Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181

 

 

                                                 

                                                             

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                

                                   

 

                                   

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарантуяа хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч Д.Даваа

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626022902 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 29-нд Дундговь аймаг Эрдэнэдалай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхийн хамт Төв аймгийн Бүрэн сум, 3 дугаар баг, Монгол хороолол, 10 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, ЗП95052912 дугаарын регистртэй, Буурлынхан овогт Батаагийн Эрдэнэбилэг

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 71 дүгээр байрны орчим бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Т.Энхболдыг хүч хэрэглэн зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 15-ны орой паб-д найзуутайгаа пиво уугаад гарахад манай найз нар түрүүлээд гарсан байсан. Би гарч ирээд нэг залуу явж байхаар нь найзыгаа гэж бодоод андуураад араас нь дуудсан. Тэгээд би тэр залуутай маргалдсан. Намайг эхлээд цохихоор нь би зөрүүлээд нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулах ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн хувийн байдалтай холбоотой;

түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 59/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 58/, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /хх-н 61/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 60/, Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-н 54/, Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-н 62-69/,

гэрч Содномцогын Цэрэнсумъяагийн “... Эрдэнэбилэг бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Эрдэнэбилэг 1995.05.29-нд Дундговь аймагт төрсөн. Төв аймгийн Бүрэн сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд 2003-2013 он хүртэл дунд дүнтэй сурч төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш Төв аймгийн Бүрэн суманд хөдөө мал дээр мал маллаж байгаа. Ар гэрийн хувьд Төв аймгийн Бүрэн сум Монгол 3 дугаар багт ээж Наранцэцэг тэтгэвэрт байдаг хамт амьдардаг 1 ах, 3 эгчтэй ах нь Эрдэнэбат, эгч Мандахай, Ганчимэг нар хөдөө малчин, эгч Болормаа Гранд Мед эмнэлгийн ресторанд угаагч ажилтай. Эрдэнэбилэг үндэсний бөхийн спортоор хичээллэх сонирхолтой, сагсан бөмбөг, гар бөмбөгөөр хичээллэдэг, ажилсаг, хөдөлмөрч, төлөв даруу зантай, аливаа юманд хүлээцтэй, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, хүнтэй эвтэй найртай, архи  тамхи хэрэглэдэггүй элдэв муу зуршилгүй” /хх-н 29/ гэсэн мэдүүлэг,

гэрч Ганзоригийн Чойжамцын “... Эрдэнэбилэг бол миний нагац ах. Зан байдлын хувьд эелдэг даруу, хүнтэй найрсаг, ажилд сайн, спортоор хичээллэдэг, аливаа юманд уриалагхан, ааш зан, гэр бүлийн хүмүүжил сайтай, архи тамхи хэрэглэдэггүй, дуу цөөтэй, хүмүүсийн хэлсэн үүрэг даалгаврыг маш сайн биелүүлдэг” /хх-н 27/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг 2016 оны 10 дугаар сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 71 дүгээр байрны орчим бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Т.Энхболдыг хүч хэрэглэн зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Тунгалагийн Энхболдын “… 2016 оны 10 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед БГД-ийн 3 дугаар хороо, 71 дүгээр байрны гадаа өөрийнхөө машинд найзууд болох Батзолбоо, Энхтуяа нарын хамт юм яриад сууж байсан. Тэгээд би машинаас буугаад ТҮЦ-ээс тамхи авах гэж явж байсан чинь ТҮЦ-ний хажууд 3-4 залуу халамцуу орилж чарлаад байсан бөгөөд нэг өндөр нуруутай залуу нь намайг хөөе гээд дуудах шиг болохоор нь би таньдаг юм болов уу гээд тэр залуу дээр явж очоод яасан бэ гээд хэлэхэд танихгүй залуу байсан тэгээд би зөрөөд явах гэтэл согтуу хөөе гээд намайг татсан тэгээд би “чи хэн бэ” гээд бид хоёр хоорондоо маргаад байж байтал тэр залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тэр залуутай барьцалдаж аваад зогсож байтал Энхтуяа, Батзолбоо хоёр гарч ирээд намайг салгаад тэр залуутай хамт явж байсан найзууд нь болох залуучууд хүрч ирээд тэр залууг салгаж аваад цагдаа ирээд Цагдаагийн хэлтэс дээр авчирсан” /хх-н 24-25/ гэсэн,

гэрч Чинбаярын Батзолбоогийн “… 2016 оны 10 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед өөрийн найзууд болох Энхтуяа, Энхболд нартай хамт БГД-ийн 3 дугаар хороо ТБД андуудын автобусны буудлын замын урд талд машин дотор архи уугаад сууж байсан. Сууж байтал Энхболд ТҮЦ рүү тамхи авах гэж явах замдаа хоёр залуутай маргалдаад эхэлсэн. Тэгээд нэг залуутай барьцалдаад авахаар нь би салгах гээд машинаас буугаад яваад очтол цаанаас нь нилээд олон залуучууд гарч ирсэн ба тэр үед Энхболдтой барьцалдсан байсан залуу эхлээд Энхболдын нүүр рүү цохиод бужигнаад эхэлсэн тэгээд салгах гээд татсан чинь хөл алдаад газар унасан. Тэгээд нүүрээрээ замын бродурь цохиод нүүрээ гэмтээчихсэн. Энхтуяа гарч ирээд Энхболдыг салгаж аваад би нүүрээ дараад холдсон чинь тэр залуучууд нөгөө найзыгаа салгаж аваад явсан. Бид нар хоёр залууг нь барьж аваад цагдаад өгсөн” /хх-н 26/ гэсэн,

гэрч Даваадоржийн Энхтуяагийн “... би 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед БГД-ийн 3 дугаар хороо 71 дүгээр байрны урд талд өөрийн найзууд болох Энхболд, Батзолбрр нартай хамт уулзаад Энхболдын машин дотор юм яриад сууж байсан. Манай найз Энхболд ТҮЦ рүү тамхи авчихаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд ТҮЦ-ний хажууд Энхболдыг нэг залуу барьж аваад цохиод байсан тэгээд Батзолбоо бид хоёр бууж очоод салгах гээд яасан юу болсон бэ гэсэн чинь цаанаас нь олон залуучууд хүрч ирээд дайраад намайг бас зодох гээд байсан тэгээд би салгах гэтэл салж өгөхгүй байхаар нь цагдаа дуудсан. Энхболдыг 3 залуу нь барьж аваад нэг залуу нь дайраад нүүр рүү нь цохиод байсан. Батзолбоо бас нэг залуутай зууралдаад байсан яг цохилцож зодолдсон эсэхийг мэдэхгүй тэр үед их олон залуучууд бужигналдаад байсан болохоор би бас яг сайн харж чадаагүй ямар ч гэсэн Энхболдыг тэр том биетэй залуугаас салгаж авах гээд байсан” /хх-н 35/ гэсэн,

гэрч Мөнхбатын Лхагвадоржийн “... 2016 оны 10 дугаар сарын 15-нд Андууд-ын замын урд талд байх Моvie нэртэй пабад өөрийн найзууд болох Эрдэнэбилэг, Ганбат, Анхбаатар, Очирпүрэв нарын хамт орсон. Бид нар хэдэн шил шар айраг ууж сууж байгаад тэр газраас 22 цаг өнгөрч байхад гарсан. Тэндээс гэр гэртээ харих гээд автобусны буудал руу явж байсан бөгөөд би тэр хэдээс түрүүлээд ТҮЦ рүү ороод тамхи авчихаад гараад ирсэн чинь манай найзууд бас 2 залуутай маргалдаад зогсож байсан. Юу болсоныг нь харж чадаагүй. Тэгээд бид нар салаад явцгаасан” /хх-н 28/ гэсэн,

гэрч Нямдагвын Очирпүрэвийн “... Би өөрийн найзууд болох Ганбат, Анхбаатар, Лхагвадорж, Эрдэнэбилэг нарын хамт 2016 оны 10 сарын 15-ны өдөр бүгдээрээ уулзалдая гэж яриад Андуудын замын эсрэг талд байдаг MOVIE паб-д ороод мөнгө муутай байсан болохоор 1 шил шар айраг ууцгаагаад ойролцоогоор 22 цагийн үед гарч явж байгаад автобусны хажууд Эрдэнэбилэг бид хэдийн араас явж байгаад бид нарыг хойноос дуудаад тэгсэн зам дээр зогсож байсан залуучууд өөрсдийг нь дуудаж байна гэж бодоод Эрдэнэбилэгтэй нэг залуу барьцалдаад авсан тэгээд бид нар явж очих үед тэр хоёр хоорондоо нэг нэг цохилцсон тэгэхээр нь бид нар хоёр тийш нь салгаад тэр залууг найзууд нь татаж аваад бид нар Эрдэнэбилэгийг аваад явцгаасан” /хх-н 30-31/ гэсэн,

гэрч Жаргалсайханы Ганбатын “... Би 2016 оны 10 сарын 15-ны өдөр Андуудын замын урд талын Movie пабад өөрийн найзууд болох Эрдэнэбилэг, Лхагвадорж, Очирпүрэв, Анхбаатар нарын хамт хүний 1 шил шар айраг уугаад 22 цаг өнгөрч байхад тэндээсээ гараад гэртээ харих гээд автобусны буудал руу явж байсан Эрдэнэбилэг бид дөрвөөс арай хойно явж байгаад бид нарын араас хөөе гээд дуудсан тэгтэл зам дагуу зогсож байсан хоёр залуу өөрсдийг нь дуудаж байна гэж бодоод Эрдэнэбилэг дээр явж очоод Эрдэнэбилэгийг цохиод авсан тэр үед бид нар гүйж очиж байхад Эрдэнэбилэг тэр залууг зөрүүлээд цохисон тэгээд бид нар Эрдэнэбилэгийг салгаад авч явсан бөгөөд тэр залууг найзууд нь салгаад авсан” /хх-н 32/ гэсэн,

гэрч Цэрэнбухаагийн Анхбаярын “... 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найзууд болох Эрдэнэбилэг, Очирпүрэв, Лхагвадорж, Ганбат нарын хамт БГД-ын нутаг дэвсгэрт байхлах Movie гэх нэртэй пабад 21 цагийн үед ороод мөнгөгүй байсан болохоор хүний 1 шил шар айраг уугаад 22 цагийн үед тэндээс гараад автобусны буудал руу алахаад ганцаараа явж байсан. Андуудын замын эсрэг талын автобусны буудлын хажууд явж байх үед Эрдэнэбилэг араас бид нарыг дуудсан тэгсэн бид нарын дөнгөж ард явж байсан 1 эмэгтэй, хоёр эрэгтэй өөсдийг нь дуудлаа гэж бодоод Эрдэнэбилэгтэй маргалдаад зогсож байсан тэгээд бид нарыг очих хооронд Эрдэнэбилэг нэг залуутай нь цохилцоод байхаар нь бид нар Эрдэнэбилэгийг салгаж аваад тэр залуучууд нөгөө залуугаа салгаж аваад зогсож байтал цагдаа ирээд Эрдэнэбилэгтэй зодолдсон залуу тэр хоёрыг цагдаагийн хэлтэс руу аваад явсан” /хх-н 33-34/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Энхболдын биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, баруун, зүүн гуяанд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал хамар, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ба 3-5 хоногийн өмнө үүсэн байхаар байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 14515 тоот дүгнэлт /хх-н 38/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Буурлынхан овогт Батаагийн Эрдэнэбилэгийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Хохирогч Т.Энхболд “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-н 25/

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбилэгт ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч  Т.Энхболд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав. Эдгээр нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт хамаарна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Эрдэнэбилэг цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Буурлынхан овогт Батаагийн Эрдэнэбилэгийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбилэгийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Эрдэнэбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Б.Эрдэнэбилэг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Энхболд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Б.Эрдэнэбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан,

мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Эрдэнэбилэгийн “батлан даалт”-ын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ