Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 013/2016/00775/и |
Дугаар | 001/ХТ2016/00775 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2016/00775
Н.Ганзоригийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 138/ШШ2016/00206 дугаар шийдвэр,
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 201/МА2016/00013 дугаар магадлалтай,
Н.Ганзоригийн нэхэмжлэлтэй,
Д.Дамдинсүрэнд холбогдох
Гэрээний үүргээс учирсан гэм хорын хохиролд 4.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Д.Дамдинсүрэнтэй малчнаар ажиллуулахаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл Д.Дамдинсүрэн нь 4 сарын хугацаанд 49 толгой хонь ямааг үхсэн гэж зарлага бичиж байгаа нь цаанаа үнэмшил муутай байсан учраас цагдаагийн байгууллагаар шалгуулахад шүүхэд ханд гэсэн. Ингээд удаа дараагийн тооллогоор мал дутагдуулж байсан бөгөөд 2014 оны 8 сарын 04-ний өдөр хонь ямаагаа тоолоход 18 толгой хонь үхсэн гэж тэмдэглэсэн боловч сэг зэмээ үзүүлдэггүй. Үүнээс хойш 9 сарын 02-ны өдөр 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр малаа очиж тоолсон. Мал тоолох үед Д.Дамдинсүрэн эхнэртэйгээ байгаагүй. Ингээд Д.Дамдинсүрэнгийн ах болон өөр 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр малаа тоолсон бөгөөд 478 хонь, 452 ямаа буюу нийт 930 толгой мал байснаас 2 ямаа 18 хонийг зарлагадаж 910 толгой мал үлдээгээд явсан. Явахдаа үхсэн малынхаа сэг зэмийг хадгалж байхыг үүрэг болгосон бөгөөд энэ тухайгаа Д.Дамдинсүрэнд утсаар хүртэл хэлж байсан. Ингээд 2014 оны 9 сарын 13-ны өдөр Д.Дамдинсүрэн утсаар ярихдаа ирж малаа тоолж ав, өөр айлын мал харахаар боллоо гэсэн. Ингээд зар өгч байгаад малчин олоод очих гэсээр байтал 9 сарын 27 болсон. 9 сарын 27-ны өдөр малаа тоолоход 444 толгой хонь, 440 толгой ямаа буюу нийт 884 толгой мал байсан. Үүнээс 45 толгой мал нь Д.Дамдинсүрэнгийн имтэй хонь ямаа байсныг Д.Дамдинсүрэн аваад, шинээр авсан малчиндаа 839 толгой мал хүлээлгэж өгсөн. Д.Дамдинсүрэнгийн 45 толгой мал 9 сарын 2-ны өдөр тоолсон 910 толгой малд тоологдсон байгаа. Ингээд тооцоогоор 26 толгой мал дутсан бөгөөд үүнээс сэг зэм нь үлдсэн 4 толгой малыг хасаад 22 толгой мал буюу 12 толгой хонь, 10 толгой ямаа дутсан. Миний бие өмнө нь 22 толгой малыг нэг бүрийг 100.000 төгрөгөөр тооцож байсан боловч Цагаан-Овоо сумын ИТХ-ын малын жишиг үнэлгээ гарсан тул энэ үнэлгээний төл малын үнэлгээгээр нэг хонийг 150.000 төгрөгөөр, нэг ямааг 100.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Бид малаа тоолохдоо хурга ишгээр нь ялгадаггүй, хонь ямаагаар нь толгойгоор нь тоолдог. Үүнийхээ дагуу дутсан хонь ямааг хурга ишиг гэж ялгаагүй бөгөөд жишиг үнэлгээний төл малын үнэлгээгээр үнэлсэн гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн Д.Дамдинсүрэн нь манайхаас малаа авч явахдаа манай малаас 2 хонь, 10 ямааг илүү авч явсан байна. Учир нь Д.Дамдинсүрэн 7 сарын 31-ний өдөр өөрийнхөө 62 толгой малыг авчирч манай малд нийлүүлсэн. Үүнээс хойш н.Нарантуяагийн тооцооны дэвтрээс харахад 8 сарын 13-ны өдөр эхнэр н.Нарантуяа нь 25 толгой хонь буюу 20 хурга 5 төлөг зах дээр зарсан байсныг нь би мэдсэн. Мөн дараа нь 5 ямаа 1 хонь буюу 6 тооны мал бас зарсан байсан. Туулга хийсний дараа 1 хурга 1 ишиг үхсэн. Мөн 8 сард хуриманд 1 хонь, 1 ямаа идсэн. Авчирсан 62 тооны малаас зарлагадсан 35 малыг хасахаар 27 тооны мал үлдээд байна. Тэгэхэд Д.Дамдинсүрэн 45 толгой мал авч явсан. Гэхдээ энэ 45 толгой малд манай “им” тэмдэгтэй мал байхгүй. Тэгэхээр Д.Дамдинсүрэн манай малаас зарж үрж байсан гэж харагдаад байгаа учраас илүү авч явсан 12 толгой малын үнэ 1.300.000 төгрөгийг нэмээд нийт 4.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Манайх 2014 оны 9 сарын 02-ны өдөр малаа тоолчхоод тарилга туулга хийсэн нь үнэн. Манай хүү Г.Мөнх-Эрдэнэ мал эмнэлэг зүйн мэргэжлээр төгссөн боловч мал эмчлэх зөвшөөрөл аваагүй байсан. Малчин хүн өөрсдөө малдаа тарилга туулга хийж болохгүй гэдгийг би мэднэ. Зөвшөөрөлгүй хүнээр тарилга туулгалт хийлгэсэн буруугаа би зөвшөөрч байна. Хэдийгээр би буруутай боловч малд тарилга туулга хийсний дараа мал үхээд байгаа талаараа тодорхой хэлж мэдэгдээгүй, гэрээнд заасны дагуу эмч дуудаж үзүүлээгүй, үхсэн малын сэг зэмийг хадгалах ёстой гэдгээ мэдэж байж үхсэн малын сэг зэмээ үзүүлээгүй. Үхсэн малын сэг зэмээс 4 сэг зэм, 2 арьс үзүүлсэн учраас би дутсан малаас 4 сэг зэмийг нь хасч тооцсон, 2 арьс нь хэдэн сарын өмнө үхсэн малын арьс байсан учраас би зөвшөөрөөгүй. Үнэхээр тарилга туулгаас болж мал үхээд сэг зэм нь байсан бол би нэхэмжлэлээсээ хасч болно, гэтэл сэг зэм байгаагүй. Д.Дамдинсүрэнгийнх 4 сарын хугацаад 49 толгой малыг шувуу барьсан, чоно идсэн, үхсэн гэж зарлагадсан байсныг нь би нэхэмжлээгүй, зөвхөн 9 сарын 2-ны өдөр тоолсон 910 толгой малаас дутагдуулсан малаа л нэхэмжилж байна. Д.Дамдинсүрэн, эхнэр н.Нарантуяа нар 910 толгой мал үлдээхэд тоо нь буруу байна гэж маргаагүй, өөрсдөө хүлээн зөвшөөрч байсан” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Н.Ганзоригтой тохиролцож түүний бог малыг маллахаар болсон. Үхэр адууг нь өөр хүн малладаг. Тэгээд түүнээс 800 гаруй толгой хонь ямаа хүлээж авсан. Н.Ганзориг нь 2014 оны 9 сарын 2-ны өдөр ирж малдаа туулга, тариа хийгээд явсан бөгөөд 9 сарын 3-ны өдрөөс эхлэн мал нь үхэж эхлээд 13 толгой хурга үхсэн. Тарилга хийхийн өмнө мал нь эцэж ядраад хамуурч үхэж эхэлсэн бөгөөд энэ талаар түүнд хэлсэн боловч арга хэмжээ аваагүй. Үхсэн малыг нь зарлага хийж тэмдэглэж байсан. 7 сарын 27-ны өдөр малаа тоолохдоо 4-5 толгой мал нэмж тоолоод байсныг нь хэлэхэд мэдсэнгүй гэж хэлж байсан хүн. Н.Ганзориг нь өөрөө тооцооны дэвтэртэй байж манай тооцооны дэвтрийг аваад явсан. Ингээд бидний хооронд маргаан үүссэн бөгөөд би малаа тоолж ав гэж хэлсэн. Ингээд 9 сарын 27-ны өдөр ирээд малаа тоолоод бүрэн бүтэн болно гээд явсан. Гэтэл дараа нь мал дутаасан гэж шүүхэд өгсөн байсан. Бид түүний малаас идэж ашиглаагүй, харин өөрөө тариа хийснээс болж мал нь үхсэн бөгөөд сэг зэмийг нь цуглуул гэхэд нь бүгдийг нь тракторын чиргүүл дээр хурааж тухай бүрт нь хэлж байсан” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн гаргасан тайлбарт: “Нөхөр Д.Дамдинсүрэн бичиг үсэг сайн мэдэхгүй, хэл үг муутай болохоор би түүнийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Манайх 2014 оны 5 сарын 13-ны өдрөөс эхлэн Н.Ганзоригийн хонь ямааг маллаж байсан. Малаа хүлээж авахдаа хонь ямаа нийлсэн толгойгоор нь нийт 809 толгой мал хүлээж авч байсан. Дотор нь хурга, ишиг гэх мэтээр насаар нь тоолж хүлээж аваагүй, малаа тоолохдоо ч хонь ямаагаар нь тоолдог байсан. Эдний мал туранхай эцэнхий ядарч сульдсан, хамуурсан мал байсан учраас голдуу хурга ишигнүүд нь үхээд байсан. Үхсэн мал болгоныг нь тэмдэглэж байсан. 9 сарын 02-ны өдөр Н.Ганзориг бид хоёрыг байхгүй байхад ирж малаа тоолоод 910 толгой мал үлдээгээд явсан байсан. Энэ тоог бид өөрсдөө байгаагүй учраас яг 910 толгой байсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэвч бид дахин нягталж тоолж үзээгүй. Н.Ганзориг ах малаа тоолчхоод хүүтэйгээ хоёулаа тарилга туулга хийсэн гэсэн. Өттэй малдаа сайн хийнэ, өт нь гадагшилна гээд хийгээд байсан гэсэн. Туулга, тарилга хийсний дараагаас эхлэн хурга ишигнүүд нь үхээд эхэлсэн. Голдуу хурга үхсэн. Түүнээс том хонь ямаа бол үхээгүй. Хурга нь үхээд эхлэхээр нь бид Н.Ганзориг ах руу хэл хүргүүлсэн. Н.Ганзориг ирээгүй. Бид үхсэн малыг нь тракторын тэвшин дээр хураагаад байсан боловч үхсэн мал дарагдаад тэр гэхийн оргүй болсон байсан. Миний бие өөрөө малынхаа дансыг хөтөлдөг бөгөөд 9 сарын 13-ныг хүртэл үхсэн 9 хургыг нь тэмдэглэсэн. 13-ны өдрөөс хойш би эмчилгээнд аймгийн төвд ирсэн. Түүнээс хойш 4 хурга үхсэн гэсэн. Нийт 13 толгой мал үхсэн. Н.Ганзориг өөрөө биднийг байхгүйд бидний зөвшөөрөлгүйгээр малын эмч биш хүнээр малдаа тарилга хийсэн учраас мал нь үхсэн. Энд бидний буруу байхгүй. Дутаасан гээд байгаа 26 толгой малаас 13 хурга нь үхсэн. 13 хонь ямаа дутах үндэслэл байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнээс гадна 7 сард манайх өөрийнхөө 74 толгой малыг авчирсан. Тусад нь малаа хашиж байгаад Н.Ганзориг ахад хэлээд нийлүүлсэн. Би өөрийнхөө малаас 7 сард 25 хонь зарсан. Үүнийгээ зарлагаар бичээгүй байж байгаад 8 сарын 13-ны өдөр нөхөж тэмдэглэсэн. Мөн 6 хонь ямаа зарсан. Хуриманд 2 хонь ямаа хэрэглэсэн. Туулга хийсний дараа 1 ишиг, 1 хурга үхсэн. Малаа авч явахдаа өөрийнхөө имтэй 45 хонь ямаагаа л авч явсан. Эдний малаас илүү мал авч яваагүй. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 138/ШШ2016/00206 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Дамдинсүрэнгээс гэрээний үүргээс учирсан гэм хорын хохиролд 11 толгой бог малын үнэ 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ганзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.500 төгрөгөөс 80.550 төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 14.950 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Д.Дамдинсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 37.350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Ганзоригт олгож шийдвэрлэжээ.
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 201/МА2016/00013 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 138/ШШ2016/00206 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “229 дүгээр зүйлийн 229.2” гэснийг хасаж, мөн “11 толгой бог мал” гэснийг “22 толгой бог мал” гэж, “1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/” гэснийг “2.800.000 /хоёр сая найман зуун мянга/” гэж, “2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ гэснийг “1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ гэж, мөн 2 дахь заалтанд “37.350” гэснийг “59.750 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Ганзоригийн “12 толгой малын үнэ 1.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Шийдвэр, магадлал нь үндэслэл бүхий бус байх бөгөөд нотлох баримтыг нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзээд гомдолтой байна. Шүүхээс гарсан магадлалын үндэслэл нь 22 толгой малыг тарилга хийлгэснээс болж үхэж хорогдсон гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Бид тарилга хийлгэснээс болж жижиг ядруу төл мал хорогдоод байна гэдгийг нотлох баримт болох малчны тэмдэглэл хөтөлсөн баримт, түүнийг давхар нотолсон гэрч н.Өгөдэй, н.Баянбаатар, н.Нарантуяа нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Энэ нь төл мал үхэж хорогдоод байсан гэдгийг нотолж байна. Мөн малын мэргэжлийн эмчийн тайлбар, мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр мэргэжлийн бус эмчлэх зөвшөөрөлгүй хүнээр малд тарилга туулга хийлгэж болохгүй, тарилга туулга нь малын кг жин тутамд тохирсон байх шаардлагатай гэж дүгнэсэн байгаа нь малын эзэн Н.Ганзоригийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэдэг нь баримтаар нотлогдсон. Мал үхсэн шалтгааныг тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч энэ байдлыг тогтоох боломжгүй байсан хэдий боловч мал нь тарилгаас уу, өөр шалтгаанаас болж хорогдол гарсан гэдэг нь маргашгүй үнэн. Зөвхөн сэг зэм, арьсыг хадгалж байх үүргээ биелүүлээгүй гэж өрөөсгөл хандаж байгаа нь буруу. Анх энэ хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн байхад Д.Дамдинсүрэн нь өмгөөлөгчөөр Х.Ганчулууныг аваад үхсэн хурганы сэг зэмийг фото зургаар бэхжүүлэн авч шүүхэд үзүүлж байсан боловч хэргийн материалд хавсаргаагүй болохыг би сүүлд мэдсэн. Гэхдээ энэ тухай Н.Ганзориг ч өөрийн нүдээр чиргүүл дээр хураалгаатай байсан болохыг харсан хэрнээ шүүхэд энэ байдлыг байх нь байсан хэдийд үхсэн гэхийг би мэдэхгүй гэж тайлбарлаж байгааг шүүх анхаарч үзээгүй. Гэрчүүд тракторын чиргүүл дээр үхсэн хургаа ачаад байсан болохыг нотолдог. Тэгэхээр хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлийг шүүх дутуу үнэлж байгаа нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд нөлөөлж байна. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Тухайн үед миний бие хөдөө ажилтай байсан өмгөөлөгч маань хуралтай байсан энэ шалтгааныг тодруулаад нэг удаа хойшлуулж шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмыг хангах боломжтой байсан боловч ингэж шийдвэрлээгүй нь хариуцагчийн эрхийг зөрчиж байна. Хатсан арьс байсан гэснээр хургыг үхсэн болохыг үгүйсгэхгүй юм. Тухайн цаг хугацаанд гадаа нар салхинд байсан арьс 4 хонохгүй хатаж умайж байгааг нүдээр үзээгүй хүн ч мэднэ. Гэтэл нэхэмжлэгч өнгөрсөн жил үхсэн бололтой хэдэн хатсан арьс байсан гэдгийг анхаарахгүй хариуцагчийн гаргаж буй нотлох баримтыг үгүйсгэж байна. Иймд хариуцагчийн татгалзаж буй үндэслэл үнэн зөв бөгөөд нотлох баримтаар нотлогдож байх тул тухайн үхэж үрэгдсэн малыг өөрийн буруугаас болж хорогдуулаагүй болохыг анхааран үзэж нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н.Ганзориг нь гэрээгээр маллаж байсан малнаас дутагдуулсан 22 толгой бог малын үнэ гэж 2.200.000 төгрөгийг хариуцагч Д.Дамдинсүрэнгээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 22 толгой малын үнэлгээг өөрчилж 2.800.000 төгрөг, хариуцагчийн илүү авч явсан малын үнэ гэж 1.300.000 төгрөг буюу нийт 4.100.000 төгрөг гаргуулна гэжээ.
Д.Дамдинсүрэн нь 2014 оны 5 сарын 14-ний өдрөөс эхлэн Н.Ганзоригийн суурийн бог малыг хариулга, маллагааны горимын дагуу хариулж маллах, нэхэмжлэгч Н.Ганзориг нь малчны цалин хөлсийг сар бүрийн эцэст нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон олгох гол нөхцлийг харилцан тохиролцож, нэг жилийн хугацаатай байгуулсан хэлцлийг “хөдөлмөрийн гэрээ” гэж нэрлэн, нэхэмжлэгчийн 809 толгой бог малыг анх хүлээн авч, малыг хариулж байсан ба талууд энэ талаар маргаагүй байна.
Хариуцагч 2014 оны 09 сарын 13-ны өдөр өөр айлын мал маллахаар болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан бөгөөд 2014 оны 09 сарын 27-ны өдөр Н.Ганзоригийн хийсэн тооллогоор түүний малнаас 22 толгойг дутагдуулсан байх тул хариуцагч Д.Дамдинсүрэн нь нэхэмжлэгчид учруулсан хохирлыг арилгах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д нийцнэ гэж үзэхдээ анхан шатны шүүх гэрээний үүргийн эрх зүйн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлжээ.
Мал эмнэлгийн нэгжийн итгэмжлэгдсэн малын эмч мэргэжилтнүүдээр тухайн сумын Засаг дарга, малын эмч, малчин нарын хамтарсан гурвалсан гэрээгээр зохицуулагдан хийгддэг мал эмнэлгийн ажил үйлчилгээ буюу малд тарилга туулгалт хийх ажлыг нэхэмжлэгч Н.Ганзориг нь зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн хийсэн болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд 22 толгой мал хорогдоход нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь нөлөөлсөн гэж дүгнэн, хохирлын хэмжээг 50 хувиар багасгаж, нийт 11 толгой бог малын үнэ 1.400.000 төгрөгийг хариуцагч Д.Дамдинсүрэнгээс гаргуулан нэхэмжлэгч Н.Ганзоригт олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагч Д.Дамдинсүрэн нь нэхэмжлэгчээс 12 толгой бог малыг илүү авч явсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дагуу үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “...нэхэмжлэгч Н.Ганзориг нь өөрийн малд дур мэдэн зөвшөөрөлгүйгээр тарилга хийлгэснээс мал хорогдсонд гэм буруутай гэж үзэж, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж буруутган шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгоно.
Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д зааснаар иргэд хоорондоо харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болох бөгөөд мөн хуулийн 369.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэж болохоор заасан боловч зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль хэрэглээний хувьд буруу гэж үзнэ. Учир нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх тохиолдолд энэ харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн зохицуулалт хэрэгжих учиртай. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, гэрээний зүйлээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь хууль хэрэглээний хувьд зөв тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 201/МА2016/00013 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 138/ШШ2016/00206 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1,...” гэснийг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 80.550 /наян мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН