Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/462

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа,

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч Ц.*********** нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.***********д холбогдох эрүүгийн 2525006390553 дугаартай 312/2025/0438/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /***************/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.*********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** тоотод 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн орчим эхнэр Т.***********ыг “хүүхдээ өөрөө авсангүй” гэх шалтгааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чих, хүзүүний ар хэсэг, хоёр гарын бугалга, шуу, сарвуу, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525006390553 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.*********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***********тоотод 2025 оны 07 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн орчим эхнэр Т.***********ыг “хүүхдээ өөрөө авсангүй” гэх шалтгааны улмаас зодож, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чих, хүзүүний ар хэсэг, хоёр гарын бугалга, шуу, сарвуу, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.***********ын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

-Хохирогч Т.***********ын өгсөн: “...Тухайн өдөр нөхөр *********** бид хоёр хоорондоо жоохон маргалдчихсан байсан юм. Тэгээд цаг нэлээн орой болсон унтах гэж байгаад газраар ор засчихаад би 1 нас 2 сартай хүүхдээ тэвэрч сууж байгаад нөхөр ***********д “хүүхдээ барьж байгаарай би бие засчихаад ирье” гээд хүүхдээ өгсөн чинь нөхөр *********** нь хүүхдээ авснаа газраар зассан ор руу “өөрөө ав” гэж хэлээд зөөлхөн шидчихсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи яагаад хүүхдээ шидэж байгаа юм бэ” гэсэн чинь “өөрөө хүүхдээ авахгүй юу” гэж хэлээд, намайг зодож цохиж эхэлсэн. Тухайн өдөр нөхөр маань гэртээ хамт ажилладаг залуутайгаа нэг шил архи хувааж уусан бага зэргийн согтуу байсан юм. Тухайн үйл явдал болох үед хадам аав Цэнгээ байсан өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 07-08, 10 дугаар тал),

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 776 дугаартай “...Т.***********ын биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чих, хүзүүний ар хэсэг, хоёр гарын бугалга, шуу, сарвуу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, (хавтаст хэргийн 19-20-р тал),

- Яллагдагч Ц.***********ын өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ амарч байсан юм. Тухайн өдөр хамт ажилладаг Батмандах нь манай гэрт ирээд бид хоёр миний ээлжийн амралтыг угааж 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи уугаад Батмандах нь 23 цаг өнгөрч байх үед гэртээ харихаар гарч явсан. Ингээд эхнэр бид хоёр унтаж амрахаар ороо засаад байж байсан. Тэгээд байж байгаад эхнэртэйгээ үл ялих зүйлээс болж маргалдаж хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Энэ үед би жоохон согтуу байсан болохоор уурандаа эхнэртээ гар хүрчихсэн. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дараагаар нь эхнэрээсээ уучлалт гуйсан. Тухайн үед эхнэр маань надад уурлаж гарч яваад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Би цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй мөн эхнэрээсээ уучлалт гуйсан болохоор энэ хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэх хүсэлтэй байна....” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 31-р тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Ц.***********ын “хүүхдээ өөрөө авсангүй” гэх шалтгаанаар уурлаж, хохирогчийг цохиж, зодсон санаатай үйлдлийн улмаас хохирогч Т.***********ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 776 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл нь шүүгдэгч Ц.***********ын хохирогч Т.***********ыг гараар зодсон үйлдэлтэй буюу гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн шалтгаант холбоотой байна.

Хохирогч Т.***********, шүүгдэгч Ц.*********** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дундаасаа нэг хүүхэдтэй хамтран амьдрагч нар бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг урьд нэг, хоёр удаа зодож байсан, ял шийтгэл эдлээд гарсан болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй талаар хохирогч мэдүүлсэн, тухайн өдөр Ц.*********** нь хохирогчийн бие, эрх чөлөөнд халдаж цохиж, зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.*********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч тус тус оролцов.

Иймд шүүгдэгч Ц.***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Энэ хэргийн улмаас хохирогч Т.***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчтэй нэг гэр бүлийн буюу хамтран амьдрагч хүмүүс учраас, гэм хорыг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, Ц.***********тай учраа олсон, надаас уучлалт гуйсан, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.***********ыг бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.***********ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ц.***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.*********** нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг дүйцүүлэн 8 жил 1 сар 21 хоногийн хорих ял болгон хассан ба мөн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаартай захирамжаар 2 жил 7 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацааг тогтоосон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40-р тал), болон улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаартай захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны нэгдсэн тоо бүртгэлийн албаны дарга Б.Шугархүүгийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02-03/2948 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.***********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч Ц.*********** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Т.*********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт *************гийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***********ыг 1500 (нэг мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ц.*********** нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Т.*********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ