Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/03797

 

 

 

 

 

 

 

 

 

  2023         08         30                                          101/ШШ2023/03797

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 27,625,894 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э-тэй 2021 оны 07 сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн ...... тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, 6 хороо, ...тоот 40 м.кв талбайг 2022 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл түүнд түрээслүүлэх, түрээсийн төлбөрийг 2021 оны 08 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 1 сарын 2,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл 1 сарын 2,500,000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний хугацаа нь 21/727 тоот түрээсийн гэрээний 7.3-т заасны дагуу 2 тал гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй тул анхны хугацаагаар сунгагдсанд тооцно гэсний дагуу анх гэрээгээр тохиролцсоны дагуу 1 жилийн хугацаагаар анх тохиролцсон нөхцөлөөр сунгагдсан. Гэвч иргэн Б.Э нь 2022 оны 09 сараас эхэлж энэ нэхэмжлэлийг гаргах хүртэл буюу 2023 оны 03 сарын 22-ны өдөр хүртэл 7 сарын турш түрээсийн төлбөр төлөөгүй, Б.Б-ийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулсан атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй. Тус үйлчилгээний талбай нь 2023 оны 02 сараас эхлэн цоожтой, Б.Б-д хүлээлгэн өгөхгүй, өөрсдөө ашиглаж байгаа нь эргэлзээтэй байгаа, мөн 7 сарын турш түрээсийн төлбөрөө төлөхгүй зэргээс шалтгаалж иргэн Б.Э-тэй байгуулсан дээрх гэрээний 6.3.1-т түрээслэгч 1 сарын турш төлбөрөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 6.4.1-т 1 тал нь үүргээ гүйцэтгээгүй бөгөөд зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар буюу заасны дагуу тус тус үндэслэж Б.Э-гийн оршин суугаа хаягаар буюу 2023 оны 03 сарын 22-ны өдөр түрээсийн гэрээг цуцалсныг үндэслэж түрээсийн төлбөр, алданги ашиглалтын зардал зэргийг тооцож төлөх, мөн түрээслүүлсэн талбайг чөлөөлөн авах зэрэг талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Түрээслэгч Б.Э нь 2022 оны 09 сараас өнөөдрийг хүртэл нийт 7 сарын хугацаанд түрээсийн төлбөр төлөөгүй бөгөөд нийт 18,000,000 төгрөг, түрээсийн гэрээний 5.2-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд сарын түрээсийн төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах алдангийн хэмжээ 17,930,000 төгрөг болж байгаа. Үүнийг Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги, анзын хэмжээ, үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан, үүгээр бодоход 9,000,000 төгрөг болж байна.

Б.Э өөрийнх нь зарж байсан бараа бүтээгдэхүүнээс гадна лангуу тавилгыг бид бүгдийг өөрсдийн зардлаар зөөвөрлөж дараагийн түрээслэгчийг оруулсан.

Мөн ашиглалтын зардал 625,894 төгрөгийн төлбөрийг бид төлсөн. Б.Э-тэй байгуулсан 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 21/727 тоот түрээсийн гэрээг цуцалсны үр дагаварт Б.Э-ээс 27,625,894 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: 2021-07-27-ны өдрийн 21/727 дугаартай түрээсийн гэрээний хуулбар, “Энхтайван өргөө” талбай өмчлөгчдийн холбооны нэхэмжлэх,  2023-03-22-ны өдрийн мэдэгдэл, 2022-03-01-ний өдрөөс 2023-03-20-ны өдрийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн Б.Э-ээр авах авлага гэх барим, Б.Б-ийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, 2023-03-20-ны өдрийн 0137 дугаартай итгэмжлэл, 2023-03-28-ны өдрийн Б.Э-д эд зүйлсийг зөөвөрлөсөн гэх баримт, 2023-03-26-ны өдрийн Пийсмолл худалдааны төвийн 621, 622 тоотыг түрээсэлж байсан Э үлдээж явсан барааны жагсаалт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Хариуцагчаас бичгийн нотлох баримт ирүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Э-ээс түрээсийн төлбөр 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, ашиглалтын зардал 625,894 төгрөг, нийт 27,625,894 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс 27,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 625,894 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 07 сарын 27-ны өдөр 21/727 дугаартай түрээсийн гэрээг хариуцагч Б.Э байгуулж, Чингэлтэй дүүрэг, 3 хороо барилгын “Реасе mall” худалдааны төвийн 6 давхарт улсын бүртгэлийн ... гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 08 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 2,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 сарын 31-ний өдрийг хүртэл сарын 2,500,000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээслүүлсэн. Б.Э нь 2023 оны 2 сараас түрээсийн төлбөрийг төлөөгүй, түрээсийн талбайг цоожлоод явсан тул 2023 оны 3 сард гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн боловч түрээсийн талбайг хүлээлгэн өгөөгүй орхиж явсан. Иймд 2022 оны 9 сараас 2023 оны 3 сарыг хүртэлх 7 сарын хугацааны түрээсийн төлбөр 18,000,000 төгрөг, түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар алданги 9,000,000 төгрөг, ашиглалтын зардал 625,894 төгрөг, нийт 27,625,894 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон.   

3. Хариуцагч Б.Э-д 2023 оны 04 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн хэдий ч хуульд заасны дагуу бичгээр тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг Баянзүрх дүүрэг, 8 хороо, Улаанхуаран гудамжны ...... тоот, харин хариуцагч Б.Э нь өөрийн оршин суух хаягийг Баянгол дүүрэг, 8 хороо, ...... тоот гэж тодорхойлсон. Шүүхэд оршин суух хаягыг өөрчилсөн талаар мэдэгдээгүй тул түүний бүртгэлтэй болон оршин суух хаягуудаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Мөн шүүхэд холбоо барих утасны дугаарыг .......... гэж тодорхойлон өгсөн боловч шүүгчийн туслахаас холбогдоход орох ярианы эрх хаагдсан гэх хариуг өгсөн байна. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2023 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэл биелүүлээгүй.

Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Шүүхээс 2023-05-17, 2023-08-16-ны өдрүүдэд шүүх хуралдааныг хойшлуулж, хуульд зааснаар нэхэмжлэлд тодорхойлсон Баянзүрх дүүрэг, 8 хороо, ............. тоот, хариуцагчийн өөрийн тодорхойлсон Баянгол дүүрэг, 8 хороо, .......... тоот гэх хаягийн дагуу тус хороодын Засаг дарга нарт 2023-08-17-ны өдөр 4159, 4160 дугаартай албан тоотоор шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.  

   5. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

            6. Түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар 2022 оны 9 сараас 2023 оны 2 сарыг дуусталх хугацааны 7 сарын түрээсийн төлбөр 18,000,000 төгрөг, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

            Харин 2021 оны 07 сарын 27-ны өдөр 21/727 дугаар түрээсийн гэрээнд зохигч ашиглалтын зардлын талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч Б.Э-ийн түрээсийн талбайг ашиглаж байсан хугацааны төлбөрт 625,894 төгрөгийг түүний өмнөөс төлж биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч Б.Э-ээс 625,894 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх.     

7. Нэхэмжлэгчээс төлсөн 296,079 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Э-ээс 27,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 292,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-ээс 27,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 625,894 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,079 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Э-ээс 292,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА