Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0461

 

 

    2023         05           23                                     128/ШШ2023/0461

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И*******,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: С.Б*******,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо,

Хариуцагчийн төлөөлөгч: В.Г*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э*******, П.Б******* нарын хоорондын сонгуульд оролцох намын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б*******, хариуцагчийн төлөөлөгч В.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. И*******ны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 05/08 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд хандан орон нутгийн хурлын сонгуульд оролцох хүсэлт хүргүүлсэн байна.

1.2. Иын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/11 тоот албан бичгээр “... орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшүүлэх тухай тусдаа журамгүй болохыг тодорхойлж байна” гэжээ.

1.3. Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Иргэний зориг, ногоон намын хороонд хандан “...Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.5 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрэн гүйцэт ирүүлээгүй тул тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дэх заалтыг бүрэн хангаагүй гэж үзэж бүртгэж авахаас татгалзсан болно” гэж мэдэгдсэн байна.

1.4. Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “...Сүхбаатар дүүргийн Иын хороо ...”-г сонгуульд оролцох бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

1.5. И*******ноос 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Иыг оролцуулах бүртгэлд бүртгүүлэхийг Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 01 тоот тогтоолын 2.1 буюу Сүхбаатар дүүргийн Ид хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Иыг сонгуульд оролцуулахаар бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” гэж тодруулжээ.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч И*******ноос тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “И******* 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 63/22 тоот албан бичиг түүний холбогдох шийдвэрүүд болон бичиг баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн хүргүүлсэн болно. Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолын 2.1 дүгээр заалтаар Иын Сүхбаатар дүүргийн намын сонгуулийн хороог сонгуульд оролцох бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нөхөн сонгуульд Иыг оруулахгүй гэж хорьсон Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны тогтоол нь хэд хэдэн зүйлийг зөрчсөн байна. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д хуралд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоор журам гэж байна. Иын дотоод дүрмийн 14.5-д “хуралд дараах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан. 14.5.2-т о”рон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг батлах” мөн дүрмийн 14.5.3-д “орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ батлах” зэрэг эрхүүдийг тодорхой дүрэмдээ заасан. Дүрэм журам хоёр юугаараа ялгаатай вэ гэхэд хоёулаа хуульд нийцүүлнэ гаргасан эрх зүйн баримт бичгүүд юм. Нэг нь улс төрийн намын тухай хууль нөгөөх нь сонгуулийн тухай хуульд нийцэж гарсан. Сонгуулийн хорооны хуулийн хэлтсийн дарга н.Б*******эс энэ тодруулж асуухад би Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны даргатай ярьсан та бүхэн дүрэмд нийцэж заасан байхад журам гэж туйлширч  бусдыг хохироож болохгүй тийм учраас та бүхэн дүрэмд нийцсэн асуудлыг сайн авч үзээрэй улмаар шүүх дээр өөрсдөө унав гэдэг асуудлыг сонгуулийн хороонд тайлбарлаж өгсөн. Манайх дүрмийн 14.5-д маш тодорхой заасан байгаа. Тийм учраас Үндсэн хууль болон Улсын төрийн намын тухай хуульд зааснаар Иыг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны гишүүдийг сонгуульд оролцох мөн сонгох сонгогдох эрхийг хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний зориг  ногоон намаас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 52 хуудас бүхий материал дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн бөгөөд хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам гэсэн баримтыг ирүүлээгүй байдаг. Баримт бичиг хүлээн авах үед хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан баримт бичгүүдээс намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам байхгүй талаар бичиг хэрэг н.Ч*******д хэлж баримт бичиг дутуу гэж гарын үсэг зуруулж авсан. Тухайн өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт тус намын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/11 дугаар бүхий “Тодруулга хүргүүлэх тухай” албан бичгийг авчирч өгсөн. Тус тодруулга албан бичигт намын дүрмийн 14 дүгээр зүйлийн дагуу сонгуульд оролцох эсэх асуудлыг шийдвэрлэдэг тусдаа дотоод журамгүй талаар мэдэгдсэн байна. Тус намын дүрмийн 14 дүгээр зүйлийг харахад 14.5 дахь хэсэгт “Аймаг, дүүрэг, нийслэлийн “Бүгд хурал” дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд: 14.5.1 Тухайн аймаг, дүүрэг, нийслэлийн “Бага хурал”-ын гишүүдийг сонгож, батлах, 14.5.2 Орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг батлах, 14.5.3 Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж батлах, 14.5.4 Тухайн орон нутгийн төр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, 14.5.5 Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэх, бусад намуудтай эвсэх, түншлэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэрийг цуцлах гэж заасан байна. Иймд хуульд заасан баримтаас хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журмын талаарх зохицуулалт байхгүй байх тул Хороогоор хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэж авахаас татгалзсан болно.” гэжээ.

3.2. Хариуцагчийн төлөөлөгч В.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иын нэхэмжлэлтэй танилцсан. Улс төрийн намын 4 дүгээр тойрогт оролцохоор ирсэн хүсэлт болон холбогдох материалтай танилцаад тухайн үед Иаас нэмж тодруулга авсан. Гол асуудал юу вэ гэхээр Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасан. Мөн хуулийн 25.3.5-д “энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам” гэж заасан. Үүний дагуу баримт бичгийн бүрдэл шалгаж үзэхэд энэ бичиг баримтын бүрдэл байхгүй байсан. Тухайн үед бичиг баримтыг хүргэж өгсөн бичгийн хэргийн ажилтанд энэ асуудлыг тайлбарлаад хүлээлгэж өгсөн баримт дээрээ гарын үсэг зуруулсан. Иаас мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонгуулийн хороод энэ хуульд заасны дагуу нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах эрхтэй” гэж заасны дагуу тайлбар хүссэн. Тайлбарын дагуу Иаас манай намд тусгайлсан хуулийн 25.3.5-д заасан намын дотоод журам гэж байхгүй. Дүрмийн 14.5-д заасан дүрмийн заалтаар тухайн асуудлыг зохицуулж явуулдаг гэсэн тодруулга ирүүлсэн. Ингээд сонгуулийн хороо хуралдаад нэгэнт хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу байгаа учраас мөн хуулийн 27.3.3-д зааснаар сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримт бичгийг бүрэн гүйцэд хавсаргасан байна гэсэн заалтыг хангахгүй байгаа учраас 27.4-д “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана” гэж хуульд зааснаар тухайн намын хуульд заасан бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр бүртгэж авах боломжгүй гэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага буюу даалгаж өгөх тухай хүсэлтийг зөвшөөрөхгүй байна. Мөн эвлэрэх боломж байхгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-т “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно гэж заасан. 10-т “Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ” гэсэн заалт байгаа. Мөн Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх” гэж заасан. Хуулийн 5.1.1-д “Тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн /цаашид "иргэн" гэх/ үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, тухайн шатны Хурлын Төлөөлөгчийг сонгох эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 7.4-д “Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална”, 7.4.1-д “хууль дээдлэх”, 7.4.2-т “ил тод байдлыг хангах”, 7.4.3-д “шударга ёсыг сахих”-аар заасан. Хуулийн 25.3-д “Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасан. 25.3.5-д “энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам” гэж заасан. Улс төрийн намын тухай хуулийн 5.1-д “Нам үйл ажиллагаандаа дараах нийтлэг зарчмыг баримтална”, 5.1.1-д “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолыг хангах, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх”, 5.1.2-т “үйл ажиллагаагаа ил тод явуулах”, 5.1.3-д “гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдоход үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох”, 5.1.4-д “дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхын саналаар шийдвэрлэх” гэж заасан. Энэ бүгдээс дүгнэж үзээд тайлбар хэлэхэд хууль тогтоогчоос энэ хуульд заасны дагуу нэр дэвшүүлэх талаарх намын дотоод журамтай байна гэдгийг тогтоож өгсөн. Энэ ямар агуулгатай вэ гэхээр Үндсэн хууль мөн Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ конвенц буюу иргэний эрхийн олон улсын талаарх факт бусад Сонгуулийн тухай хууль мөн Улсын төрийн намын тухай хууль, Аймаг нийслэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох тухай хуульд зааснаар тухайн нам тус шатны сонгуульд өрсөлдөх иргэнийг саяны хуульд заасан зарчмын дагуу илт тод нээлттэйгээр ямар нэгэн ялгах тэгш бус байдлыг үүсгэхгүйгээр бүгдэд нь ижил тэгж боломжийг олгож үйл ажиллагаагаа нээлттэй илт тод буюу тухайн шатны сонгуульд хэн нь өрсөлдөх вэ тэр хүн нь ямар шаардлага шалгуурыг хангасан байх ёстой вэ мөн тухайн нэр дэвшүүлэх ажиллагаа нь ямар зарчим журмын дагуу явах ёстой вэ энэ нь хууль болон бусад хуульд нийцэж байна уу, олонхын эрх ашгийг хангаж байна уу, хувь хүний сонгох сонгогдох эрхийг хөндөж байна уу гэдгийг бүгдийг тодорхойлсон дотоод журамтай байх ёстой.

Асуулт хариултын шатанд 2020 оноос хойш хууль шинэчлэгдэж батлагдсанаас хойш 7 удаа хуралдсан гэдэг тайлбарыг нэхэмжлэгчээс өгсөн. Тэгэхээр энэ хугацаанд намын эрх барих дээд байгууллага нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой дотоод журам батлах ёстой байсан. Яагаад гэвэл Үнсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, мөн Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хууль дээдлэх зарчим агуулгыг улсын төрийн нам болон бүх шатны төрийн байгууллага сонгуулийн байгууллагад үүрэг болгосон. Тэгэхээр нэгэнт хууль баталсан байхад хуулийг хэрэгжүүлээд сахиж мөрдөөд намын нэр дэвшүүлэхтэй холбоотой журмыг батлах ёстой. Иын дүрмийг уншсан. Нэхэмжлэгчээс тавьж байгаа гол тайлбар бол хуулийн 14.5 дах заалт байгаа учраас журам гаргах шаардлагагүй үзсэн гэж байна. Улс төрийн нам бол сонгуульд оролцох замаар эрх хэмжээгээ эдэлж үүргээ хүлээх ёстой. Монгол Улсад 20 гаруй нам үйл ажиллагаа явуулж байгаа. И бол нилээн эхэнд байгуулагдсан намуудын нэг байгаа. Гэтэл өдийг хүртэл хугацаанд хууль шинэчлэгдээд 2020 оноос хойш өнөөдөр хүртэл 3 жилийн хугацаанд нэр дэвшүүлэхтэй холбоотойгоор тусгайлсан журмыг батлаагүй байна. Энэ нь өөрөө Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн. Энэ юугаар нотлогдож байгаа вэ гэхээр дүрмийн 14.5-д орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх бусад намуудтай эвсэх асуудлыг шийдвэрлэх шийдвэрийг цуцлах гэсэн байгаа. Энэ заалтаараа бид нар журамтай адилтгаж үзнэ гэж байгаа. Энэ заалтаар тухайн нэр дэвшүүлэх ажиллагааг сонгох сонгогдох эрхийг хангах үйл ажиллагааг бүрэн төгс шийдвэр гэж үзэхгүй байна. Үүнд ямар ч тодорхой зүйл байхгүй байна. Оролцох эрхтэй гэж зааснаас биш тухайн оролцох эрхийг хангахын тулд тухайн нам ямар үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдгийг журамласан журам байхгүй. Дүрмийн заалтаар бүхэл бүтэн хуульд заасан дотоод журамтай байх хуулийн шаардлагыг үгүйсгэх хууль эрх зүйн болон бусад үндэслэл байхгүй.

Өмнөх сонгууль оролцож байсан өмнө нь мэдэгдэж байгаагүй одоо та нар нэхээд байгаа ямар учиртай вэ энэ намын сонгох сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд нь боломжийн олгож өгнө үү гэдэг асуудал яригдаж байна. Өмнөх сонгуулийн хороог яаж ажилласан талаар би сайн мэдэхгүй. Тухайн сонгуулийн хорооны эрх хэмжээний асуудал юм. Гэхдээ энэ сонгуулийн хорооны гишүүд нэгэнт хуулиар тогтоосон баримт бичгийн бүрдэл байх ёстой тусгайлсан журмын нэгдүгээрт батлаагүй, хоёрдугаарт тухайн журам байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэдгийг мэдэгдсэн. Нэхэмжлэлийн тайлбарт үүнийг харгалзаж үзэхгүйгээр бүртгэхгүй байгаа нь хууль бус гэж байгаа нь өрөөсгөл юм. Монгол Улсын хуулийг биелүүлэх ёстой. Зөвхөн нэхэмжлэгч нам гэхгүй бүх намууд биелүүлэх ёстой. Хуулийг биелүүлээд нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд нийцсэн журмаа ирүүлсэн 2 намыг бүртгэсэн. Иын хувьд баримт бичгийн бүрдэл дутуу учраас бүртгэж аваагүй өөр намын тухайд өөр шалтгаан байсан тэрийг дурдах шаардлагагүй байх. Тэгэхээр дээр дурдсан Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль бусад хууль тогтоомжид заасны дагуу Иыг тухайн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.5-д зааснаар нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх журамгүй байхад бүртгэж авах нь хууль зөрчсөн асуудал болно. Мөн тухайн баримт бичиггүй бүртгэх юм бол бид хуулийг зөрчсөн нөхцөл байдалд өөрсдөө орох учраас Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 27.4-д  заасны дагуу шаардлагыг хангаагүй учир бүртгэхээс татгалзсан. Ямар нэгэн нам хувь хүн эсвэл хэн нэгэн хуулийг биелүүлээгүй хуульд заасан шаардлагыг хангаагүй төлөө бидний эрхийг эдлүүлэхгүй байна гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь өөрөө өрөөсгөл юм. Бүх нам эвсэл нэр дэвшигч нар сонгох сонгогдох эрхээ эдлэх хуульд заасны дагуу сонгуульд оролцох эрхийг хангаж байгаа. Ямар нэгэн тусгайлсан байдлаар нэхэмжлэгчийн намыг эсэргүүцсэн зүйл байхгүй. Бүрдэл шаардлага хангахгүй, хуульд заасан асуудал үүссэн учраас бүртгээгүй асуудал байгаа. Иймд шүүх шийдвэрээ гаргахдаа харгалзаж үзэх байх.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            И*******ноос Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 01 тоот тогтоолын 2.1 заалт буюу Сүхбаатар дүүргийн Ид хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Иыг сонгуульд оролцуулахаар бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... бичиг баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн хүргүүлсэн, орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшүүлэх үйл ажиллагааг намын дүрмээр зохицуулдаг байхад бүртгэхээс татгалзсан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна. Тодруулбал,

1. И*******ноос Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 05/08 тоот албан бичгээр сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, тус хүсэлтдээ:

- Сүхбаатар дүүргийн намын хорооны бага хурлын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай тогтоол,

- Иын улсын бүртгэлийн гэрчилгээ,

- И*******ны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 05/07 тоот албан бичиг,

- Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин болон нөхөн сонгуулийн мөрийн хөтөлбөр,

            - Үндэсний аудитын газрын Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 903 тоот “Мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг,

            - Үндэсний аудитын газрын Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2023 оны 904 тоот “Хандивын тайлангийн дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг,

            - Сонгуульд оролцох нам, эвсэлд иргэнээс өгсөн хандивын тайлангийн маягт,

            - Сонгуульд оролцох нам, эвсэлд хуулийн этгээдээс өгсөн хандивын тайлангийн маягт,

            - И*******ны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 05/09 тоот “Сонгуулийн штабд ажиллах хүмүүсийн мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг,

- Иын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 05/11 тоот “Тодруулга хүргүүлэх тухай” албан бичиг,

- Иын гишүүдэд зориулсан тус намын үзэл баримтлал, Иын дүрэм, журмууд бүхий гарын авлага зэргийг хавсарган өгсөн байна.  

2. Мөн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 04 дүгээр тойргийн сонгуулийн хорооны “Сонгуульд оролцохоо илэрхийлсэн намаас ирүүлсэн баримт бичгийг хүлээн авсан хүснэгт”-ийн 6 дахь хэсэгт “Хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам”-ын нэмэлт тайлбарт “дутуу, тусгайлсан журам байхгүй тайлбар өгсөн” гэсэн тэмдэглэгээг хийжээ.

3. Монгол хэлний тайлбар тольд “журам” гэдэг үгийн утгыг “Хууль зүй, хэв суртлыг дагаж тогтсон ёс зарчим” гэж, “дотоод журам” гэдэг хоршоо үгийн утгыг “байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх тусгай дүрэм ёс” гэж тайлбарлажээ. /https://mongoltoli.mn/dictionary/detail/43991/.

4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн “Нам, эвслээс сонгуульд оролцох” гэсэн тавдугаар бүлгийн 25 дугаар зүйлд “Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх”, 26 дугаар зүйлд “Намуудын эвсэл”, 27 дугаар зүйлд “Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх” гэж үйл ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулсан байх ба 25.3.5-т намаас сонгуульд оролцох тухай хүсэлтдээ “энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журмыг хавсаргах”-аар, 27 дугаар зүйлийн 27.3-т “Дараах шаардлагыг хангасан намыг бүртгэх”-ээр, 27.3.3-д “хавсаргах баримт бичгийг бүрэн гүйцэд хавсаргасан”, 27.4-т “27.3-т заасан шаардлагыг хангаагүй бол нас, эвслийг бүртгэхээс татгалзах”-аар заажээ.

5. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд намаас оролцох хуулийн дээрх зохицуулалтууд болон хэргийн оролцогчдын маргаж буй журам гэсэн үгийн утгыг нэгтгэн авч үзвэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.3-т “...нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам” гэж заасан нь тусдаа эрх зүйн баримт бичиг байх гэсэн агуулгагүй байна. Учир нь: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.3-т заасан “Журам” нь,

5.1. Үгийн шууд утгаар авч үзвэл, дээрх журам нь сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд тогтсон ёс буюу заншлын хэм хэмжээ байна.

5.2. Дотоод гэсэн үгтэй хоршсон утгаар нь авч үзвэл, тухайн намаас сонгуульд оролцох нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагааг зохицуулсан дотоод хэм хэмжээ байхаар байна.

6. Түүнчлэн дээрх “журам” гэх ойлголтыг Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна”, 11.2-т “Намын дүрэмд дараахь нийтлэг зүйлийг тусгана:”, 11.2.8-д “сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, хүйсийн тэгш байдлыг хангах зарчим” гэж заасантай системчлэн авч үзвэл, тухайн намаас сонгуульд оролцох нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагааг дүрмээр зохицуулж болно гэж ойлгох ба Сүхбаатар дүүргийн Намын хорооноос Сонгуулийн хороонд хүргүүлсэн “Иын дүрэм”-ийн 14.5-д “Аймаг, дүүрэг, нийслэлийн “Бүгд хурал” дараах асуудлыг  хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:”, 14.5.3-т “орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж батлах”, 14.5.5-д “орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэх, бусад намуудтай эвсэх, түншлэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэрийг цуцлах” гэж заасан байх тул тус нам нь “нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам”-тай гэж үзнэ.

7. Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооноос нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын тусдаа дотоод журам байхгүй гэсэн үндэслэлээр намыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзах үндэслэлгүй байжээ.

8. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцох намаас бүрдүүлж Сонгуулийн хороонд хүргүүлэхээр хуульд заасан “нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам” нь нэг заалт, эсхүл нилээн хэдэн заалтаар зохицуулагдсан эсэхээс үл хамааран нэр дэвшүүлэх үйл ажиллагааг буюу процессыг журамласан зохицуулалт байхыг шаардаж байх бөгөөд И нь сонгуульд нэр дэвшүүлэх нэр дэвшигчийг “Бүгд хурал”-аараа хэлэлцэж батлах журмыг дүрмээрээ тогтоосон байхад хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн уг зохицуулалтыг өргөжүүлэн тайлбарлаж “тусдаа бие даасан журам гэсэн эрх зүйн баримт бичиг” ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тус намыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан нь буруу байна.  

9. Түүнчлэн дээрх 5 дахь хэсэгт дурьдсанчлан “Нам, эвслээс сонгуульд оролцох” үйл ажиллагааг хууль тогтоогчоос тусдаа нэг бүлэг болгон хуульчилснаас үзвэл, энэ үйл ажиллагаа нь тухайн намын “дотоод”-доо шийдвэрлэж гаргасан шийдвэрүүдийг сонгуулийн хороонд хүргүүлэх үйл ажиллагаа байх тул “Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл”-ийн дотоод үйл ажиллагаанд захиргааны байгууллагаас оролцож тусдаа журам батлахыг шаардах үндэслэлгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “дотоод журмыг тусдаа батлах ёстой байсан” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

10. Хариуцагчийн төлөөлөгчөөс “нам нь хууль дээдлэх зарчмын хүрээнд намын гишүүддээ сонгуульд нэр дэвших, тэгш боломж олгох үүрэгтэй” хэмээн тайлбарлан маргах боловч энэ нь мөн намын үйл ажиллагааны дотоод журамд хамаарахаар байна.

11. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн “хууль тогтоогчоос хуульд нийцсэн нэр дэвшүүлэх дотоод журам хавсаргахаар хуульчилсан” гэх тайлбар зөв боловч хуулийн энэхүү агуулга нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар тогтоосон нийтлэг болон намаас нэр дэвшүүлэх журамд нийцэхгүй “нэр дэвшүүлэх журам” тогтоохоос сэргийлсэн агуулгатай байна.

11.1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн “Төлөөлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх” гэсэн зургадугаар бүлгийн 28 дугаар зүйлд “Нэр дэвшүүлэх нийтлэг журам”, 29 дүгээр зүйлд “Нам, эвслээс нэр дэвшүүлэх” гэж нэр дэвшүүлэх үйл ажиллагааг “Нам, эвсэл сонгуульд оролцох” үйл ажиллагаанаас тусад нь бүлэг болгон хуульчилсан байх тул хуулийн 25.3.3-т заасан“...нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам” нь нам, эвслээс сонгуульд оролцох харилцаанд хамаархгүй.

11.2. Мөн нэхэмжлэгчээс “Иын дүрэм”-ийн 14.5-д “Аймаг, дүүрэг, нийслэлийн “Бүгд хурал” дараах асуудлыг  хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:”, 14.5.3-т “орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж батлах” гэж “...нэр дэвшүүлэх ажиллагаа”-ны дотоод журмаа тогтоосон нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын аймаг, нийслэл, сум, дүүргийн намын байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууц санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заасантай агуулгын хувьд зөрчилдөхгүй байна.

12. Иймд И нь агуулгын хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар тогтоосон нэр дэвшүүлэх нийтлэг журам болон намаас нэр дэвшүүлэх журамд нийцсэн “...сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны дотоод журам”-ыг дүрмээрээ тогтоосон гэж үзэхээр байхын зэрэгцээ нам эвслээс нэр дэвшүүлэх ажиллагааны явцад намын гишүүддээ сонгуульд нэр дэвших, тэгш боломж олгосон эсэх асуудал нь захиргааны байгууллагын хяналтын цар хүрээнд хамаарахгүй тул сонгуульд оролцох намыг бүртгэхээс татгалзах үндэслэл болохооргүй.

13. Хариуцагчийн төлөөлөгчөөс сонгуульд заасан намыг бүртгэхээс татгалзахдаа “нэр дэвшүүлэх үйл ажиллагааны талаарх намын дотоод журам гэсэн тусдаа баримт бичгийг ирүүлээгүй, хууль батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд уг журмыг батлах боломжтой байсан” гэж маргасан ба хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2, 27.3.4-37.3.6-д заасан намыг бүртгэхээс татгалзах бусад үндэслэл байгаагүй тухайд маргаагүй.

14. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Иаас Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.3.3-т заасныг баримтлан И*******ноос Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоолын 2.1 дэх хэсэгт Сүхбаатар дүүргийн Иын хороо гэснийг хүчингүй болгож, сонгуульд оролцуулахаар бүртгэхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ