Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183

 

                                                                                                                                                                                                                          

                                                                   

                                                                                                                 

                                                                          

 

                             

 

 

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч М.Мөнхцэцэг

шүүгдэгч Б.Шинэбаяр, түүний өмгөөлөгч М.Энхжаргал, Д.Тунгалаг

иргэдийн төлөөлөгч Р.Дугарсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021468 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 1 дүгээр сарын 3-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл; 8, ах, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 75 дугаар гудамж 10 тоотод оршин суух, ялгүй, ЗЮ83010371 дугаарын регистртэй, Дугант овогт Баатарчулууны Шинэбаяр

 

Шүүгдэгч Б.Шинэбаяр 2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Рич” нэртэй зочид буудлын үүдэнд таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Сайндаатай маргалдан түүнийг шатнаас түлхэн унагааж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогч Сайндааг танихгүй. Тэр өглөө архи хувааж уугаад танилцсан юм. Явах гэтэл Сайндаа Эрдэнэбаяр ах бид хоёртой зууралдаад байхаар нь маргалдаж түлхсэн. Гэхдээ түлхэх явцад Сайндаа тэгж гэмтээгүй байх. Яагаад хүнд гэмтэл учирсан гэдгийг мэдэхгүй. Хохирогч Сайндаад 300.000 төгрөг өгсөн гэв.

Хохирогч Б.Сайндаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

Би 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумаас Улаанбаатар хот руу орж ирээд такси бариад Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах Рич нэртэй зочид буудал руу явж байх замдаа хотын төвийн Сакура зочид буудлын орчмоос нэг эмэгтэйтэй танилцаад таксиндаа авч суулгаад буудал руу явсан. Буудалд тэр эмэгтэйтэй хамт нэрийг нь сайн мэдэхгүй байна бид хоёр нэг давхарт байрлах 2 номерийн буудлын өрөөнд ороод пиво ууж юм яриад сууж байгаад орой болж, шөнийн 01 цагийн үед тэр эмэгтэй ажилтай болчихлоо явлаа гээд яваад өгсөн. Би ганцаараа үлдээд пивоо ууж дуусгаад, архи олж уухаар гарсан. Доошоо алхаж байтал таксинд явдаг бололтой машинаас нэг эрэгтэй архи пиво зарж байна гэхээр нь 5000 орчим төгрөгөөр 2 литрийн Боргио пови аваад буцаж зочид буудал руу орж уугаад тэндээсээ буцаж гараад үүрийн 05 цагийн орчим Шинээ, Эрка хоёртой Таац дэлгүүрийн үүдэнд танилцаад хамт архи авч уухаар болоод мөнгөө нийлүүлэх гэтэл би тэр хоёроос биедээ байсан мөнгөө нуугаад, та хоёрт хэдэн төгрөг байгаа юм гэтэл 5000 төгрөг гаргаж ирээд тэр хоёрын нэг нь чи тэгвэл гар утсаа өгчих гээд миний гар утсыг авсан. Тэгээд тэр хавиас нэг дэлгүүрээс Улаанбаатар нэртэй 1 шил архи аваад манай буудал руу орж уусан. Тэндээ маргалдаад буудлын өрөөнөөс гараад үүдэнд барьцалдаж аваад зодолдсон. Яг яаж зодолдсон талаараа санахгүй байна. Сүүлийн 1 шил 0,75 гр Улаанбаатар архийг хувааж уугаад тэр архиндаа бараг тасарсан байсан. Нэг мэдэхэд Шинээ гэх залуутай барьцалдаж, зодолдож байсан. Харин хажууд Эрка бид хоёрын зодооныг салгах гээд дундуур орж ирж байсан. Нэг мэдэхэд намайг түлхэж би газар толгойгоороо баруун талаараа мөргөж унатал Шинээ миний дээр гарч гараараа нүүр рүү 3-4 удаа цуохиод толгой руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөд нь би ухаан алдаад унаснаа санаж байна. Дараа нь ухаан ортол Гэмтлийн эмнэлэгт ирсэн босч чадахгүй, ах, эгч нар ирсэн байсан. Удалгүй цагдаа нар ирээд надаас тайлбар аваад явсан. Миний санаж байгаагаар би гар утсаа буцааж авмаар байна гэж муудалцаад зодоон болсон байх. Өөр зүйл санахгүй байна. Миний биед учирсан гэмтлийг Шинээ гэх залуу зодож учруулсан. Харин хажууд нь байсан Эрка гэх залуу бид хоёрыг салгах гээд оролдоод байсан. Биеийн байдал толгойгоор хатгаж өвдөөд, шөнө нойр хүрэхгүй, зовиуртай хэцүү байна. Эмчилгээний зардал, ажилгүй байсан өдрүүдээ бодож мөнгө авмаар байна. Эрүүл мэндээрээ хохирсонд харамсалтай байна. /хх-н 17-19/ гэжээ.

 

Гэрч Ц.Мөнхзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Рич зочид буудал дээрээ ээлж хүлээлцэж авахаар ажилдаа иртэл урьд шөнө нь 103 номерт байсан гэх Сайндаа гэх залуу гаднаас хоёр эрэгтэй хүн дагуул орж ирэх гэхээр нь буудал руугаа оруулахгүй гэж хэлсэн. Гуйж байгаад саравчтай малгайтай Шинэбаяр гэх залууг нь үүдэнд үлдээгээд 103 номер руу Сайндаатай хамт Эрдэнэбаяр нь ороод тэр хоёр хоорондоо муудалцаад Шинэбаяр гэх биеэр жижгэвтэр залуу нь 103 номерын өрөө рүү ороод удалгүй гурвуулаа гадагшаа гарсан. Гадаа гараад Рич зочид буудлын шатан дээр хохирогч Сайндаа нь Шинэбаяр гэх залуутай барьцалдаж аваад ноцолдож, зодолдоод дундуур нь бор царайтай Эрдэнэбаяр гэх залуу нь салгах гээд оролдоод байсан. Тэгээд ресепшний өрөөний хяналтын камерийн бичлэг үзээд байж байхад Шинэбаяр, Сайндаа гэх хоёр залуу хоорондоо ноцолдож байгаад Шинэбаяр гэх залуу нь Сайндааг түлхэж унагаад, ах нь гэж байсан Эрдэнэбаяр гэх залуу Шинэбаяртай хамт цаашаагаа зугтаагаад яваад өгөхөөр нь би цагдаад дуудлага өгөөд бас түргэний эмнэлэг дуудаж түргэний машин түрүүлж ирээд Сайндааг авч яваад цагдаа нар ирээд нөгөө ах нь гэх Эрдэнэбаярыг барьж аваад явсан. Тухайн үед Эрдэнэбаяр, Шинэбаяр нарыг ямар хувцастай явсан талаар санахгүй байна. Шинэбаяр нь арай намхан туранхай, Эрдэнэбаяр Шинэабаярыгаа бодвол арай өндөр, тарган, туранхай биш хэвийн жинтэй залуу байсан. Хохирогч Сайндаа Рич зочид буудлын өрөө рүү ах Эрдэнэбаяр гэгчийг өрөөндөө оруулаад явуулахгүй гэж хориод, дүү Шинэбаярыг нь оруулахгүй гадаа байлгаж байснаа бөөндөө гадагшаа гараад Сайндаа гэх залуу нь өөрөө эхэлж зодоон эхлүүлсэн. Миний харснаар Сайндаагийн буруутай үйлдэл байсан. Ах, дүү гэх Шинэбаяр, Эрдэнэбаяр нар нь явах гэхэд Сайндаа явуулахгүй гээд муудалцаад байсан. Тухайн үед Эрдэнэбаяр нь согтуу байж тэр хоёрын хоорондуур ороод салгах гээд хүчрэхгүй байсан ба миний харснаар зодоонд оролцоогүй. Харин салгах гээд л үзээд байсан. Манай ресепшний өрөөнөөс дэлгэцээр харахад гадна талын 2 дугаар хяналтын камерт бичигдсэн байсан. Манай ажлын хяналтын камер чанарын хувьд сайн биш, заримдаа алдаа заагаад байдаг талтай. Хяналтын камерийн бичлэгийг нөхөн үзэхэд заримдаа болоод заримдаа болдоггүй юм. Тухайн үед тэд нарыг хоорондоо зодолдож ноцолдоод буудлын гарах хаалганы үүдэнд байхад нь манай ажилчид болиулж байгаад гадагшаа гаргасан. Гадагшаа гарсан үед нь өөр хүн харсан үзсэн талаар би сайн мэдэхгүй байна. Буудлын ресепшний хяналтын камераар би ганцаараа харсан. Тэгээд цагдаа, түргэний эмч дуудсан байгаа. /хх-н 63-65/ гэжээ.

 

Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Сайндаагийн биед ГССҮТ-д гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийж 6703 дугаартай дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтээр Сайндаагийн биед баруун зулайн, чамархайн ар хэсгээр доош хөхлөг сэртэн чихний суваг дайран сфинойд синус, турк эмээл хүрсэн шугаман хугарал, баруун хөхлөг сэртэн, сфинойд хөндийн цус хуралдалт, баруун чамархай, дагз хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн дух, чамархайн хатуу бурхүүл доорх цусан хураа, субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, унах үед аль алинаар нь үүсгэгдэх боломжтой. /хх-н 25/ гэжээ.

 

Шүүгдэгч Б.Шинэбаярын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 52/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 49/,

 

гэрч Баатарчулууны Наранчимэгийн “... Шинэбаяр нь миний төрсөн дүү ба эхээс бид нар тавуулаа. Шинэбаяр Дундговь аймгийн Мандалговь суманд 1983 онд төрж, өссөн ба 1990 оноос Дундговь аймгийн 2 дугаар арван жилд суралцаж 8 дугаар ангийг төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Дараа нь мал маллаж байгаад 2003 онд цэрэгт татагдаж цэргийн албыг нэг жилийн хугацаатай хааж халагдсан. 2004 онд Улаанбаатар хотод орж ирээд 2014 он хүртэл барилгын ажил хийж байгаад 2014 оноос өдийг хүртэл Хэнтий аймагт ажиллаж байгаа. Шинэбаяр эхнэр, хүүхэдгүй, ганц бие, манайд амьдардаг юм. Элдэв муу зуршил байхгүй, баяр ёслолын үеэр л архи дарс хэрэглэдэг. Хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Төлөв даруу мөрөөрөө хүн. Архи дарс уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй, унтаад л өгдөг. Архийг бол байнга уугаад байхгүй. амралттай, ажилгүй байх үедээ хааяа уудаг. Тамхи татдаг” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

 

гэрч Батдоржийн Тунгалагийн “... Шинэбаяр миний нөхөр Ууганбаярын төрсөн дүү нь. Шинэбаяр бүрэн бус дунд боловсролтой, цэргийн алба хаасан. 2004 онд Улаанбаатар хотод орж ирээд 2014 он хүртэл барилгын ажил хийж байгаад 2014 оноос өдийг хүртэл Хэнтий аймагт ажиллаж байгаа. Шинэбаяр үг дуу цөөтөй, хүнтэй нөхөрсөг, элдэв муу зан ааш гаргаад байдаггүй, даруухан хүн. Хааяа архи уудаг. Уусан үедээ хүнтэй хэрэлдэж муудалцаад байдаггүй. Одоогоор эхнэр, хүүхэдгүй. Төрсөн эгч Наранчимэгийн гэрт нь хамт амьдардаг. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 22/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Рич” нэртэй зочид буудлын гадна иргэн Б.Сайндаагийн бие махбодид “баруун зулайн, чамархайн ар хэсгээр доош хөхлөг сэртэн чихний суваг дайран сфинойд синус, турк эмээл хүрсэн шугаман хугарал, баруун хөхлөг сэртэн, сфинойд хөндийн цус хуралдалт, баруун чамархай, дагз хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн дух, чамархайн хатуу бурхүүл доорх цусан хураа, субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт” бүхий хүнд гэмтэл учирсан байна.

Тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.Шинэбаяр, энэ хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байсан Ө.Эрдэнэбаяр гэгч, хохирогч Б.Сайндаа нар хамтдаа байжээ.

Гэмт хэргийн шинжтэй дээрх үйл баримтанд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг буюу “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн,

уг гэмт хэргийг яллагдагч Б.Шинэбаяр үйлдсэн гэж түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд ирүүлсэн байдаг.

 

Улмаар шүүгдэгч Б.Шинэбаярт холбогдох хэргийг тус шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэлэлцээд, түүнийг Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

 

Гэвч ялтан Б.Шинэбаяр болон түүний өмгөөлөгч гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасан байдаг.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаа дахин явагдаж, улмаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт дахин үйлдэж хэргийг 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа дахин хийгдсэн хавтаст хэрэг дэх баримтуудаас үзвэл;

2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хохирогч Б.Сайндааг дахин байцаахад тэрээр “... миний бодлоор би шат руу унаагүй, газар унахдаа чулуу мөргөж унахад Шинэбаяр гэх залуу нь толгойн тус газар цохиж зодсон байх ..., гэхдээ би сайн санахгүй байгаа” гэж /хх-н 163 ар тал/,

2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гэрч Ц.Мөнхзулыг дахин байцаахад тэрээр “... Шинэбаяр нь Сайндааг цохисон, түлхсэн талаар би мэдэхгүй. Камер харж байгаад өөр тийш анхаарал түр сарниад харах хооронд Сайндаа нь шат руу унасан, Шинэбаяр нь цаашаа зугтаж байсан. ... Шинэбаяр цаашаа зугтаж байсан болохоор нь Сайндааг түлхэж унагаад зугтаж байна гэж бодсон юм. ... Эрдэнэбаяр нь огт харагдахгүй байсан. Тэгэхээр энэ хоёроос хол зайтай байсан байх” гэж /хх-н 164 ар тал/ тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Б.Сайндаа нь согтуурлын байдалд байсны улмаас тухайн үед юу болсон гэдгийг тогтвортойгоор тодорхой хэлж чадахгүй байна.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Шинэбаяр нь хохирогч Б.Сайндааг шат руу түлхэж унагаасан гэдгийг гэрчилдэг цор ганц гэрч болох Ц.Мөнхзул нь ”... цохисон, түлхсэн талаар би мэдэхгүй, ... өөр тийш анхаарал түр сарниад харах хооронд Сайндаа шат руу унасан, Шинэбаяр цаашаа зугтаж байсан ...“ гэж эргэлзээтэй мэдүүлжээ.

 

Хохирогч Б.Сайндаагийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Сайндаан биед баруун зулайн, чамархайн ар хэсгээр доош хөхлөг сэртэн чихний суваг дайран сфинойд синус, турк эмээл хүрсэн шугаман хугарал, баруун хөхлөг сэртэн, сфинойд хөндийн цус хуралдалт, баруун чамархай, дагз хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн дух, чамархайн хатуу бурхүүл доорх цусан хураа, субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн 6703 тоот дүгнэлтээр нотлогддог. /хх-н 26/

Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дээрх дүгнэлт нь гэрч Ц.Мөнхзулын мэдүүлэг болон камерын бичлэгт нийцнэ.

 

Гэхдээ тухайн цохиж байгаа үйлдлийг шууд харсан гэх гэрч буюу шууд нотлосон баримт байхгүй, уг үйлдэл санаатайгаар үйлдэгдсэн гэдгийг нотолж чадахгүй байх тул ЭБШХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн зүгээс хохирогчид үзүүлж буй үйлдэл шууд санаатай байсан уу, болгоомгүйн гэм буруу байна уу гэдгийг ялгаж зааглах боломжгүй, энэ байдлыг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар тодорхой үр дүн гарахгүй зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтын шүүх хэрэглэсэн болно.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Шинэбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Шинэбаярт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.

 

Хохирогч Б.Сайндаа 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэхдээ “... би эмчилгээний болон бусад зардалд 300.000 төгрөг нэхэмжилж байна” /хх-н 163 ар тал/ гэсэн байх ба

хохирлын 300.000 төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай баримтууд хавтаст хэрэгт авагджээ. /хх-н 168, 169/

 

Хавтаст хэрэгтэй танилцуулсан тухай баримтанд “... хохирлын 300.000 төгрөг хүлээн авлаа. Дахин нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Уг хэрэгт миний буруутай үйлдэл бас байсан. Иймд Шинэбаярт аль болох хөнгөн ял оногдуулахыг шүүгчдээс хүсэж байна” гэж бичигдэн хохирогч Б.Сайндаа гарын үсгээ зурсан /хх-н 180/ байх тул шүүгдэгч Б.Шинэбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Шинэбаяр 70 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.Шинэбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Дугант овогт Баатарчулууны Шинэбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар Б.Шинэбаярыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Б.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Б.Шинэбаярын цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Хохирогч Б.Сайндаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Б.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан,

мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Шинэбаярын “батлан даалт”-ын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

                                 ШҮҮГЧ                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                    Л.ОЮУН