Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2023/01956

 

 

 

 

 

 

 

 

                               2023      06         26       

              182/ШШ2023/01956

 

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Б.Цолмон, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 423,500,000 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон,

Гэрч: Ц.Т,

Иргэдийн төлөөлөгч Б.Батчимэг,

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Н-д холбогдуулан гэм хорын хохиролд 356,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023.02.10-нд олох ёстой байсан түрээсийн орлого 58,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нийт 423,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Э ХХК нь Н-ын 2020.04.27-ны өдрийн 568 дугаар захирамжаар одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн хажууд газар эзэмшдэг байсан. Одоогийн байршиж байгаа байршил нь “Арина” гээд электрон барааны дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрийг барьж байгуулаад, дараа нь “Намар” кофе шоп, “Намар” цайны газар гээд хажууд нь барилгууд барьсан.

Энэ барилгуудыг барихдаа тухайн Н-ас “Арина” электрон барааны дэлгүүр, “Намар” цайны газар хоёрын дунд 300 хэдэн м газар байгаа юм байна гээд “бид нарт энэ газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж өгөөч” гэсэн хүсэлтийг Газрын тухай хуульд заасан тогтоомжийн дагуу гаргасан. Н- үүнийг хүлээж авч “худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн” гээд захирамж гаргасан.

Энэ захирамжийн дагуу нэхэмжлэгч худалдаа, үйлчилгээний зориулалтаар кофе шопын барилга барьж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тохижилтыг хийсэн. Ингээд үйл ажиллагаа явуулж байсан чинь гэнэтхэн Н- 2020.04.27-ны өдрийн 568 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслээд нийт 0 м.кв газраас 364 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Газрын тухай хуульд газрыг хүчингүй болгож шийдвэрлэх заалтыг маш нарийн заагаад өгчихсөн. Тэр нь ямар заалт вэ гэхээр Н-тай байгуулсан гэрээнийхээ эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр 1,142 м.кв-аас яг кофе шоп байрлаж байсан 362 м.кв-ыг нь хүчингүй болгоод, хүчингүй болгосон өдрөөс 10-хан хоногийн дотор мэдэгдээд, нэхэмжлэгчид гомдол гаргаад, шүүхээр шийдвэрлүүлэх бололцоо олгоогүй. Бид нар мэдэгдэл өгөөд, хүчингүй болгонгуут Захиргааны хэргийн шүүхэд хандсан....

Захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгээд хэлэлцэж эхлээгүй байх хугацаанд маргаан бүхий кофе шопыг нураагаад, газрыг албадан чөлөөлсөн. Ингээд шүүх хэргийг хэлэлцээд, нотлох баримтыг талуудаас цуглуулаад захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргасан. Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэхдээ шүүх дүгнэлт дээрээ тодорхой дүгнэсэн. Хариуцагч захиргааны хэргийн шүүх дээр ирээд манайхыг яагаад албадан чөлөөлсөн тухай тайлбар гаргаж ярихдаа “та нар анхнаасаа Хавдар судлалын үндэсний төвийн орц, гарц байсан газар дээр газар эзэмшчихсэн байсан” гэж нэхэмжлэгч талыг буруутгасан. Хавдар судлалын байр чинь 1980-аад онд баригдсан Монголд ганц хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Оросуудын барьсан барилга учраас Яармагт байдаг Үндэсний төв архиваас энэ барилгыг барихад орц, гарц нь хаагуураа төлөвлөгдөж байсан талаар зузаан баримт, материалыг гаргуулж авчирсан. Хариуцагчийн яриад байгаа орц, гарц байсан газарт нь манайх кофе шоп барьсан юм уу, үгүй юм уу гэдгийг шүүх бүхэлд нь хянаж үзээд хариуцагч бол орц, гарц байсан газар биш юм байна гэж дүгнэсэн. Оросын том барилгын ажлын зураг нь ирсэн. Тэр дээр бол “Гламны и выход” гээд биччихсэн. Тэр нь манай маргаан бүхий кофе шопын ар талаар байсан аж, ахуйн нэгжийг хаагаад барилга барьчихсан. Тэр дээр үндсэн орц, гарц байсныг нь манайх гэж андуурч, манайхыг анхны орц, гарцыг нь хааж барилга барьсан гэж нураасан юм байна гэж шүүх нотлох баримтыг шинжлэн судлахдаа тогтоосон. Гэхдээ шүүх шийдэхдээ ер нь Монгол улсад ганц хавдрын чиглэлээр үйл, ажиллагаа явуулж байгаа.

Тийм учраас нийтийн эрх, ашигт орц, гарцыг гаргаж шийдсэн нь зөв байна. Захирамжийг гаргахдаа та нар хууль зүйн үндэслэлгүй гаргасан байна гээд шүүх дүгнээд, дүгнэхдээ нэгэнт орц, гарцыг гаргаад шийдчихсэн учраас энийг энэ чигээр нь үлдээе. Та нар хохирлоо иргэний журмаар нэхэж аваарай гэж шүүх шийдсэн. ...

Маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчийн гурван байшин байгаа. Яагаад 365,000,000 төгрөг нэхэмжлээд, яагаад 58,000,000 төгрөгөөр нэмэгдүүлээд 423,000,000 төгрөг болсон юм бэ гэхээр маргаан бүхий байрыг чөлөөлөөд, хүчингүй болгоно гээд ярингуут нэхэмжлэгч ямар ч эрсдэл үүсэж магадгүй гэдэг үндэслэлээр үнэлгээ хийлгүүлчихсэн байсан. Энэ үнэлгээг шийдвэрлэж амжаагүй байхад нураачихсан учир анхны нураагаагүй байх үеийн “Арина”, кофе шоп, цайны газар гурвыг нийлүүлээд үнэлчихсэн байсан үнэлгээг нь салгаад, шүүх шийдчихсэн учраас нураасны дараа бид нар яг кофе шопын үнэлгээ хэдэн төгрөг байсан юм бэ гэдгийг нь салгуулаад шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Энэ нь нураагдсан кофе шоп 365,000,000 төгрөгийн үнэтэй байсан юм байна гэдэг нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байгаа учраас 365,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 58,000,000 төгрөгийг яагаад нэхэмжилж байгаа вэ гэхээр маргаан бүхий нураагдсан кофе шопыг нэхэмжлэгч түрээслээд, ашиг олж ажилладаг байсан. Ингээд сарын 2,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан баримт нь байгаа. 2020.05.15-наас 2022.10.15-ны өдөр хүртэлх хугацаагаар 2 жил 5 сар буюу 29 сарын түрээсийн төлбөрт 58,000,000 төгрөгөөр нэмэгдүүлээд, нийт 423,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Д ХХК-ийн 2023.06.23-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гаар нураагдсан Намар кофе шопын барилгын үнийг 185,827,202 төгрөг гэж тогтоосон учраас нэхэмжлэлийн шаардлагаа 179,672,798 төгрөгөөр багасгаж, 234,827,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хариуцагч Н-ас гаргуулж өгнө үү...” гэв.

 

2. Хариуцагч Н- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

 

3. Иргэдийн төлөөлөгч Б.Батчимэг “...хариуцагч Н- нь бусдын өмч хөрөнгөнд хохирол учруулсан тул хохирлыг барагдуулах үндэстэй...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

4. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 5-9, 163-165 х/

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0000000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 11 х/

- Компанийн дүрэм /хх-ийн 12-13 х/,

- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.23-ны өдрийн 0210 дугаартай шийдвэр /хх-ийн 14-22 х/

- Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.06.15-ны өдрийн 304 тоот магадлал / хх-ийн 23-28 х/,

- Д ХХК-ийн гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 29-38 х/,

- Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000013387 дугаартай гэрчилгээ /хх-ийн 39, 78 х/

- 2019.12.15-ны өдрийн 01110-2016/00447 тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг /хх-ийн 40-41, 79-80, 81 х/

-2019.02.25-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний талбай түрээслүүлэх, ашиглуулах гэрээ” /хх-ийн 42-43 х/,

-Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020.05.01-ний өдрийн 03/1624 тоот  Э ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 75 х/,

-Н-ын 2020.04.24-ний өдрийн А/568 дугаартай “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамж /хх-ийн 76 х/,

-Газар зохион байгуулалтын албаны 2020.04.10-ны өдрийн 01-06/1648 тоот Э ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 77 х/,

-Дулааны эрчим хүч худалдан авах гэрээ /хх-ийн 83-89 х/,

-Гэрэл зураг /хх-ийн 90-92 х/,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020.05.15-ны өдөр маргаан бүхий газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 94 х/,

-Н-ын 2000.09.21-ний өдрийн 309 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамж, хавсралт /хх-ийн 94, 95 х/,

-Н-ын 2004.01.28-ны өдрийн 30 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамж, хавсралт /хх-ийн 96, 97 х/,

-Н-ын 2010.11.30-ны өдрийн 783 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамж, хавсралт /хх-ийн 98, 99 х/,

-Н-ын 2016.02.24-ний өдрийн А/150 дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж, хавсралт /хх-ийн 100, 101 х/,

-Н-ын 2020.05.06-ны өдрийн А/626 дугаартай “Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай” захирамж /хх-ийн 103 х/,

-Н-ын 2020.04.24-ний өдрийн А/568 дугаартай “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамж /хх-ийн 104 х/,

-Н-ын 2020.04.14-ний өдрийн А/513 дугаартай “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж, хавсаралт /хх-ийн 105, 106-107 х/,

            -Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020.10.19-ны өдрийн 2/2981 тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 108, 109-122 х/,

-Газар зохион байгуулалтын албаны 2021.01.21-ний өдрийн 03-10/224 тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 122-123 х/,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.27-ны өдрийн 1/0853 тоот “Нотлох баримт гаргуулах тухай” албан бичиг, хавсралт /хх-ийн 124-128 х/,

-Э ХХК-иас 2023.02.09-нд 01/05 тоот албан бичгээр Г.Хд, 2023.06.07-ны өдрийн 01/23 тоот албан бичгээр Б.Батгэрэл тус тус олгосон итгэмжлэлүүд /хх-ийн 144, 2 хх-ийн 6 х/,

-Э ХХК-иас 2023.02.09-нд Н-д хүргүүлсэн 01/06 тоот албан бичиг, ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт /хх-ийн 145, 147-148 х/

-Э ХХК-ийн “Кассын орлогын ордер” хх-ийн 419-159 х/

-Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-ийн 160-162 х/,

-Гэрэл зураг /2 хх-ийн 11-13 х/

-Д ХХК-ийн 2023.06.23-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /2 хх-ийн 24-47 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

5. Хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2022.11.08-нд 01/5803 тоот албан бичгээр Б.С-д /хх-ийн 46 х/, 2022.12.07-нд 01/6478 тоот албан бичгээр З.Мг томилсон /хх-ийн 50 х/ албан бичгүүдийг тус тус ирүүлсэн.

 

6. Тус шүүхийн 2023.01.20-ны өдрийн 182/ШТ2023/00025 дугаартай тогтоолоор Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас  Н-ын 2020.04.27-ны өдрийн А/568 тоот захирамжийн дагуу өөрчлөгдсөн ................ хаягт байрлах, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий 0 м.кв газрын кадастрын зургийн өөрчлөлт /хх-ийн 137, 138-141 х/,

-2023.03.31-ний өдрийн 182/ШТ2023/00097 дугаартай шүүхийн тогтоолоор  Арина электрон барааны дэлгүүр, Намар кофе шоп, Намар цайны газруудын барилгуудыг бүхэлд нь үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 222-230 х/

-Э ХХК-ийн 2023.05.01-ний өдрийн “Тооцоолол хүргүүлэх тухай” албан бичиг, Намар кофе шопын барилгыг барьсан болон ашиглалтад оруулсантай холбоотойг баримтууд /хх-ийн 232, 232-237 х/,

-Э ХХК-ийн Санхүүгийн байдлын тайлангийн тухай албан бичиг /2 хх-ийн 7 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Н-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Н-д  холбогдуулан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол 356,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022.10.18-ны өдөр гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023.02.10-нд олох ёстой байсан түрээсийн орлого 58,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нийт 423,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 179,672,798 төгрөгөөр багасгаж, 243,827,000 төгрөг гаргуулах гэж тодруулсан.

 

2.1. Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Н-ын 2016.02.24-ний өдрийн А/150 дугаар захирамжаар ............. тоот хаягт 0 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд хариуцагч 2020.04.27-ны өдрийн 568 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын хэмжээг 241 м.кв-аар багасгаж, 900 м.кв болгон өөрчилж, хууль бус шийдвэр гаргасан болохыг  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.23-ны өдрийн 0210 дугаартай шийдвэрээр тогтоосон учраас Намар кофе шопын барилгыг нураахаас өмнөх үнэлгээг үндэслэн 185,827,202 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарлан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а. Нэхэмжлэгч Э ХХК нь Н-ын 2016.02.24-ний өдрийн А/150 дугаар захирамжаар ............. тоот хаягт 0 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд уг газар дээрээ “Арина” электрон барааны дэлгүүр, “Намар” кофе шоп, “Намар” цайны газрыг барьсан.

Хариуцагч нь 2020.04.27-ны өдрийн 568 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын хэмжээг багасгаж газрыг албадан чөлөөлж, Намар кофе шопын барилгыг нураасан учраас хохирол 185,827,202 төгрөгийг гаргуулна.

б. Нэхэмжлэгч Э ХХК нь нураагдсан намар кофе шопыг бусдад сарын 2,000,000 төгрөгөөр түрээсэлж ашиг олдог байсан учраас уг барилгыг нураагдсан 2020.05.15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.10.18-ны өдөр хүртэлх хугацаагаар 2 жил 5 сар буюу 29 сарын түрээсийн төлбөр 58,000,000 төгрөгийг тус тус гаргуулна гэжээ.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.23-ны өдрийн 0210 дугаартай шийдвэр /хх-ийн 14-22 х/, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.06.15-ны өдрийн 304 тоот магадлал/ хх-ийн 23-28 х/, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000013387 дугаартай гэрчилгээ /хх-ийн 39, 78 х/,2019.12.15-ны өдрийн 01110-2016/00447 тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг /хх-ийн 40-41, 79-80, 81 х/, 2019.02.25-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний талбай түрээслүүлэх, ашиглуулах гэрээ /хх-ийн 42-43 х/, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020.05.01-ний өдрийн 03/1624 тоот  Э ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 75 х/, Н-ын 2020.04.24-ний өдрийн А/568 дугаартай “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамж /хх-ийн 76 х/,Газар зохион байгуулалтын албаны 2020.04.10-ны өдрийн 01-06/1648 тоот Э ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 77 х/, Дулааны эрчим хүч худалдан авах гэрээ /хх-ийн 83-89 х/,Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020.05.15-ны өдөр маргаан бүхий газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 94 х/,Н-ын 2000.09.21-ний өдрийн 309 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамж, хавсралт /хх-ийн 94, 95 х/, Н-ын 2004.01.28-ны өдрийн 30 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамж, хавсралт /хх-ийн 96, 97 х/, Н-ын 2010.11.30-ны өдрийн 783 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамж, хавсралт /хх-ийн 98, 99 х/, Н-ын 2016.02.24-ний өдрийн А/150 дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж, хавсралт /хх-ийн 100, 101 х/, Н-ын 2020.05.06-ны өдрийн А/626 дугаартай “Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай” захирамж /хх-ийн 103 х/, Н-ын 2020.04.24-ний өдрийн А/568 дугаартай “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамж /хх-ийн 104 х/, Н-ын 2020.04.14-ний өдрийн А/513 дугаартай “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах, дугуйн замын трассыг чөлөөлөх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж, хавсаралт /хх-ийн 105, 106-107 х/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020.10.19-ны өдрийн 2/2981 тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 108, 109-122 х/, Газар зохион байгуулалтын албаны 2021.01.21-ний өдрийн 03-10/224 тоот албан бичиг, хавсарлт /хх-ийн 122-123 х/, Э ХХК-ийн “Кассын орлогын ордер” хх-ийн 419-159 х/, Д ХХК-ийн 2023.06.23-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /2 хх-ийн 24-47 х/ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

а. Хариуцагч Н- нь 2004.01.28-ны өдрийн 30 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамж, түүний хавсралтаар Э ХХК-д 900 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 2010.11.30-ны өдрийн 783 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамж, түүний хавсралтаар Э ХХК-ийн газар эзэмших, ашиглуулах эрхийн талбай хэмжээг 900 м.кв-аас 1,114 м.кв болгон өөрчилж, 5 жилийн хугацаатайгаар худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016.02.24-ний өдрийн А/150 дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар 1,114 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан байх ба Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019.12.15-ны өдөр 000013387 дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгожээ.

 

б. Н-ын 2020.04.24-ний өдрийн А/568 дугаартай “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамжаар “Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар 0 м.кв газрыг эзэмшигч Э ХХК-ийн газрын хэмжээг “...Хавдар судлалын үндэсний төвийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орц, гарц гаргах тухай удаа дараагийн албан шаардлагыг биелүүлээгүй мөн зогсоолын талбай, гарц барихаар төлөвлөсөн байршилд зохих зөвшөөрөлгүй барилга барьсан...гэх үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өмнө эзэмшиж байсан хэмжээгээр буюу 900 м.кв болгон өөрчилж, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2020.05.06-ны өдрийн А/626 дугаартай “Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай” захирамжаар Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талруу нэгдсэн орц, гарц гаргахаар нэхэмжлэгч Э ХХК-ийн эзэмшлийн 0 м.кв газар дээр байрлаж байсан үйлчилгээний зориулалтай Намар кофе шопын барилгыг нураасан байна.

 

в. Нэхэмжлэгч нь Н-ын дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхээс 2021.03.23-ны өдрийн 0210 дугаартай шийдвэрээр “...Н-ын 2004 оны А/30, 2010 оны 783, 2016 оны А/150 дугаар захирамжууд гэх мэт үйл баримтаас үзэхэд хариуцагч нь анхнаасаа маргаан бүхий газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэгч Э ХХК-д эзэмшүүлсэн байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

Энгийн байдлаар хэлбэл, Н- нь анхнаасаа эзэмшүүлэх боломжтой гэж үзсэний үндсэн дээр маргаан бүхий газрыг Э ХХК-д эзэмшүүлсэн атлаа маргаан бүхий захиргааны актуудаар тус компанид эзэмшүүлсэн газрын хэмжээг багасгаж, газрыг албадан чөлөөлсөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна...

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, 102.2-т “Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.

Иймд хариуцагч нь анхнаасаа маргаан бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэгчид эзэмшүүлсний улмаас “нэхэмжлэгч уг газарт үйлчилгээний барилгыг барьсан буюу тодорхой хэмжээний хөрөнгө, зардал гаргасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э ХХК нь “Намар кофе”-г албадан буулгасны улмаас өөрт учирсан хохирлоо Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу холбогдох шүүхэд хандаж жич нэхэмжлэх боломжтой болохыг энд тэмдэглэх нь зүйтэй...”  гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх ба тус шүүхээс 2021.06.15-ны өдрийн 304 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

 

г. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э ХХК нь албадан чөлөөлсөн газар дээрх Намар кофе шопын барилгыг барьж, эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд уг кофе шопыг нурааж, газрыг чөлөөлсөн болох нь дээр дурдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүх дахин нотлох шаардлагагүй болно.

 

д. Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.23-ны өдрийн 0210 дугаартай шийдвэрийн “...Н- нь анхнаасаа эзэмшүүлэх боломжтой гэж үзсэний үндсэн дээр маргаан бүхий газрыг Э ХХК-д эзэмшүүлсэн атлаа маргаан бүхий захиргааны актуудаар тус компанид эзэмшүүлсэн газрын хэмжээг багасгаж, газрыг албадан чөлөөлсөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна..., хариуцагч нь анхнаасаа маргаан бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэгчид эзэмшүүлсний улмаас “нэхэмжлэгч уг газарт үйлчилгээний барилгыг барьсан буюу тодорхой хэмжээний хөрөнгө, зардал гаргасан, уг нураагдсан 56 м.кв талбай бүхий Намар кофе шоп нь уг газрыг чөлөөлөхөөс нэг сарын өмнө 185,827,202 төгрөгөөр үнэлэгдэж байсан болох нь  Д ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон.

 

е. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13, 42 дугаар зүйлийн 42, 43 дугаар зүйлд зааснаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргах, Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргах, уг шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах, бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгахаар зохицуулсан.

 

ё. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан.

 

ж. Өөрөөр хэлбэл, хариуцагч Н- нь нэхэмжлэгч Э ХХК-ийн Үндсэн хуулиар баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчиж, 2020.04.24-ний өдрийн А/568 дугаартай “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамжаар Э ХХК-ийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашигладаг 0 м.кв газрын хэмжээг 900 м.кв болгож өөрчлөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13-т зааснаар дэд бүтцийн чиглэлээр буюу Хавдар судлалын үндэсний төвийн орц, гарц гаргах зорилгоор уг газар дээр байрлах, 185,827,202 төгрөгийн үнэлгээ бүхий 56 м.кв талбайтай, Намар кофе шопыг бүхэлд нь нураасан байх ба, ийнхүү нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг авахдаа нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай эзэмшигчтэй тохиролцсон гэрээ хэлцэл байгуулах, түүнд нөхөн төлбөр олгох байтал олгоогүй болох нь нэхэмжлэгч талын гаргасан тайлбараар тогтоогдсон. 

з. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан.

 

и. Ийнхүү хариуцагч Н-ын нэхэмжлэгч Э ХХК-д Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан 0 м.кв газрын хэмжээг 900 м.кв болгон өөрчилж, Намар кофе шоп байрлаж байсан объектыг албадан буулгаж газрыг чөлөөлсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э ХХК-д 185,827,202 төгрөгийн хохирол учирсан болох нь Д ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.23-ны өдрийн 0210 дугаартай шийдвэр, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдсон тул нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Н-ас иргэний журмаар хохирлоо шаардах эрхтэй гэж үзнэ.

 

4. Харин нэхэмжлэгч Э ХХК-ийн Намар кофе шопыг бусдад сарын 2,000,000 төгрөгөөр түрээсэлж ашиг олдог байсан учраас уг барилгыг нураагдсан 2020.05.15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.10.18-ны өдөр хүртэлх хугацаагаар 2 жил 5 сар буюу 29 сарын түрээсийн төлбөр 58,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

а. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2019.02.25-ны өдөр “Худалдаа үйлчилгээний талбай түрээслүүлэх, ашиглуулах гэрээ”-г иргэн Р.Олонбаяртай байгуулж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, Нямъяанжүгийн гудамж, Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талд байрлах 123 м.кв талбайг 2019.05.13-ны өдрөөс эхлэн сард 2,000,000 төгрөгөөр 3 жилийн хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулж, түрээсийн төлбөрт 2019.05.15-ны өдрөөс 2020.04.17-ныг хүртэл нийт 22,000,000 төгрөгийг түрээслүүлэгчээс авсан талаарх “Кассын орлогын ордер”  №5, №6, №3, №7 гэж давхацсан дугаарлалт бүхий 11 ширхэг баримтыг шүүхэд өгсөн. Эдгээр баримтууд нь зөвхөн нэг талын баримт байх бөгөөд мөнгө тушаагч гэх хэсэгт Нараа гэсэн гарын үсэг зурагджээ.  /хх-ийн 42-43, 149-159 х/

 

б. Мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн Намар кофе шоп нь 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө байсан болох нь Д ХХК-ийн 2023.06 сарын “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гаар тогтоогдсон бөгөөд уг барилгыг сарын 2,000,000 төгрөгөөр бусдад түрээлүүлэн ашиг олж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.

 

а. Хариуцагчид 2022.11.23-нд нэхэмжлэлийг гардуулж, 2022.12.07-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг, мөн 2023.03.10-ны өдөр ихэсгэсэн нэхэмжлэлийг гардуулж 2023.03.24-ний дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тус тус тайлбарласан. /1 хх/ийн 47, 48, 181, 182 х/

 

б. Гэвч хариуцагч заасан хугацаанд шүүхэд ирж тайлбар өгөөгүй, холбогдох баримтуудыг ирүүлээгүй тул дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл бүрдсэн. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан 8 удаа хойшлоход хариуцагч 4 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2023.05.02-ны өдрийн 182/ШТ2023/00129 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор түүнийг албадан ирүүлсэн, энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул энэхүү эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй.

 

в. Иймээс хуульд заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл бүрдсэн тул 185,827,202 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 58,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

6. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Б.Батчимэг “...хариуцагч Н- нь бусдын өмч хөрөнгөнд хохирол учруулсан тул хохирлыг барагдуулах үндэстэй...” гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий байна гэж үзэв.

 

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгасан нь улсын тэмдэгтийн хураамжийг багасгасан хэмжээгээр буцаан олгохгүй тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,443,400 /хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг /2022.10.07-нд 1,985,450 төгрөг, 2023.02.09-нд 447,950 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,087,086 /нэг сая наян долоон мянга наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Н-ас 185,827,202 /нэг зуун наян таван сая найман зуун хорин долоон мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг гаргуулан Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58,000,000 /тавин найман сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,443,400 /хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг /2022.10.07-нд 1,985,450 төгрөг, 2023.02.09-нд 447,950 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,087,086 /нэг сая наян долоон мянга наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Х.ДАШДЭЧМАА

 

                            ШҮҮГЧИД                                            Б.ЦОЛМОН

 

                                                                                                 Т.ЭНХТУЯА