Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2023/02358

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2023/02358

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хот, 43.82 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгах, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гурван талт хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

Гуравдагч этгээд Нью голден гласс ХХК-ийн төлөөлөгч Б.,

Гэрч Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А..

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ХХК-ийн барьж буй Аз жаргал хотхонд байр худалдан авахаар компанийн борлуулалтын албаны ажилтан Э.тэй уулзаж 7-р давхрын 46 тоотыг худалдан авахаар болж компаниас өгсөн 5079054346 данс руу 78,876,000 төгрөгийг шилжүүлээд ир гэсэн учир төлбөр төлөх гэтэл энэ данс нь байгууллагын данс биш хувь хүний данс байсан тул эргэлзэж борлуулалтын албаны дарга Э.тэй уулзахад манай компанийн данс руу шилжүүлэх боломжгүй байгаа миний данс руу шилжүүлэхэд болно гэсэн.

78,876,000 төгрөгийг шилжүүлж 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр №А7-46 тоот Орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. 2019 оны 3 сард захиалсан байрандаа орох үед айлуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч эхэлсэн боловч манай гэрчилгээг гаргаагүй болно.

Гэтэл ******* ******* ХХК-ийн зүгээс танай байрыг анх бартераар худалдан авсан Нью голден гласс ХХК Б корпусын цонхыг хийж дуусаагүй байгаа тул хүлээж бай гэсэн хариу өгсөн.

******* ******* ХХК нь уг орон сууцыг Нью голден гласс ХХК-д бартераар худалдан борлуулсан, надад давхар худалдаж, миний төлсөн 78,000,000 төгрөгөөс 70,000,000 төгрөгийг Нью голден гласс ХХК-д төлсөн байсан.

Улмаар Нью голден гласс ХХК-д нягтлан бодогч Д.Мөнгөнцэцэгтэй уулзахад ******* ******* ХХК нь 30,000,000 төгрөгийн өртэй, энэ ондоо багтаад ажлаа дуусгана гэсэн. Тус 2 компанид тогтмол шаардлага тавьж байрны гэрчилгээ бичиг баримтыг нэхэхэд ******* ******* ХХК-ийн захирал 3 тал хамтарсан гэрээ байгуулъя гэсэн санал тавьснаар 2020 оны 07 сарын 02-ны өдөр ******* ******* ХХК-ийн захирал М.******* Нью голден гласс ХХК-ийн нягтлан бодогч Д.Мөнгөнцэцэг нартай 3 талаас ярилцаж ******* ******* ХХК нь 2020 оны 12 сарын 01-ний дотор өмчлөх эрхийн гэрчилгээг надад олгохыг зөвшөөрч олгохоор шийдвэрлэсэн.

Иймд Орон сууц захиалгын гэрээг байгуулж, 78,876,000 төгрөгийг бүрэн төлж, уг орон сууцыг ашиглалтанд орсноос хойш одоог хүртэл эзэмшиж, ашиглаж, амьдарч байгаа тул Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 301 дүгээр байрны 46 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Байрны гэрчилгээ бичиг баримтыг нэхсэн ******* ******* ХХК-ийн захирал 3 тал хамтарсан гэрээ байгуулъя гэсэн санал тавьснаар 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Аз жаргал хотхоны 301 дүгээр байр 1-р орцны 46 тоотод байрлах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2020 оны 12-р сарын 01-ний өдрийн дотор гаргаж өгөх тохироо хийлээ хэмээн хэлж хэлцэлд гарын үсэг зуруулсан.

Уг хууль бус 3 талт хэлцлээр 2016 онд ******* ******* ХХК болон Нью голден гласс XXК-ийн хоорондоо байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дутуу орхисон Нью голден гласс XXК-ийн ажлыг хугацаанд нь дуусгуулах үүргийг хамааралгүй надаар хариуцуулж баталгаа гаргуулсан нь илтэд хууль бус болно.

Учир нь уг гэрээг харуулаагүй, мэдэхгүй ажил үүрэг буюу 2016 онд байгуулсан хэдэн төгрөгийн гэрээг ч мэдэхгүй ажилд баталгаа гаргуулсан нь илтэд хууль бус болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Хууль зөрчсөн учир хийсэн үеэсээ авхуулан хүчин төгөлдөр бус байна.

Учир нь 2018 оны Орон сууцны захиалгын гэрээний үүргийн зөрчилгүй, үүргээ 100 хувь биелүүлсэн тал болох захиалагч этгээдийг огтын хамааралгүй 2016/12 тоот өөрсдийн гэрээний үүрэгт батлан даагчаар гарын үсэг зуруулсан үйлдэл нь агуулгын хувьд хууль зөрчсөн үйлдэл болно. Учир нь үүргээ 100 хувь гүйцэтгэсэн үндсэн гэрээний захиалагч талыг огт хамааралгүй өөрсдийн үзэж хараагүй танилцуулаагүй гэрээнд баталгаа гаргуулж байгаа үйлдэл нь агуулгын хувьд хууль бус болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн. Учир нь гурван талт хэлцэлд Нью голден гласс ХХК-ийн захирал гарын үсэг зураагүй.

Нью голден гласс ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд манай орон сууцтай холбоотой бичгээр тохиролцсон гэрээ байдаггүй. Бартерын зүйлийн тохиролцоо хийсэн тооцоо байхгүй атлаа манай орон сууцнаас ******* ******* ХХК нь 8,876,000 төгрөгийн ашиг олсон.

Үнэхээр уг компаниуд хоорондоо албан ёсоор манай орон сууцны талаар гэрээ байгуулсан байсан бол төлбөрийн 78,876,000 төгрөгийг бүхэлд нь Нью голден гласс компанид шилжүүлэх үүрэгтэй болно.

Мөн уг компанийг төлөөлж нягтлан бодогч Д.Мөнгөнцэцэгийг шахаж гарын үсэг зуруулсан үйлдэл нь компанийг төлөөлөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан хууль бус үйлдэл болно.

Гурван талт хэлцэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2 болон 59.1-д зааснаар хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрэн хийсэн хэлцэл мөн хууран мэхэлж хийсэн хэлцэл болно. Учир нь уг 3 талт хэлцэлд 2020 оны 12-р сарын 01-ний өдрийн дотор гэрчилгээ гаргаж өгөх тохироо хийлээ хэмээн баталгаа гэсэн дээр гарын үсэг зуруулж хууран мэхэлж мөн төөрөгдүүлсэн.

******* ******* ХХК-ийн захирал хэлэхдээ гэрээний хугацаанд Нью голден гласс ХХК ажлаа хийчих учир манай хоёр компанийн гэрээнд хамааралгүй та санаа зовох зүйлгүй Нью голден гласс ХХК-ийг шахаж танаар баталгаа гаргасан гэдгээр шантаач болгож байгаа гэдгийг хэлж надаар гарын үсэг зуруулсан болно. Би гарын үсэг зурсан тохиолдолд 2020 оны 12-р сарын 01-ний өдрийн дотор гэрчилгээг надад гаргаж өгнө гэж ойлгосон.

Надад хамааралгүй зүйлд бодит байдлыг хэлэлгүй нууж 2016/12 тоот гэрээг үзүүлж, харуулж тайлбарлалгүйгээр батлан даагчаар гарын үсэг зуруулж намайг хуурсан болно. Нью голден гласс ХХК гэрээний үүргийг надаар гүйцэтгүүлнэ гэж би огт бодоогүй надад ч энэ талаар тайлбарлаж ойлгуулаагүй болно.

Надад уг хэлцлийн бодит асуудлыг тайлбарлаж өгөөгүй хууран мэхэлж надад хамааралгүй хоёр компанийн асуудалдаа намайг оролцуулж хуурах замаар гарын үсэг зуруулсан. Бодит байдалд энэ дээр гарын үсэг зурчихвал гэрчилгээг тань гаргаж өгнө гэж хэлсэнд нь найдаж гэрчилгээгээ гаргуулахын тулд л гарын үсэг зурж төөрөгдсөн болно.

Учир нь 2016/12 тоот гэрээг үзэж хараагүй, надад үзэж харуулаагүй гэрээний доторх агуулга нь хэдэн төгрөгийн үнэтэй ямар гэрээ болохыг мэдэх ч үгүй миний орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийн тулд надаар гарын үсэг зуруулсан л гэж буруу ойлгож төөрөгдсөн болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д болон 57 дугаар зүйлийн 57.2-т заасны дагуу баталгаа гаргасан асуудлыг хүчингүйд тооцуулснаар Үндсэн гэрээний үүргийн дагуу ******* ******* ХХК нь миний орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхөд саадгүй болох юм.

Иймд 2020 оны 07-р сарын 02-ны өдөр ******* ******* ХХК-ийн монгол талын захирал М.*******, нягтлан бодогч Д.Мөнгөнцэцэг нартай 3 талаас байгуулсан хэлцэл нь хууль бус байх тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, үр дагаврыг арилгаж өгнө үү. гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай ******* ******* ХХК нь Нью голден гласс ХХК-тай байгуулсан 2016 оны 04 сарын 24-ний өдрийн 2016/12 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд тооцож 76,685,000 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 301-р байр 46 тоот, 43.82 м.кв талбайтай орон сууцыг гүйцэтгэгч талд өгсөн.

Гэтэл Нью голден гласс ХХК нь гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчиж, бид санхүүгийн боломжгүй нөхцөлд байна. Танай байгууллагаас ажлын хөлсөндөө авсан байрыг Б.******* гэдэг хүнд худалдаж, түүнээс орсон мөнгөөр ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. Мөн Гүйцэтгэгч компанийн ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөд баталгаа гаргахаар тохиролцож, гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэлд баталгаа гарган 2020 оны 07 сарын 02-ны өдөр 3 талт гэрээ байгуулсан. Гэрээний 5 дугаар зүйл. Гэрээний дагуу Нью голден гласс ХХК-ийн урьдчилан шилжүүлэн авсан орон сууцны өмчлөх эрхийг өөртөө авах хүсэлт гаргасан Б.******* нь 2016/12 тоот ажил гүйцэтгэх гэрээний дутуу ажлыг хугацаанд нь дуусгах Нью голден гласс ХХК-ийн гэрээний үүрэгт баталгаа гаргаж байна. гэж талууд тохиролцсон. Гэвч одоог хүртэл ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй тул тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй юм.

Иймд ******* ******* ХХК нь Нью голден гласс ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг бүрэн дуусаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А7/46 дугаар гэрээ дээр орон сууц захиалгын гэрээг Б.*******тэй байгуулахад Нью голден гласс ХХК-иас шилжүүлэх бартерын орон сууц гэдгийг бол гэрээний зорилго дээр маш тодорхой бичсэн байдаг. Тухайн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбар, үндэслэл дээр Нью голден гласс ХХК-ийн орон сууцыг Б.*******д хууль бусаар давхар худалдаж байна гэх зүйл ярьдаг. Гэтэл энэ гэрээг анх байгуулахдаа Б.******* гэх хүн нь Нью голден гласс ХХК-ийн бартерын байрыг худалдаж авч байгаа гэдгээ бүрэн ухамсарлаж, ойлгосон байсан. Б.******* гэх хүнд хууль бусаар, өөр хүнд худалдагдсан өмчлөлд шилжсэн байрыг шилжүүлж авсан гэх зүйл огт яригдахгүй. Мөнх мөнгийг 100 хувь төлсөн гэж байна. Энэ мөнгийг Нью голден гласс ХХК-иас шилжүүлж байгаа байрыг ******* ******* ХХК төлсөн гэж нэхэмжлэгч тайлбартаа хэлдэг. Гэрээ дээр байрны 43.82 м.кв орон сууц нь 76,685,000 төгрөгийг үнийн дүнтэй гэж байхад 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б.******* н. гэх хүн рүү шилжүүлэхдээ 78,876,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд 2,000,000 орчим төгрөгийн зөрүү үүсэж байгааг нэхэмжлэгч тал, гуравдагч этгээдийн зүгээс ч ярихгүй байгаа. Энэ илүү төлсөн төлбөр ******* ******* ХХК-д огт ороогүй нотлох баримтад ч тодорхой тусгасан байдаг. Зөвхөн н. гэх хүний данс руу орсон. н. гэх хүний данс руу орсон талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодорхой бичсэн байдаг. 78,876,000 төгрөг шилжүүлснээс 70,000,000 төгрөгийг Нью голден гласс ХХК авсан, үлдсэн 8,000,000 орчим төгрөгийг хэн авсан бэ? 70,000,000 төгрөгийг Нью голден гласс ХХК авч байгаа бол үндсэн гүйцэтгэгч компани орон сууц захиалгын гэрээгээр ******* ******* ХХК ямар ч мөнгө аваагүй юм биш үү? гэх мэт асуудал үүсэж байна. 100 хувь төлсөн гэдэг нь үүгээр үгүйсгэгдэнэ. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3 талт гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа огт хамааралгүй хүнээр баталгаа гаргуулсан гэж байна. Энэ гэрээг Б.******* огт хамааралгүй бол биш, анх орон сууц захиалгын гэрээ 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулахдаа энэхүү маргаантай холбоотой асуудалд хамааралтай болсон. Анх Нью голден гласс ХХК-иас бартерын орон сууц худалдаж авч байгаа гэдгээ өөрөө бүрэн ухамсарлаж ойлгож байсан. 3 талт гэрээгээр огт хамааралгүй хүнийг яагаад ийм асуудалд оруулчихлаа гэж байгаа ч яг энэ ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээг үзүүлээгүй харуулаагүй, хэн ч байхгүй, мэдээлэлгүй байсан гэж байгаа ч гэрээний үндэслэл буюу толгой хэсэгт Нью голден гласс ХХК, ******* ******* ХХК-ийн дунд байгуулагдсан 2016 оны гэрээг 16/12 тоот гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр үүргийн гүйцэтгэл, талуудын харилцан ойлголцол Нью голден гласс ХХК, Б.******* нарын саналыг үндэслэн хүлээн авсан. Хэрэв гэрээтэйгээ танилцаагүй үзээгүй байсан бол санал, дүгнэлт гэж тусгах шаардлагагүй буюу байхгүй байх байсан. Б.******* өөрөө ажил гүйцэтгэх гэрээ болон бусад зүйлстэй бүрэн танилцаж, ойлгож ухамсарлаад гарын үсэг зурсан нь тодорхой буюу саналаа илэрхийлсэн нь тодорхой харагдаж байна. Мөн тус гэрээний 6 дугаар зүйлд гэрээнд гарын үсэг зурсан талууд хэн нэгний шахалт дарамтгүйгээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож гарын үсэг зурсан гэж байна. Б.******* энэ гэрээний агуулга, утга санааг гэрээний зүйл заалт нэг бүрийг бүрэн ойлгож ухамсарласан байсан нь энэ заалтаар харагдаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юу гэвэл ******* ******* ХХК надад зарсан энэ байраа 2020 оны 12 дугаар сарын 01-ний дотор хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон гэж ярьж байна. Энэ дээр талууд тохиролцоогүй цагаан дээр хараар ******* ******* ХХК зөвшөөрч байна гэж бичсэн. Хоорондоо бол тохиролцоогүй. Үүнийг ямар нөхцөлд зөвшөөрөх вэ гэдгээ тодорхой тусгасан байна. Ямар нөхцөлд зөвшөөрөх вэ гэвэл гэрээний 5 дугаар зүйлд гэрээний дагуу Нью голден гласс ХХК урьдчилан хүлээн авсан орон сууцны өмчлөх эрхийг өөртөө авах хүсэлт гаргасан иргэн Б.******* нь 2016 оны 12 тоот ажил гүйцэтгэх гэрээний дутуу ажлыг хугацаанд нь дуусгах Нью голден гласс ХХК-ийн гэрээний үүрэгт баталгаа гаргаж байна гэдгийг ойлгоно мэдээжийн хэрэг гарын үсэг зурсан Б.******* энэ гэрээг уншаагүй, хараагүй бол 2016 оны энэ гэрээ ямар гэрээ вэ, юунд би баталгаа гаргаж байна вэ гэж асууна шүү дээ. Тухайн үед танилцсан, уншсан, бүх зүйл ойлгомжтой учраас л гарын үсэг зурсан. Би бол гарын үсэг зураагүй, энэ миний гарын үсэг биш гэж огт маргаагүй учир энэ гэрээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэж байна. Нью голден гласс ХХК-ийн захирал ирээгүй, гарын үсэг зураагүй нягтлан бодогч н.Мөнгөнцэцэгийн гарын үсэг зурсан гэрээг яагаад хүчин төгөлдөр гэрээ гэж үзээд байгаа юу гэх асуудал дээр 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гэрээн дээр Нью голден гласс ХХК-ийн захирал Б. гээд гарын үсэг, тамгатай гэрээ байхад яаж харахаараа энэ гэрээг гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй байна гэж хараад байна вэ? Энэ яг ямар ойлгомжгүй байдал үүсгээд байна вэ? Эсхүл шүүхэд төөрөгдөл үүсгэх гэж байна уу гэв.

 

3.Гуравдагч этгээд Нью голден гласс ХХК-ийн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Манай Нью голден гласс ХХК нь ******* ******* ХХК-тай 2016 оны 04-р сарын 24-ний өдөр 2016/12 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр манай компани нь ******* ******* ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 давхар үйлчилгээний орон сууцны вакум цонх, хаалга, хаалт үйлдвэрлэж суурилуулах ажлыг зургийн дагуу хийж, угсрах ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон.

Ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 665,000,000 төгрөг байхаар тохиролцсон байсан ба төлбөрийн 20 хувийг бартераар ******* ******* ХХК-ийн барьсан Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах Аз жаргал хотхоны байрнаас сүүдэр болон наран талын байрлалаас хамаарч 1 м.кв-н үнийг 1,750,000, 1,900,000 төгрөгөөр тооцон нийт 123,000,000 төгрөгийн үнэ бүхий байрыг хүлээн авахаар харилцан тохиролцсон байсан. Бид бартерын байрыг харилцан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр ******* ******* ХХК нь манай компанид дээрх бартерын байрыг худалдаж, 2018 оны 08-р сард худалдсан борлуулсан гэх байрны төлбөрт 71,000,000 төгрөгийг хүлээн авсан болно. Улмаар дээрх тохиролцооны дагуу бид 52,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа болно. Гэвч манай компани аль хаягт байрлах, хэдэн м.кв талбайтай байрыг манайд бартераар өгч байгааг ч нарийн шалгаж үзээгүй, мэдээгүй байсан. Тохиролцооны дагуу бол 123,000,000 төгрөгийн үнэ бүхий байрыг бартерт авахаар байсан. Гэтэл 2019 оноос ******* ******* ХХК-н Аз жаргал хотхонд 301-р байрны 46 тоот хаягт байршилтай 43.82 м.кв талбайтай байрыг худалдан авсан н.******* гэх хүн надтай холбогдож би ******* ******* ХХК-иас байр худалдан авсан юм. Гэтэл тус байр нь танай ажлын төлбөрт ******* ******* ХХК-иас хүлээн авсан байр байсан, танай компанийг ажлаа хийгээд дуусгачихвал, ******* ******* ХХК миний худалдан авсан байрны гэрчилгээг гарган өгөх боломжтой гэж хэлэх юм. Танайх үлдэгдэл ажлаа хийж гүйцэтгээд манай байрны асуудлыг шийдээд өгөөч гэж гуйх болсон. Манай компани ******* ******* ХХК-тай 2016 оны 04-р сарын 24-ний өдөр байгуулсан 2016/12 тоот Ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 08-р сарын 01-ний өдөр, 2018 оны 04-р сарын 22-ны өдөр гэрээнд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг харилцан тохиролцож сунгасан. Бид 2019 оны 04-р сарын 03-ны өдөр гэрээний гүйцэтгэлийг Дүгнэхэд нийт гүйцэтгэвэл зохих 100 хувийн ажлаас манай компани 79 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. Манай компанийн зүгээс ******* ******* ХХК-тай гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу тогтмол холбогдож, ажлыг гүйцэтгэх нөхцөл байдлын талаар танилцуулж байсан. Ажлын гүйцэтгэл удаашрах болсон шалтгаан бидний ажлыг бүрэн зогсоогоод явсан. Дараа жил нь буюу 2020 онд ******* ******* ХХК-г төлөөлсөн Хятад ажилчид нь ирээгүйн улмаас манай болон бусад барилгын ажил 100 хувь зогссон хэвээрээ байсан. Мөн ******* гуайд таны байр 123,000,000 төгрөгийн үнэтэй бус 78,876,000 төгрөгийн үнэлгээтэй байр байна, манайх ******* ******* ХХК-с 123,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий байрыг хүлээн авахаар харилцан тохиролцсон юм. Таны байр бол манай байр биш байна шүү, ******* ******* ХХК таныг яагаад манайхтай холбосон юм бол доо? Бид тодруулъя гэж хэлж байсан.

Бид иргэн *******гийн асуудлаар ******* ******* ХХК-тай холбогдож, танайх яагаад энэ хүнийг давхар хохироогоод байгаа юм бэ? Энэ хүний худалдан авсан байр нь манай бартераар авах байр байсан гэдэг нь юугаар нотлогдох юм бэ? Гэмгүй иргэнийг ингэж хохироогоод яахав дээ, асуудлыг нь шийдэж өгөөчээ, манайх энэ хүний байрны асуудалтай ямар ч хамааралгүй шүү дээ гэдгийг ******* ******* ХХК-ийн захирал *******т удаа дараа хэлж байсан.

Манай компаний зүгээс ******* ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл ажил болох 21 хувийн ажлыг хийж гүйцэтгэж дуусгахаар ******* ******* ХХК-н Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлалтай орон сууцны подвалд 2019, 2022 онуудад бараа материалаа авч очиж байсан. Тухайн үед ******* ******* ХХК нь ажлын талбай дээр хариуцаж хийлгэх хүн байхгүй гэх шалтгаанаар бүх барилга, талбай цоожтой байсан учир бид утсаар холбогдож, хүлээж байж бараа материалуудаа ******* ******* ХХК-н байрны подволд байрлуулж хураасан байгаа. Гэтэл ******* ******* ХХК-н зүгээс тодорхой хариу өгөхгүй, ажил хийлгэх нөхцлөөр хангахгүй явсаар бараа материалын үнэ 2023 онд анх гэрээ байгуулсан үеийнхээс 2 дахин нэмэгдэж, 2019 онд 28,000-30,000 төгрөгийн үнэтэй байсан 1.50:2-той шил гэхэд 60,000-62,000 төгрөгийн үнэлгээтэй болсон байна. Бид ******* ******* ХХК-д бараа материалын зөрүү төлбөрөө гаргаж өгөх шаардлагатай байна, тухайн үед манай компанид олгох төлбөрийг бараа материал авах компани руу шилжүүлээд өгөөч, бид ажлаа дуусгамаар байна гэж удаа дараа саналуудыг тавьсан боловч ажлыг гүйцэтгүүлэгч талаас огт санал, санаачилга гаргахгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Гэтэл өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалсан зүйл дээр иргэн *******г татаж, бидэнтэй хамааралтай мэт тайлбарлаж, *******гийн 2018 онд ******* ******* ХХК-д төлбөрөө төлж худалдан авсан байрны, гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байгааг гайхаж байна. Иргэн ******* ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээ, манай компанийн ******* ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүд хоорондоо ямар ч хамааралгүй. Иймд ******* ******* ХХК нь иргэн *******гийн шаардлагын дагуу Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах Аз жаргал хотхоны 301-р байрны 46 тоот хаягт байрлах ******* ******* ХХК-н санхүүгийн байдлаас хамааралтай ажил удааширч, зогссон. 2019 оны намар ******* ******* ХХК-г төлөөлөн бидний ажлыг хариуцаж байсан Хятад ажилчид нь нутаг буцлаа гээд бүх ажлаа зогсоо гээд хаалга, үүдээ түгжээд бид явлаа гээд байрны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх нь зүйтэй. Мөн ******* ******* ХХК-ны зүгээс манай Нью голден гласс ХХК-тай 2016 оны 04-р сарын 24-ний өдрийн гэрээний дагуух ажил, үүргийн харилцааг дүгнэж, манай компанийг ажиллах боломж нөхцлөөр хангаж, бараа материалын зөрүү мөнгөний асуудлыг шийдэж өгвөл манай компани үлдэгдэл ажлыг гүйцэтгэхэд бэлэн байгаа болно. гэв.

 

3.1.Гуравдагч этгээд Нью голден гласс ХХК-ийн төлөөлөгч Т. нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нью голден гласс ХХК-ийн зүгээс гуравласан гэрээнд тайлбар гаргаж байна. Тус гэрээг ******* Интернэншл ХХК-ийн зүгээс манай ажилчныг дуудаж гуравласан гэрээ хийсэн байдаг. Тус гэрээнд шийдвэр гаргах эрх мэдэлгүй ажилтнаар гарын үсэг зуруулсан нь манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Нэхэмжлэгч Б.*******гийн худалдаж авсан байранд манай компанийн зүгээс ямар нэгэн хамаарал байхгүйг баталж байна.

******* интернэншл ХХК-ийн 2016 оны гэрээний дагуу ажлаа хийж байсан. ******* интернэншл ХХК-ийн Аз жаргал хотхоны зүүн талын блокын барилгын үйл ажиллагаа өөрсдийн санхүүжилтээс шалтгаалж нийт барилгын үйл ажиллагаа зогссон. Гэгэл манай компанийн зүгээс зогсоосон мэтээр тайлбарлаж байгааг Нью голден гласс ХХК, манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болно.

******* ******* ХХК-иас шалтгаалж 2016 оны гэрээнээс хойш тус гэрээг хоёр удаа сунгасан байдаг. Энэ бүгдээс хугацаа алдсан тул үлдэгдэл тооцоогоо бараа материалд гаргаж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан.

Манай компанийн зүгээс үлдэгдэл тооцоог аваад барилгын үйл ажиллагааг дуусгахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс 2022.09.08-ны итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018.08.16-ны №А-7-46 тоот Орон сууц захиалгын гэрээ, Хаан банкны 2018.08.16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2023.03.22-ны нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.05.22-ны нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн баримтуудыг гаргаж өгсөн,

 

5.Хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээ, 2022.10.13-ны 65/2022 дугаар итгэмжлэл, 2020.07.02-ны Гэрээний талууд болон хамаарал бүхий этгээдүүдийн дундах гурван талт хэлцэл, 2023.03.13-ны хариу тайлбар, ******* ******* ХХК-ийн 2022.10.17-ны 67/2022 дугаартай албан бичиг гаргаж өгсөн,

 

6.Гуравдагч этгээдээс 2023.02.07-ны хариу тайлбар, 2016.04.24-ний дугаар 2016/12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2018.04.22-ны өдрийн №2018/12а дугаар 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №2016/12 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2023.05.10-ны хариу тайлбар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* интернэшл ХХК-д холбогдуулан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 301 дүгээр байрны 1 дүгээр орцны 7 давхарын 46 тоот өрөө 43.82 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гурван талт хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж нэмэгдүүлжээ.

 

1. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 301 дүгээр байрны 46 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгах тухай шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Аз жаргал хотхонд 46 тоотыг худалдан авахаар болж компаниас өгсөн 5079054346 данс руу 78,876,000 төгрөгийг шилжүүлж 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр №А7-46 тоот Орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. ******* ******* ХХК-ийн зүгээс байрыг анх бартераар худалдан авсан Нью голден гласс ХХК Б корпусын цонхыг хийж дуусаагүй байгаа тул хүлээж бай гэсэн хариу өгсөн.

******* ******* ХХК нь уг орон сууцыг бартераар Нью голден гласс ХХК-д бартераар худалдан борлуулсан атлаа, надад давхар худалдаж, миний төлсөн 78,000,000 төгрөгөөс 70,000,000 төгрөгийг Нью голден гласс ХХК-д төлсөн нь илэрсэн болно.

******* ******* ХХК-ийн захирал 3 тал хамтарсан гэрээ байгуулъя гэсэн санал тавьснаар 2020 оны 7 сарын 2-ны өдөр 3 талаас ярилцаж ******* ******* ХХК нь 2020 оны 12 сарын 1-ний дотор өмчлөх эрхийн гэрчилгээг надад олгохыг зөвшөөрч олгохоор шийдвэрлэсэн.

№А7-46 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулж, уг гэрээний төлбөр болох 78,876,000 төгрөгийг төлбөрийг бүрэн төлж, уг орон сууцыг ашиглалтанд орсноос хойш одоог хүртэл эзэмшиж, ашиглаж, амьдарч байгаа... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: ... Б.*******тэй Нью голден гласс ХХК-ийн бартерын байрыг худалдаж авч байгааг бүрэн ухамсарлаж, ойлгосон байсан.

Орон сууц нь 76,685,000 төгрөг байхад Б.******* н. рүү 78,876,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд 2,000,000 орчим төгрөгийн зөрүү үүсэж байгаа. 78,876,000 төгрөг шилжүүлснээс 70,000,000 төгрөгийг Нью голден гласс ХХК авсан, үлдсэн 8,000,000 орчим төгрөгийг хэн авсан бэ? Орон сууц захиалгын гэрээгээр ******* ******* ХХК ямар ч мөнгө аваагүй.

Хэдэн төгрөг төлж байгаа нь тодорхойгүй, илүү төлчихсөн юм шиг, хэн рүү өгч байгаа нь бас эргэлзээтэй учир аль ч гэрээ байсан төлбөр төлөх үүрэгтэй. Төлбөр төлөөгүй байж өмчлөгчөөр тогтоолгох нь өөрөө үндэслэлгүй... гэж маргажээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ******* ******* ХХК-тай гэрээ байгуулж төлбөрийн 20 хувийг бартераар Аз жаргал хотхоны байрнаас 123 сая төгрөгийн үнэ бүхий байрыг хүлээн авахаар харилцан тохиролцсон.

******* ******* ХХК нь манай компанид дээрх бартерын байрыг худалдаж, 2018 оны 08-р сард худалдан борлуулсан байрны төлбөрт 71,000,000 төгрөгийг хүлээн авсан болно.

Б.*******д таны байр 78,876,000 төгрөгийн үнэлгээтэй байр байна, манайх ******* ******* ХХК-иас 123,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий байрыг хүлээн авахаар харилцан тохиролцсон гэж хэлсэн.

Б.******* ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээ, манай компанийн ******* ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүд хоорондоо ямар ч хамааралгүй... гэж тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* ******* ХХК болон Б.******* нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр А-7-46 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ байгуулагджээ.

Уг гэрээнд зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2016/12 тоот гэрээ /бартер/-ийн дагуу Нью голден гласс ХХК-д шилжүүлэх ёстой Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Аз жаргал хотхон, А байрны 7 давхар 2 тоот 43.82 м.кв 2 өрөө орон сууцыг Б.*******д 2018 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, талууд орон сууцны үнийг 1 м.кв-ыг 1,750,000 төгрөгөөр тооцож, нийт 76,685,000 төгрөгөөр үнэлж ******* ******* ХХК-д төлөхөөр тохиролцсон ба гэрээ байгуулагдсанаар захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч ******* интерншнл ХХК-ийн дээрх орон сууцыг нэхэмжлэгч Б.******* 2019 оны 3 сард хүлээн авч, орон сууцыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь тохирсон ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй талаар маргаж байгаа болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3.2-т гэрээ байгуулагдсанаар захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзнэ,

2.5-д захиалагч нь энэхүү гэрээний 2.3-т заасан төлбөрөө бүрэн төлөх, эсвэл Банкны зээлийн шийдвэр гарснаар орон сууцыг өмчлөлдөө авах эрх үүснэ,

3.1.1-д гүйцэтгэгчийг зохих чанарын шаардлага хангасан барилгын материалаар тухай орон сууцыг барьж гүйцэтгэхийг болон хүлээн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж тус тус тохиролцжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.******* гэрээ байгуулсан ******* ******* ХХК-ийн борлуулалтын мэргэжилтэн Э.Номин-Эрдэнийн 5079054346 тоот данс руу 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 78,876,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэг, банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.******* дээрх гэрээний үнийг 100 хувь төлсөн байдал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3.2-т зааснаар мөн тодорхойлогдож байх бөгөөд дээрх орон сууцны үнэ ******* ******* ХХК-д бүрэн төлөгдсөнийг нотолж байна гэж үзнэ.

 

Хариуцагч ******* ******* ХХК болон гуравдагч этгээд Нью голден гласс ХХК-ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2016/12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2018/12а дугаартай ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулагдсан байна.

Уг гэрээгээр ******* ******* ХХК нь гэрээний үнийн дүнгийн 20 хувь болох 123 сая төгрөгийг бартераар буюу сүүдэр талдаа байршилтай байрны 1 м.кв үнийг 1,750,000 төгрөг, наран талдаа байршилтай байрны үнэ 1,900,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон ба Б.******* болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А-7-46 дугаартай гэрээний зүйл болох Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Аз жаргал хотхон, А байрны 7 давхар 2 тоот 43.82 м.кв 2 өрөө орон сууц нь Нью голден гласс ХХК-д бартераар шилжүүлэх орон сууц гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, Б.*******гийн хувьд шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Э.Номин-Эрдэнийн данс руу буюу орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсан борлуулалтын ажилтны өөрийнх нь заасан данс руу шилжүүлсэн байх бөгөөд гэрч Э. нь ******* ******* ХХК-ийн захирал М.******* Нью голден гласс ХХК руу уг мөнгөнөөс 70 сая төгрөгийг шилжүүлэх зөвшөөрөл өгсөн талаар дурдсан ба гуравдагч этгээд Нью голден гласс ХХК дээрх 70 сая төгрөгийг ******* ******* ХХК-иас хүлээж авсан талаар тайлбарладаг.

 

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ХХК-д гэрээний дагуу 76,685,000 төгрөг төлөхөөс 78,876,000 төгрөг буюу гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Түүнчлэн, гэрээний 4.5-т байр хүлээлцэх өдөр хэрвээ захиалагч нь гэрээнд заасан орон сууцны үнийг төлж дуусгаагүй, эсвэл банкны зээлийн төлбөр нь гүйцэтгэгчийн дансанд орж ирээгүй тохиолдолд гүйцэтгэгч нь захиалагчид байрыг хүлээлгэж өгөхгүй байх эрхтэй талаар тохиролцсон боловч уг орон сууцанд нэхэмжлэгч Б.******* амьдарч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.*******гийн хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.5-д захиалагч актаар хүлээн авсан орон сууцыг Улсын бүртгэлийн газар бүртгүүлж, өмчлөлдөө шилжүүлэх, түүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна. Үүнтэй холбогдох гүйцэтгэгчээс шалтгаалах бичиг баримт, албан бичгийг шаардаж авах эрхтэй, 3.2.6-д захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөх, өмчлөх эрхээ баталгаажуулах зэрэг ажиллагаанд нь шаардлагатай баримт, мэдээллээр бүрэн хангана гэж тус тус заажээ.

 

Хариуцагч ******* интерэншнл ХХК нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Б.******* ******* ******* ХХК төлбөрийг төлөөгүй, Нью голден гласс ХХК-ийн үүргээ биелүүлэх баталгаа гаргасан, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа үндэслэлийг дурдсан боловч дээрх баримтууд нь тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлийг бүрэн нотлохгүй байхаас гадна хэрэгт авагдсан төлбөр төлсөн төлбөрийн баримт, гэрчийн мэдүүлэг, гуравдагч этгээдийн тайлбаруудаар үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл, ******* ******* ХХК нь Нью голден гласс ХХК нь гэрээний үүргийг биелүүлээгүй, төлбөрийг ******* ******* ХХК-д төлөөгүй гэдэг үндэслэлээр Б.*******тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээг биелүүлэхгүй байх үндэслэлгүй болохгүй юм.

 

Иймд хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 301 дүгээр байрны 1 дүгээр орцны 7 давхарын 46 тоот өрөө 43.82 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Гурван талт хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:...******* ******* ХХК-ийн захирал 46 тоотод байрлах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2020 оны 12-р сарын 01-ний өдрийн дотор гаргаж өгөх тохироо хийлээ хэмээн хэлж хэлцэлд гарын үсэг зуруулсан.

******* ******* ХХК болон Нью голден гласс XXК-ийн хоорондоо байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хамааралгүй надаар хариуцуулж баталгаа гаргуулсан нь илтэд хууль бус болно. Учир нь гэрээг надад харуулаагүй, мэдэхгүй ажил үүрэг буюу ажилд надаар баталгаа гаргуулсан.

******* ******* ХХК надаар огтын хамааралгүй 3 талт хэлцэлд батлан даагчаар гарын үсэг зуруулж, намайг төөрөгдүүлж бусдын хийгээгүй надад хамааралгүй ажилд батлан даагчаар гарын үсэг зуруулсан.

Нью голден гласс ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд манай орон сууцтай холбоотой бичгээр тохиролцсон гэрээ байдаггүй.

Нью голден гласс ХХК-ийн захирал нь хэлцэлд гарын үсэг зураагүй. Д.Мөнгөнцэцэгийг буюу компанийг төлөөлөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан хууль бус үйлдэл болно.

Хэлцэлд 2020 оны 12-р сарын 01-ний өдрийн дотор гэрчилгээ гаргаж өгөх тохироо хийлээ хэмээн баталгаа гэсэн дээр гарын үсэг зуруулж хууран мэхэлж мөн төөрөгдүүлсэн.

******* ******* ХХК-ийн захирал хэлэхдээ манай хоёр компанийн гэрээнд хамааралгүй та санаа зовох зүйлгүй Нью голден гласс ХХК-ийг шахаж танаар баталгаа гаргасан гэдгээр шантаач болгож байгаа гэдгийг хэлж надаар гарын үсэг зуруулсан болно гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: Энэ гэрээнд Б.******* огт хамааралгүй бол биш, анх орон сууц захиалгын гэрээ 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулахдаа энэхүү маргаантай холбоотой асуудалд хамааралтай болсон.

Нью голден гласс ХХК-иас бартерын орон сууц худалдаж авч байгаа гэдгээ өөрөө бүрэн ухамсарлаж ойлгож байсан.

Нью голден гласс ХХК, ******* ******* ХХК-ийн дунд байгуулагдсан 2016 оны гэрээг 16/12 тоот гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр үүргийн гүйцэтгэл, талуудын харилцан ойлголцол Нью голден гласс ХХК, Б.******* нарын саналыг үндэслэн хүлээн авсан.

Б.******* өөрөө ажил гүйцэтгэх гэрээ болон бусад зүйлстэй бүрэн танилцаж, ойлгож ухамсарлаад гарын үсэг зурсан нь тодорхой буюу саналаа илэрхийлсэн.

Мөн тус гэрээний агуулга, утга санааг гэрээний зүйл заалт нэг бүрийг бүрэн ойлгож ухамсарласан байсан нь энэ заалтаар харагдаж байна.

Нью голден гласс ХХК урьдчилан хүлээн авсан орон сууцны өмчлөх эрхийг өөртөө авах хүсэлт гаргасан Б.******* нь 2016 оны 12 тоот ажил гүйцэтгэх гэрээний дутуу ажлыг хугацаанд нь дуусгах Нью голден гласс ХХК-ийн гэрээний үүрэгт баталгаа гаргаж байна гэдгийг ойлгож гарын үсэг зурсан.

2020 оны 07 дугаар сарын 02 -ны өдрийн гэрээн дээр Нью голден гласс ХХК-ийн захирал Б. гээд гарын үсэг, тамгатай гэрээ ... гэж маргажээ.

 

Гуравдагч этгээд дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ... ******* интернэншл ХХК-ийн зүгээс гэрээнд шийдвэр гаргах эрх мэдэлгүй ажилтнаар гарын үсэг зуруулсан нь манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Нэхэмжлэгч Б.*******гийн худалдаж авсан байранд манай компанийн зүгээс ямар нэгэн хамаарал байхгүйг баталж байна.

Манай компанийн зүгээс үлдэгдэл тооцоог аваад барилгын үйл ажиллагааг дуусгахад татгалзах зүйлгүй болно гэж тайлбарлажээ.

 

Нью голден гласс ХХК болон ******* ******* ХХК, Б.******* нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Гэрээний талууд болон хамаарал бүхий этгээдүүдийн дундах гурван талт хэлцэл хийгдсэн байна.

Уг хэлцлээр Нью голден гласс ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үнэд тооцож урьдчилан хүлээн авсан Азжаргал хотхоны 301 дүгээр байрны 1 дүгээр орцны 46 тоот орон сууцыг Б.*******д худалдаж, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.*******д 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргаж өгөхийг ******* ******* ХХК хүлээлгэж өгөх, Нью голден гласс ХХК гэрээт ажлын дутуу хэсгийг гүйцэтгэж ******* ******* ХХК-д өгөх, хэлцэлд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд 10 сая төгрөгийн торгууль төлөх, Б.******* Нью голден гласс ХХК-ийн гэрээний үүрэгт баталгаа гаргаж харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болно,

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 57-60 дугаар зүйлд хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцлийн талаар зохицуулсан байна.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцогдсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг.

 

Хүчин төгөлдөр бус хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэх үндэслэл болдоггүй, хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөгдөөгүй агуулга, хэлбэртэй байдаг ба шүүх талуудын хүсэлт байгаа эсэхээс үл хамааран тухайн хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлыг тогтоодог бол хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцэл хуулиар зөвшөөрөгдсөн, хориглоогүй агуулга, хэлбэртэй боловч хэлцлийн аль нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл доголдолтой байдаг тул түүний хүсэлтээр шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцдог байна.

 

Энэ утгаараа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус болохыг нь тогтоодог, харин Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцдог байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг заасан ба хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.

 

2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гурван талт хэлцэл хийгдсэн байх ба тухайн хэлцэлд ******* ******* ХХК-ийн захирал М.*******, Нью голден гласс ХХК-ийн захирал Б., иргэн Б.******* нар гарын үсэг зурагдсан байна.

 

Нью голден галсс ХХК-ийн захирал Б. тухайн гэрээнд гарын үсэг зураагүй, харин хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд нягтлан н.Мөнгөнцэцэг гарын үсэг зурсан талаар, гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй гэж мэтгэлцсэн боловч хэрэгт авагдсан дээрх баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Дээрх хэлцлийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог бол ийнхүү гэрээний тал гэрээнд гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авах хүсэл зориг байсан уг хүсэл зоригийн дагуу хэлцэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хэлцлийн агуулгыг хэлцэл хийгдэхэд бүрэн ойлгоогүй гэх тайлбар нь хэлцэл хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д гэж заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу хууль журам зөрчсөн гэж тайлбарлах боловч энэ байдал баримтаар тогтоодохгүй байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан утга агуулгаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, 58.2-т Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ: 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн; 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн.

58.3-т Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно: 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн; 58.3.2-т хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн; 58.3.3-т хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн; 58.3.4-т тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн.

58.6-т Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

 

Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагын хувьд сонирхогч этгээд нөгөө талынхаа хүсэл зориг, эсхүл гэрээний зүйл болох эд зүйлийн шинж байдал, хэлцлийн шинж байдал, хэлцлийн үнэ, гэрээ байгуулах сэдлийн талаар ноцтой төөрөгдсөн үндэслэл тогтоогдсон байхыг ойлгох бөгөөд хүсэл зоригоос зөрүүтэй нөхцөл байдлын талаар хэлцэл хийх үед мэдээгүй, мэдэх боломжгүй байх нь чухал ач холбогдолтой.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд хийгдсэн хэлцлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөж хийх хэлцлээсээ өөр хэлцлийг хийсэн, хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэхгүй ба нэхэмжлэгч Б.******* баталгаа гаргаж байгааг ойлгосон байсан нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.*******гийн хувьд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор Нью голден гласс ХХК болон ******* интерэншнл ХХК-ийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгэхэд баталгаа гаргасан нөхцөл байдлаас үзэхэд тэрээр хэлцлийн талаар ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал хэлцэлд баталгаа гаргаж байгаагүй ойлгоогүй гэж тайлбарлах боловч энэ байдал тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гурван талт хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 301 дүгээр байрны 1 дүгээр орцны 7 давхарын 46 тоот өрөө 43.82 м.кв орон сууцны өмчлөгчөөр Б.*******г тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч Б.*******д олгохыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гурван талт хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 552,330 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 552,330 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС