Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 162

 

                                                                                                                                                                                                                          

                                                                   

                                                                                                                 

                                               

 

 

 

 

                          

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч С.Оюунжаргал

шүүгдэгч О.Энх-Отгон, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр

иргэний нэхэмжлэгч Н.Энхтуяа

иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Оргилийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа

гэрч В.Азжаргал, Ө.Отгонбаатар

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201724000026 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 03-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүрээ” дээд сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 6 дугаар баг, Багахангай 96 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл 2; эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 03-12 тоотод амьдарч байгаа гэх, ял эдэлж байгаагүй, МЗ97010310 дугаарын регистртэй, Боржигон овогт Оюунчимэгийн Энх-Отгон

 

Шүүгдэгч О.Энх-Отгон 2016 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 05 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 3 дугаар байрны хойд талын замд “Жи Эс Би” ХХК-ний эзэмшлийн Тоёота Алион маркийн, 64-04 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Н.Энхтуяагийн жолоодон явсан Мазда Верисо маркийн, 48-44 УНИ улсын дугаартай, Р.Ган-Эрдэнийн жолоодон явсан Тоёота Приус маркийн 88-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүдийг мөргөж зам тээврийн ослыг гаргаад, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин осол хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.Энх-Отгон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тэр шөнө 04 цагийн үед баарны гадаа байж байтал баарнаас 4 хүн гарч ирээд дуудлагын жолооч байна уу гэхээр нь хаашаа явах юм бэ гэтэл Нарны хороолол явна гэж хэлсэн. Эдгээр хүмүүс бүгд согтуу байсан ба замдаа хоёр хүнийг нь буулгачихаад цаашаа явж байтал миний хажуугийн суудал дээр сууж явсан Азжаргал гэгч эгч машины голын хайрцагт байсан самар хаана байна, чи авчихсан юм биш үү, эсхүл чиний суудлын доогуур орчихсон байгаа, чи бос гэх хооронд миний анхаарал сарниад урд байсан машиныг мөргөчихсөн. Тэгээд би айсандаа буугаад зугтаачихсан юм. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Айсандаа зугтаасан гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний машинд учирсан хохирлыг үнэлгээний газраас 2.3 сая гаруй төгрөг гэж тогтоосон байна лээ. Бодит байдал дээр надад үүнээс илүү хохирол учирсан. Энэ талаарх нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байгаа. Нийт 10.983.500 төгрөг нэхэмжилнэ. Хохирлын мөнгө гэж 2 сая төгрөгийг Энх-Отгоноос авсан. Үнэлгээгээр гарсан 2.351.000 төгрөгийн үлдэгдэл 351.000 төгрөг дээр нэмж 10.983.500 төгрөг авмаар байна. Энэ мөнгийг жолооч Энх-Отгон гэхээс илүүтэйгээр гэрч гэх Отгонбаатар, Азжаргал нар төлөх ёстой гэж би үзэж байгаа. Учир нь эдгээр хүмүүс өөрсдөө согтуу, албан бус дуудлагын жолооч аваагүй байсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байх байсан. Тухайн үед Азжаргал, Отгонбаатар нар таны хохирлыг бид төлнө өө гэж байснаа одоо болохоор юу ч болоогүй юм шиг инээж хөхрөөд, тэр ч битгий хэл хүмүүсийг хүлээлгэж шүүх хуралд хоцорч ирж байна. Миний хувьд Отгонбаатар, Азжаргал нарт маш их гомдолтой гэв.

 

Иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Оргилийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөнх-Оргил нь маш их ажилтай, завгүй байдаг учраас би итгэмжлэлээр, гэхдээ иргэний хариуцагчийн биш иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч гэж шүүх хуралдаанд оролцож байна. Түүний автомашинд үнэлгээгээр 2.155.000 төгрөгийн хохирол гарсан. Дээрх төлбөр дээр өмгөөллийн хөлс 1 сая төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Шүүгдэгч Энх-Отгоны зүгээс нэг ч төгрөг өгөөгүй байгаа гэв.

 

Шүүгдэгч О.Энх-Отгоны хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 106/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 98/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 127/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 104, 105/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-н 107-111/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 112/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 113/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-н 126/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-н 128-130/, “Хүрээ” Мэдээлэл холбоо, технологийн дээд сургуулийн Сургалтын албаны тодорхойлолт /хх-н 131/,

гэрч Оюунчимэгийн Уранчимэгийн “... би Энх-Отгоны төрсөн эгч нь. Миний дүү 1997 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд айлын отгон хүү болж мэндэлсэн. Бага насаа эцэг эхийнхээ гар дээр хүмүүжиж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн сургуульд 2004 онд элсэн орж 2014 онд 11 дүгээр ангиа дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Миний дүү төлөв даруу, чих зөөлөнтэй, хүнлэг, ажилсаг, спортлог хүүхэд. Тэрээр сагсан бөмбөг, гандболын спортоор хичээллэдэг” /хх-н 66/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.                       

                                                                 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн өглөө 04-05 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 3 дугаар байрны хойд талын замд Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдэгджээ.

Уг гэмт хэргийг шүүгдэгч О.Энх-Отгон үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

гэрч Өлзийбадрахын Отгонбаатарын “… 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчимд би эхнэр болон түүний хоёр найзынх нь хамт дуудлагын жолоочоор Тоёота Алион маркийн 64-04 УНЭ улсын дугаартай машиныг жолоодуулан Барилгачдийн талбайн зүүн талд байх Face нэртэй бааранд хүргүүлээд машинаа байрлуулж тавиад баар руу орсон. Бааранд сууж байгаад 03 цаг өнгөрч байхад манай хоёр бааран дотор хоёулаа хоорондоо маргалдаад гээд байхаар нь баарнаас дөрвүүлээ гарсан. Гэтэл баарны үүдэнд хэсэг хүмүүс зогсчихсон байсан ба нэг залуу ирээд дуудлагын жолооч авах уу гэхээр нь авъя гэж хэлээд машиныхаа түлхүүрийг өгөөд машинаа жолоодуулаад Нарын хороолол руу очиж тэр хоёр найзыгаа буулгачихаад эргээд явахдаа би машины хойно суугаад, харин эхнэр маань жолоочийн хажуу талын суудалд суугаад гэр рүүгээ хүргүүлэх зорилгоор хөдлөөд 300-400 орчим метр яваад зогсоол дээр зогсож байсан хоёр автомашиныг очиж мөргөөд зогссон.

Манай эхнэрийг та миний гарыг жолооны хүрднээс татаад машин мөргүүлчихлээ гэж ярихад нь манай эхнэр хүүе юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь машинаас буугаад машины хамар хэсэг рүү харж зогсож байгаад гэнэт ухас хийгээд зугтаагаад явчихсан. Тэгэхээр нь би машинаас буугаад араас нь хөөсөн боловч гүйцэлгүй буцаад ослын газар руу алхаж явтал алаг машинтай эргүүлийн цагдаа нартай тааралдаж, улмаар тэд нарт болсон асуудлын талаар хэлж машинд суугаад тэр хавиар хайсан боловч тэр залуу олдоогүй. Цагдаа нар 102, 103-т дуудлага дуудаж өгчихөөд яваад өгсөн” /хх-н 55/ гэсэн,

гэрч Валягийн Азжаргалын “… 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд Даабал Шот паб руу манай нөхөр Отгонбаатар Тоёота Алион маркийн 64-04 УНЭ улсын дугаартай машиныг жолоодон кабинд нь би суугаад найз нартайгаа уулзах гээд очсон. Бид хоёр найз нартайгаа 2-3 цаг архи, пиво ууцгаагаад суусан. Улмаар 00 цагийн орчимд бид хоёр найзынхаа хамт дуудлагын жолооч дуудаж машинаа бариулаад Барилгачдын талбайн хажуу талд байх Face нэртэй баар руу хүргүүлж, машины зогсоол дээр машинаа байрлуулж тавиулаад тэр дуудлагын жолоочид мөнгийг нь өгөөд явуулсан. Би нөхөр болон найзуудынхаа хамт Face нэртэй баар руу орж ойролцоогоор 03 цагаас 04 цагийн хооронд гарч ирэхэд манай хоёр найз хоорондоо маргалдаад байсан. Гэтэл уг баарны үүдэнд нэг залуу эгч ээ, жолооч авах уу гээд байхаар нь тэр үедээ дуудлагын жолооч дуудах юм бол удах байх гэж бодоод шууд за за тэгье гэж хэлээд тэр хүнд машиныхаа түлхүүрийг өгсөн. Тэгээд хоёр найзыгаа Нарны хороолол руу хүргэж өгчихөөд би жолоочийн хажуу талд, харин хойд талын суудалд нөхөр маань тус тус сууцгааж хөдлөөд явсан. Тэр үед би голын хайрцагнаас самар авах гээд доошоогоо тонгойж байтал гэнэт түс гэх чимээ гараад зогсож байсан хоёр машиныг мөргөөд зогссон. Гэтэл тэр дуудлагын жолооч нь машинаас буугаад машины хамар хэсэг рүү хараад зогсож байснаа шууд зугтаагаад гүйгээд явсан. Манай нөхөр машинаасаа буугаад тэр залуугийн хойноос гүйсэн боловч гүйцээгүй буцаж ирсэн. Гэтэл тэр хавиар эргүүл хийж байсан цагдаагийн машин ирээд бид хоёрт 102-т дуудлага дуудаж өгөөд явсан. Удалгүй Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн” /хх-н 58/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч Норовын Энхтуяагийн “… 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой 21 цаг 30 минутын үед би өөрийн эзэмшлийн Мазда Верисо маркийн, 48-44 УНИ улсын дугаартай машинаа Нарны хороолол дахь байрны гадаах зогсоол дээр байрлуулж тавиад гэртээ орсон. 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн орчимд гэртээ унтаж байтал Замын цагдаагийн газраас миний утас руу залгаад таны машиныг машин мөргөсөн байна гэж мэдэгдсэн. Улмаар гэрээсээ машин руугаа очсон чинь машины зүүн урд тал руу нь цагаан өнгийн суудлын машин мөргөснөөс болж миний машин арагшаагаа шидэгдэж ардаа зогсож байсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн машиныг мөргөсөн байдалтай байсан. Мөргөсөн цагаан өнгийн машины эзэн гэх залуу нь эхнэртэйгээ хамт зогсож байсан ба тэр үедээ дуудлагын жолооч барьж яваад миний машиныг мөргөчихөөд зугтаагаад явчихсан гэж хэлсэн” /хх-н 28-29/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч Валягийн Мөнх-Оргилийн “… 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн эзэмшлийн, цагаан өнгийн Тоёота Алион маркийн 64-04 УНЭ улсын дугаартай машиныг GSP Capital банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд 3 сая төгрөгөнд тавьж, 6 сарын хугацаатай зээл авсан юм. Түүнээс бол миний эзэмшлийн машин. Миний машины зүүн урд хэсэг авах юмгүй болсон ба ослын дараа машины эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэсэн. Хохирлыг үнэлгээний дагуу нэхэмжилнэ” /хх-н 39-40/,

“... Азжаргал бол миний төрсөн эгч, харин Отгонбаатар миний хүргэн ах. Би хүргэн ах, төрсөн эгч хоёртоо машин барих зөвшөөрөл өгсөн. Бусдад учруулсан хохирлыг буруутай жолоочоор төлүүлмээр байна. Учир нь би машин барьж яваагүй” /хх-н 42/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч Рэнцэндоржийн Ганбатын “... миний хувьд ослын талаар мэдэхгүй. Харин төрсөн дүү Ган-Эрдэнээс тодруулахад миний машиныг машин мөргөөд явсан байна гэж хэлсэн.

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн эзэмшлийн, цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн, 88-01 УНЗ улсын дугаартай машиныг Хан-Агьт ХХК-д 6 сарын хугацаатай 1.7 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан болохоор одоо тус компаний эзэмшилд миний машин байдаг. Машины хохирлыг үнэлгээний дагуу нэхэмжилнэ” /хх-н 50-51/ гэсэн,

гэрч Рэнцэндоржийн Ган-Эрдэний “... би 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой 20 цаг 30 минутын үед цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн, 88-01 УНЗ улсын дугаартай машинаа Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хоррооллын 3 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд зам дагуу байрлуулж тавиад гэртээ орсон. Маргааш өглөө нь 10 цагийн орчимд машинаа авах гээд гарсан чинь машины зүүн хэсгийн буфер, гопуд зэрэг нь хонхойчихсон байдалтай байсан. Улмаар би 102-т дуудлага өгсөн чинь Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс нэг цагдаа ирж уулзаад 2016 оны 12 дугаар сарын 25-ны үүрээр уг осол нь бүртгэгдсэн байна, иймд Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс дээр очиж байцаагчтай нь уулз гэж хэлэхээр нь очсон” /хх-н 64/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Техникийн шинжээчийн “... 1. Тоёота Алион маркийн, 64-04 УНЭ улсын дугаартай автомашины жолооч О.Энх-Отгон нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Мазда Верисо маркийн, 48-44 УНИ улсын дугаартай автомашины жолооч Н.Энхтуяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Тоёота Приус маркийн, 88-01 УНЗ улсын дугаартай автомашины жолооч Р.Ган-Эрдэнэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн 67 тоот дүгнэлт /хх-н 134-135/,

осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 6-8/, илтгэх хуудас /хх-н 11/, CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-14/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Түүнчлэн уг гэмт хэргийн улмаас нэр бүхий иргэдийн эд хөрөнгөнд /автомашинд/ эвдрэл гэмтэл учирсан болох нь

автомашины үнэлгээний “… Тоёота приус 20 маркийн, 8801 УНЗ улсын дугаартай, Хан агьт ХХК-ийн эзэмшлийн автомашин урд талаараа мөргөлдсөний улмаас урд буфер хагарч бутарсан, урд буферын хамгаалалт гулзайсан, капот чихэгдсэн, урд панель гулзайж хойш гүйсэн, баруун урд их гэрлийн дээд болон доод сэнжүүд хугарсан, зүүн урд их гэрлийн доод сэнж тасарсан, баруун урд крыло урд хэсгээрээ түлхэгдэж гажсан. Шууд зардал 805.000 төгрөг, нийт зардал 910.200 төгрөг” гэсэн 10227 тоот тайланд /хх-н 71-73/,

“... Мазда верайса маркийн, 4844 УНИ улсын дугаартай, Н.Энхтуяагийн эзэмшлийн автомашин зүүн урд амартизатор гулзайсан, урд буфер хагарч цуурсан, цахилгаан хамгаалалт урагдсан, урд краказ хагарсан, зүүн урд гар тахийсан, зүүн цап гулзайсан, зүүн урд хагас гол гулзайсан, АВS мэдрэгч хагарсан, хөдөлгүүрийн датчик хагарсан, зүүн урд гэрэл хагарсан, нүүр сетка хагарсан, зүүн урд гэрлийн суурь нугарч хонхойсон, баруун хойд крыло хонхойсон, хойд буфер зурагдсаж халцарсан, зүүн урд крыло нугарсан, капот нугарсан. Шууд зардал нь 1.831.000, нийт зардал 2.351.000 төгрөг” гэсэн 878 тоот тайланд /хх-н 75-81/,

“... Тоёота алион маркийн, 6404 УНЭ улсын дугаартай, Жи Эс Би капитал ББСБ-ийн эзэмшлийн автомашин зүүн урд талаасаа мөргүүлж урд буфер хагарч зүүн урд крыло хонхойж үрчийж подкрыло сэтэрч, урд капот овойж тунарч, зүүн урд шанаа нүүрний хөндөл панел гулзайж, урд буферийн суурь төмөр тахийж, зүүн урд их гэрэл хагарч урд салхины шил цуурч, агаар шүүгчний сав хагарч, гал хамгаалагчийн суурь хагарч, зүүн тольны гадна аяга /никель/ цуурсан. Шууд зардал 1.835.000 төгрөг, нийт зардал 2.155.000 төгрөг” гэсэн 6546 тоот тайланд /хх-н 82-83/ тус тус тусгагджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгий хуулийн 24 дүгээр бүлэг буюу Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарах болгоомжгүй биш санаатай үйлдэгддэг цорын ганц хэрэг төдийгүй хохирогч шаарддаггүй онцлогтой.

 

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тухайн осолд өртсөн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хуульд нийцэж байна.

Мөн жолооч /шүүгдэгч/ О.Энх-Отгоны жолоодож явсан Тоёота Алион маркийн, 64-04 УНЭ улсын дугаартай машины эзэн В.Мөнх-Оргилийг мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсаныг хуулийн дагуу хийгджээ гэж үзнэ.

Гэвч иргэн В.Мөнх-Оргилоор иргэний хариуцагч гэдэг утгаар бусдын хохирлыг төлүүлэх үндэслэлгүй. Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзвэл В.Мөнх-Оргил нь гэрчээр мэдүүлсэн В.Азжаргалын төрсөн дүү нь, гэрч В.Азжаргал, гэрч Ө.Отгонбаатар нар эхнэр нөхөр буюу нэг гэр бүлийн гишүүд байна. Иргэн В.Мөнх-Оргил өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг төрсөн эгч В.Азжаргал, хүргэн ах Ө.Отгонбаатар нартаа шилжүүлэн өгсөн байдал нь ямар нэгэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүйн зэрэгцээ гэмт хэргээс улбаатай хохирлыг шууд төлөх этгээд биш юм. Нөгөөтэйгүүр энэ гэмт хэргийн улмаас иргэн В.Мөнх-Оргилд өөрт нь эд хөрөнгийн хохирол учирчээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Н.Энхтуяа “... мөнгийг жолооч Энх-Отгон гэхээс илүүтэйгээр гэрч гэх Отгонбаатар, Азжаргал нар төлөх ёстой гэж би үзэж байгаа. Эдгээр хүмүүс өөрсдөө согтуу, албан бус дуудлагын жолооч аваагүй байсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байх байсан” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй.

Ө.Отгонбаатар, В.Азжаргал нар өөрсдөө согтуурсан үедээ дуудлагын жолоочоор тээврийн хэрэгсэлээ жолоодуулсаныг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл “Дуудлагын жолооч”-ийн үйлчилгээг хэрхэн зохицуулсан талаарх хэм хэмжээ Эрүүгийн хуульд байхгүй болно.

 

Иймд Боржигон овогт Оюунчимэгийн Энх-Отгоныг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Харин прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан үйл баримтыг тухайн цаг хугацаанд иргэн Н.Энхтуяа нь Мазда Верисо маркийн, 48-44 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан мэтээр, иргэн Р.Ган-Эрдэнэ нь Тоёота Приус маркийн, 88-01 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан мэтээр буруу бичжээ.

Гэтэл эдгээр автомашинууд замын хөдөлгөөнд оролцоогүй, зогсоолд зогсож байсан нь Н.Энхтуяа, Р.Ган-Эрдэнэ, В.Азжаргал, Ө.Отгонбаатар нарын мэдүүлэгт тусгагдсан байдаг бөгөөд дээрх байдлыг зөвтгүүлж бичүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, яллах дүгнэлтэд буруу дүгнэж бичсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Шүүхээс шүүгдэгч О.Энх-Отгонд ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч О.Энх-Отгоноос нийт 3.416.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Энхтуяад 351.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Оргилд 2.155.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Ганбатад 910.000 төгрөг тус тус олгохоор,

нэр бүхий иргэний нэхэмжлэгч нар нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

Тухайлбал иргэний нэхэмжлэгч Н.Энхтуяа нь нийт 10.983.500 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлтэй холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Харин түүнд учирсан 2.351.000 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 351.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Оргилийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ж.Энхтуяа нь өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах тухай хүсэлт гаргасныг мөн хүлээж авах боломжгүй.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл иргэн В.Мөнх-Оргил, өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын хооронд “Өмгөөллийн гэрээ” гэхээс илүүтэйгээр Иргэнийг төлөөлөх “Итгэмжлэл” хийгджээ гэж үзэхээр байна.

 

Мөрдөн байцаалтын явцад яллагдагч О.Энх-Отгоны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаагүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын санкц байхгүй тул түүний 1029385 дугаартай Жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болмогц буцаан олговол зохино.

 

Шүүгдэгч О.Энх-Отгон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Оюунчимэгийн Энх-Отгоныг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар О.Энх-Отгоныг 5 /тав/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. О.Энх-Отгонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. О.Энх-Отгон цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж,

баривчлах ял эдлэх хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар О.Энх-Отгоноос нийт 3.416.000 төгрөг гаргуулж,

иргэний нэхэмжлэгч Н.Энхтуяад 351.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч В.Мөнх-Оргилд 2.155.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Ганбатад 910.000 төгрөг тус тус олгож,

нэр бүхий иргэний нэхэмжлэгч нар нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. О.Энх-Отгоны тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдаагүй болохыг дурдаж,

шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокуророос хэргийн хамт ирүүлсэн Оюунчимэгийн Энх-Отгоны 1029385 дугаартай Жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Энх-Отгоныг цагдан хорьсонг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ