| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/05161/И |
| Дугаар | 101/ШШ2023/03976 |
| Огноо | 2023-09-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2023/03976
2023 09 13 101/ШШ2023/03976
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Т холбогдох 4,953,579 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021-09-15-ны өдөр Ө.Т Худалдах-Худалдан авах гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Дүнжингарав гудамж, тоот хаягт байрлах, 68.2 мкв талбайтай 2 өрөө байрыг 109,120,000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд худалдах, худалдан авах гэрээнд бид нар гарын үсэг зурж, гэрээг нотариатаар батлуулсан. Тухайн үед Ө.Т байрыг худалдан авахад 5 сая гаруй төгрөгийн өр төлбөртэй байсныг Ө.Т нь Женерал таун СӨХ-той хэлэлцэн тохиролцож төлбөрийг төлнө гэсэн учир итгэсэн. Бас бидний хооронд байгуулагдсан гэрээний 4.8-т дагуу худалдагч тал нь худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой /ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернэтийн төлбөр гэх мэт/ болон татвар хураамжийг төлөх үүрэгтэй гэж заасан. Энэ худалдан авсан байраа би Лхам гэж хүнд худалдсан гэвч надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж би шүүхийн шийдвэрийн дагуу 5 сая гаран төгрөгийг төлж биелүүлсэн. Иймд Ө.Т түүний оршин сууж байсан хугацааны ашиглалтын зардалд 3,484,439 төгрөг, СӨХ-ны төлбөрт 1,469,140 төгрөг, нийт 4,953,579 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ө.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-тай 2021-09-15-ны өдөр Худалдах-Худалдан авах гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, дүнжингарав гудамж, тоот хаягт байршилтай, 68.2 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцыг худалдсан. Энэ байрыг би 2020 онд өөрийн төрөл Д.Б худалдан авсан. Миний ашиглаж байгаагүй хугацааны зардал болон СӨХ гэж байгаагүй би өөрөө нийтийн талбайгаар цэвэрлэдэг байсан учир төлбөр гаргах ёсгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс 2021-09-15-ны өдрийн Худалдах-Худалдан авах гэрээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, дүнжингарав гудамж, тоот хаягт байршилтай, 68.2 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгч нь Ө.Т ........ гэрчилгээний хуулбар, УТХ төлсөн баримт, Женерал таун СӨХ-ийн 1,469,410 төгрөг нэхэмжлэх, Женерал таун хотхон өгсөн 2023-04-05-ны өдрийн мэдэгдэл, харилцагчийн гүйлгээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023-02-06-ны өдрийн 317 магадлал, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023-06-09-ний өдрийн 2316/721 дүгээр тогтоол, ......... дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагааг баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ө.Т-д холбогдуулан 4,953,579 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв
2. Нэхэмжлэгч Б.Б 2021-09-15-ны өдөр Ө.Т Худалдах-Худалдан авах гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Дүнжингарав гудамж, ..... тоот хаягт байрлах, 68.2 мкв талбайтай 2 өрөө байрыг 109,120,000 төгрөгөөр худалдан авсан. Ө.Т орон сууцыг надад худалдах үед ашиглалтын болон СӨХ төлбөрт 5,000,000 гаруй төгрөгийн өр төлбөртэй байсныг мэдэж байсан. Худалдах-Худалдан авах гэрээний 4.8-т зааснаар худалдагч тал нь худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой /ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернэтийн төлбөр гэх мэт/ болон татвар хураамжийг төлөх үүргийг хүлээсэн тул ашиглалтын зардалд 3,484,439 төгрөг, СӨХ-ны төлбөрт 1,469,140 төгрөг, нийт 4,953,579 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагч 2021-09-15-ны өдөр Б.Б-тай Худалдах-Худалдан авах гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Дүнжингарав гудамж, тоот хаягт байрлах, 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдсан дээр маргахгүй. Харин уг байрыг 2020-11-11-ний өдөр худалдан авч, 2021 оны 09-р сард Б.Б худалдсан, өөрийн оршин сууж байх хугацааны ашиглалтын зардлыг төлж биелүүлж байсан, СӨХ гэж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дарах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1. Зохигч 2021-09-15-ны өдөр үл хөдлөх хөрөнгө Худалдах-Худалдан авах гэрээг байгуулж уг гэрээгээр хариуцагч Ө.Т нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Дүнжингарав гудамж, ..... тоот хаягт байрлах, 68.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.Б-д 109,120,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон үйл баримт дээр маргаагүй.
4.2. Харин хариуцагч нь 2021 оны 09-р сараас өмнөх хугацааны ашиглалтын зардал 4,484,439 төгрөг, СӨХ-ны төлбөр 1,469,140 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч худалдан авсан орон сууцаа 2021 оны 12 сард Б.Л худалдаж Б.Л өөрийн ашиглаагүй хугацааны ашиглалтын зардлын төлбөрийг Б.Б холбогдуулан гаргаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 5,177,993 төгрөгийг төлж биелүүлсэн тул Ө.Т шаардаж байгаа маргааны зүйл болсон байна.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.
5.1. Хэрэгт авагдсан Б ОСНААК-ийн харилцагчийн гүйлгээ, Женерал таун СӨХ-ны нэхэмжлэх зэрэг бичгийн нотлох баримтаар 2018 оны 06-р сараас 2021 оны 09-р сарыг хүртэлх хугацааны хуримтлагдсан ашиглалтын зардал 3,484,439 төгрөг 2019 оны 05-р сараас 2021 оны 09-р сар хүртэлх хугацааны хуримтлагдсан СӨХ-ны төлбөр 1,469,140 төгрөг болох нь тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан 2021-09-15-ны өдрийн Худалдах-Худалдан авах гэрээний 4.8-д худалдагч тал нь худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой /ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернэтийн төлбөр гэх мэт/ болон татвар хураамжийг төлөх үүргийг хүлээжээ.
6. Хариуцагч Ө.Т, Б.Б-д худалдсан орон сууцанд өөрийн амьдарч байх хугацааны ашиглалтын зардлыг төлж байсан, СӨХ гэж байгаагүй тул СӨХ-ны төлбөр гэж гарах үндэслэлгүй гэж маргаж байгаа хэдий ч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг баримтаар няцаах үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 09-р сарын 15-ны өдрөөс өмнөх хугацааны ашиглалтын зардал 3,484,439 төгрөг, СӨХ-ны төлбөр 1,469,140 төгрөг, нийт 4,953,579 төгрөгийг хариуцах үндэслэлгүй байна. Хариуцагч Ө.Т нь Худалдах-Худалдан авах гэрээний дагуу эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
7. Нэхэмжлэгч шүүхэд 4,953,579 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,207 төгрөгийг хуульд заасны дагуу төлж баримтыг шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн төлсөн 94,207 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч Ө.Т 94,207 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Т 4,953,579 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 94,207 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө.Т 94,207 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА