2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар   2025/ШЦТ/2780

 

 

 

 

 

2025         12        08                                       2025/ШЦТ/2780

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч С.Бат-Орших, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид, хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн “2506 03162 0951” дугаартай, 194/2025/2227/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар  сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, Г.Б,

           Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Г.Б нь хохирогч Ц.Дыг ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх хүчний ххх дугаар цэргийн анги ажил дээрээ байхад нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан биометрик мэдээлэлд хамаарах хохирогч Ц.Дын нүүр царай, биеийн онцлог шинжийг харуулсан цээж нүцгэн гэрэл зургийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, цахим сүлжээ болох фэйсбүүк чатаар түүний ээж Д.Л, ах Д.Н нар луу явуулсан нь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүй цахим сүлжээ ашиглан задруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч Г.Б нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Явуулсан нь миний буруу, аав ээжтэй нь хамгийн анх 6 дугаар сард танилцаж байсан. Ахынхан бэр гуйлтад хүртэл явж байсан. Энэ хугацаанд 2-3 өөр хүнтэй харилцаатай байсан. Ээж, аав нь баримт нотолгоотой бол явуулчих гээд байсан.Тэрний дагуу би зургийг нь явуулсан гэв. 

          Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Дын:... ххх дүүргийн ххх дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах ЗХ-н ххх дугаар анги дээр ажил дээрээ 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байхад салсан найз залуу Г.Б миний ажлын байран дээр ирээд чамайг би ажил дээр чинь байхгүй болгон би чамайг энэ ажилд чинь оруулж өгсөн гэж хэлээд манай ангийн захирагч дэд хурандаа Бтай хүртэл уулзаад манай найз охин танай ангид ажилд ороод өөр хүнтэй явалдаад надаас салчихлаа гэж хэлсэн байсан. Манай аав ээж хоёр надруу Б залуу чинь залгаад танай шинэ хүргэн охин 2-той чинь би хамт байна би энэ хоёрыг чинь алаад цогцсыг чинь гэрт чинь хүргээд өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд манай аав, ээж хоёр намайг цагдаад дуудлага өг гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгсэн энэ өдрийн 21:00 цагаас эхлээд Г.Б манай аав Д.Ц ээж Д.Л нарлуу миний нүцгэн зургийг явуулаад зураг үзсэний дараа устгасан байсан тэгээд манай хүргэн ах Н 8 удаа миний нүцгэн зургийг явуулаад энэнээс илүү зураг байгаа би тэрийг нь өгөх үү гэж бичсэн байсан. Одоо Г.Бын гар утсанд миний олон нүцгэн гэрэл зураг болон бэлгийн харьцаанд орж байсан бичлэг хүртэл байгаа би тэрийг устгуулмаар байна гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9 дүгээр тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Нийн:...Г.Б надруу чатаар манай дүү Дын нүцгэн 4 зургийг нь явуулаад танай дүү чинь ийм байдалтай зочид буудалд байсан гэхээр нь би чи яагаад ингээд байгаа юм хоорондоо учраа олооч гэсэн  гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Лийн:...фэйсбүүк чатаар надруу танай охин бааранд ийм залуутай хамт явж байна гэж бичээд нэг залуугийн зураг явуулаад манай охин баарны буг, янхан би танд өөр юм харуулна гэж бичээд манай охины дотуур өмдтэй цээж нүцгэн 2 зураг явуулсан тэгсэн дараа нь Г.Б нь явуулсан зураг болон зурвасаа устгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 61-62 дугаар тал/,

          2.4. 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Г.Бын эзэмшлийн айфоне -12 про загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 75 дугаар тал/,

          2.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1049 дугаартай “...Цээж нүцгэн гэх “IMG_5484 PHG_6583 HEIC3, ”RMJB0836.JOG” нэртэй 3 ширхэг гэрэл зураг нь хүний биометрик эмзэг мэдээлэлд хамаарах өгөгдөл, мэдээллүүд дүрслэгдсэн байна гэх дүгнэлт. /хх-ийн 137-146 дүгээр тал/, 

          Гурав: хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

            3.1. Улсын яллагч хавтас хэргээс: хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 1049 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтыг шинжлэн судлав. 

          3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс:  ял шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 41-54 дүгээр тал/, нийгмийн даатгалын 48 дугаар тал, гэрч Иийн мэдүүлэг /хавтаст хэргийн  57-58 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          3.3. Хохирогчийн өмгөөлөгч хавтас хэргээс: Ц.Дын мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дугаар тал/-д  авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

3.4. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

            Гэм буруугийн талаар:

            Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.

            Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

            Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч Г.Б нь хохирогч Ц.Дыг ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний ххх дугаар цэргийн анги ажил дээрээ байхад нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан биометрик мэдээлэлд хамаарах хохирогч Ц.Дын нүүр царай, биеийн онцлог шинжийг харуулсан цээж нүцгэн гэрэл зургийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, цахим сүлжээ болох фэйсбүүк чатаар түүний ээж Д.Л, ах Д.Н нарлуу явуулсан нь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүй цахим сүлжээ ашиглан задруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь:

           - хохирогч Ц.Дын:...ххх дүүргийн ххх дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах ЗХ-н ххх дугаар анги дээр ажил дээрээ 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байхад салсан найз залуу Г.Б миний ажлын байран дээр ирээд чамайг би ажил дээр чинь байхгүй болгон би чамайг энэ ажилд чинь оруулж өгсөн гэж хэлээд манай ангийн захирагч дэд хурандаа Бтай хүртэл уулзаад манай найз охин танай ангид ажилд ороод өөр хүнтэй явалдаад надаас салчихлаа гэж хэлсэн байсан. Манай аав ээж хоёр надруу Б залуу чинь залгаад танай шинэ хүргэн охин 2-той чинь би хамт байна би энэ хоёрыг чинь алаад цогцсыг чинь гэрт чинь хүргээд өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд манай аав, ээж хоёр намайг цагдаад дуудлага өг гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгсэн энэ өдрийн 21:00 цагаас эхлээд Г.Б манай аав Д.Ц ээж Д.Л нарлуу миний нүцгэн зургийг явуулаад зураг үзсэний дараа устгасан байсан тэгээд манай хүргэн ах Нд 8 удаа миний нүцгэн зургийг явуулаад энэнээс илүү зураг байгаа би тэрийг нь өгөх үү гэж бичсэн байсан. Одоо Г.Бн гар утсанд миний олон нүцгэн гэрэл зураг болон бэлгийн харьцаанд орж байсан бичлэг хүртэл байгаа би тэрийг устгуулмаар байна гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9 дүгээр тал/,

          - гэрч Д.Нийн:...Г.Б надруу чатаар манай дүү Дын нүцгэн 4 зургийг нь явуулаад танай дүү чинь ийм байдалтай зочид буудалд байсан гэхээр нь би чи яагаад ингээд байгаа юм хоорондоо учраа олооч гэсэн  гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар тал/,

          - гэрч Д.Лийн:...фэйсбүүк чатаар надруу танай охин бааранд ийм залуутай хамт явж байна гэж бичээд нэг залуугийн зураг явуулаад манай охин баарны буг, янхан би танд өөр юм харуулна гэж бичээд манай охины дотуур өмдтэй цээж нүцгэн 2 зураг явуулсан тэгсэн дараа нь Г.Б нь явуулсан зураг болон зурвасаа устгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 61-62 дугаар тал/,

          - 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Г.Бын эзэмшлийн айфоне -12 про загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 75 дугаар тал/,

          - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1049 дугаартай “...Цээж нүцгэн гэх “IMG_5484 PHG_6583 HEIC3, ”RMJB0836.JOG” нэртэй 3 ширхэг гэрэл зураг нь хүний биометрик эмзэг мэдээлэлд хамаарах өгөгдөл, мэдээллүүд дүрслэгдсэн байна гэх дүгнэлт. /хх-ийн 137-146 дүгээр тал/, болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шүүгдэгч нь хүний биометрик эмзэг мэдээлэлд хамаарах өгөгдөл, мэдээллүүд болох хохирогчийн цээж  нүцгэн гэрэл зургийг түүний зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ болох фэйсбүүк чатаар түүний ээж Д.Л, ах Д.Н нарлуу явуулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан биометрик мэдээлэлд хамаарах хохирогч Ц.Дын нүүр царай, биеийн онцлог шинжийг харуулсан цээж нүцгэн гэрэл зургийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, цахим сүлжээ болох фэйсбүүк чатаар бусдад явуулсан нь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүй цахим сүлжээ ашиглан задруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Г.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр хувь хүний нууцыг харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглан задруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч           Г.Быг “үргэлжилсэн үйлдлээр хувь хүний нууцыг харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглан задруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Хохирол, хор уршгийн  талаар:

Шүүгдэгчийн  гэм буруутай  үйлдлийн  улмаас хохирогч Ц.Д нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан байна.

 

Харин хохирогч Ц.Д нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй  гэж шүүх үзлээ.

 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн  зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацааны дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Д нь цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус  дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр хувь хүний нууцыг харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглан задруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          5.Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Ц.Д нь цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ