирсэн бөгөөд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/37 дугаар прокурорын мэдэгдлийг хэрэгжүүлж, Хэрэглээний шинжлэх ухаан сургууль, Механик тээврийн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн нийт багш ажилтнуудыг хамруулан Авлигын хор хөнөөл, эрх зүйн зохицуулалт, Стресс менежмент сэдвүүдээр 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цахимаар сургалт зохион байгуулж, энэ талаарх хариуг хүргүүлсэн.

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиас хүсэлт гаргах тухай 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 236 дугаар албан бичиг, ШУТИС-ийн захирлын ажлын албанд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирсэн. Дээрх албан бичигт Ц.Э нь цалинтай чөлөө авах хүсэлтийг өгсөн байдаг. Өргөдлийг шийдвэрлэх үед Ц.Э аас хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар тодруулж шүүхийн шийдвэрийг ирүүлэхийг хүсэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолыг эх хувиар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн.

Уг шийтгэх тогтоолд 1. ... хахууль авах гэмт хэрэг үйлдсэн ... гэм буруутайд тооцсугай. 2. ... нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж ... 3. ... шүүгдэгч Ц.Э ын хөрөнгө цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...-ээр тогтоосон байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа, ... эрх бүхий байгууллагаас шалгах хугацаанд тасалдана. гэж заасны дагуу Ц.Э ын оюутан суралцагчаас мөнгө авсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж илрүүлэн, шүүхээс гэм буруутайг тогтоосон 2020 оны 5 дугаар сарын 15-наас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа тасалдсан гэж үзэж байна.

Ийнхүү Ц.Э тай 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээний үндсэн нөхцөл, ажилтны эрх, үүрэг, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахыг талууд бүрэн ойлголцож зөвшилцсөн гээд Ц.Э гарын үсгээ зурж баталгаажуулсан. Хөдөлмөрийн гэрээний 4.1-д хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөл-ийг заасан ба 4.1.15-д ...мөнгө эд зүйлс /хахууль/ авсан..., 4.1.19-т Гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. гэж заасан тул ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх ёстой.

Ц.Э ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нь тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу Шинжлэх ухаан, технологийн их сургуульд багшлах эрхийг 3 жил хассан гэж ойлгож байна. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн албыг ангилсан бөгөөд 6.1.4-д төрийн үйлчилгээний алба, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, урлаг спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал-ийг зааж өгсөн байдаг.

Улсын бүртгэлийн байгууллагаас 2009 оны 5 дугаар сарын 21-ний өдөр олгосон ШУТИС-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэр хэсэгт төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж тэмдэглэсэн байдаг. Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь инженер технологийн салбарын мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд бүрэлдэхүүн харьяа 16 сургууль, 2 МСҮТ, харьяа 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, 40 гаруй сургалт судалгааны төвтэйгээр сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний албаны боловсрол, шинжлэх ухааны үйлчилгээг үзүүлдэг их сургууль юм.

Ц.Э ыг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах тухай ШУТИС-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг Ц.Э 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан. Эрх олгох тухай 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/191 дүгээр тушаалын 1.1-д заасны дагуу ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтыг ажлын 14 өдрөөр тооцон олгох тухай Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар тушаал гарч, 1024 дүгээр төлбөрийн даалгавараар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,140,665 төгрөгийг Ц.Э ын Голомт банкны 1179055591 тоот дансанд шилжүүлсэн.

Ц.Э ыг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах тухай ШУТИС-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг үндэслэн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Ц.Э ын ажил хүлээлцэх комиссыг 4 ажилтны бүрэлдэхүүнтэй байгуулж, Ц.Э нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд шүүхээр хэлэлцэх ямар маргаан байдгийг тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгчийн маргаад байгаа асуудал Хөдөлмөрийн хуулийн 158 дугаар зүйлд ордоггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа онож гаргаагүй. Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй. гэж заасан.

ШУТИС-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор энэ маргаан шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд ШУТИС-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст Ц.Э өргөдөл хүсэлт өгөөгүй. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багш Ц.Э т ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Нарангаравт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэл, ШУТИС-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар Ц.Э ыг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2010.4, 2010.9-2022.11 хүртэл хугацааны/, ШУТИС-тай байгуулсан 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавсралтын хамт/, багшийн ажлын байр, албан тушаалын тодорхойлолтын хувилсан хувь, ажлын үнэмлэхийн хуулбар, дээд боловсрол, эрдмийн зэргийн дипломын хуулбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2023/01377 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн гомдол, тус хорооны хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар тэмдэгдлэл/шийдвэр /хх 3-33/-ийг,

 

3.2. Хариуцагчаас: Г.Г-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэл, ШУТИС-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, гэрчилгээний хуулбар, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тушаалаар баталсан тус сургуулийн дүрмийн хуулбар, захирлын 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар тушаалаар баталсан тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хавсралтын хамт/, Ц.Э ын ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаанд гаргасан 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийн хуулбар, захирлын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/147 дугаар Ц.Э ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/191 дүгээр Ц.Э ыг туршилтаар ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/337 дугаар Ц.Э ыг жинхлэн ажиллуулах тушаалын хуулбар, Ц.Э тай байгуулсан 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавсралтын хамт/, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06/8582 дугаар албан бичгийн хуулбар, АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр хариу албан бичгийн хуулбар, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/08 дугаар Ц.Э т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар Ц.Э ын ажил хүлээлцэх комиссыг томилох тухай тушаалын хуулбар, ШУТИС-ийн ректорын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар баталсан Багш ажилтны ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журам, зөвлөлийн бүрэлдэхүүний хуулбар, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/188 дугаар Бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар /хавсралтын хамт/, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/105 дугаар Бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/64 дүгээр тушаалаар баталсан Бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/188 дугаар Бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, Нийслэлийн прокурорын газрын прокуророос ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/37 дугаар мэдэгдлийн хуулбар, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаар хариу албан бичгийн хуулбар /хавсралтын хамт/, хүний нөөцийн албанд хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 236 дугаар хүсэлт бүхий албан бичгийн хуулбар, захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар Ц.Э т ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр Ц.Э ын ажил хүлээлцэх комиссыг томилох тухай тушаалын хуулбар, 2022 оны захирлын тушаал хүлээлгэн өгсөн баримт, ШУТИС ХШУС-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1024 дүгээр төлбөрийн даалгаврын хуулбар, ШУТИС-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/212 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулах тухай тушаалын хуулбар /хавсралтын хамт/, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/71 дүгээр Хөдөлмөрийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, ШУТИС ХШУС-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэлийн хуулбар, Ц.Э ын амралтын мөнгөний тооцооны хуулбар /хх 36-38, 49-116, 125-130/-ыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэгч Ц.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав нь хариуцагч Шинжлэх ухаан, технологийн их сургууль-д холбогдуулан тус сургуулийн захирал /үүрэг гүйцэтгэгч/-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Эндээс үзвэл, багш нийтийн албан тушаалтанд хамаарах эсэх, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.1. Ц.Э нь 2010 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургууль /цаашид ШУТИС гэх/-д ажиллаж эхэлсэн гэх бөгөөд тус сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар түүнийг өөрийнх нь өөр ажилд шилжих болсон гэсэн хүсэлтийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс Хэрэглээний шинжлэх ухааны сургууль /цаашид ХШУС гэх/-ийн Физикийн тэнхимийн ахлах багшийн албан тушаалаас чөлөөлсөн байна. /хх 6-8, 72-73, 88/

 

5.2. ХШУС-ийн санал, Ц.Э ын хүсэлт, байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн түүнийг ШУТИС-ийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/191 дүгээр тушаалаар мөн өдрөөс эхлэн ХШУС-ийн Физикийн тэнхимийн багшийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар эгүүлэн ажиллуулж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/337 дугаар тушаалаар тухайн албан тушаалд жинхэлсэн байх ба 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ. /хх 9-13, 15, 74-84/

 

5.3. Ц.Э нь ШУТИС-ийн ХШУС-ийн Физикийн тэнхимийн ахлах багшаар ажиллаж байхдаа Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-д заасан ...багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих..., мөн ШУТИС-ийн ректорын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/184 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Багш, ажилтны ёс зүйн дүрэм-ийн 3.1.5-д Албан тушаалын байдал, эрх мэдлээ ашиглан хувьдаа ашиг хонжоо, давуу тал олох, бий болгохгүй байх, 3.2.6-д заасан Багш, оюутны мэдлэг чадварыг бодитой, шударга дүгнэж үнэлнэ., 3.3.5-д заасан Оюутнаас мөнгө нэхэх, ном бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгах, хуульд заагаагүй төлбөр, хураамж оюутнаас авахыг хориглох гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тус сургуулийн нэр бүхий 17 оюутнуудын дүнгээ нэмэгдүүлэх ашиг сонирхлын үүднээс 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын Физик-2 хичээлийн дүнг гаргахдаа шан харамж буюу мөнгө нэхэх, ном худалдаж авах-ыг шаардаж, улмаар өөрийн Хаан банкны 5031988247 дугаар дансаар 2020 оны 5 дугаар сарын 11-нээс 15-ны өдрийг хүртэл хугацаанд 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 700,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. /хх 89-94/

 

5.4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Э ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 19-26, 86-106/

 

5.5. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ШУТИС-ийн ХШУС-ийн захиралд 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/37 дугаар Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай прокурорын мэдэгдлийг хүргүүлсэн ба ХШУС нь мэдэгдэлд заасан хугацааны дотор ШУТИС-ийн Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. /хх 107-110/

5.6. Дээрх үйл явдлын дараа Ц.Э нь ХШУС-ийн удирдлагаас 2023 оны 1 дүгээр сарын 06-наас 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд цалинтай чөлөө олгох-ыг хүсэх үедээ шийтгэх тогтоол гарсан талаар мэдэгдсэнээр ХШУС-иас уг асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох баримтуудыг хавсарган Хүний нөөцийн албанд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлжээ. /хх 188/

5.7. Улмаар ШУТИС-ийн захирал /үүрэг гүйцэтгэгч/-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалаар ...шийтгэх тогтоолоор Ц.Э ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон... гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс цуцалж, ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан ба түүний хариуцаж байсан ажил үүрэгтэй холбоотой ШУТИС-ийн и-мэйл хаяг, системүүд рүү нэвтрэх эрхийг хаалгаж, цаасан болон цахим баримт бүртгэл материал, ажлын үнэмлэх, эд хөрөнгийг актаар хүлээлцүүлж, ээлжийн амралтын болон холбогдох бусад тооцоог зохих журмын дагуу хийж дуусгахыг ХШУС-ийн захирал, ахлах нягтлан бодогч нарт зөвшөөрчээ. /хх 5-8, 112-117, 129-130/

Ингэхдээ уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2.5, ШУТИС-ийн дүрмийн 4.14.5, 10.2, сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5, 10.3.17, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоол, Ц.Э тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг тус тус үндэслэл болгосон байна. /хх 50-71/

 

6. Хэдийгээр ШУТИС нь Хөдөлмөрийн маргаан таслах комисстой байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2023/01377 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байдлыг урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэсэн гэж үзэхийн сацуу, шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан ажилтны гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан агуулгад харшлахгүй болно. /хх 27-33, 125-128/

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болох үндэслэл буюу урт хугацааны гэрээнээс ажил олгогч татгалзаж болох хүндэтгэн үзэх үндэслэлүүдийг тодорхой зааж өгсний дотор ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх тохиолдлууд хамаардаг.

Хөдөлмөрийн гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд чухам ямар зөрчлүүдийг хамааруулах, ямар тохиолдлыг, ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцож, энэ тухай хөдөлмөрийн гэрээндээ тодорхой заасан байх шаардлагатай бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцож, тодорхойлсон нөхцөлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох учиртай.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Ц.Э ын гэмт үйлдлийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан буюу 4.1.15-д заасан Эрхэлж буй ажил үүргээ гүйцэтгэхдээ ... мөнгө ... /хахууль/ авсан,...;, 4.1.19-т заасан Гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; гэсэн ноцтой зөрчилд хамааруулан тайлбарлах боловч эдгээр заалтуудыг тушаалын үндэслэлд тусгаагүй байна.

8. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. гэж, мөн зүйлийн 123.2 дахь хэсэгт Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна: гэсний дотор 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах. гэж,

ШУТИС-ийн захирлын 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар тушаалын хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 10.3.17-д Шүүхээс багш, ажилтны гэм буруутайг тогтоож, түүнд ногдуулсан шийтгэлийн улмаас ажил үүргээ биелүүлэх боломжгүй болсон;-г хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар тус тус заажээ. /хх 59-71/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ц.Э ын гэмт үйлдлийг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж, шүүхээс гэм буруутайг тогтоосон шийтгэх тогтоол ирэх хүртэл буюу 2020 оны 5 дугаар сарын 15-наас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.5 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа мөн зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар тасалдсан гэж тайлбарласныг буруутгах аргагүй.

9. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг; гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна. гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч; гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан нийтийн албан тушаалтан гэдэгт Авлигын эсрэг конвенцын 2 дугаар зүйлд оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид төрийн албан тушаалтан гэж тодорхойлсон хүнийг хэлнэ гэж заасныг удирдлага болговол, ШУТИС-ийн багш нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг гүйцэтгэх албан тушаалтны хувьд ч, тусгай зөвшөөрлөөр багшлах үйл ажиллагаа явуулж, төрийн албаны баталгаагаар хангагдаж, улсын төсвөөс цалин хөлс авч төрийн боловсролын үйлчилгээг үзүүлдэг хүний хувьд ч төрийн албан тушаал эрхэлдэг нийтийн албан тушаалтан мөн юм. /Авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг соёрхон батлах тухай 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын хууль Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2005 оны №43(424)-т нийтлэгдсэн, 853 дугаар тал/

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс багшийг нийтийн албан тушаалтан биш гэж үзсэн үндэслэлээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг иш үндэс болгож, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч биш тул нийтийн албан тушаалтан биш гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг хууль хэрэглэх зарчмын хувьд алдаатай дүгнэлт гэж үзнэ. Учир нь, хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулиуд хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг дараах агуулгаар хэрэглэнэ.

11. Авлигын эсрэг хууль нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг, харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах зорилттой. Дээрх хоёр хуулийн хүрээнд ойлгох нийтийн албан тушаалтан гэх хуульчилсан тодорхойлолт нь нийгмийн бүхий л хүрээг хамрах бус, гагцхүү тухайн хуулиудаар зохицуулах албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой нийгмийн харилцааны тодорхой хүрээнд үйлчлэх бөгөөд Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг дэх нийтийн албан тушаалтан гэх ойлголтыг тэдгээр хуулиудад заасанчлан явцууруулж тайлбарлах нь Эрүүгийн  хуулийн 1.1 дүгээр зүйлд хуульчилсан зорилго, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална. гэж заасан хууль ёсны зарчмын агуулга, цаашилбал шударга ёсыг дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тус тус үгүйсгэх үндэслэл болохгүй.

12. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дүгээр бүлэгт заасан нийтийн албан тушаалтан гэх, түүнчлэн уг хуулийг хэрэглэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалт дахь нийтийн алба гэсэн ойлголтуудыг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Удиртгал хэсэг болон Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын зорилтыг тус тус харгалзаж, тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлд заасныг баримталж өргөтгөж тайлбарлах нь зүйтэй гэж дүгнэв.

13. Учир нь, Ц.Э ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд маргааны зүйл болсон нийтийн алба, нийтийн албан тушаалтан гэх ойлголтууд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд болон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид дээрх агуулгаар зөрүүтэй тодорхойлогджээ. Авлигын эсрэг НҮБ-ын конвенц нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх эрх зүйн актын хувьд тухайн асуудлыг эдгээр хоёр хуулиас илүү нарийвчлан зохицуулсан байх тул хууль хэрэглэх зарчмыг үндэслэл болгож, дээрх байдлаар конвенцын заалтыг баримтлан, тайлбарлаж хэрэглэсэн болно.

14. Ц.Э ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн шийтгэх тогтоолд заасан 3 жилийн хугацаа дуусаагүй байна. Энэ хугацаанд Ц.Э нь төрийн албанд нийтийн албан тушаалтнаар ажиллах ёсгүй бөгөөд энэ талаарх ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; гэж заасантай нийцсэн байна. Хэдийгээр ажил олгогч хуулийн уг заалтыг баримтлаагүй боловч шийдвэр гаргасан үндэслэлдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багш Ц.Э ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул... гэж тусгасныг буруутгах үндэслэлгүй байна. 

15. Иймд дээрх үндэслэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал /үүрэг гүйцэтгэгч/-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай Ц.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал /үүрэг гүйцэтгэгч/-ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/622 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай Ц.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН