| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2023/0038/З |
| Дугаар | 128/ШШ2023/0410 |
| Огноо | 2023-05-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2023/0410
2023 05 04 128/ШШ2023/0410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б*******, РД:Ц*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.С*******,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А******* нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Д.Б*******ас “... дээрх газрын “Э” дугаар авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргасан
1.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/2546 тоот албан бичгээр Д.Б*******д хандан “... дүүргийн Засаг даргын 2017 оны А/248 дугаар захирамжаар 20 дугаар хороонд 2 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байршил нь Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд хамаарч, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/801 дүгээр захирамжийг зөрчиж газар эзэмших эрх олгох шийдвэр гаргасан байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу таны газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн болохыг мэдэгдэж байна” гэсэн хариу хүргүүлжээ.
1.3. Нэхэмжлэгч Д.Б*******ас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, М*******ийн урд талд байрлах 00075******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 1862******* дугаартай, 20,000 мкв талбай бүхий 15 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийн зориулалттай олгосон газрыг Монгол Улсын Газрын нэгдмэл санд оруулахыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байна.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, М*******ийн урд талд байрлах 00075******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 1862******* дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 20,000 мкв талбай бүхий газрыг “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг хэрэгжүүлж дууссаны дараа мэдээллийн санд бүртгэхэд татгалзах зүйлгүй гэснээр бүртгүүлэх хүсэлтийг удаа дараа нэгдсэн мэдээллийн санд оруулахыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас хүссэн боловч одоог хүртэл бүртгэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, цахим мэдээллийн санд оруулах даалгах” гэж тодруулжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгч Д.Б*******ас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/248 дугаар захирамжаар Монгол Улсын иргэн Д.Б******* надад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “М*******” ХХК-ийн урд талд байршилтай нэгж талбар /парсель/-ын 1862******* дугаартай, 20000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, 00075******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон билээ. Миний бие тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зорилгоор өөрийн хөрөнгөөр Төмөр замын 250 м урттай салаа замыг барьж байгуулж дуусгасан бөгөөд цаашид ачаа ачих, буулгах талбай байгуулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн байсан боловч дэлхий нийтэд болон Монгол Улсад тархсан Коронавируст /Ковид-19/ Цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх” болсонтой холбогдуулан Засгийн газраас хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний хүрээнд “Улс эх оронд Үүссэн онцгой нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйл”-ийн улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосон байсан бөгөөд 2022 оноос эхлэн үйл ажиллагаагаа сэргээн ажиллахаар төлөвлөж Газрын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өөрийн эзэмшил бүхий газрыг “Газрын нэгдмэл сан”-д оруулах хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандаж байсан боловч газрыг зориулалтын дагуу ашиглаагүй 2 жил болсон, хамгаалалтын зурвас газартай давхцалтай байгаа тул газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бий болсныг мэдэгдье гэсэн хариуг ирүүлээд байна. “Газрын тухай” Монгол Улсын хуульд заасан үндэслэл, нөхцөл журмын дагуу миний бие тухайн газар эзэмших эрхийг 2017 онд авсан бөгөөд тухайн үед буюу өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн Д.Б******* би уг газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу анх авах үед хамгаалалтын зурвас гэж байгаагүй, хамгаалалтын зурвастай давхцалтай байна гэсэн ямар нэгэн зүйлийг надад мэдэгдээгүй, Газар олгох эрх бүхий этгээд болох Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газрын алба /хуучин нэрээр/ нь тухайн байршилд уг газрыг олгох боломжтой гэж үзэж надад газар эзэмшүүлэх эрхийг уг газар дээр олгосон гэж миний хувьд ойлгож байна.
Хэрэв газар олгох эрх бүхий этгээдүүд хамгаалалтын зурвастай давхцалтай байсан бол Төр захиргааны байгууллага надад тухайн байршилд газар эзэмших эрх олгохгүй, гэрчилгээ өгөхгүй, надтай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулахгүй байсан. Гэтэл ямар учир шалтгаанаар гэдэг нь тодорхойгүйгээр газар эзэмших эрх цуцлах нөхцөл бүрдсэн гэх үндэслэлээр хуулийн дагуу эзэмшиж байгаа газрыг минь газрын нэгдмэл санд бүртгэхгүй байгаа үйлдэл нь захиргааны байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Монгол Улсын Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Газрын тухай, Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчиж, захиргааны эс үйлдэхүйгээр миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж, газар эзэмших эрхээ хуульд заасан эрх хэмжээний хүрээнд эзэмшиж чадахгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.
Иймд иргэн Д.Б******* миний хуулийн дагуу эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, М*******ийн урд талд байрлах 00075******* дугаартай Газар эзэмших эрхийн Гэрчилгээтэй, нэгж талбар /парсель/-ын 1862******* дугаар бүхий 20.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон газрыг газрын нэгдмэл санд оруулахыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч талаас ундны усны нөөц дээр бүртгэлтэй байгаа учраас бүртгэхгүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. 2017 онд анх газрыг авахдаа газар эзэмших эрхийг 15 жилээр авч, гэрчилгээг авахдаа тухайн кадастр дээр ундны усны цэвэр усны бүртгэл явагдсан байхад аль хэдийнээ манайд газар эзэмших эрхийг нь олгосон. Тэрний дагуу олгосон учраас манайд итгэл хүлээлгэж энэ газрыг эзэмшүүлж байна гэж ойлгосны үндсэн дээр хөрөнгө оруулалт санхүүгээ гаргаад 668,000,000 төгрөгөөр хажууд байгаа компанитай хамтран төмөр замын салаа замыг барьсан. Үүний дараа бохир усны шугамын хоолойны шинэчлэл гэдэг асуудлаар жил гаруй зогсонги байдалтай байж байтал ковид цар тахал гээд хоёр жил үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгчийн манайд өгсөн тайлбар албан тоотоор ихэвчлэн эхний удаа хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй учраас цуцлах эрх бүрдсэн байна гэсэн асуудлыг явуулаад дараа нь болохоор цэвэр усны ундарга дээр байгаа учир бүртгэх боломжгүй байна гээд дандаа зөрүүтэй тайлбар өгсөн нь ойлгомжгүй байна. Ковид 19 өвчний дараа үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд цахим мэдээллийн санд заавал бүртгүүлж байж дараа дараагийн шатны үйл ажиллагааг явуулж байж бид нар цаашдаа ажлаа жигдрүүлэх гэтэл бүртгэх ажил дээр гацааж байна. Тэгэхээр анхнаасаа бидэнд илтгэл хүлээлгэн энэ газрыг эзэмшүүлэх зөвшөөрөл өгөөд аль хэдийн үйл ажиллагаа явуулаад санхүүгээ оруулсан байхад шууд цуцлах гэж байгаа нь бидний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа.” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“Дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/248 дугаар захирамжаар иргэн Д.Б******* (РД:Ц*******)-д 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, М*******ийн урд үйлдвэрлэлийн зориулалтаар 2.0 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон боловч өнөөдрийн байдлаар газрын удирдлагын цахим систем. газрын кадастрын Лэнд менежер программд бүртгэл байхгүй байна. Иргэн Д.Б*******ас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ шинэчлэх тухай хүсэлтийг тус албанд гаргасан бөгөөд уг байршил нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд хамаарч байгаа тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бус болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн A/801 дугаар захирамжийн дагуу газрын кадастрын мэдээллийн цахим системд бүртгэх боломжгүй байна” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчид анх 2017 онд 2 га газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамж гарсан. Тухайн үед Засаг даргын захирамжийг үндэслэн гэрээ гэрчилгээ олгосон. Нэгж талбарын дугаар гээд бүртгэлтэй байгаа боловч тус дугаараар шүүхээр яг одоо бидний хөтөлж байгаа газрын удирдлагын нэгдсэн системд энэ мэдээллийн түүх байхгүй. 2017 онд гарсан шийдвэр өөрөө 2016 онд гарсан байгаа тогтоолыг зөрчсөн байгаа учраас энэ шийдвэр өөрөө хууль бус шийдвэр болж байна. Сонгинохайрхан дүүргийн нийт нутаг дэвсгэрийн хувьд 20, 32 дугаар хороонд дийлэнх нь ундны усны хамгаалалтын бүс хамарсан. Тэр дундаа хамгийн сүүлийн өгсөн судалгаагаар 283 аж ахуйн байгууллага ундны усны хамгаалалтын бүс дотор орсон явж байгаа. Бид судалгаагаа Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд цаашид яах уу гэдэг дээр ажлын хэсэг шинэчилж байгуулж батлах тэндээс ямар нэгэн шийдвэр гартал ямар нэгэн өөрчлөлт хийхгүй шүү гэдэг чиглэл өгөгдсөн. Тэндээс шийдвэр гарахыг хүлээгээд байж байгаа. Албаны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ гэхээр ундны усны хамгаалалтын бүс усан сан орсон газруудын эрх ашиг хөндөгдөхөөр улс нөхөн олговор өгч чадахгүй учраас ундны усны хамгаалалтын бүс дээр өөрчлөлт оруулах боломж байна уу гэдэг саналыг өгсөн шийдвэр гарах арай болоогүй яам дээр ажлын хэсэг байгуулсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгч Д.Б*******ас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, М*******ийн урд талд байрлах 00075******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 1862******* дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 20,000 мкв талбай бүхий газрыг “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг хэрэгжүүлж дууссаны дараа мэдээллийн санд бүртгэхэд татгалзах зүйлгүй гэснээр бүртгүүлэх хүсэлтийг удаа дараа нэгдсэн мэдээллийн санд оруулахыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас хүссэн боловч одоог хүртэл бүртгэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, цахим мэдээллийн санд оруулах даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ,
- тухайн газартаа гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу өөрийн хөрөнгөөр төмөр замын 250 метр урттай салаа зам барьж байгуулсан, гэтэл коронавирусын цар тахал гарч үйл ажиллагаа зогссон,
- газар олгохдоо хамгаалалтын зурвастай давхцалтай байна гэсэн зүйл мэдэгдээгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/248 дугаартай захирамжаар Д.Б*******д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, М*******ийн урд, 20000 мкв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Дээрх шийдвэрийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Газрын алба/хуучин нэрээр/-аас 1862******* нэгж талбарын дугаар бүхий 00075******* тоот “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д.Б*******д олгосон байх боловч уг нэгж талбарын дугаараар газрын мэдээллийн санд бүртгэгдэж байгаагүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдов.
4. Д.Б*******ас “...газрын “Э” дугаар авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/2546 тоот албан бичгээр Д.Б*******д хандан “... дүүргийн Засаг даргын 2017 оны А/248 дугаар захирамжаар 20 дугаар хороонд 2 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байршил нь Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд хамаарч, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/801 дүгээр захирамжийг зөрчиж газар эзэмших эрх олгох шийдвэр гаргасан байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу таны газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн болохыг мэдэгдэж байна” гэсэн хариу хүргүүлжээ.
5. Дээрхээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж заасан үүргээ хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгч Д.Баттулгын газар эзэмших эрхийг газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.
6. Өөрөөр хэлбэл, Д.Б*******д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн дүүргийн Засаг даргын шийдвэр (2017 оны А/248) хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр газар эзэмших эрхийг мэдээллийн санд бүртгэх үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан эс үйлдэхүйд хамаарна.
7. Гэвч маргааны тохиолдолд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дээрх эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж газар эзэмших эрхийг газрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах боломжгүй байна. Учир нь:
7.1. 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газар”-ыг “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” хэмээн тодорхойлж, 22 дугаар зүйлийн 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглох”-оор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/******* дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3.9.11-т “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглахыг хориглох”-оор тус тус журамлажээ.
7.2. Мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож, нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/801 дугаартай захирамжаар “Туул голын усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах, ус хангамжийг хэвийн байлгах, нөөцийн зохистой ашиглалт бий болгох зорилгоор Туул голын онцгой хамгаалалтын бүс болон Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд газар шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах болон түүнийг бусдад шилжүүлэхийг зогсоох”-ыг нийслэлийн Газрын алба, нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэжээ.
7.3. Нэхэмжлэгч Б.Баттулгын эзэмшлийн нэгж талбарын 1862******* дугаар бүхий 19965 мкв газар нь дээрх тогтоолоор тогтоосон хотын усны эх үүсвэрийн хориглолтын болон эрүүл ахуйн бүсэд хамаарч байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/637 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдов.
7.4. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсээр бүртгэгдсэн газарт мэдээллийн санд давхардуулан бүртгэх программын боломжгүй” гэж тайлбарлав.
8. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Усны тухай хуулиар хориглосон хориглолтыг зөрчихөөс татгалзаж, газрыг мэдээллийн санд бүртгэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэх, улмаар “Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс”-д олгогдсон газар эзэмших эрхийг мэдээллийн санд бүртгэхийг даалгах үндэслэлгүй.
9. Хэдийгээр Д.Б*******д газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж хүчинтэй хэвээр, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Засаг даргаас гаргасан шийдвэрийн дагуу газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх үүрэгтэй боловч усны сан бүхий газарт газар эзэмшүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Усны тухай хуулиар тогтоосон хориглолтыг зөрчиж мэдээллийн санд уг газрын зургийг бүртгэх боломжгүй.
10. Иймд хариуцагч захиргааны байгууллагын газар эзэмших эрхийг мэдээллийн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй.
11. Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлахаар мэдэгдэл өгсөн боловч уг мэдэгдлийн дагуу аливаа ажиллагаа хийгдээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлаагүй байх тул нэхэмжлэгч талын “тухайн газартаа гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу өөрийн хөрөнгөөр төмөр замын 250 метр урттай салаа зам барьж байгуулсан, гэтэл коронавирусын цар тахал гарч үйл ажиллагаа зогссон” гэсэн тайлбарт дүгнэлт хийх шаардлагагүй.
12. Дээрх 7 дахь хэсэгт дурьдсанчлан хууль болон хэм хэмжээний актаар “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглахыг хориглох”-оор журамласан байх тул нэхэмжлэгч талын “анх газар олгохдоо хамгаалалтын зурвастай давхцалтай гэсэн зүйл мэдэгдээгүй, газар эзэмших эрх олгосон атлаа мэдээллийн санд бүртгэхгүй байгаа нь хууль бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
13. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар нь газрын мэдээллийн сангийн усны сан бүхий газар(ус хангамжийн эх үүсвэр) гэсэн ангилалд хамаарч байх ба ийм ангиллын газарт “... орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглахыг хориглох” тухай Усны тухай хууль болон холбогдох журмын зохицуулалт мөрдөгдөж байх тул шүүх “анх газар эзэмших эрх олгохдоо давхцалыг шалгаагүй”-д хариуцагчийг буруутгаж, улмаар хууль тогтоомжийг зөрчилд хүргэх үндэслэлгүй.
14. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Б*******ас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 22 дугаар зүйлийн 22.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б*******ас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, М*******ийн урд талд байрлах 00075******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 1862******* дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 20,000 мкв талбай бүхий газрыг “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг хэрэгжүүлж дууссаны дараа мэдээллийн санд бүртгэхэд татгалзах зүйлгүй гэснээр бүртгүүлэх хүсэлтийг удаа дараа нэгдсэн мэдээллийн санд оруулахыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас хүссэн боловч одоог хүртэл бүртгэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, цахим мэдээллийн санд оруулах даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ