Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/367

 

 

 

 

 

 

 

 

Ё.Сд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Ё.Сгийн өмгөөлөгч Т.Энхбаяр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренчехорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/238 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаатарын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Ё.Сд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Ёгийн С, 1968 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

Ё.С нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын урд 12 дугаар байрны зүүн замд “Тоёота приус-30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч, 62 настай Г.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Ё.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тухайн эрүүгийн хэрэгт хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11831 дугаартай дүгнэлтээр энэ хэргийн обьектив талын шинжийг эргэлзээгүй тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4. Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан; 2.4.2. хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр (5-15%) тогтонги байдлаар алдагдсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж заажээ. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11831 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 3-т ...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлын хүрээнд бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, прокурор мөрдөгч хэргийн бодит байдлыг тогтоох, прокурор гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэхийг хянах үүрэгтэй. Мөн уг асуудлын хүрээнд тухайн үйлдлийг бүрэн гүйцэт шалгаж гэмт хэрэг мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжийг шүүхэд бүрдүүлсэн байх учиртай боловч энэ боломжийг бүрдүүлээгүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, шинжээч эмчээс тайлбар, мэдүүлэг авах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11831 дугаартай дүгнэлт”-ээр Г.Бын эрүүл мэндийн талаарх дүгнэлтийг гаргасан бөгөөд дүгнэлтийн 3 дахь хэсэгт “Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтэд шинжээч эмч Н.Туяа нь “гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх ба дээрх гаргасан дүгнэлтийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Г.Бын биед учирсан зүүн хөлийн гадна хавчаар ясны далд хугарал, өлмийн 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зүүн хөлийн шилбэ, шагайн үе, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан гэмтлүүд. Энэ нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж тодорхой мэдүүлсэн байна. Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, шинжээч эмчээс тайлбар мэдүүлэг авах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед ямар, ямар гэмтэл учирсан, гэмтлийн ямар зэрэгт хамаарах болохыг шинжээч мэдүүлэгтээ тодорхой дурджээ. Иймд анхан шатны шүүхийн шүүчгийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Ё.Сгийн өмгөөлөгч Т.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээч эмчийн дүгнэлт эргэлзээгүй, үнэн зөв байх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ё.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11831 дугаартай шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, шинжээч эмчээс тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа хийлгэх...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэж заасан байна.

Хэргийн материалыг судлахад, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11831 дугаартай дүгнэлт /хх 54-55/-ийн 3 дахь заалтад “Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж хүндэвтэр гэмтлийн заалтыг буруу бичсэн байх бөгөөд зөвхөн гэмтлийн зэрэг тогтоох журмын заалтыг буруу бичсэнд дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй.

Харин шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжээч эмч болон хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж хүндэвтэр гэмтэл мөн эсэхийг тодруулан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зохицуулсан байх бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байх учир прокурор Ч.Батбаатарын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/238 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ё.Сд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/238 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ё.Сд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ё.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ