Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Т.Жаргалсайхан,

Шүүгдэгч Х.Мөнгөнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бурхан овоо овогт Хандмаагийн Мөнгөнтуяад холбогдох эрүүгийн 201726030590 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймагт төрсөн, 35 настай, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Хурц хамар ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 19-591 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ПН83072814/ Бурхан овоо овогт Хандмаагийн Мөнгөнтуяа нь:

- иргэн Д.Нарандолгорт “Ар Ий Си” ХХК-ны барьж байсан Хан Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Өргөө" хотхоны барилгын гадна өнгөлгөө хийсэн ажлын хөлсөнд уг хотхоноос 2 өрөө 68.17 метр кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 98.000.000 төгрөгт бодож бартераар авсан гэж хуурч, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн хооронд 63.886.700 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл / хх 4 /,

Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ / хх 65-66, 25-26/,

Хохирогч Д.Нарандолгороос Х.Мөнгөнтуяад шилжүүлсэн тээврийн хэрэгсэл болон бэлэн мөнгөний баримтууд / хх 13-15,69 /,

Юу эс эс Трейд ХХК-аас Цагдаагийн байгууллагад ирүүлсэн албан бичиг / хх 64 /,   

Хохирогч Д.Нарандолгор мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2014 оноос нөхөр болох Мөнхбат бид хоёр Мөнгөнтуяа гэх залуутай танилцаж, найз нөхдийн холбоотой болсон. Тухайн үед нөхөр бид хоёр дэлгүүр ажиллуулдаг байсан. 2015 оны 08 дугаар сараас эхлэн, Хан-Уул дүүргийн “Шинэ өргөө “хотхоны 1 дүгээр, давхраас байр аваад дэлгүүр болгон гэж бодож байсан ба тухайн үед Мөнгөнтуяа нь “Шинэ өргөө” ХХК-нд барилгын шаврын ажил гүйцэтгэдэг байсан. Тэгээд ажлынхаа гүйцэтгэлд бартераар “Шинэ өргөө ” хотхоноос 68.17 м/кв 2 өрөө байр авах гэж байгаа, мөн Мөнгөнтуяа нь Шинэ Өргөө ХХК-тай бартераар авахаар хийсэн гэрээг үзүүлж итгэл үнэмшил үзүүлсэн бөгөөд уг гэрээн дээр тамга тэмдэг байгаагүй болохоор нь тодруулж асуухад удахгүй очиж тамга тэмдэг даруулна, уг байр нь 2015 оны 09 дүгээр сард ашиглалтад орно гэж хэлсэн. Ингээд нөхөр бид хоёр ярилцаж үзээд уг байрыг авахаар болж Мөнгөнтуяад 2015 оны 07 дугаар сард, өөрсдөө унаж байсан “Тоёото Харрер” маркийн автомашиныг 23.000.000 төгрөгөөр үнэлж өгсөн. Тэгээд маргааш нь Мөнгөнтуяагийн данс руу 15.716.000 /арван таван сая/ төгрөг шилжүүлсэн. Мөн 2015 оны 09 дүгээр сард 25.170.700 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд надаас нийт 63.886.700 /жаран гурван сая найман зуун наян зургаан мянган долоон зуун / төгрөг авсан. Тэгээд нэг хэсэг хүлээгээд, шаардсан боловч, ашиглалтад орох дөхөж байгаа, хүлээгээд байж байгаарай гэж хэлдэг байсан. Ингээд нэг мэдэхэд Мөнгөнтуяа нь бид хоёрт мэдэгдэхгүйгээр гадагшаа гараад явсан байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан юм гэжээ. / хх 106-107/,

Гэрч Б.Дэлгэрмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Намайг ажил дээрээ сууж байхад Мөнгөнтуяа орж ирээд би байр авах гэсэн юм гэж хэлэхээр нь би манайх бартераар гэрээ хийхгүй байгаа гэж хэлэхэд Мөнгөнтуяа үгүй уу би өөрөө байр худалдаж авах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид гэрээ хийх болсон. Х.Мөнгөнтуяа тухайн үед маргааш урьдчилгаа мөнгө 10 хувь буюу 13.293.150 төгрөгийг төлнө гэсэн.Тэгэхээр нь манай бэлэн мөнгөөр урьдчилгаа өгнө үлдэгдлийг нь зээлэнд хамруулж төлнө гэхээр нь гэрээ хийхээр болсон. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 5-гы өдөр гэрээ хийсэн. Гэрээ байгуулахад Мөнгөнтуяа маргааш бюу 10 дугаар сарын 6-ны өдөр 10 хувийг үлдсэн 20 хувийг буюу 26.586.300 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр төлнө гэж тохирсон.Ингээд Мөнгөнтуяа манайд баригдаж байгаа Шинэ өргөө хотхоны 622 дугаар байрны 1-р орц 1 давхрын 2 өрөө буюу нийт 68.17 метр квадрат байрыг авахаар гэрээнд заагдсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн хугацаанд байнга залгахад одоохон мөнгө төлөх гэж байна гээд байхаар нь мөнгөө төлөх гэж байгаа юм байна гэж түүнд итгэсэн. Тэгээд сүүлдээ утсаа авахаа байгаад ор сураггүй алга болчихсон. Тэгээд түүнийг нэг хэсэг хүлээж байгаад гэрээг хүчингүй болгосон. ...Манай компаниас түүнтэй бартерийн гэрээ хийгээгүй тэр үед гэрээ хийхээ больчихсон байсан. ...Х.Мөнгөнтуяа нь манай компанид нэг ч төгрөг төлөөгүй мөн байгуулсан гэрээний 4 дэх заалтын хэсгийг тэр чигээр нь өөрчлөөд 76 сая төгрөг төлсөн болгосон байсан.Дээрх гэрээний голын хуудсыг солиод мөнгө төлсөн болгож ашигласан байна...” / хх 61-63 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнгөнтуяа мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.    

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, ял шалгах хуудас /хх-112/, хохирогч Д.Нарандолгор, шүүгдэгч Б.Мөнгөнтуяа нарын хооронд хийсэн эвлэрлийн гэрээ /хх-115-116/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Мөнгөнтуяа нь иргэн Д.Нарандолгорт “Ар Ий Си” ХХК-ны барьж байсан Хан Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Өргөө" хотхоны барилгын гадна өнгөлгөө хийсэн ажлын хөлсөнд уг хотхоноос 2 өрөө 68.17 метр кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 98.000.000 төгрөгт бодож бартераар авсан гэж хуурч, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн хооронд 63.886.700 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мөнгөнтуяа нь бусдын эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 / арван мянган / нэгж буюу 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтуяад оногдуулсан торгох ялыг 3 / гурав /  жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтуяагийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.Мөнгөнтуяа нь хохирогч Д.Нарандолгорт 64.000.000 / жаран дөрвөн сая/ төгрөгийг 2017.09.01-нээс 2018.05.01-н хүртэл хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж, / хх 115-116/ хохирлоо төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Бурхан овоо овогт Хандмаагийн Мөнгөнтуяаг бусдын эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнтуяаг 10.000 / арван мянган / нэгж буюу 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мөнгөнтуяад оногдуулсан 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ялыг 3 / гурав / жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мөнгөнтуяа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Мөнгөнтуяад оногдуулсан 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ялыг 3 / гурав / жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Мөнгөнтуяагаас 64.000.000 / жаран дөрвөн сая/ төгрөг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж 103/1 байр, 66 тоотод оршин суух Зая овогт Дашнямын Нарандолгор /РД:АЯ99091962 /-т олгосугай.

8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мөнгөнтуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД