Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2023/02401

 

 

 

 

 

                           2023      08         29        

                            182/ШШ2023/02401

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ОБ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч ОБнд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1. “...ОБны Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1 дүгээр зүйлийн 78.1.1, 78.1.3-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар ОБны Ажлын албанд томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ОБны тогтоолоор батлагдсан чиг үүргийн дагуу төлөвлөгөө, тайлан, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хариуцсан ажлаа биечлэн, үнэнчээр гүйцэтгэж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж ирсэн бөгөөд 7 хоног бүрийн болон хагас, бүтэн жилийн тайлангаа цаг хугацаанд нь тайлагнаж ирснээр 2022 оны 7 дугаар сард “Байгаль орчны салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж, тухайн жилийн эцсийн байдлаар ажлын албандаа хамгийн өндрөөр үнэлэгдэн ажиллаж байснаар мэргэжил, ур чадвараа дээшлүүлэн Удирдлагын академийн төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад улсын төсвийн зардлаар сурч төгссөн. Өнгөрсөн хугацаанд сахилгын зөрчил болон эд хөрөнгийн хариуцлага алдаж байгаагүй.

2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 тоот мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Захирамж, захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 196 дугаар захирамжаар батлагдсан ОБны ажиллах журмын 5.3-т “Ажлын албаны ажилтнууд нь улс төрийн албан хаагч байх” гэж шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 80 дугаар зүйлийн дагуу дуусгавар болгох тухай мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдийг тухайн үеийн ОБны ажлын албаны дарга Б.А өгөхдөө “...гэрээний хугацаа дуусаагүй байхад мэдэгдэл өгч байгаа нь шинэчлэгдэн батлагдсан ажил үүргийн хуваарийн дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах зорилгоор өгч байгаа юм” гэж тайлбарлаж гарын үсэг зуруулсан.

Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаалыг ОБны Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Энхбат гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1 дүгээр зүйлийн 78.1.1-д “талууд харилцан тохиролцсон”, 78.1.3-д “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр чөлөөлснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргаснаар 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тус хорооны хурлаар хэлэлцэж, 2 тал “харилцан тохиролцож шийдвэрлээгүй” тухай хурлын тэмдэглэл баталгаажсан болно.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч ОБны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.А нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар ажилд орж байсан ба 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 тоот мэдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3 дахь хэсэг, 110.3 дахь заалт Ерөнхий сайдын 2022 оны 30 дугаар захирамжийн 2 хавсралтаар батлагдсан “Үндэсний хорооны ажиллах журам”-ын 5.3 дахь хэсэг, “Захирамж, захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” захирамжийн 2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн ОБны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/02 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэгч Д.Аын ОБны Ажпын албаны даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2023.02.08-ны өдрийн Б/02 тоот ОБны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 3 х/,

-2023.01.09-ний өдрийн 02 тоот “Мэдэгдэл” /хх-ийн 4 х/,

-2020.11.04-ний өдрийн Б/58 тоот Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын “Д.Аыг хөдөлмөрийн гэрээгээр түр ажиллуулах тухай” тушаал /хх-ийн 5 х/,

-2022.04.06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн 6-9 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 10-11 х/,

-Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 12 х/,

-2023.04.10-ны өдрийн 27 тоот Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-ийн 13-16 х/ зэрэг баримтуудыг,

 

-Хариуцагч тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2023.04.26-ны өдрийн 2023/126 тоот Ц.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 22 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 23 х/,

-2023.01.19-ний өдрийн Б/01 тоот ОБны даргын “Ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх, ажилд түр томилох тухай” тушаал /хх-ийн 41 х/,

-2022.11.29-ний өдрийн 196 тоот Монгол Улсын Ерөнхий сайдын “Захирамж, захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” захирамж /хх-ийн 42 х/,

-2022.12.19-ний өдрийн А/44 тоот ОБны даргын “ОБны Ажлын албаны ажил үүргийн хуваарь батлах тухай” тушаал, түүний хавсралт /хх-ийн 43-44 х/,

-2021.02.17-ны өдрийн А/47 тоот Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын албаны дотоод журам батлах тухай” тушаал, түүний хавсралт /хх-ийн 45-60 х/,

- ОБны Ажлын албаны мэргэжилтэн Д.Аын ажил хүлээлцсэн материалын жагсаалт /хх-ийн 63 х/,

-2023.06.02-ны өдрийн 2023/180 тоот Б.Мт олгосон итгэмжлэл /хх-ийн 65 х/,

-2022.03.01-ний өдрийн 30 тоот Монгол Улсын Ерөнхий сайдын “Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай” захирамж, түүний хавсралт /хх-ийн 77-84 х/,

-2022.09.22-ны өдрийн 350 тоот Монгол Улсын Засгийн газрын “Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” тогтоол, түүний хавсралт /хх-ийн 85-90 х/,

-2022.03.28-ны өдрийн 22/11 тоот ОБны “Ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай” тогтоол /хх-ийн 91-101 х/,

-2022.07.07-ны өдрийн А/247 тоот Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын албаны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тушаал /хх-ийн 178-179 х/,

-Мэдэгдэл хүлээлгэн өгсөн бүртгэл /хх-ийн 180 х/,

-Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /хх-ийн 181 х/ зэрэг баримтуудыг,

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023.06.06-ны өдрийн 182/ШЗ2023/007320 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2022.03.01-ний өдрийн 30 тоот Монгол Улсын Ерөнхий сайдын “Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай” захирамж, түүний хавсралт /хх-ийн 103-110 х/,

-2022.10.28-ны өдрийн 178 тоот Монгол Улсын Ерөнхий сайдын “Захирамж, захирамжийн хавсралт хүчингүй болсонд тооцох тухай” захирамж /хх-ийн 111 х/,

-2022.11.29-ний өдрийн 196 тоот Монгол Улсын Ерөнхий сайдын “Захирамж, захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” захирамж /хх-ийн 112 х/,

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас ОБны хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон хувийн хэрэг /хх-ийн 114-177 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. ОБнд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч ОБнд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

2.1. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа ОБны Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгоно гэж тодруулан тайлбарлаж байна.

 

3. Нэхэмжлэгч нь ОБны Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор талууд тохиролцоогүй,

3.2. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байсан,

3.3. Ажлын албаны ажилтнууд нь улс төрийн албан хаагч байх шаардлагагүй гэж

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.А нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан мэдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн Ерөнхий сайдын 2022 оны 30 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан ОБны ажлын албаны ажилтнууд нь улс төрийн албан хаагч байхаар зохицуулсан учраас 2022.03.31-ний өдрийн Б/39 тоот “Д.Аийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал хуульд нийцсэн ...” гэж тус тус маргаж байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”,

154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”,

154.7-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо энэ хуулийн 154.6-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана”,

154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

 

5.1.а. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч ОБнд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд анх 2023.03.09-ний өдөр гаргасан ба шүүхээс 2023.03.16-ны өдөр 182/ШЗ2023/03351 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /хх-ийн 17-19 х/

 

5.1.б. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдэх буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар зохицуулсны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байна.

 

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.04.10-ны өдрийн 27 дугаартай шийдвэрээр “...талууд маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцоогүй...” гэсэн үндэслэлээр уг ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-ийн 13-16 х/

 

Дээрх хариуг авснаас хойш буюу 2023.04.14-ний өдөр нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байна.

 

5.2.Нэхэмжлэгч Д.А нь 2020.11.04-ний өдрөөс 2023.02.08-ны өдрийг хүртэл ОБны ажлын албанд ажиллаж байсан талаар талууд маргаагүй тул шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

5.3. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

5.3.а. Нэхэмжлэгч Д.А нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020.11.04-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар ОБны ажлын албанд Төлөвлөлт, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнээр томилогдон Хөдөлмөрийн гэрээ /2022.04.06-ны өдөр 04 тоот/-г ажил олгогчтой байгуулан ажиллаж байжээ. /хх-ийнх 6-9 х/

 

ОБны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын 2023.02.08-ны өдрийн Б/02 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 110 дугаар зүйлийн 110.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 30 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний хорооны ажиллах журмын 5.3, “Захирамж, захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 196 дугаар захирамжийн 2 дахь заалтыг үндэслэн ОБны Ажлын албаны төлөвлөгөө, тайлан гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 2023.02.08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 3 х/

 

5.3.б. Хариуцагч нь Д.Атай харилцан тохиролцсон; мөн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, 2023.01.09-ний өдрийн 02 тоот “Мэдэгдэл”-ийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учраас ОБны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын 2023.02.08-ны өдрийн Б/02 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал хуульд нийцсэн үндэслэл бүхий гарсан гэж маргаж байна. 

 

5.3.в. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой.

 

5.3.г. Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг авч үзвэл:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1. “Талууд харилцан тохиролцсон”,

78.1.3. “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”;

110.3. “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно”,

- Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 30 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний хорооны ажиллах журмын 5.3-т “Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн Ажлын албаны ажилтнуудыг Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга томилж, члөөлөх, сэлгэн ажиллуулах, урамшуулах шийдвэр гаргана” /хх-ийн 106-110 х/

-Захирамж, захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай 196 дугаар захирамжийн 2 дахь хэсэг “Мөн захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “ОБны ажиллах журмын 5.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай. “5.3. Ажлын албаны ажилтнууд нь улс төрийн албан хаагч байх бөгөөд тэдгээрийг Ажлын албаны дарга томилж, чөлөөлнө” /хх-ийн 42 х/ гэжээ.

 

5.4. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон учраас талууд харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, харилцан тохиролцсон талаар баримтгүй байна.

 

5.4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Д.Атай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, талууд харилцан тохиролцсон гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь 2022.04.06-ны өдөр 04 тоот Хөдөлмөрийн гэрээг Д.Атай байгуулж ОБны Төлөвлөлт, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр 1 жилийн хугацаатай ажиллуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 6-9 х/

5.4.б.Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид 2023.01.09-ний өдөр 02 дугаартай  мэдэгдлийг өгч “...Ажлын албаны ажилтнууд нь улс төрийн албан хаагч байх...” гэж шийдвэрлэсэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2022.11.29-ний өдрийн 196 дугаартай захирамжийг үндэслэн талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2023.02.08-ны өдрөөр дуусгавар болгох мэдэгдлийг хүргүүлж, 2023.02.08-ны өдөр мэргэжилтэн Д.Аын ажлыг хүлээлцүүлсэн байна. /хх-ийн 4, 61-63 х/

 

5.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “.Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй”, 80.5-д “Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно” гэж заасан.

 

5.5.а. Монгол Улсын Ерөнхий сайдын 2022.11.29-ний өдрийн 196 дугаартай “Захирамж, захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” захирамжаар ОБны ажиллах журамд өөрчлөлт орж, албаны ажилтнууд нь улс төрийн албан хаагч байхаар шийдвэрлэсэн боловч ажил олгогч нь Д.Аын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах 2023.04.06-ны өдрийг хүртэл хугацааны олговорыг олгож ажиллуулахгүй байх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь ажлаас чөлөөлөх тушаалын 2 дахь заалт болох “...ажилласан хоногт ноогдох ээлжийн амралтын мөнгөн олговор олгох...” болон талуудын тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тус тус тогтоогдсон.

 

Мөн ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн 2023.02.08-ны өдрийн Б/02 тоот тушаалдаа ОБны Төлөвлөлт, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтныг бус “...ажлын албаны төлөвлөгөө, тайлан гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иймд ажил олгогчийн санаачлагаар Д.Аыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Аыг ОБны Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.6. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

5.6.а. Хөдөлмөр, Нийгмийн хамгаалллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговорыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэжээ.

 

Д.Аын ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 2,538,326 /7,614,978 : 3 сар = 2,538,326/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 117,153 /2,538,326 төгрөг : 65 хоног = 117,153/ төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 7 х/

 

Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2022 оны 11, 12, 2023.01 саруудын цалингаас тооцсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

 

Иймээс нэхэмжлэгч Д.Аыг 2023.02.08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 132 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 15,464,196 /132 хоног х 117,153 төгрөг = 15,464,196/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

5.6.б. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан нь хариуцагч буюу ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.

 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилжээ.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлсон байна.

 

Иймд Д.Аын 2023.02.08-ны өдрөөс 2023.08.28-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ОБнд даалгах нь зүйтэй.

 

 6. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ОБноос 235,270 /хоёр зуун гучин таван мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аыг урьд эрхэлж байсан ажил буюу ОБны Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15,464,196 /арван таван сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөгийг ОБноос Д.А-д олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 15,464,196 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Д.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ОБнд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч ОБноос 235,270 /хоёр зуун гучин таван мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Х.ДАШДЭЧМАА