Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/814

 

                 2021             9               14                                      2021/ДШМ/814

 

О.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцлийг үндэслэн О.М-д холбогдох эрүүгийн 2107000000112 дугаар хэргийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн О.М, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр .............. төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ................ хамт .................................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................../;

О.М нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэрэлж гарден амралтын газарт найз Б.Д-ийг өмөөрч Б.П-ийн нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж биед нь зүүн доод 1 дүгээр шүдний булгаралт, баруун дээд, доод зовхи, баруун чихний дэлбээ, баруун чамархай, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: О.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч О.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэтрүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.П нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Дээд шатны прокурор У.Дэндэвдорж бичсэн эсэргүүцэлдээ: “Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Дэндэвдорж би, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл эрүүгийн 2107000000112 дугаартай Одхүүгийн Мөнх-Эрдэнэд холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн ба 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.

Шийтгэх тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдан 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилсан атал шүүх шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсны дараа уг ялыг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна.

Учир нь, шүүгдэгч О.М нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон ба түүнд холбогдох хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул тус хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой атал анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр шүүгдэгчид ял оногдуулж, тухайн оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчид ял оногдуулж эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолд “шүүгдэгч О.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д холбогдох эрүүгийн 2107000000112 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн. Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх журмын 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж хуульчилсан. Тиймээс О.М-ийн үйлдэлд ял оногдуулахгүйгээр өршөөн хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэх дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.М нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж гарден” амралтын газарт найз Б.Д-ийг өмөөрч Б.П-ийн нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж биед нь зүүн доод 1 дүгээр шүдний булгаралт, баруун дээд, доод зовхи, баруун чихний дэлбээ, баруун чамархай, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.П-ийн “...2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ... О.М 11 цагийн үед ирээд ... Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Тэрэлж гарден” амралтын газарт 6 цагийн үед очсон. Тэгээд бид авчирсан архи, согтууруулах ундаагаа уугаад сууж байгаад би найз руугаа Б.Д, Оюунцэцэг нарын зургийг явуулчихсан чинь Б.Д уурлаад надтай хэрүүл хийж эхэлсэн. Б.Д миний нүүр рүү алгадаад, бие рүү цохиод байсан. Тэгэхээр нь би санамсаргүй гичий гээд хэлчихсэн инь Б.Д миний нүүр рүү алгадаад, миний бие рүү цохиод байсан. Тэгэхээр нь би тэсэхээ байгаад Б.Д-ий нүүр рүү гараараа цохичихсон. Тэгтэл О.М миний нүүр, толгой хэсэг рүү 5-6 удаа цохисон. Тэгж байгаад Оюунболд салгаад байж байтал цагдаа орж ирсэн” гэх /хх 4-5/,

гэрч Б.Д-ий “...Маргааш нь бид нар Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж рүү амралтад явахаар болоод Мөнх-Эрдэнэ гэх залууг дуудаж, машин бариулаад хотоос гарсан. Замдаа Оюунболд, Пүрэвсамбуу хоёр машин дотор хэрэлдэж байгаад гайгүй болчихсон. Тэгээд 16 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлж гарден” амралтын газарт очоод бид нар хоол унд идчихээд архи уусан. Тэгж байтал Пүрэвсамбуу миний зургийг дарчих шиг болохоор нь устга гээд хэрэлдэж байтал намайг гичий гэсэн. Тэгэхээр нь би уурлаад нүүр рүү нь алгадтал зөрүүлээд миний уруул хэсэгт цохисон. Тэр үед Оюунболд эхлээд намайг өмөөрч босож ирээд Б.П-д “чи эмэгтэй хүн яагаад цохиж байгаа юм” гээд очтол Мөнх-Эрдэнэ очингуутаа нүүр толгой хэсэг рүү нь 5-6 удаа цохисон. Тэгээд Оюунболд салгаад байж байтал гаднаас амралтын газрын ах орж ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Өөр хүн цохиж зодоогүй” гэх /хх 9-10/,

гэрч Б.О-ын “...16 цагийн үед “Тэрэлж гарден” амралтын газарт очоод бид нар авчирсан архи согтууруулах ундааны зүйлсээ уугаад байж байтал гэнэт Б.Д Б.П руу уурлаад эхэлсэн. Зургийг нь дарсан гэх мэт зүйл яриад байх шиг байсан. Тэгтэл Б.П Б.Дийг гичий гээд хэлтэл Б.Д Б.П-ийн нүүр рүү нэг удаа алгадтал Б.П зөрүүлээд Б.Дий нүүр рүү нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь О.М ах бид хоёр Б.Д-ийг өмөөрөөд Пүрэвсамбуу руу дайраад би Пүрэвсамбууг цохих гэтэл О.М ах орж ирээд “чи яахаараа эмэгтэй хүн зоддог юм” гээд Б.П-ийн нүүрэн тус газарт 4-5 удаа цохисон байх. Тэгээд би тэр хэдийг салгаад болиулаад байж байтал амралтын газрын ах хүрч ирээд цагдаа дуудсан. ...Би Б.П ахын биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Бусад хамт байсан хүмүүс намайг хамт зодчихлоо гэж бодсон юм шиг байна лээ. Би Б.Д-ийг цохихоор нь уурлахын хувьд уурласан. Тэгэхдээ гар хүрсэн асуудал байхгүй. Б.П бусад хүмүүсийг бодвол арай илүү согтолттой байсан” гэх /хх 13/,

шүүгдэгч О.М-ийн “...2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Тэрэлж гарден” амралтын газарт 16 цагийн үе очсон. Би бусад хүмүүстэй танилцаад авчирсан архи согтууруулах ундааны зүйлээ уугаад юм яриад сууцгааж байсан. Тэгтэл гэнэт л Б.Д гэх охин нь Б.П гэх залуу руу уурлаад муудалцаж байгаад гичий гээд хэлчихсэн. Гэтэл Б.Д уурлаад Б.П-ийн нүүр рүү алгадаад автал Б.П нь зөрүүлээд нүүр рүү нь цохичихсон. Тэгэхээр нь би “эмэгтэй хүнийг цохиод яаж байгаа юм” гээд Б.П-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд Б.О салгах гээд намайг барихаар нь би гарыг нь тавиулаад дахиад нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. Тэгтэл Б.О бид хоёрын голоор ороод салгах гээд байхаар нь дахиад нэг удаа нүүрэн тус газарт нь цохичхоод салсан” /хх 39/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 289 дугаартай “Б.П-ийн биед зүүн доод 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд, доод зовхи, баруун чихний дэлбээ, баруун чамархай, зүүн мөр, зүүн бугалгад цус хуралт, доод урууланд язрал, баруун тохой, баруун шуунд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх 24-25/,

цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх 66/,

шүүгдэгч О.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 59/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 60/, Хаан банкны дансны хуулга /хх 62-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх 41-44/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.М-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.М-ийн хохирогч Б.П-ийн нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж биед нь зүүн доод 1 дүгээр шүдний булгаралт, баруун дээд, доод зовхи, баруун чихний дэлбээ, баруун чамархай, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокурор У.Дэндэвдорж “шүүгдэгч О.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн шүүгчийн захирамжаар яллагдагч О.М-ийг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялаас нь өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүгдэгч О.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 500.000 төгрөг өгсөн, үлдсэн 200.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь илүү ашигтай үндэслэлд хамаарахаас гадна хуульд нийцэхээр байжээ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1-т “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж шүүхийн шийдвэрийг тодорхойлсон байх ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул шүүгдэгч О.М-д холбогдох хэргийн хувьд, шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсны дараа ял шийтгэл оногдуулахгүйгээр хэргийг нь өршөөн хэрэгсэхгүй болгосон байдлаар тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй.

Мөн түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байхад  анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зохицуулалтаас зөрүүтэй шийдвэрлэснийг цаашид анхаарах хэрэгтэй.

Тодруулбал, прокурорын хяналтын шатанд прокурор өөрийн бүрэн эрхийн хүрээнд яллагдагч О.М-тэй ял тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал бичгээр гаргасан байхад анхан шатны шүүх шүүх хуралдаанд оролцсон прокурорын саналаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу бичгээр гаргасан ялын саналаас өөр ял шийтгэхдээ ямар нэгэн тодруулга хийж, зохих хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу юм.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                             Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ