| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2022/03257/И |
| Дугаар | 182/ШШ2023/01392 |
| Огноо | 2023-05-04 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2023/01392
2023 05 04 182/ШШ2023/01392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Н-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Менежментийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 185,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Л.Б-ээс 33,978,026 төгрөг гаргуулах тухай Л.Н-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,
Гэрч Г.Г, Л.Г, Ж.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Б хариуцагч Л.Нд холбогдуулан менежментийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 185,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би өөрийн танил Л.Гт 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 38,000 ам.долларыг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад Л.Г нь зээлийн төлбөрөө барагдуулсан ба өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэх талаар ярьсан. Түүний хэлснээр үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн орлогоор сард 150,000,000-450,000,000 төгрөгийн ашиг өгдөг гэж надад итгүүлсэн. Би Л.Гийн үгэнд итгэж, гэр бүлийн бизнес эрхлэхээр охин Ж.Этэй ярилцаад түрээсийн гэрээ байгуулан ажиллахаар шийдсэн.
2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Л.Гийн өмчлөлийн гэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх болоход түүний эх Л.Н нь надтай “Менежментийн гэрээ” байгуулснаар .......... тоот, 0 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг караоке, баар, рестораны зориулалтаар ашиглахаар би хүлээн авсан. Дээрх гэрээний хугацааг 3 сар, түрээсийн төлбөр сард 50,000,000 төгрөг байхаар тохиролцсон, түрээсийн төлбөрийг Л.Гийн өгсөн дансанд болон бэлэн мөнгөөр хугацаанд нь төлж, гэрээний хугацаа дуусахаас 1 сарын өмнөх байдлаар 185,000,000 төгрөгийг түрээслүүлэгч талд өгсөн.
Гэтэл гэрээнд заасан зориулалтын дагуу баар, рестораны үйл ажиллагаа явуулсан эхний өдрөөс ашиг, орлогын талаар Л.Г надад хэлж, итгүүлсэн байдал худлаа болох нь тодорхой болсон. Миний хүлээн авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, VIP хэсгийн хөгжим, камерын хяналтын ашиглалт шаардлага хангахгүй, агааржуулалтын хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй учир үйлчлүүлэгчдээ алдаж, үйлчилгээний үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олоход саад болж байсан. Түүнчлэн баар, рестораны үйлчилгээ явуулахад зайлшгүй шаардлагатай архи, ус, ундааг захиалж хүргүүлэн авах гэхэд түрээслүүлэгч нь 29,000,000 гаруй төгрөгийн өр төлбөртэй байсны улмаас бараа татан авалт, санхүүгийн эргэлт цаг хугацааны хувьд хүндрэлтэй байдал үүссэн.
Түрээсийн гэрээний зүйл болох 0 м.кв талбайн бараг тал хувь нь VIP хэсэгт хамаардаг учир дээр дурдсанчлан хөгжим, агааржуулалт, камерын хяналтын төхөөрөмжүүд ашиглалтын шаардлага хангахгүйгээс энэ хэсэгт үйл ажиллагаа явуулаагүй байхад түрээсийн төлбөрийг бүрэн хэмжээгээр төлүүлж хохироосон. Нэгэнт гэрээний дагуу хүлээн авсан зүйлээ ашиглан, ядаж түрээсийн төлбөрт төлж байгаа зардлаа хасаад, бага ч гэсэн орлого олох гэж хичээсэн боловч гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн эвдрэл гэмтлийг засч өгөлгүй өнөөдрийг хүрсэн тул VIP хэсгийн хөгжмийг засуулахаар засварын газарт өгсөн.
Би түрээслүүлэгч талын буруугаас ашиг, орлогогүй ажиллаж байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан боловч Л.Н нь эд хөрөнгийн биет байдлын доголдлыг засч, хэвийн ажиллагаатай болгох ямар ч арга хэмжээ аваагүй атлаа гэрээний зүйлийг чөлөөлж өгөхийг шаардаж, 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2 удаа мэдэгдэл өгсөн. Би гэрээний хугацаа дуусах хүртэлх төлбөрөө бүрэн төлсөн байхад эд хөрөнгөө буцаан шаардаж байгаа нь зүйд нийцэхгүй.
Гэрээ хэрэгжих явцад дараах байдлаар гэрээ “хүчин төгөлдөр бус” гэж үзэх нөхцөл байдал тодорхой болсон. Үүнд: гэрээний зүйл нь Л.Гийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээтэй эсэх нь тодорхойгүй, хэрэв Л.Нийн өмчлөлийн эд хөрөнгө бол холбогдох бичиг баримтаа үзүүлээгүй, хариуцагчийн хүү Л.Г нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад гэрээний дагуу шилжүүлэх эрхтэй болохыг нотлох итгэмжлэлийг эх Л.Ндээ олгосон эсэх нь тодорхойгүй байгаа.
Иймд би Л.Гийн худал ярианд итгэж, гэрээ байгуулах эрхгүй этгээд болох Л.Нтэй гэрээний эрх зүйн харилцаанд орсон гэж үзэж байна.
Хоёрт: Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь “Менежментийн гэрээ”-ний 1.1-д зааснаар Ү-0000000000, Ү-0000000000 гэх 2 өөр дугаар бүхий, улсын бүртгэлийн гэрчилгээтэй байна. Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь “Менежментийн гэрээ” гэх нэртэй байгаа боловч гэрээний агуулга, талуудын эрх, үүргийн хуваарилалт, гэрээний зорилго зэргээс үзвэл Иргэний хуулийн 318.1-д заасан “Түрээсийн гэрээ” юм.
Хэрэв гэрээний зүйл нь улсын бүртгэлд тусдаа бие даасан эд хөрөнгө гэж бүртгэгдсэн бол Иргэний хуулийн 318.3-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болох байсан бөгөөд энэ журмыг зөрчсөн бол мөн хуулийн 318.4-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хариуцагч Л.Н нь улсын бүртгэлд бүртгүүлэхийг хуулиар шаардаагүй “Менежментийн гэрээ” гэх нэрээр надтай байгуулсан гэрээгээ нэрлэсэн гэж үзэж байна.
Эдгээр байдал нь Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар “гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй” учир хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь банкны зээлийн барьцаанд тавигдсан талаар бусдаас сонссон ба хэрэв энэ байдал үнэн бол “эрхийн доголдолтой” эд хөрөнгийг зориуд нуун дарагдуулж, гэрээ байгуулсан гэж үзэж байна. Гэрээний зүйлийг түрээслэгч надад хүлээлгэн өгөх үед би тухайн эд хөрөнгүүдийн тоо, хэмжээг тулгаж авсан бөгөөд эд хөрөнгийн чанар байдлыг надад хэлэлгүйгээр баримт бичигт гарын үсэг зуруулсан. Гэрээ хэрэгжих явцад зарим эд зүйлийн чанар нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй нь илэрч мэдэгдсэнээр би өөрийн хүлээн авсан эд хөрөнгийн жагсаалтыг гаргаж үзэхэд “S-ийн хөрөнгийн тооллого” гэх баримтад гарын үсэг зуруулсан байсан.
Дээрх баримтад “...хүлээлгэн өгсөн нягтлан бодогч Шийлэгтөмөр, менежер Л, нярав Г...” гэх хүмүүс гарын үсэг зурснаас үзэхэд хариуцагч Л.Н нь нэр бүхий өөр этгээдийн хөрөнгийг надад хүлээлгэн өгсөн байх гэсэн эргэлзээ төрж байна.
Хариуцагч Л.Н нь хүүтэйгээ үгсэн, өндөр настай, хууль мэдэхгүй байдлыг минь далимдуулан, их хэмжээний мөнгийг гэрээний төлбөр гэж авсанд харамсаж байна. Хариуцагч Л.Н нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах замаар надаас 185,000,000 төгрөг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд 56.5-д зааснаар түрээсийн төлбөрт надаас авсан 185,000,000 төгрөгийг хариуцагч Л.Нээс гаргуулж өгнө үү...” гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Б нь охин Ж.Э-ийн хамт хариуцагч Л.Нийн гэр бүлийн компани болох “Голдкойн” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ..... тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж баар, рестораны зориулалтаар ажиллуулахаар болсон.
“Голдкойн” ХХК-иас Л.Нд олгосон итгэмжлэлийн дагуу түрээсийн журмаар бусдад эзэмшиж ашиглуулах эрх үүссэн. 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Л.Б нь санал тавьсны дагуу 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай дээр дурдсан үйлчилгээний зориулалттай талбайг зориулалтын дагуу буюу баар, рестораны чиглэлээр, өмнө нь явуулж байсан үйлчилгээний стандарт, соёл, менежментийг барьж ажиллуулахаар тохиролцсон.
Энэ утгаараа гэрээг Менежментийн гэрээ гэж нэрлэсэн. Гэрээний 4.2-т зааснаар 1 сарын түрээсийн төлбөрийг 100,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд түрээсийн төлбөрийг сар бүрийн 5-ны дотор төлөхөөр талууд тохиролцсон. Ингээд түрээслэгч талын хүсэлтийн дагуу гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан.
Түрээслэгч тал эхний сарын 100,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаар төлсөн бөгөөд 6 сарын төлбөрийг төлөх хугацаа болоход түрээсийн төлбөрийг багасгах талаар санал удаа дараа тавьж, гуйсныг аргагүйн эрхэнд зөвшөөрч түрээсийн төлбөрийг дараагийн 2 сард 50,000,000 төгрөг болгож бууруулсан.
Гэвч түрээслэгч Л.Б нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсан бөгөөд 6 сарын төлбөрийг бүтэн сарын турш цувуулж өгсөн, 7 сарын төлбөрийг мөн цувуулж өгсөөр 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ашиг орлого олж байсан бөгөөд сарын төлбөрөө тохирсон хугацаандаа огт төлөхгүй байсан.
Гэрээний дагуу төлбөрөө төлөх, алданги тооцох талаар удаа дараа шаардаж байсан. 2022 оны 7 дугаар сарын 10-ны үед төлбөрөө нэхэмжлэхэд цаашид гэрээний хугацаа сунгахгүй 7 дугаар сард төлсөн 35,000,000 төгрөгтөө таарах хоногтоо ажиллаад гарна гэсэн боловч 2022 оны 8 дугаар сарын 08 хүртэл бүтэн ажиллаж, гэрээний хугацаандаа буюу сүүлийн сардаа бүтэн ажиллаж дуусгасан.
2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл гэрээний сүүлийн сарын төлбөр 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнээс гадна түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой иж бүрэн тавилга, тохижилттой 292 төрөл, зүйлийн 1,568,456,688 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн бөгөөд Л.Б нь ажиллуулах хугацаандаа шил, шаазан хагалсан, хяналтын камер, сервэр, гадна дотно хаалганы цоож гэх зэргийг эвдэлсэн, гэмтээсэн, үгүй хийсэн зэрэг их хэмжээний хохирол учруулсан, цахилгааны төлбөр, интернетийн төлбөрийн үлдэгдэлтэй хүлээлгэж өгсөн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдахдаа зарим талбайг ашиглаагүй, хөгжим эвдэрхий байсан, өмнөх өр төлбөр 29,000,000 төгрөгөөс нь болж бараа татан авалт хийж чадаагүй, түрээсийн гэрээг менежментийн гэрээ гэж нэрлэсэн тул 185,000,000 төгрөгөө буцаан гаргуулна гэж шаардаж байгаа нь хэт үндэслэл муутай байна.
Талууд сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж гэрээ байгуулсан, түрээслүүлэгчийн өмнөх өр төлбөр бараа татан авалтад нөлөөлсөн гэх үндэслэлгүй, бараа татан авалтаа хаанаас хийх нь түрээслэгчийн өөрийн сонголтын асуудал бөгөөд 0 м.кв талбайг иж бүрнээр нь хүлээлгэж өгсөн. Анх бүгдийг нь үзэж хүлээж авсан, хүлээж авахдаа талбайн тухайлсан хэсгийг ашиглахгүй, ашиглах боломжгүй талаар санал огт гаргаагүй. Энэ хугацаанд талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн ашиглах нь түрээслэгчийн өөрийн эрх хэмжээний асуудал юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “...2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Л.Нээс олгосон итгэмжлэл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэгч Л.Бд холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл бүрээр нь авч үзвэл
3.1. Л.Б нь 2022.05.05-2022.08.05-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд бүтэн ажиллаад талбайг хүлээлгэн өгсөн. Сүүлийн 2 сарын түрээсийн төлбөрийг тэдний хүсэлтийн дагуу 50,000,000 төгрөг болгож бууруулсан. Гэрээний 3 дахь сарын төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо өөрсдөө ч хүлээн зөвшөөрч, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан.
Тиймээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, алданги 8,407,967, нийт 23,407,967 төгрөг, 2022.05.05-ны өдрийн 22/01 дугаартай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, Менежментийн гэрээний 9.4-т заасныг тус тус үндэслэн шаардлага гаргаж байна.
3.2. Мөн нийт 12 төрлийн шилэн эд хэрэглэл болох пивоны хундага 11 ширхэг, кофены шилэн аяга 5 ширхэг, усны стакан 13 ширхэг, V хэлбэрийн хундага 14 ширхэг, вискины талсттай хундага 43 ширхэг, коняъкны хундага 34 ширхэг, мөсний хавчаар 1 ширхэг, коктейл холигч төмөр 1 ширхэг, архины хундага 5 ширхэг, шакер таглаа төмөр хошуу 3 ширхэг, амтлагч сав 1 ширхэг, вино онгойлгогч улаан өнгөтэй 3 ширхэг, нийт 134 төрлийн баарны зориулалтын шилэн эд зүйл дутагдуулсан.
Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шилэн эдлэлийн үнэ нийт 8,123,750 төгрөгийг эд зүйл хүлээн авсан акт болон гэрээний 5.6-д заасны дагуу үнийг 1.5 дахин нэмэгдүүлж гаргуулахаар нэхэмжилсэн.
Шилэн эдлэлийн үнэ болох 8,123,750 төгрөгөөс тооцооны алдаа гаргасан байх тул 3,287,000 төгрөгөөр шаардлагаа багасгаж 4,836,750 төгрөг нэхэмжилж байна.
3.3. Л.Бтэй гэрээ байгуулан талбайг хүлээлгэж өгөхөөс 6 хоногийн өмнө камерийн бичлэгийг хадгалах, хард дискний хүчин чадлыг нэмэгдүүлж шинээр сольсон бөгөөд үүнийг 450,000 төгрөгөөр суурилуулсан байсан. Гэтэл Л.Б нь талбайг огт ашиглаагүй гэж худап хэлж, ярьснаа нуух зорилгоор серверийн өрөөний цоожийг эвдэн орж, хяналтын камерийн хард дискийг салган авч явсан байсан.
Иймд гэрээний харилцаанаас үүссэн хохирол төлбөр болох хард дискний үнэ 450,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.
3.4. Л.Б нь гэрээний дагуу баар, рестораны зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулахдаа Г ХХК-ийн нэр дээр интернэтийн үйлчилгээг ашигласан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын интернэтийн төлбөр болох 488,200 төгрөгийг төлөөгүй, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх ёстой байсныг төлөхгүй байсаар салгуулсан байсан.
Талбайгаа хүлээж авснаас хойш 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр интернэтийн төлбөрөө төлж, интернэт үйлчилгээгээ нээлгэсэн. Тиймээс Л.Бийн ашигласан интернэтийн төлбөрийг өмнөөс нь төлсөн тул 488,200 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.
3.5. Л.Б нь талбайг ашиглаж, хүлээлгэж өгөхдөө бүхий л өрөө тасалгааны цоожны голыг сольсон, түлхүүрийг нь бидэнд хүлээлгэж өгөөгүйгээс дахин шинээр солиулсан цоожны зардал 180,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.
3.6. Л.Б нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ашигласан цахилгааны төлбөр, менежментийн төлбөрийн үлдэгдэл 1,328,109.87 төгрөгийг Ц ХХК-д төлөөгүй байсныг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Л.Н төлсөн учраас Л.Бийн ашигласан цахилгаан, менежментийн төлбөр 1,328,109.87 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 30,691,026 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.
4.Нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Хариуцагч тал хөгжмийн тэжээлийг одоо ирж байгаа, удахгүй ирнэ гэж хэлсээр байгаад 3 сарын хугацаа өнгөрсөн. Тэр хөгжим нь Монголд байхгүй. Тэгээд бид нар захиалдаг хүнтэй очиж уулзаад яг захиалсан байна уу гэж асуухад танайхыг төлбөр өгөөгүй гэж хэлсэн.
Гэрээний үлдэгдэл төлбөр төлөх тухайд бол манайх албан ёсоор хариуцагч талд хэлсэн. Ямар ч ашиг орлого олохгүй байна. Мөн хөгжим чинь ирэхгүй байгаа учраас үлдэгдэл 15,000,000 төгрөгийг өгөхгүй, үүнээс хойш баарыг ажиллуулахгүйгээр хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Тэр хугацаандаа бид нар ажиллаагүй.
Тиймээс 15,000,000 төгрөг болон алданги төлөхгүй. Хагалсан эд зүйлийн үнэ гэж байхгүй. Хүлээлгэж өгөхдөө бид нар бүгдээрээ тулгасан. Хүлээлцэж авахдаа бүх зүйл бүрэн бүтэн байна гэж авчхаад дараа нь шаардаж байгааг ойлгохгүй байна.
Хард дискийн талаар бид нар юу ч мэдээгүй. Анх цоожтой байсан. Манайх яг цоожтой чигээр нь өгсөн. Интернэт огтоосоо В1 давхарт ажилладаггүй. Интернэт байсан, байгаагүй талаар мэдэхгүй. Манайх ямар ч интернэт ашиглаагүй, ямар ч хаалганы голыг солиогүй. Л.Н нь өөрөө арын хаалганы цоожоо сольсон.
Тэгээд бид нарт нэг түлхүүрээ өгсөн. Ашиглаж байх хугацаандаа цахилгааны төлбөрийг төлөөгүй гээд байсан. Үүнийг би сайн мэдэхгүй байна. Манайх охин Ж.Э үйл ажиллагаа хариуцаж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 318.1-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ гэж заасан.
Гэтэл ийм үйл баримт харилцаа талуудын хооронд үүсээгүй. Яг бодит үйл баримт бол түрээсийн гэрээ үүссэн байдаг. 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 22/01 дугаартай “Менежментийн гэрээ” хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулийн шаардлага хангахгүй байдаг.
Ямар учраас хангахгүй байна вэ гэвэл “Менежментийн гэрээ”-гээр товч бөгөөд тодорхой эрх, үүрэг хариуцлага гээд бүх зүйлийг нь зааж өгсөн. Гэтэл Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасан байдаг.
Энэ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэрээ байна гэж үндэслэж байгаа. Иргэний хуулийн 318.4-т зааснаар буюу энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Гэтэл харилцаа тэр чигтээ түрээсийн гэрээ байсан.
Түрээсийн гэрээг “Менежментийн гэрээ”-гээр хийх болсон шалтгаан нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой. 38,000 ам.долларыг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Энэ зээлсэн төлбөрөө буцааж авахын тулд энэ гэрээг хийсэн гэж нэхэмжлэгч чин үнэнчээр тайлбарлаж хэлсэн.
Эцэст нь тухайн эд хөрөнгө хэрвээ эдгээр хүмүүсийн анхнаасаа хэлсэн, ярьсан зүйл нь хууль ёсны дагуу, эд хөрөнгө нь доголдолгүй байсан бол өнөөдөр нэхэмжлэл гаргаад зогсож байх уу гэдэг нь эргэлзээтэй.
185,000,000 төгрөгийг зөвхөн түрээсийн төлбөрт төлдөг газар маш ховор. Тэгэхээр манайх шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 318.1, 318.3, 318.4, Мөн хуулийн 56.1.5-т зааснаар үр дагавраа шаардаж байна...” гэв.
6.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.07.25-ны өдөр 1,153,150 /70,200+1,082,950/ төгрөг төлсөн баримт /хх-ийн 5 х/,
-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 6 х/,
-Хас банкны орлогын мяагт /хх-ийн 7 х/,
-2022.05.06-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 8 х/,
-2022.07.08-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 9 х/,
-2022.05.06-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 10 х/,
-2022.06.11-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 11 х/,
-2022.06.08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх нь” албан бичиг /хх-ийн 12 х/,
-2022.06.08-ны өдрийн “Шаардлага, мэдэгдэл хүргүүлэх нь” албан бичиг /хх-ийн 13 х/,
-2022.03.10-ны өдрийн “Зээлийн гэрээ” /хх-ийн 14 х/,
-Гадаад пасспорт болон иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 15 х/,
-2022.05.05-ны өдрийн №22/01 тоот “Менежментийн гэрээ” /хх-ийн 16-21 х/,
-Капитрон банкны дансны хуулга /хх-ийн 22-25 х/,
-Мессежүүд /хх-ийн 26-72 х/,
-2022.05.05-ны өдрийн №22/01 тоот “Менежментийн гэрээ”-ний хавсралт /хх-ийн 126-144 х/ баримтуудыг,
Хариуцагч хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2022.09.15-ны өдөр А.Эд олгосон итгэмжлэл /хх-ийн 83 х/,
-Улсын бүртгэлийн 9011666023 дугаартай Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 84 х/,
-2022.04.26-ны өдрийн 22/08 тоот Л.Нд олгосон итгэмжлэл /хх-ийн 85 х/,
-2022.06.08-ны өдрийн Мэдэгдэх хүргүүлэх нь албан бичиг /хх-ийн 86 х/,
-2022.06.08-ны өдрийн Шаардлага, мэдэгдэл хүргүүлэх нь албан бичиг /хх-ийн 87 х/,
-Улсын бүртгэлийн Ү-2203033188 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 88 х/,
-2022.05.05-ны өдрийн №22/01 тоот “Менежментийн гэрээ”, түүний хавсралт /хх-ийн 89-113 х/,
-Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.11.25-ны өдөр 327,841 төгрөг төлсөн баримт /хх-ийн 203 х/,
-Менежментийн төлбөр төлөлт, алдангийн тооцоо /хх-ийн 204 х/,
-2022.08.08-ны өдрийн Хүлээлцэх актын тооллогоор дутсан эдлэлийн жагсаалт /хх-ийн 205 х/,
-2022.08.08-ны өдрийн Хүлээлцэх акт /хх-ийн 206-214 х/,
-2022.05.05-ны өдрийн №22/01 тоот гэрээний хавсралт /хх-ийн 215-219 х/,
-2022.10.17-ны өдрийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 220 х/,
-2022.04.29-ний өдрийн Хас банкны дансны хуулга /хх-ийн 221 х/,
-Төлбөрийн мэдээллийн мессеж /хх-ийн 222 х/,
-2022.10.17-ны өдрийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 223 х/,
-2022.08.08-ны өдрийн Кассын орлогын ордер /хх-ийн 224 х/,
-2022.09.14-ний өдрийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 225 х/,
-2022.10.17-ны өдрийн А-22/106 тоот “Төлбөр төлөлтийн тухай” албан бичиг /хх-ийн 226 х/,
-2022.09.15-ны өдрийн Ц ХХК-ийн албан бичиг /хх-ийн 227 х/,
-Нэхэмжлэлүүд /хх-ийн 228-231 х/,
-2022.10.17-ны өдрийн Хас банкны “Төлбөрийн баримт” /хх-ийн 232 х/,
-2019.11.15-ны өдрийн 15/72 тоот Г ХХК-ийн захирлын “Ажилд авах тухай” тушаал /хх-ийн 233 х/,
-2022.05.11-ний Техникийн үзлэг хийсэн тодорхойлолт /2-р хх-ийн 3-4 х/,
-2023.02.28-ны өдрийн Г.Ууганжаргалд олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 17 х/,
-2022.02.08-ны өдрийн Тодорхойлолт /2-р хх-ийн 18 х/,
-2023.02.01-ний өдрийн Тодорхойлолт /2-р хх-ийн 19 х/,
-Гадаад пасспортны хуулбар /2-р хх-ийн 20-21 х/ баримтуудыг,
Талуудын хүсэлтээр тус шүүхийн 2022.10.20-ны өдрийн 182/ШЗ2022/13213 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Хас банк ХХК-ийн 2022.05.05-2022.08.08-ны өдрийг хүртэлх Л.Ггийн дансны хуулга /хх-ийн 175-194 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Л.Нд холбогдуулан менежментийн гэрээг хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 185,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан бол хариуцагч Л.Н нь нэхэмжлэгч Л.Бд холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 33,978,026 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 3,287,000 төгрөгөөр багасгаж, 30,691,026 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
2. Талууд хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Шүүхээс дараах үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.
4.Нэхэмжлэгч Л.Бийн хариуцагч Л.Нд холбогдуулан гаргасан менежментийн гэрээг хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 185,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд
4.1. Нэхэмжлэгч Л.Б нь энэхүү шаардлагаа 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 22/01 дугаартай “Менежментийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4-т заасныг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох түрээсийн төлбөрт төлсөн 185,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
5. Хариуцагч дээрх гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу талууд хуулийн хүрээнд гэрээний гол нөхцөл хугацаа, төлбөрийн талаарх агуулгыг өөрсдөө тохиролцож гарын үсэг зурсан. Энэ нь гэрээний чөлөөт байдалд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
а/ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
б/ ....... тоот хаягт тус тус байршилтай 0 м.кв болон 0 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-0000000000, Ү-00000000 дугаарт бүртгэлтэй үйлчигээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Г ХХК байх ба уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Л.Г байна. /1 дүгээр хавтас 84, 88, 88 ар тал/
в/ Г ХХК-ийн захирал Л.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 22/08 тоот “Итгэмжлэл”-ээр ....... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0000000000, Ү-0000000000 дугаартай 0 м.кв талбайтай ресторан, баарны зориулалттай “S”-ыг иргэн болон аж ахуйн нэгжид түрээслүүлэх, түрээсийн гэрээ хийх, менежментийн гэрээ хийх, төлбөр тооцоо хийх, төлөөлөн гарын үсэг зурах, санхүүг захиран зарцуулах итгэмжлэлийг тус компанийн Санхүү албаны дарга Л.Н /РД:ЧМ50030709/-д олгожээ. /1 дүгээр хавтас 85 х/
г/ Дээрх итгэмжлэлийн дагуу хариуцагч Л.Н нь нэхэмжлэгч Л.Бтэй 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр №22/01 дугаартай “Менежментийн гэрээ” байгуулан ...... 0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ресторан, баарны үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар түрээслүүлэх, нэхэмжлэгч Л.Б нь уг объектийг зориулалтын дагуу ашиглахаар харилцан тохиролцож, гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан байна. /1 дүгээр хавтас 16-21 х/
д/ Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд талуудын хооронд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №22/01 дугаартай “Менежментийн гэрээ”-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
е/ Дээрх гэрээгээр Л.Н нь ...... дүгээр давхарын 0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ресторан, баарны үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар Л.Бд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 хугацаагаар түрээслүүлэх, нэхэмжлэгч Л.Б нь сар бүрийн 05-ны дотор түрээсийн төлбөрт 100,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр Л.Нд төлөх үүргийг хүлээжээ.
ё/ Нэхэмжлэгч Л.Б нь түрээсийн төлбөрт нийт 185,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй. Түрээсийн төлбөрт сард 100,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээндээ тусгасан хэдий ч сүүлийн 2 сард түрээсийн төлбөрийг сарын 50,000,000 төгрөг болгохоор талууд тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
4.2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэжээ.
а/ Зохигчийн хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу тэдний хүсэл зоригийн үндсэн дээр хэлцэл хийгдсэн болох нь түрээсийн гэрээ, талуудын тайлбар, түрээсийн болон ашиглалтын төлбөр төлсөн баримт зэргээр тус тус тогтоогдож байна.
б/ Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхдээ түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагыг хангаагүй буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болдог.
в/ Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзсэн боловч түрээсийн гэрээний харилцаанд гэрээний талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр талуудад эрх, үүрэг үүсч гэрээ хүчин төгөлдөр болдог.
г/ Ийнхүү хэлбэржээгүй хэлцэл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хуульд заасан хүчин төгөлдөр байх нөхцөл, шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцогдох ба түүнээс гарах үр дагавар нь хүчин төгөлдөр гэрээний үүргийг талуудын харилцан шаардах эрхтэй харьцуулахад өөр байдаг.
д/ Үүнээс үзвэл нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Л.Н нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдэж хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул шүүх энэ гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байгаа хэдий ч нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт төлсөн 185,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар хариуцагчаас шаардаж байгаа үндэслэл нь хуульд нийцээгүй гэж үзнэ.
е/ Учир нь Иргэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд түрээсийн гэрээний зүйл болох ресторан, баар /S/-ны үйл ажиллагаа эрхлэх зориулалт бүхий ....... давхарын 0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Л.Нд буцаан өгөх, хариуцагч Л.Н нь түрээсийн төлбөрт авсан төлбөрөө нэхэмжлэгч буюу түрээслэгчид буцаан өгөхөөр байна.
ё/ Гэвч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь дээрх хуульд зааснаар үүсэх боловч талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон учраас шүүх нэхэмжлэгчийг бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг нээж болохгүй.
ж/ Зохигчийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон нь нэхэмжлэгч Л.Бийн хувьд гэрээний үүргийг бус, хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны үнийг мөнгөн хэлбэрээр төлөх үүрэг хүлээхийг, хариуцагч шилжүүлсэн хөрөнгөө нэхэмжлэгч Л.Бээс буцаан шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д хуульчлан зохицуулжээ.
з/ Зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй бус харин зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг шүүх хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор нэхэмжлэгч Л.Б нь хариуцагчид Г ХХК-ийн өмчлөлийн ресторан, баар /S/-ны үйл ажиллагаа эрхлэх зориулалт бүхий .......... дүгээр давхарын 0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж ашигласны хөлсөө хуульд зааснаар буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчид төлөх үүрэгтэй.
Иймд шүүх нэхэмжлэгч Л.Бийн хариуцагч Л.Нд холбогдуулан гаргасан 185,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
5. Мөн нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгийг түрээслэх хугацаанд караоке заалны хөгжим, техник хэрэгсэл, агааржуулалтын хоолой нь ажиллахгүй доголдолтой байсан гэж тайлбарлаж үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд тухайн үед талуудын байгуулсан гэрээний хугацаа дууссан, нэхэмжлэгч гэрээг үргэлжлүүлэх шаардлага гаргаагүй учраас шүүхээс энэхүү хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
6. Хариуцагч Л.Нийн нэхэмжлэгч Л.Бд холбогдуулан гаргасан 30,691,026 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд
6.1. Хариуцагч Л.Н нь нэхэмжлэгч Л.Бд холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22/01 дугаартай Менежментийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, алданги 8,407,967 төгрөг, гэрээний хавсралтаар хүлээн авсан эд хөрөнгө бараа материалаас дутуу хүлээлгэж өгсөн шилэн эд зүйлийн үнэ 4,836,750 төгрөг, хард дискний үнэ 450,000 төгрөг, интернэт ашигласан төлбөр 488,200 төгрөг, цоожны гол солиулсан төлбөр 180,000 төгрөг, цахилгааны болон ашиглалтын төлбөр 1,328,109.87 төгрөг нийт 30,691,026.87 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
а/ Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ менежментийн гэрээ буюу түрээсийн гэрээг татвараас зайлсхийх зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч талууд өөрсдийн хүсэл, зоригоо илэрхийлж харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл учраас Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 236 дугаар зүйлийн 236.6, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасан үндэслэлээр шаардаж байгаа гэж тайлбарласан.
6.2. Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Л.Бийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг талуудын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд бодит байдалтай нийцээгүй учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
7. Сөрөг нэхэмжлэлийг шаардлага тус бүрээр нь авч үзвэл
7.1. 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22/01 дугаартай Менежментийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, алданги 8,407,967 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
а/ Л.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шаардлагын үндэслэлээ Л.Б нь 2022 оны 5 дугаар сарын 05-наас 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд бүтэн ажиллаад талбайг хүлээлгэн өгсөн. Сүүлийн 2 сарын түрээсийн төлбөрийг тэдний хүсэлтийн дагуу 50,000,000 төгрөг болгож бууруулсан. Гэрээний 3 дахь сарын төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учраас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, алданги 8,407,967, нийт 23,407,967 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, Менежментийн гэрээний 9.4-т заасныг тус тус үндэслэн Л.Бээс гаргуулахаар шаардаж байгаа гэж тайлбарласан.
б/ Л.Б нь түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мөн түрээсийн талбайг хүлээлгэж өгөхөөр цэвэрлэгээ хийж 2022 оны 7 дугаар сарын 25-наас хойш ажиллаагүй учраас үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг болон алданги 8,407,967 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.
в/ Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хуульд зааснаар хариуцагч буюу Л.Н нь 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Менежментийн гэрээ” буюу түрээсийн гэрээний дагуу түрээслэгч буюу нэхэмжлэгч Л.Бд Г ХХК-ийн өмчлөлийн ресторан, баар /S/-ны үйл ажиллагаа эрхлэх зориулалт бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ........... дүгээр давхарын 0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр түрээслэгч Л.Б нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг Л.Нд төлөх үүрэг үүссэн байна.
г/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж хуульчилсан бөгөөд талуудын байгуулсан дээрх гэрээний 1.3-т “...Б тал гэрээнд заасан хугацаанд нь түрээсийн төлбөрөө төлөөгүй буюу дутуу төлсөн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон хоног тутам 0.5 хувийн алданги тооцно” гэж тохиролцсон нь хууль зөрчөөгүй ба хуульд заасан анзын болон түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангажээ.
д/ Л.Б сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйтэй холбогдуулан тайлбарласан бөгөөд уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бол түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т заасантай хамааралтай.
е/ Шүүх талуудын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Менежментийн гэрээ” буюу түрээсийн гэрээг Иргэний хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн тул түрээслүүлэгч Л.Н нь түрээслэгч Л.Бээс энэхүү төлбөрийг шаардах эрхгүй байна.
ё/ Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангаагүй тул уг хэлцлийн үндсэн дээр түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг болон алданги 8,407,967 төгрөгийг Л.Б нь хариуцагч Л.Нд төлөх үүрэг үүсэхгүй.
ж/ Тодруулбал талууд хуульд заасан шаардлага хангаж, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нөхцөлд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамаарч тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ юм.
7.2. Гэрээний хавсралтаар хүлээн авсан эд хөрөнгө бараа материалаас дутуу хүлээлгэж өгсөн шилэн эд зүйлийн үнэ 4,836,750 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.
а/ Л.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шаардлагаа талуудын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №22/01 дугаартай “Менежментийн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.6-д “Б талын хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс болж объектод ... тохиолдолд Б тал засвар хийж тавилга, эд хогшил зэрэг хавсралтаар хүлээлгэж өгсөн эд зүйлсийн үндсэн үнийг 1.5 нэмэгдүүлж А талд төлж барагдуулна” гэх заалт, хавсралт 2 “Шилэн эдлэл” гэсэн акт болон Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус заасныг үндэслэн Л.Бээс 4,836,750 төгрөгийг гаргуулахаар шаардаж доорх байдлаар үнийг тодорхойлжээ.
|
№ |
Нэр төрөл | Тоо хэмжээ |
Дутсан | Хавтаст хэргийн 215-р хуудас эд зүйлс хүлээлцсэн актад дурдсан нэгж үнэ | Гэрээний 5.6-д заасны дагуу 1.5 дахин нэмэгдүүсэн үнэ |
Нийт хохирол |
| Пиво хундага | 23-12 | 11 | 9,500 | 14,250 | 156,750 | |
| 2 | Кофены шилэн аяга бариултай | 17-12 | 5 | 8,500 | 12,750 | 63,750 |
| 3 | Усны стакан намхан шилэн | 30-17 | 13 | 13,000 | 19,500 | 253,500 |
| 4 | Мартын хундага V хэлбэрийн | 64-50 | 14 | 15,000 | 22,500 | 315,000 |
| 5 | Вискины хундага талсттай намхан | 114-71 | 42 | 25,000 | 37,500 | 1,575,000 |
| 6 | Коньяак хундага | 51-17 | 34 | 30,000 | 45,000 | 1,530,000 |
| 7 | Мөсний хавчаар том | 4-3 | 1 | 4,500 | 6,750 | 6,750 |
| 8 | Коктейл холигч төмөр | 6-5 | 1 | 350,000 | 525,000 | 525,000 |
| 9 | Архины хундага | 149-144 | 5 | 13,000 | 19,500 | 97,500 |
| 10 | Шакер таглаа /төмөр хошуу/ | 7-4 | 3 | 20,000 | 30,000 | 90,000 |
| 11 | Амтлагч сав /модон тагтай/ | 7-6 | 1 | 23,000 | 34,500 | 34,500 |
| 12 | Вино онгойлгогч | 3-0 | 3 | 42,000 | 63,000 | 189,000 |
|
| Нийт дүн |
|
|
|
| 4,836,750 |
б/ Гэрээний хавсралт 2 болох “Шилэн эдлэл” гэсэн актаар талууд нийт 39 нэр төрлийн шилэн эдлэлийг хүлээн авч, гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2022 оны 8 дугаар сарын 08-нд хүлээлгэн өгсөн байна. /1 дүгээр хавтас 215 х/
в/ Шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тул хариуцагч Л.Н нь сөрөг нэхэмжлэлээр Л.Бээс 12 нэр төрлийн шилэн эдлэлийн үнийг гэрээнд зааснаар 1.5 дахин нэмэгдүүлж шаардах эрхгүй. Мөн хэрэгт дээрх шилэн эдлэл буюу пивоны хундага, кофены шилэн аяга, усны стакан /намхан шилэн/, V хэлбэрийн мартын хундага, виски хундага /талсттай намхан/, коньяак хундага, мөсний хавчаар /том/, коктейл холигч /төмөр/, архины хундага, шакер таглаа, амтлагчны сав /модон тагтай/, вино онгойлгогч зэргийг нэг бүрийн үнийг тодорхойлсон баримт авагдаагүй, байгууллагын хөрөнгийн бүртгэлд хэдэн төгрөгөөр хэрхэн бүртгэгдсэн нь тогтоогдохгүй байх тул шилэн эдлэлийн үнэ 4,836,750 төгрөгийг Л.Бээс гаргуулах үндэслэлгүй.
7.3. Хард диск /комьпютерт мэдээлэл хадгалах зориулалт бүхий төхөөрөмж/-ний үнэ 450,000 төгрөг гаргуулах шаардлагын тухай
а/ Л.Н нь Л.Бтэй гэрээ байгуулан талбайг хүлээлгэж өгөхөөс 6 хоногийн өмнө 450,000 төгрөгийн үнэ бүхий камерын бичлэгийг хадгалах, хард дискний хүчин чадлыг нэмэгдүүлж шинээр сольсон. Л.Н нь талбайг ашиглаагүй гэж худал ярьснаа нуух зорилгоор серверийн өрөөний цоожийг эвдэн орж, хяналтын камерын хард дискийг салган авч явсан учраас гэрээний харилцааны улмаас үүссэн хохирол гэж тодорхойлсон.
б/ Энэхүү шаардлагатайгаа холбогдуулан Л.Нийн Хаан банкны 5704346580 тоот Депозит дансны 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5031152848 тоот дансанд “150,000 төгрөгийг камер үлдэгдэл төлбөр” гэсэн утгатай шилжүүлсэн хуулга, Хас банкны цахим гүйлгээний мэдээлэл буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн огноо бүхий “шилжүүлэгч Лхагважав Гантуяа, хүлээн авагчийн мэдээлэл Хаан банкны 5031152848 дугаар дансанд “Амгаланбаатар Хэрлэнбаярт ...камер 300,000 төгрөг” гэсэн утгатай шилжүүлгийн баримтуудыг тус тус өгсөн. /1 дүгээр хавтас 220, 221 х/
в/ Л.Б энэхүү шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...бидэнд серверийн өрөөний түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй учраас би мэдэхгүй гэж тайлбарласан.
г/ Хэрэгт авагдсан гэрээний хавсралт 2022 оны 5 дугаар сарын 05 болон 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “Styxe хүлээлцсэн акт” гэх баримтаар Л.Бд камерын бичлэгийг хадгалах, серверийн өрөө болон хард дискийг хүлээлгэн өгсөн талаар баримтгүй. Мөн гэрч Л.Ггийн “...Анх хүлээлцэх үед камерыг хүлээлгэж өгөөгүй учраас буцааж хүлээж аваагүй, ... Нэхэмжлэгч талыг эд зүйл хүлээлцээд явсан орой захирал камер суулгасан хүмүүсийг дуудаад камер шүүгээд харах гэтэл хард диск нь байхгүй байсан...”, Ж.Эийн “...бидэнд энэ хүмүүс серверийн өрөөний түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй, түлхүүр нь Л.Нд байдаг байсан...” гэх мэдүүлгүүдээр 450,000 төгрөгийг Л.Бээс гаргуулах боломжгүй.
7.4. Интернэтийн төлбөр 488,200 төгрөг гаргуулах шаардлагын тухай
а/ Л.Б нь гэрээний дагуу ресторан, баарны зориулалтаар ашиглаж үйл ажиллагаа явуулахдаа Г ХХК-ийн нэр дээр интернэтийн үйлчилгээ ашигласан бөгөөд 2022 оны 5 сарын интернэтийн төлбөр болох 488,200 төгрөгийг 6 сарын 20-ны дотор төлөх ёстой байсан боловч төлөхгүй байсаар салгуулсан байсан. Талбайгаа хүлээж авснаас хойш 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр интернэтийн төлбөрөө төлж үйлчилгээгээ нээлгэсэн гэж тайлбарлаж, Л.Нийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга буюу “...2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5038062242 тоот дансанд 488,200 төгрөгийг 4043424477 гэсэн утгатай шилжүүлсэн...” баримтыг хэрэгт өгсөн.
б/ Гэвч Г ХХК-ийн өмчлөлийн ресторан, баар /S/-ны үйл ажиллагаа эрхлэх зориулалт бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ........... дүгээр давхарын 0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь 4043424477 гэрээний дугаартай интернэт үйлчилгээ ашигладаг гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Л.Нийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5038062242 тоот дансанд 4043424477 гэсэн утгатай шилжүүлсэн 488,200 төгрөгийг Л.Бээс гаргуулах боломжгүй.
7.5.Цоожны гол солиулсан зардал 180,000 төгрөг гаргуулах шаардлагын тухай
а/ Л.Н нь энэхүү шаардлагаа Л.Б нь талбайг ашиглаж хүлээлгэж өгөхдөө бүхий л өрөө тасалгааны цоожны голыг сольсон, түлхүүрийг хүлээлгэж өгөөгүйгээс дахин шинээр солиулсан цоожны зардал 180,000 төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан үндэслэлээр гаргуулахаар шаардаж, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн цоож цоожны гол гэсэн утгатай “Кассын зарлагын ордер”-ыг нотлох баримтаар өгсөн. /1 дүгээр хавтас 224 х/
б/ Л.Б нь талбай хүлээлцэхдээ 3 хаалганы цоожны түлхүүрийг хүлээлгэж өгсөн учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
в/ Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
г/ Хэрэгт авагдсан “Кассын зарлагын ордер” гэх баримтын байгууллагын нэр гэх хэсэг нь хоосон, нэр бичигдээгүй, мөн эд зүйл хүлээлцсэн актаар хэдэн хаалганы хэдэн ширхэг түлхүүр хүлээлцсэн талаар баримтгүй, гэрч Л.Ггийн “...гадна үүд чиптэй, VIP өрөөнүүдийн хаалга кодоор онгойдог, ... 3 хаалганы 1, 1 ширхэг түлхүүрийг хүлээлгэж өгсөн. ...Талбайг хүлээж авснаас хойш энэ хүмүүс орох боломжтой учраас хаалганы голыг солих шаардлага үүссэн...”, гэрч Ж.Эийн “...талбайг ашиглаж байх хугацаандаа цоожны голыг солиогүй, 3 хаалганы нэг, нэг ширхэг түлхүүрийг бид хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлгүүдээр цоожны гол солиулсны улмаас 180,000 төгрөгийн бодит хохирол Л.Нд учирсан гэж үзэж Л.Бээс гаргуулах боломжгүй.
7.6. 2022 оны 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ашигласан цахилгааны төлбөр 1,328,109.87 төгрөг гаргуулах шаардлагын тухай
а/ Л.Н нь энэхүү шаардлагаа Менежментийн гэрээний дагуу 2022 оны 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 0 м.кв талбай ашигласан цахилгааны төлбөр 1,328,109.87 төгрөгийг Л.Б нь Ц ХХК-д төлөх байсан боловч төлөөгүй. Энэ төлбөрийг Л.Н 2022 оны 10 дугаар сарын 17-ны төлсөн учраас Л.Бээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлээр гаргуулахаар шаардаж байгаа гэж тодорхойлсон.
б/ Л.Б нь 2022 оны 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ашигласан цахилгааны төлбөр 1,328,109.87 төгрөгийг би сайн мэдэхгүй байна. Энэ талаар охин Ж.Э мэдэж байгаа гэх тайлбарыг өгсөн.
в/ Ц ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19, 6 дугаар сарын 17, 7 дугаар сарын 20, 8 дугаар сарын 04-ний өдрүүдийн нэхэмжлэхээр “S”-ын 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны цахилгааны заалтын зөрүү 55 квт, бусад зардал нийт 1,661,005.78 төгрөг, 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны заалтын зөрүү 47 квт бусад зардал нийт 1,549,843.47 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны заалтын зөрүү 50 квт бусад зардал нийт 1,644,734.45 төгрөг, 7 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны цахилгааны заалтын зөрүү 56 квт бусад зардал нийт 1,328,109.87 төгрөгийг тус тус нэхэмжилжээ. /1 дүгээр хавтас 228-231 х/
г/ Ц ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэх, гэрч Ж.Эийн “...S-ыг менежментийн гэрээгээр түрээслэхэд Г ХХК нь 4 сарын төлбөрийг төлөөгүй өртэй байсан бөгөөд манайх энэ төлбөрийг төлсөн учраас 8 дугаар сарын цахилгааны төлбөрийг төлөхгүй гэдгээ би эд нарт хэлсэн...” гэх мэдүүлгээр Г ХХК-ийн өмчлөлийн ресторан, баар /S/-ны үйл ажиллагаа эрхлэх зориулалт бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ........... дүгээр давхарын 0 м.кв талбайн ашиглалтын зардал 1,328,109.87 төгрөгийг Л.Н төлөөгүй байна.
д/ Дээрх төлбөрийг Л.Н 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн болох нь Хас банкны төлбөрийн баримт, Ц ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-22/106 тоот “Төлбөр төлөлтийн тухай”, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Төлбөр төлсөн байдал” гэсэн тодорхойлолт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдсон. /1 дүгээр хавтас 226, 227, 232 х /
е/ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж ... төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасны дагуу Л.Бээс дээрх төлбөрийг Л.Н нэхэмжлэх эрхтэй.
ё/ Гэвч хэрэгт Ц ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “S”-ын 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны хэрэглээний зардал 1,661,005.78 төгрөгийн төлбөрийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний дотор төлөх нэхэмжлэх авагдсан байх боловч уг төлбөрийг 2022 оны 6 сард 2,210,850 төгрөгөөр Л.Б төлсөн болох нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн төлбөр төлсөн байдал гэх тодорхойлолт, гэрч Ж.Эийн мэдүүлгээр тогтоогддог.
ж/ Л.Б Ц ХХК-д “S”-ын 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 28 хоногийн хэрэглээний зардал 1,661,005.78 төгрөгийн төлбөр төлсөн нь төлбөрийн нэхэмжлэх, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон учраас тэрээр 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 16 хоногийн төлбөр 1,008,474 төгрөгийг төлөх үүрэггүй. Харин 2022 оны 5 дугаар сарын 05-наас хойш 18-ны өдрийг хүртэл 11 хоногийн төлбөр 652,542 төгрөг /11 хоног х 59,322/-ийг төлөхөөр байжээ.
з/ Иймээс Ц ХХК-д төлөх “S”-ын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны ашиглалтын төлбөр 1,328,109.87 төгрөгөөс 2022 оны 4 дүгээр сарын төлбөрт Л.Бийн төлсөн 652,542 төгрөгийг хасч үлдэх 675,567.87 төгрөгийг гаргуулан Л.Нд олгож, сөрөг нэхэмжлэлээс 30,038,484 төгрөг (түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон алданги 23,407,967 төгрөг + шилэн эд зүйлийн үнэ 4,836,750 төгрөг + хард дискний үнэ 450,000 төгрөг + интернэтийн төлбөр 488,200 төгрөг + цоожны гол сулиулсан 180,000 төгрөг + ашиглалтын зардал 652,542 төгрөг)/-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Шүүхээс хариуцагч Л.Н холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Л.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Л.Нээс Л.Бд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Л.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 2022.07.25-ны өдөр урьдчилан төлсөн 1,153,150 төгрөг, Л.Нийн 2022.11.25-ны өдөр төлсөн 327,841 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Л.Бээс 20,764 төгрөгийг гаргуулж Л.Нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн, 115.2.3, 115.2.2, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Нд холбогдох 185,000,000 төгрөг гаргуулах тухай Л.Бийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Л.Бээс 652,542 төгрөгийг гаргуулан Л.Нарангэрэлд олгож, сөрөг нэхэмжлэлээс 30,038,484 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Л.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 2022.07.25-ны өдөр урьдчилан төлсөн 1,153,150 төгрөг, Л.Нийн 2022.11.25-ны өдөр төлсөн 327,841 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Л.Бээс 20,764 төгрөгийг гаргуулж Л.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА