Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/04701

 

 

 

 

 

 

 

 

                            2023        10          30

            101/ШШ2023/04701

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.Б /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б.А /рд:/-д холбогдох,

 

75,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Л, хариуцагчийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Г.Л нь өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б.Атай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд өөрийн 100%-ийн өмчлөлийн “Б” ХХК-ийн бүх хувьцааг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон билээ. Гэрээнд 100,000,000 төгрөгөө 2017 оны 3 дугаар сарын 15-нд 50,000,000 төгрөг, 2017.06.10-нд 15,000,000 төгрөг, 2017.07.10-нд 15,000,000 төгрөг, 2017.08.10-нд 20,000,000 төгрөг гэсэн графикийн дагуу төлж дуусгахаар тусгасан. Б.А нь 50,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээнд заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ”-ний дагуу “Б” ХХК-ийнхаа 60% буюу 60 ширхэг хувьцааг Б.Ад шилжүүлсэн. Гэтэл үүнээс хойш Б.А нь гэрээний үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөөгүй өдийг хүрээд байгаа нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.” гэж заасан гэрээнээс татгалзах нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймд миний бие 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б.Атай байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзаж байгаа бөгөөд хуульд заасны дагуу талууд гэрээгээр өгсөн, авснаа буцаадаг тул түүнд шилжүүлэн өгсөн “Б” ХХК-ийн 60% буюу 60 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

1а. Б.Б нь Б.Ад холбогдуулан "Б” ХХК-ийн 60% буюу 60 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ. Гэтэл хариуцагч талаас хувьцааг буцаан шилжүүлэх боломжгүй, компанийн 60%-ийг, “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлэн авсан учир гэрээний үүргээ биелүүлж, компанийн үлдсэн 40%-ийн хувьцааны үнийг нь төлье гэсэн хариу тайлбарыг гаргаад байна. Б.Б, Б.А нар нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, Б.Бнийн 100%-ийн өмчлөлийн “Б” ХХК-ийн бүх хувьцааг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байдаг. Б.А нь гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг төлөөд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ”-ний дагуу “Б” ХХК-ийн 60% буюу 60 ширхэг хувьцааг шилжүүлэн авсан хэдий ч үлдэгдэл 50,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа юм. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01-2017 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.3.6-д заасны дагуу Б.А нь 2017 оны 8 сарын 10-ны өдөр төлбөрөө бүрэн төлж дуусгах ёстой байсан. Уг гэрээний 5.4-т төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэлд хоногийн 0,3%-ийн алданги тооцохоор заасан хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан тул алданги нь гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийн 50% буюу 25,000,000 төгрөг болох юм. Иймд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01 -2017 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 50,000,000 төгрөг, алдангид 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1б. Талуудын хооронд 2017.3.20-нд худалдах худалдан гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу компанийн 100 хувьцааг 100 саяар худалдахаар тохиролцсон. Гэрээний дагуу 50 сая төлснөөр 60 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Улмаар үлдэх төлбөрийг хуваарь гаргаж 4 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш ямар нэг төлбөр төлөгдөөгүй. Анх хувьцаагаа буцаан авахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч талаас тайлбар гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, үлдэх төлбөр болон алданги тооцож нийт 75,000,000 төгрөг шаардана. Иймд гэрээний үндсэн үүрэгт 50 сая алдангид 25,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Эвлэрэх талаар ярихад энэ талаар ярьсан. Нэхэмжлэгч нь алдангийг бууруулахгүй байгаа учир нь 2017 оноос хойш 6 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад хожим үйл ажиллагаа явуулаад олох боломжтой юм. Үйл ажиллагаа явуулаагүй нь алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол баримтаар нотлох ёстой бөгөөд ингэж татгалзлаа нотлоогүй тул алдангийг бүхэлд нь хангаж өгнө үү. 2017.3.15-ны гэрээний үүрэг нэхэж байгаа. Гэрээний 4.6-д үлдэх хувьцаагаа шилжүүлэх талаар заасан байдаг. Итгэмжлэл дээр нотариат дээр алдаа гарсан байна. Гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Хариуцагч нь үндсэн төлбөр болон тодорхой хэмжээний алданги төлөхийг зөвшөөрч байна. Сүүлд 2022 онд төлбөр төлөхийг зөвшөөрч байсан тул хөөн хэлэлцэх хугацааны хувьд хариуцагч зөвшөөрснөөр тасалдаж байсан байна гэв.

 

2.             Хариуцагч Б.А нь шүүхэд, түүний төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь Б.А надад холбогдуулж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Б.А би 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ №01-2017” тоот гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу Б ХХК-ийн 100 хувийн хувьцааг 100.000.000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохиролцсон. Ингээд Б.Бэс “Б” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлж, Б.А би 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл Б ХХК-ийн хувьцаа болон 50.000.000 төгрөг харилцан шилжүүлэгдээгүй. Гэтэл иргэн Б.А миний зүгээс 50.000.000 төгрөгийг Б.Бд шилжүүлж өгчхөөд байхад хувьцааг буцаан авна гэж байгаа нь хууль ёс, шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ №01-2017” тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д “Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа гэрээнд заасан үнийг өөрчлөх, худалдан хувьцааг буцаан авах шаардлага гаргах эрхгүй” гэж заасан байхад Б.Б нь үнийг өөрчлөх гэсэн, мөн үлдэгдэл хувьцааг шилжүүлж өгөхгүй байгаа нь гэрээнд заасантай нийцэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. Нэхэмжлэлийн үндсэн төлбөр 50 саяыг зөвшөөрнө. Алдангийн хувьд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд үйл ажиллагаа явуулахаар төлбөр төлөхөөр тохирсон юм. Гэвч үйл ажиллагаа явуулаагүй тул алдангиас 10 саяыг зөвшөөрөөд үлдэх 15 саяыг зөвшөөрөхгүй. Анхны хэлцэл хэвээр тул ийм маягаар зөвшөөрнө. Нотлох баримт гэж байна татвараас Х тайлан авч болно. Танхимаас мөн үйл ажиллагаа зогссон баримт авч болох байх. 2017.8.10-аас хойш утсаар ярьж байсан. Уулзаж байснаа санахгүй байна. Нэхэмжлэгч нь мөнгөө төлөхийг шаардаад хариуцагч тал үйл ажиллагаа явуулахаараа төлнө гэж хэлсэн ба анх ярьснаараа төлнө гэсэн юм. Харин төлөхгүй гэж байгаагүй. Ойролцоогоор 3-4 удаа утсаар ярьж байсан. Ярианы агуулга нь ижил. 2017 оны сүүл 2018 оны эх хавиар анх ярьсан, дараа нь 2019-2020 оны намар болтол ярьж байгаагүй. 2022 оны сүүл хавиар 2 ч удаа ярьсан. Энэ онд 4 сар болон 6 сард дахиж ярьж байсан. Энэ онд ярихдаа төлбөрт байр өгөх талаар ярьж байсныг хэлж байна гэв.

 

3.             Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 441 дүгээр тодорхойлолт /хх5/, хувьцаа худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх6/

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх26/, “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар /хх28-32/-ыг зохих этгээдээс гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 60,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Б.Б нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох хуулийн этгээдийн 60 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үндсэн төлбөрт 50,000,000 төгрөг, алдангид 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.

 

3.             Хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч шүүх хуралдаанд өөрчилсөн шаардлагаас үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, алдангид 10,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үйл ажиллагаа явуулаагүй, цар тахал болсон гэх үндэслэлээр үлдэх 15,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан.

 

4.             Нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олгосон итгэмжлэлээс үзэхэд захиргааны хэрэгт төлөөлөх эрх олгосон байх боловч итгэмжлэлийн агуулгаас үзэхэд иргэний хэрэг маргааны талаар гэж ойлгогдож байна. Тодруулбал, хуулийн этгээдийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах хэрэгт итгэмжлэл олгосон бөгөөд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх эрх олгогдсон байна. Өөрөөр хэлбэл, захиргааны акттай маргаагүй, харин иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааны талаар итгэмжлэл олгожээ. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нотариат дээр алдаа гарсан гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй гэж үзлээ. /хх36/

 

5.             Зохигчид 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 01-2017 дугаартай хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх6/

Энэхүү гэрээгээр “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нийт 100,000,000 төгрөгөөр  худалдах, худалдан авах, үнийг гэрээ байгуулагдсан өдөр 50,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

 

6.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй.

 

7.             Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Б” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хариуцагч Б.А нь 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн болох нь тус хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх26-28/

Иймд нэхэмжлэгчийг эрхийн зөрчилгүй зүйлийг худалдахаар тохиролцсон гэж үзнэ.

 

8.             Хариуцагч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөг төлсөн, улмаар нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн 60 хувийн хувьцааг худалдан авагчид шилжүүлсэн үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

Гэрээний 4.6-д зааснаар 2017 оны 08 дугаар сарын 10-ны сүүлийн төлбөрийг төлж дуусгаад үлдэх 40 хувийг шилжихээр талууд тохиролцсон байна.

Гэвч хариуцагч нь үлдэх 50,000,000 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй.

8а. Хариуцагчийн төлөөлөгч нь цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа явуулаагүйн улмаас үлдэх төлбөр төлөгдөөгүй гэж тайлбарласан. Энэхүү тайлбар нь худалдах худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь маргаж буй гэрээнд үйл ажиллагааны орлогоор үлдэх төлбөрийг төлөхөөр тохиролцоогүй байна.

 

9.             Гэрээний 6.3-т талууд алдангийн талаар тохиролцсон. Эдгээрээс үзэхэд хариуцагч нь гэрээнд зааснаар үлдэх төлбөр болон алданги төлөх үүрэгтэй байжээ.

 

10.          Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Маргаж буй худалдах худалдан авах гэрээний 4.6-д зааснаар сүүлийн төлбөрийг төлөх байсан 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дээрх хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тоологдож 2020 оны 08 дугаар сарын 10-ны дууссан байна.

10а. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийг төлбөр төлөх талаар зөвшөөрч, мэдэгдэж байснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй.

10б. Харин хариуцагчийн төлөөлөгч нь “2017 оны сүүл, 2018 оны эх хавиар төлбөрийн талаар утсаар ярьсан, дараа нь 2019-2020 оны намар болтол дахиж ярьж байгаагүй. 2022 оны сүүл хавиар 2 ч удаа ярьсан. Ийнхүү ярихдаа төлбөр төлөх талаар л яригдсан. Энэ оны 4 сар болон 6 сард дахиж ярьж байсан. Энэ онд ярихдаа төлбөрт байр өгөх талаар ярьж байсан” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Үүнээс үзэхэд 2018 оны эхээр хариуцагч нь төлбөр төлөхийг зөвшөөрснөөр хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдаж мөн зүйлийн 79.7-д зааснаар тухайн үеэс дахин тоологдож эхэлсэн байна. Гэвч дээрх хуульд зааснаар 3 жил өнгөрснөөр 2021 оны эхээр хөөн хэлэлцэх хугацаа дахин дууссан. Харин хожим нь буюу 2022-2023 онуудад төлбөр төлөхөө зөвшөөрч байсан нь өмнөх дууссан хөөн хэлэлцэх хугацааг сэргээхгүй юм.

 

11.          Нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байжээ.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар үүрэг гүйцэтгэгчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүсдэг.

11а. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дуусах нь шаардах эрхэд хамаарах бөгөөд харин үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэхийг хязгаарлахгүй юм.

Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

12.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлөгдсөн хураамжийг буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Ааас 60,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 125,000 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.Г