Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2026/ШЦТ/04

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа

     Улсын яллагч Ө.Манзушир

     Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох 2516000000326 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ****суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ***** цахилгаанчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт хамт Говь-Алтай аймгийн ******* оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* регистрийн дугаартай, Ш ургийн овгийн Ц-н Б-.

Шүүгдэгч Ц.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Ц.Б- нь 2025 оны 11 дүгээр сарын 24-ны шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Дарив сумын төв Ихэс 1 дүгээрт багт байх хохирогч Б.Л-ын гэрт очиж хохирогч Б.Л-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас шалтаглан маргалдаж улмаар толгой, нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, өшиглөн тархины доргилт, духны баруун талд шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

Хохирогч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 11 дүгээр сарын 23-ны орой Говь- Алтай аймгийн Дарив сумын төвд гэртээ Т гэдэг залуутай хамт архи уусан байсан. Тэгээд 2025 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Б- гэдэг залуу манайд ирсэн. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Б- намайг барьж аваад доош нь дараад гараараа нүүр хэсэг рүү олон удаа цохиж, хөлөөрөө толгой хэсэг рүү өшиглөсөн. Би тухайн үед согтуу байсан болохоор хэдэн удаа цохиж, өшиглөснийг санахгүй байна. Тэгээд би ухаан алдаж унаад 05 цаг өнгөрөөд сэрэхэд гэртээ ганцаараа байсан. Намайг зодсон залуу явсан байсан. Тэгээд эхнэр лүү утсаар холбогдож намайг хүн зодчихлоо эмнэлэг, цагдаад хэлээд өгөөч гэсэн. Ц.Б- бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Надтай цуг архи уусан Төмөрхуяг гэдэг залуу Б- ирэхэд байсан. Намайг зодохоос өмнө явсан байсан...тухайн үед миний нүүр хэсэг хавдсан духанд оёдол тавиулсан. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд Дарив сумын эрүүл мэндийн төвд 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р тал/,

Гэрч Б.Б-ий "... Тухайн өдөр иргэн Б.Л-д тусламж үзүүлсэн юм. 2025 оны 11 сарын 24-ний өдрийн үүрийн 06 цагийн орчимд манай эмнэлгээс над руу залгаж дуудлага ирсэн. Дуудлагын дагуу сувилагч Энх-Оюуны хамтаар дуудлага өгсөн хаягт очсон. Очоод шууд ерөнхий үзлэг хийгээд эмнэлэг рүү тээвэрлэсэн. Эмнэлэгт очиход нүүр хэсэг нэлэнхийдээ цустай, мөн 2 гар хэсэг цустай, нүүр хэсэг нэлэнхийдээ хавдсан, баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх үүссэн, 2 нүд эргэн тойрон хөхөрсөн байсан. Өөр ил харагдах шарх сорви байхгүй байсан. Тэгээд хөмсөгний дээд талд үүссэн шархыг цэвэрлэж 2 оёдол тавьсан юм. Оёдол тавиад эмчилгээ хийж биеийн байдлыг тогтворжуулаад Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн юм. Үйлчлүүлэгч өөрөө согтуу байсан бөгөөд биеийн байдлыг нь асууж, юу болсон талаар асуухад зодуулсан л гэж хэлсэн юм.   Аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд буцаад сумд тээвэрлэж ирсэн. 2025 оны 11 сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 сарын 02-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р тал/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ГАО0725/468 дугаартай "Б.Л-ын биед тархины доргилт, духны баруун талд шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2025.11,24-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт, /хх-ийн 43-44-р тал/,

Хохирогч Б.Л-аас гаргаж өгсөн Дарив сумын эрүүл мэндийн төвийн их эмч Б.Б-ий үзлэгийн тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 38- 41-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Л-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаараа хүсэлт гаргасан. Шүүгдэгч Ц.Б-д 2,700,000 төгрөг төлсөн. Гэмт хэргийн улмаас хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн 2,340,156 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-гөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овгийн Ц-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн 2,340,156 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-гөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-д мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА