Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

улсын яллагч Б.Ундармаа,

шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Д-т  холбогдох 2516000000254 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан, хялбаршуулсан журмаар хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Б Ч.Д нь 2025 оны 09 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод байх ***-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэн орж 10 литрийн хөнгөн цагаан сав, таглаатай, 10 литрийн хөнгөн цагаан бетон, 5 литрийн хөнгөн цагаан сав, 38 литрийн ширэм тогоо, таг, 20 литрийн хөнгөн цагаан тогоо, хөнгөн цагаан жигнүүр, ноосон цамц, эрэгтэй срочикон цамц, эрэгтэй саарал ноосон өмд, гялгар дотортой 50 кг-н шуудай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 536,280 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…*** хашаанд манай нэг гэр бариатай эзэнгүй байдаг юм. 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 08 цагийн орчимд манай аав *** над руу утсаар залгаад гэр лүү чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Би нөхөр ***-ын хамт гэрт очиход гэрийн хаалганы даралтыг хөшөөд гэр лүү хүн орсон бололтой байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай хашаа ганц гэр бариатай тухайн гэр нь эзэнгүй байдаг учир гэр болон хашаан дотор 5 ширхэг камер суурилуулсан байдаг. Камерын бичлэг шүүж үзэхэд 2025 оны 09 сарын 11, 12-ны шөнө 2 удаа манай гэр лүү үл таних хүн ороод эд зүйл авч гарч байгаа бичлэг үлдсэн байсан. 2025 оны 09 сарын 11-ний шөнө гэрээс цайны тогоо хийж ашигладаг байсан 10 литрийн хөнгөн цагаан сав, таглаатай нь, 10 литрийн хөнгөн цагаан бетон, 5 литрийн хөнгөн цагаан сав авч явсан. 2025 оны 09 сарын 12-ны өглөө 07 цагийн орчимд 38 литрийн ширэм тогоо, таг, 20 литрийн хөнгөн цагаан тогоо, жигнүүр, ноосон цамц, эрэгтэй срочкон цамц, эрэгтэй саарал ноосон өмд, гялгар дотортой цагаан шуудай зэрэг зүйл алдагдсан. Камерын бичлэг дээрээс харахад 2025 оны 09 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд гэрт орсон хүн нэг хүн байсан. Бараан өнгийн саравчтай малгайтай, дээгүүрээ цагаан канттай ханцуйтай хар өнгийн хөвсгөр куртиктэй, дотуураа хөх өнгийн ноосон цамцны хормой цухуйсан, саарал брюкен өмдтэй, бор өнгийн зузаан ултай гуталтай, 170-175 орчим өндөртэй, туранхай, эрэгтэй хүн байх шиг байсан. 10 литрийн хөнгөн цагаан сав, таглаатай нь 90,000 төгрөг, 10 литрийн хөнгөн цагаан бидон 90,000 төгрөг, 5 литрийн хөнгөн цагаан сав 55,000 төгрөг, 38 литрийн ширэм тогоо, таг 380,000 төгрөг, 20 литрийн хөнгөн цагаан тогоо 85,000 төгрөг, хөнгөн цагаан жигнүүр 30,000 төгрөг, ноосон цамц 25,000 төгрөг, эрэгтэй срочкон цамц 35,000 төгрөг, эрэгтэй саарал ноосон өмд 25,000 төгрөг, гялгар дотортой цагаан шуудай 3,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн хөшигдсөн Монгол цоожийг эвдэлж нээсэн учир 75,000 төгрөгөөр засварлана гэсэн. Мөн цоожны дарааг 5,000 төгрөгөөр янзлуулсан. Хаалганы эвдэрсэн хэсгийг 25,000 янзлуулна. Дээрх эвдэрсэн, янзлуулах эд зүйлийг холбогдох хүнээс нь мөн нэхэмжилмээр байна. Хаалга, цоожоо засварлахад гарсан зардал мөнгө, 2 төрийн алба хаагчийн 1 өдрийн цалин нэхэмжилмээр байна. Дээрх гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоож, бидний хохирол мөнгийг барагдуулж өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

2. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ШД-725-913708 дугаартай “…10 литрийн хөнгөн цагаан сав, таглаатай, 10 литрийн хөнгөн цагаан бидон, 5 литрийн хөнгөн цагаан сав, 38 литрийн ширэм тогоо, таг, 20 литрийн хөнгөн цагаан тогоо, хөнгөн цагаан жигнүүр, ноосон цамц, эрэгтэй срочик цамц, эрэгтэй саарал ноосон өмд, гялгар дотортой 50кг шуудай, монгол цоож, хаалганы дараа нийт 536,280 төгрөг…” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-40/,

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06/,

4. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн санал /хх-ийн 9-11/,

5. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 12/,

6. Хохирогч ***-гаас гаргаж өгсөн камерын бичлэгийг хүлээн авсан тэмдэглэл, уг камерын бичлэгийг хэрэгт тусгах тогтоол /хх-ийн 19-20/

7. *** хашаанд монгол гэрт байрлах хяналтын камерын бичлэгт 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ч.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***-д 536,280 (таван зуун гучин зургаан мянга хоёр зуун ная) төгрөгийн хохирол учирсан. Хохирогч ***-д 536,280 (таван зуун гучин зургаан мянга хоёр зуун ная) төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч  *** нь “...санал хүсэлт, гомдол байхгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн  1(нэг) жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Д-т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  *** овогт ***-гийн ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч ***-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-т  оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг урт нарийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОДБАЯР