| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0382/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/489 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/489
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.***********,
улсын яллагч Ц.Лхамсүрэн,
хохирогч Т.***********, Б.***********,
шүүгдэгч Э.*********** нарыг оролцуулан,
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.***********д холбогдох эрүүгийн 2425005790246 дугаартай, 312/2025/0382/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:
Шүүгдэгч Э.*********** нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн *********** сумын *********** багийн ***********тоот 36.8 мкв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч биш атлаа хямд үнээр худалдана гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Т.***********гаас нийт 19,430,000 төгрөгийг авч залилсан,
2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн ***********сумын *********** багийн ***********тоот 36.8 мкв бүхий 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн ***********дугаартай өмчлөх эрхийн хуурамч гэрчилгээг ашиглан хохирогч Б.***********д өөрийгөө үл хөдлөх эд хөрөнгөтэй гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан зээлээ хаагаад буцааж төлнө гэж хуурч 9,300,000 төгрөг авч залилсан,
2024 оны 09 дүгээр сард Орхон аймгийн ***********сумын *********** багийн 2 дугаар хороолол ***********тоот 36.8 мкв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мэтээр өөрийнхөө нэрийг оруулан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ***********дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ буюу эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, уг гэрчилгээг хохирогч Б.***********д үзүүлэн 9,300,000 төгрөгийн зээл авч хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.***********, хохирогч Т.***********, Б.*********** нарын мэдүүлэг эрүүгийн 2425005790246 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.*********** нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн *********** сумын *********** багийн *********** тоот 36.8 мкв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч биш атлаа хямд үнээр худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Т.***********гаас 10 удаагийн үйлдлээр нийт 19,430,000 төгрөгийг авч залилсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн ***********сумын *********** багийн ***********тоот 36.8 мкв бүхий 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн ***********дугаартай өмчлөх эрхийн хуурамч гэрчилгээ, е-монголиа цахим сангаас авсан үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагааг ашиглан хохирогч Б.***********д өөрийгөө үл хөдлөх эд хөрөнгөтэй гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан зээлээ хаагаад буцааж төлнө гэж хуурч 9,300,000 төгрөг авч залилсан,
2024 оны 09 дүгээр сард Орхон аймгийн ***********сумын *********** багийн 2 дугаар хороолол *********** тоот 36.8 мкв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мэтээр өөрийнхөө нэрийг оруулан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ***********дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ буюу эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, уг гэрчилгээг хохирогч Б.***********д үзүүлэн 9,300,000 төгрөгийн зээл авч хуурамч баримт бичиг ашигласан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.***********гийн өгсөн: “...Миний буруу, мэдүүлэг өгөхгүй. Хохирогч нарын хохирлыг цалингийн зээл аваад барагдуулна...” гэх мэдүүлэг,
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.***********гийн өгсөн: “... Анх 9.300.000 төгрөгийг ахаасаа цалингийн зээл авхуулаад энэ хүнд өгсөн. Бид 2 нэг нэгнийгээ танихгүй зээл хаагаад 3 хоногийн дотор өгнө гэж ярьж байсан. Тэгээд 3 хоног болоод өгөөгүй одоо нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Тэрнээс хойш цагдаагийн байгууллагад шалгуулаад мэдүүлэг өгөөд явж байгаад мөнгөө авах ёстой юм байна гээд нөхөртэйгөө Орхон аймагт ирсэн. Ирээд мөнгөө яаж авах бэ гэхэд дүүгийнхээ И-Монголиаг оруулсан утастай ирээд манай дүү байгаа юм зээл аваад өгье, гэхдээ өмнөх зээлийг нь хаалгуулъя гэж өөрөө анх манай нөхөр бид хоёр дээр ирж байсан. Ингэж тохиролцоод утсаа авахгүй 7, 8 хоног алга болсон. Би Орхон аймагт 14 хоног ажлаа орхин байж байсан. Тэгээд Э.*********** болон дүүтэй нь уулзсан тэгээд дүү нь өмнөх 7.600.000 төгрөгийг зээлээ хаалгуулахаар болсон Бас л ахаасаа зээл авхуулаад энэ зээлийг хааж өгсөн. Тэгээд шинээр зээл авах болоход батлан даагч байхгүй, *********** хугацаа хэтэрсэн зээлтэй болохоор болохгүй байна гээд дахиад 7 хоног өнгөрсөн. Тэгэхээр нь би дүүд нь надад барьцаа мөнгө хэрэгтэй байна гэхэд дүү нь утсаа, иргэний үнэмлэх, бичиг баримттайгаа өгсөн. Тэрнээс хойш дүүтэй нь өдөр болгон уулзаж, гар утсыг нь өгч зээл авах боломжоо дүү нь хайж байсан. Өөрөөр хэлбэл надад барьцаанд тавьсан утсаа өдөр бүр дүү нь өөрөө ашиглаж байсан. Ингээд ***********гаас мөнгөө авсан ч юмгүй, дээр нь дүүгийнх нь зээлийг төлөөд би хамаг ажлаа алдаад олон хоноод сүүлдээ буцсан. Би буцаад хот руу явсан тэгсэн араас зээл чөлөөлүүлсэн мөнгө шилжигдсэн. Гэтэл одоо *********** нь нөхөр бид хоёрыг дүүгийнх нь гар утсаар зээл авчихсан гэж яриад, цагдаагийн газарт гомдол гаргасан байна лээ. Тийм асуудал болоогүй. Надад тэр дүү нь зээл чөлөөлүүлсэн 7.600.000 төгрөгөө л шилжүүлсэн. Одоо энэ хүнээс 9.300.000 төгрөгөө нэхэмжилнэ мөн хүмүүсээс зээл авч өгсөн тэр мөнгөнүүдийн хүүг буюу сард 500.000 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөд явж байгаа. Би өөрөө 4 хүүхэдтэй 4 хүүхдийн хүүхдийн мөнгө дээр нэмж нөхрөөсөө мөнгө аваад хүүг нь төлж байгаа. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Т.***********гийн өгсөн “...Би 2017 оноос 2021 он хүртэл Орхон аймгийн Эрдмийн сан сургуульд нийгмийн ажилтан хийж байсан. Тухайн үед тус сургуульд надтай хамт ***********ын *********** гэх эмэгтэй математикийн багшаар ажиллаж байсан. 2024 оны 04 сарын эхээр би *********** сургууль дээрээ ажилтай байхад Э.*********** нь өөрийн *********** гэх фейсбүүк хаягаас миний хаяг руу чат бичсэн. Чатаа харахад сайн байна уу, та хаана байна, тантай уулзмаар байна гэсэн байхаар нь би сургууль дээрээ байна гэж хэлсэн. Удалгүй Э.*********** сургуулийн гадаа машинтайгаа ирээд би уулзсан. Надтай уулзаад Э.*********** нь “та нөхөр бид хоёрыг мэднэ биз дээ, бид хоёр түрээсийн байранд амьдарч байгаа. Нөхөр ипотекийн зээлээр байр авах гэж байгаа юм. Би хамтран зээлдэгчээр орох гэсэн боловч миний нэр дээр үл хөдлөх хөрөнгө байгаа болохоор орж болохгүй байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийг нөхөр маань мэдэхгүй. Яагаад гэвэл Батмөнх захирал надад өгсөн. Тухайн байрыг нөхөртөө мэдэгдмээргүй байна, тийм болохоор таны нэр дээр шилжүүлэх шаардлагатай байна. Та ер нь байр авсан юм уу гэсэн. Би байр аваагүй, түрээсийн байранд байгаа гэж хэлэхэд эгчээ та надаас худалдаад авчих, би маргааш гэхэд байрныхаа нэрийг тань руу шилжүүлэх хэрэгтэй байна, би ойрын хугацаанд танаас мөнгө авахгүй гэсэн. Танд үнэтэй өгөхгүй, 100,000,000 төгрөгөөр миний байрыг ав гэсэн. Би бодож байгаад хэлье гээд тухайн үед салаад явсан. Маргааш нь *********** над руу залгаад эгчээ та хэдэн төгрөг өгч чадахаар байна, мөнгө асуугаад хэцүү байна уу гэхээр нь эгчид нь одоо бэлэн мөнгө байхгүй. Чи хэдэн төгрөг бэлд гэвэл тэрийг чинь бэлдэнэ. Байраа хямдхан өгч байгаа юм чинь эгч нь татварын 2 хувийг чи төлчихье, тэр хэмжээний мөнгө олчихно гэсэн. Хэд хоногийн дараагаас *********** нь та надаа байрны 2 хувийн мөнгөө шилжүүлчих надад ажил явдал гараад байна. Байраа шилжүүлэх болохоороо нотариат ороод буцаагаад мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийн Худалдаа хөгжлийн банкны 407325060 дугаарын данснаас ***********гийн *********** дугаарын данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны данснаасаа ***********гийн *********** данс руу 500,000 төгрөг гүйцээж шилжүүлсэн. Ингээд 100,000,000 төгрөгөөр байр авна гэж бодоод 2,000,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Э.*********** ахиж фейсбүүкээр надтай холбогдоод би хүнээс мөнгө зээлсэн чинь байн байн залгаад хэцүү байна. Танд мөнгө байна уу би 2,000,000 төгрөг өгөх ёстой. Өнөө шөнө мөнгө ороод ирэхээр нь буцаагаад өгчихнө гэсэн, хаанаас мөнгө орох талаар хэлээгүй. Би өөрийн Хаан банкны *********** данснаас 23 цаг 17 минутад Э.***********гийн *********** дугаарын данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ер нь шөнө орой чат бичээд мөнгө асууж орж ирдэг, цагийн дараа өгнө гэх ч юм уу байдлаар мөнгө авч эхэлсэн. Э.*********** нь би ер нь бодлоо, байрны урьдчилгаа мөнгө гэж 15,000,000 төгрөг авъя гэж хэлсэн. Би нотариат ороод байрны нэрээ шилжүүлбэл мөнгийг чинь олоод өгье гэж хэлсэн. Э.*********** нь та надаа итгэхгүй байгаа юм уу, би алга болохгүй шүү дээ гэсэн. Дараа нь нөхөр бид хоёр байрны зээл авах гээд өр зээлүүдээ дарах хэрэгтэй байна, та мөнгө өгөөч гэсэн, бас намайг банкнаас зээл авах гэж байгааг мэдээд мөнгөнөөсөө өгөөч гээд 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр би өөрийн Хаан банкны *********** данснаас Э.***********гийн нөхөр *********** Голомт банкны *********** дугаарын данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2-3 удаа нотариат дээр очоод Э.***********г хүлээхээр машин байхгүй, ажилтай байна, амжихгүй гэсэн шалтгаанаар ирдэггүй. 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гар утасны зээл хаах хэрэгтэй байна, та мөнгө өгөөч гэхэд би мөнгөгүй байна гэдгээ хэлсэн. Та энэ ч апп, тэр ч аппаас зээл аваад өгөөч гээд шалсаар байгаад би өөрийн Хаан банкны данснаасаа нөхөр *********** Голомт банкны *********** дугаарын данс руу 4,500,000 төгрөг, 730,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн үед мөнгөгүй байсан учирсан апп-н зээл хөөцөлдөөд маш олон апп-аас зээл авсан. 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны данснаасаа Э.***********гийн *********** данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 5 дугаар сарыч 06-ны өдөр Э.*********** нь хоёулаа байрны урьдчилгаа гэж 15,000,000 төгрөгөө 20,000,000 төгрөг болгож тэгшилье гэж хэлсэн. Надад зээл гарахгүй, би хүүхэд рүүгээ яриад зээл авхуулаад өөрийн Хаан банкны *********** данснаасаа *********** *********** данс руу 4,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Э.*********** яг одоо байрыг чинь шилжүүлье гэж хэлээд би Хаан банкны данснаасаа Э.***********гийн данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Сүүлдээ Э.*********** 100,000,000 төгрөгийн байрыг 50,000,000 төгрөгөөр ав гэж хэлээд 30,000,000 төгрөг өгчих гэсэн. Би ***********тай хэрэлдээд байрыг чинь авахгүй, миний мөнгийг буцаагаад өг гээд би өөрийн Голомт банкны 4025115400 дугаарын дансаараа 10,000,000 төгрөг шилжүүлж авсан. Над руу мөнгө шилжүүлнэ гээд 22,000,000 төгрөгийн дансны хуулга, 12,000,000 төгрөгийн дансны хуулга бүхий баримтыг хуурамчаар үйлдэж над руу явуулсан...” гэх мэдүүлэг. (2 дугаар хавтас 83-84 дүгээр хуудас),
2. Хохирогч Б.***********гийн өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн ***********суманд ажилтай явж байхад 99938280 дугаараас үл таних эмэгтэй залгаад зээл чөлөөлүүлэх гэсэн юм. Орхон аймагт 18 дугаар сургуульд математикийн багшаар ажилладаг гэсэн. Би ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр мөнгө зээлэх боломжгүй. Зөвхөн зээл чөлөөлдөг гэж хэлсэн. Тэгсэн үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлээд барьцаанд тавьчих юм. Худалдаа хөгжлийн банканд зээлээ судлуулаад үзсэн боломжтой гэж байна. Зээл 3 хоногийн дараа бүтнэ гэсэн. Тэгээд би мөнгийг чинь эргүүлээд өгчихнө гэхээр нь е-монголиагаас үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаагаа өнөөдрийн он сартай нь аваад миний чат руу явуулчих гэсэн. Над руу фейсбүүкээр үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаагаа тухайн өдрийн он сар минуттай явуулсан. Өөрийнхөө нэр дээр байгаа орон сууцны гэрчилгээг манай найзын ажил дээр оруулж өгсөн байсан. Би энэ бүгдийг харсан тул итгээд 9,300,000 төгрөгийг Э.***********гийн *********** дугаартай данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа зээл бүтсэн, та дансаа явуулаач, гэхээр нь би *********** дугаартай ХААН банкны дансаа явуулсан. Тэр өдрөө мөнгөө хийгээгүй болохоор нь залгаад асуутал Худалдаа хөгжлийн данснаас ХААН банкны данс руу 5 саяаас дээш төгрөгийн гүйлгээ хийсэн чинь ороогүй байна. Би маргааш очиж уулзаад бага багаар хийе гэсэн. Тэрнээс хойш утсаа авахгүй 2-3 хоног болсон. Тэгж байж утсаа аваад Худалдаа хөгжлийн данс маань компанийн данстай холбоотой юм байна. Татвар төлөөгүй учраас миний дансыг битүүмжилсэн байна. Тэгэхээр нь би манай найзад яриад байгаа зүйлээ нотолбол би итгэнэ гэхэд би худлаа яриагүй, гээд над руу данс битүүмжилсэн зургаа явуулсан. Би итгээд 7 хоног хүлээсэн. Би Орхон аймагт ирээд ажил дээр нь очоод уулзахад яагаад алга болчхов оо гэхэд мөнгө бүтээгүй болохоор утсаа аваагүй юм гэж хэлсэн. Би үл хөдлөх хөрөнгөө зараад юм болгоод миний мөнгийг өг, надад е- монголиагаа харуул гэхэд надад харуулсан. Тэгсэн ямар ч үл хөдлөх хөрөнгө нэр дээр нь бүртгэлгүй байхаар нь гайхаад надад өгсөн гэрчилгээ чинь хуурамч юм уу гэхэд хуурамч гэсэн. Миний мөнгийг өгөх ямар арга, чарга байна гэхэд аав, ээжийнхээ тэтгэврийн зээл, эсвэл хадам аав ээжийнхээ байшинг тавиулаад мөнгийг чинь гаргаж өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 38 дугаар хуудас/,
3. Хохирогч Б.***********гийн дахин мэдүүлсэн “...ягаан өнгийн хүрээтэй ***********дугаартай үл хөдлөх хөрөнгийн байрны гэрчилгээг барьцаанд тавиад мөнгийг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэхээр энэ байр чинь бодитоор байдаг юм уу гэхэд над руу е-монголиа лавлагаа явуулсан байдаг. Тэгэхээр нь итгээд мөнгө зээлсэн байдаг. Төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 41 дүгээр хуудас/,
4. Гэрч М.***********ын өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр dixit boardgame caffe дээр ажил дээрээ иртэл нэг бичиг баримт байсан. Өмнө нь *********** танай ажил дээр нэг хүн очиж бичиг баримт өгөх байх шүү, авчихаарай өөртөө байлгаж байгаарай гэж хэлсэн. Уг бичиг баримт нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар байсан. Би *********** руу ийм бичиг баримт байна гээд зургийг нь дарж чатаар явуулсан. Иргэний үнэмлэхийн хуулбар дээр *********** гэх эмэгтэй нь зураг харагдсан. Миний ойлгосноор ***********гаас зээл авах гэж байгаа юм шиг байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас хэргийн 43 дугаар хүүдас/,
5. Гэрч О.***********н өгсөн “...Би хувиараа хүмүүст мөнгө зээлдэг хүн байгаа юм. Уг хаан банкны 5090587244 данс бол миний эзэмшлийн данс байгаа юм. ***********ын ***********, Батхуягийн *********** гэх хүмүүсийг бол танихгүй байна. Бодвол надаас мөнгө зээлсэн хүмүүс байх, зээлсэн мөнгөө надад буцаад шилжүүлсэн асуудал байгаа байх. Надаас олон хүн зээлдэг учир сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 95 дугаар хуудас/,
6. Гэрч Д.***********ын өгсөн “...***********ын *********** гэх эмэгтэйг танина. Манай ломбардын үйлчлүүлэгч утгаар таньдаг болсон. Тухайн эмэгтэй надад ямар нэг өр шир байхгүй...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,
7. Гэрч Д.***********ийн өгсөн “...Э.*********** гэх эмэгтэй надад өргүй. Дансны хуулганы хувьд бол ломбардад эд зүйл тавьж мөнгө төгрөг өгч авалцсан зүйл байх. Бусдаар би бэлэн төгрөг зээлдэггүй...” гэх мэдүүлэг. /2-р хавтас хэргийн 97 дугаар хүудас/,
8. Гэрч С.***********гийн өгсөн “...***********ын *********** гэх эмэгтэйг танихгүй. Миний бие хувиараа ломбард ажиллуулдаг. Миний үйлчлүүлэгчдийн нэг байж магадгүй. ***********ын *********** гэх эмэгтэй манайд гар утас ломбардсан байна. Түүнээс энэ эмэгтэйд хувиараа мөнгө төгрөг зээлээгүй. Бид хоёрын хооронд мөнгөний өглөг авлага байхгүй. Урд манайхаар үйлчлүүлж байхдаа мөнгө төгрөг өгч авсан байж магадгүй. Сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,
9. Гэрч Б.***********ийн өгсөн “...Анх 2023 оны 02 дугаар сараас 2024 оны 06 дугаар сар хүртэл бага сагаар 15.0 сая төгрөг надаас зээлж авсан. Үүнийгээ 2024 оны 07 дугаар сард төлж бүрэн дуусгасан. Одоо ямар нэгэн мөнгөний өглөг авлага байхгүй. Энэ мөнгөө миний данс руу шилжүүлж барьсан зүйл байгаа байх...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 103 дугаар хуудас/,
10. Гэрч Н.***********ийн өгсөн “...2024 оны 08 дугаар сард Э.*********** гэх эмэгтэй надаар зээл чөлөөлүүлж байсан. Сарын дараа би зээл чөлөөлүүлсэн 8.0 сая төгрөгөө авсан. Тухайн үедээ авах гэж бас бөөн л асуудал болж байж арай гэж нэг мөнгө олж авсан. Худлаа хэлээд алга болчихдог байсан. Нэг бол 5,10 минутын дараа хийлээ гээд худлаа хэлдэг байсан. Одоогоор надад өр шир байхгүй...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 105 дугаар хуудас/,
11. Гэрч Б.***********гийн өгсөн “...Надаас 2024 оны 05 дугаар сард 2.0 сая төгрөг зээл хаагаад өгье гэж хэлээд авсан. Тэрийгээ 7, 8 хонож байж бөөн хэрүүл уруул болж байж өгсөн. Тэгснээ ахиад 3.0 сая төгрөг авсан. 3.0 сая төгрөгөө бас л хэл ам дагуулж байж төлсөн. 2024 оны 09 сард сүүлд би холбоо барьж мөнгөө авч дуусгасан. Надад одоо өргүй” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 107 дугаар хуудас/,
12. Гэрч М.***********ийн өгсөн “...2024 онд надаас мөнгө зээлсэн санагдаж байна. Зээлсэн мөнгөө сүр дуулиантай хэрүүл уруултай байж байгаад өгч дуусгасан. Одоо ямар нэг өр шир байхгүй” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/,
13. Гэрч Н.***********ын өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 35 сая төгрөгөөр зээлээ даруулсан. Зээлээ даруулчхаад мөнгөө өгөөгүй. Зээл нь бүтээгүй. Одоо би шүүхэд гэрээнийхээ хамт 35 сая төгрөгөө нэхэмжлэхээр гомдол гаргах гэж байгаа тул цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/,
14. Гэрч Ц.***********гийн өгсөн “...байр худалдаж авах гээд мөнгө дутаад байна гээд 6 билүү 7 сая төгрөг зээлж авч байсан. Хэлсэн хугацаандаа асуудалгүй өгсөн..." гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 113 дугаар хуудас/,
15. Э.*********** эзэмшигчтэй ХААН банкны *********** дугаартай дансанд үзлэг хийхэд 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 9,300,000 төгрөгийн орлого орсон ба тухайн өдрөө 1,700,000 төгрөгийг 5305372604 дугаарын данс руу 3,800,000 төгрөгийг 5305372604 данс руу 1,500,000 төгрөгийг 5000957803 данс руу шилжүүлсэн талаарх мөрдөгчийнтэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
16. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаагаар “***********ын *********** /фм90081561/-ын өмчлөлд дараах эд хөрөнгө бүртгэлтэй байна. Үүнд: Орхон аймаг ***********сум Хүрэнбулаг баг 4-14 дүгээр байр 120 тоот, Орхон аймаг ***********сум *********** баг 2 дугаар хороолол 109 тоот орон сууц бүртгэлтэй байна” гэх лавлагаа. /1-р хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,
17. ***********ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 30/269 дугаартай “Орхон аймаг ***********сум *********** баг ***********тоот орон сууц нь тус үйлдвэрийн орон сууц бөгөөд гадаадын мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн ба нийгмийн харилцааг зохицуулах журмын дагуу орон сууцанд дараах мэргэжилтнүүд амьдарч байсан” гэх албан бичиг /1-р хавтас 91 дүгээр хуудас/,
18. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Орхон аймаг Баян- Өндөр сум *********** баг *********** орон сууцны өмчлөгч ***********ТӨҮГ газар гэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас/,
19. Б.*********** эзэмшигчтэй Голомт банкны *********** дугаарын дансанд үзлэг хийхэд 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “***********” утгаар 4,000,000 төгрөгийн орлого, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 4,500,000 төгрөг *********** утгаар 4,500,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 730,000 ***********д гэх утгаар, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөг *********** утгаар, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Эбод зээлэв утгаар 1,000,000 төгрөг буюу нийт 14,230,000 төгрөгийг Т.*********** шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчөөс үйлдсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 144-146 дугаар хуудас/,
20. Э.***********гийн эзэмшлийн Хаан банкны *********** дугаартай дансны хуулгад үзлэг хийхэд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 4 сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 4 сарын 19-ний өдөр 500,000 төгрөг 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг буюу нийт 5,200,000 төгрөгийг хохирогч Т.***********гаас шилжүүлсэн дансны хуулга...” гэх тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 152-154, 164, 185 дугаар хуудас/,
21. Орхон аймгийн ***********сумын *********** багийн 2 дугаар хороолол 9 дүгээр байр 30 тоот 36.8 мкв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мэтээр өөрийнхөө нэрийг оруулан хуурамчаар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ***********дугаартай өмчлөх эрхийн 000711423 дугаартай гэрчилгээ, төрийн үйлчигээний нэгдсэн системээр дамужждан мэдээлэл хариуцагчаас олгох, лавлагаа, тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал, хавтаст хэргийн ард үдэгдсэн/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.***********, Б.*********** нарын мэдүүлэг, гэрч М.***********, О.Дамба, Д.***********, Д.***********, С.***********, Б.***********, Н.***********, Б.***********, М.***********, Н.***********,Ц.***********, Э.*********** нарын мэдүүлэг, Э.*********** эзэмшигчтэй ХААН банкны *********** дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаагаа, ***********ТӨҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 30/269 дугаартай албан бичиг, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Б.*********** эзэмшигчтэй Голомт банкны *********** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *********** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад Э.*********** нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймгийн ***********сумын *********** багийн ***********тоот 36.8 мкв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч биш атлаа хямд үнээр худалдана гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Т.***********гаас нийт 10 удаагийн үйлдлээр 19,430,000 төгрөгийг авч залилсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн ***********сумын *********** багийн ***********тоот 36.8 мкв бүхий 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн ***********дугаартай өмчлөх эрхийн хуурамч гэрчилгээ, е-монголиа цахим системийн лавлагааг ашиглан хохирогч Б.***********д өөрийгөө үл хөдлөх эд хөрөнгөтэй гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан зээлээ хаагаад буцааж төлнө гэж хуурч 9,300,000 төгрөг авч залилсан,
2024 оны 09 дүгээр сард Орхон аймгийн ***********сумын *********** багийн 2 дугаар хороолол ***********тоот 36.8 мкв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мэтээр өөрийнхөө нэрийг оруулан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ***********дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ буюу эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, уг гэрчилгээг хуурамч болохыг мэдсээр байж, хохирогч Б.***********д үзүүлэн 9,300,000 төгрөгийн зээл авч хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг зааж, “Залилах” гэмт хэргийн иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдах гол шинж нь халхавч болсон гэрээ, хэлцлийг байгуулахдаа хуурч мэхлэх, итгэл эвдэх арга хэрэглэсэн, гэрээний нөгөө тал болох хохирогч уг гэрээ, хэлцлийг анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй нөхцөлд байгуулсан бол залилах гэмт хэрэг гэж үздэг нь хууль хэрэглээнд тогтсон ойлголт юм.
Мөн гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Э.*********** нь Орхон аймгийн ***********сумын *********** багийн ***********тоот 36.8 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч биш атлаа Т.***********д “нөхөр иптекийн зээл авах гэж байгаа учир миний нэр дээр байр байж болохгүй болчхоод байна, иймээс хямд үнээр буюу 100.000.000 төгрөгөөр байраа худалдана, урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг авъя” гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Т.***********гаас нийт 10 удаагийн үйлдлээр 19,430,000 төгрөгийг авсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн ***********сумын *********** багийн ***********тоот 36.8 м.кв бүхий 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн ***********дугаартай өмчлөх эрхийн хуурамч гэрчилгээ, е-монголиа цахим системийн лавлагааг ашиглан хохирогч Б.***********д өөрийгөө үл хөдлөх эд хөрөнгөтэй гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “зээлээ хаагаад буцааж төлнө” гэж хохирогчийг хуурч 9,300,000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.*********** нь өөрийн өмчлөлийн биш буюу ***********ТӨҮГ-ын өмчлөлийн орон сууцыг өөрийнх мэтээр улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгөтэй талаарх лавлагааг үзүүлж, тухайн эд хөрөнгийг барьцаанд тавих, худалдан борлуулах гэсэн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Э.***********гийн үйлдэлд хохирогч Т.***********д үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхгүй байх болон хохирогч Б.***********гаас авсан 9.300.000 төгрөгийг төлөхгүй байх санаа зорилготой байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг” гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг гэдэгт иргэн, хуулийн этгээд тухайн эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болохыг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг ойлгоно. Тухайлбал үйл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гэх мэт болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох,
Мөн зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Э.*********** нь өөрийн өмчлөлд байхгүй орон сууцыг өөрийн өмчлөлд байгаа мэтээр Улсын бүртгэлийн гэрчилгээ хуурамчаар үйлдсэн, тухайн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж бусдад үзүүлж, барьцаанд тавьж зээл авсан нь гэм буруугийн шууд санаатай, баримт бичиг хуурамчаар үйлдэх, ашиглах гэмт хэргийг шинжийг агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн Е-Монголиа цахим системээс авсан үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааг засварлаж, хуурамчаар үйлдсэн үйлдэл нь хуурамч баримт бичгийг үйлдэх, ашиглах гэмт хэргийн халдлагын зүйл буюу баримт бичигт хамаарахгүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Э.***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ буюу эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Шүүгдэгч Э.*********** нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Т.***********гийн 19,430,000 төгрөгийг, хохирогч Б.***********гийн 9,300,000 төгрөгийг тус тус залилан авсан байх тул шүүгдэгч Э.***********гаас хохирогч Т.***********д буцааж өгсөн 10,000,000 төгрөгийг хасаж 9,430,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.***********д, 9,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.***********д тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч нарт учруулсан бодит хохирлыг нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч хохирлыг нөхөн төлөөгүй болно.
Хохирогч Т.***********, Б.*********** нарын шүүгдэгч Э.***********д зээлүүлсэн мөнгийг банкнаас, апплейкешнээс, хүүтэй мөнгө зээлдэг хүнээс, хүүгийнхээ нэр дээр цалингийн зээл авч өгсөн тул тухайн зээлүүдийн хүүг нөхөн төлүүлнэ гэх байр суурийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж, дээрх нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй, тодорхой тооцоо гаргахгүйгээр нэхэмжилсэн.
Залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлно. Харин шууд бус хохирлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд оруулан тооцох боломжгүй тул тэдний дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Э.***********г залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ буюу эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэм буруутайг тус тус нотолж, яллах байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг, шүүгдэгч Э.*********** нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогч Т.***********, Б.*********** нар нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа бүрэн нөхөн төлүүлэх гэх байр суурийг тус тус илэрхийлж оролцсон болно.
Шүүгдэгч Э.***********г залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд, хуурамч бичиг баримт үйлдсэн, ашигласан гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Э.***********гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж… эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй залилах гэмт хэрэг нь хүн хүндээ итгэх итгэл болон нийгэм дэх итгэлцлийг ямар нэгэн хэмжээгээр алдагдуулдаг хортой үр дагавартай байдаг бол баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж буй нь баримт бичиг хөтлөх үйл ажиллагааг төрийн зохицуулалтын дор явуулах нөхцөлийг зөрчиж, тус баримт бичгийн хууль зүйн чадамжийг сулруулах хор уршигтай.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар, гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогч нарт учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгож, шүүгдэгч Э.***********г 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг давхар агуулдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Э.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Орхон аймгийн ***********сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хязгаарлаж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*********** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн ***********дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ***********ын ***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ буюу эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, тухайн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.***********д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Орхон аймгийн ***********сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хязгаарлаж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Э.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.***********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***********гаас 18.730.000 /арван найман сая долоон зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Т.***********д 9.430.000 /есөн сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг, хохирогч Б.***********д 9.300.000 /есөн сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн ***********дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ