Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/02670

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 9 04

181/ШШ2023/02670

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .............................. оршин суух, З.С /Регистрийн дугаар: ............./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:............................ оршин суух, Д.Д         /Регистрийн дугаар: ......................../,

Хариуцагч: . оршин суух, . /Регистрийн дугаар: ХВ62022275/ нарт Г.Г холбогдох,............................

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Д.Д, хариуцагч Г.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Х, гэрч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.С нь Д.Д, Г.Б нараас....................... байрлах газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн З.С миний бие Сүхбаатар дүүргийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А-339 тоот шийдвэрээр нэгж талбарын .......................дугаартай .... мкв талбай бүхий газрыг..................................... зуслангийн зориулалтаар эзэмшдэг. Мөн Сүхбаатар дүүргийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарьн 22-ны өдрийн А-179 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын .................... дугаар бүхий ............... мкв газрыг..................................... зуслангийн зориулалтаар тус тус эзэмшдэг болно. Гэтэл иргэн Г.Б болон Д.Д нар.....................................ах зуслангийн газар олгосон тухай холбогдох хадгаламжийн нэгж үүсээгүй байхад хууль бусаар төмөр хашаа болон объект барьж миний хууль ёсны газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байгаа юм.

Иймд иргэн З.С миний газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа иргэн Г.Б болон иргэн Д.Д нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож эзэмшил газрыг чөлөөлж өгнө үү.

Газрын албанаас З.Сийн эзэмшил рүү 11 метр сунгаж хашаа баригдсан гэж тодорхойлсон албан бичгийг өгсөн тул тэр хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, төмөр хашаа байшин баригдсан газрынхаа хувьд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа. Хариуцагч нар ашиглах эрхээ сунгуулсан баримтгүй, мөн тэдэнд газар эзэмших эрх олгогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Бид 1989 онд .....................зуслангийн аманд хашаа барин, зуслангийн зориулалттай, 4 айлын, 3 ширхэг суурь цутгалттай байшин барьж өнөөдрийг хүртэл жил бүр зусч амьдарч ирсэн.

Анх 2001 онд хашаалж авсан зуслангийн газрыг иргэдэд ашиглуулж эхэлсний дагуу Нийслэлийн Засаг Даргын 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 390 шийдвэрээр Баянбулагийн доод аманд байрлах 500 мкв талбай бүхий газрыг ...............дугаартай гэрчилгээний дагуу Г.Бд, мөн тус 390 дугаар шийдвэрээр 500 мкв талбай бүхий газрыг................. дугаартай гэрчилгээний дагуу Д.Д-д тус тус 5 жилийн хугацаагаар ашиглуулах шийдвэр гарсан.

Хэдийгээр 5 жилийн ашиглах хугацаа дууссан боловч, Нийслэлийн Засаг Даргын 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 390 дугаартай Г.Б, Д.Д нарт газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон захирамж өнөөдрийг хүртэл гараагүй, Мөн бид тухайн газрыг ашиглахтай холбогдох харуул манаа, тог цахилгаан, кабель, хогны мөнгө зэргийг төлж ирсэн байдаг,

Иргэн З.С миний эзэмшлийн газар та нар чөлөөл гэж шаардлага тавих хүртэл Д.Д, Г.Б нар тухайн газрыг өөрсдийнх нь эзэмшил, ашиглалтын газар гэж итгэж, ямар нэгэн өөр этгээдэд давхцуулан олгосон талаар ойлголтгүй байсан. Ийнхүү бидний газрыг өөр этгээдэд эзэмшүүлсэн гэдгийг мэдсэн даруй, З.Сид газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсны үндсэн дээр 2022 оны 10 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Тиймээс бид 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг Дарга, газар зохион байгууллатын албанд хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ бидний 1990 оноос хойш хашаалж амьдарч ирсэн газрыг өөр иргэний газартай давхцаж байна гэх үндэслэлээр эзэмшүүлэхгүй байгаа нь хууль бус бөгөөд бидэнд тус газрыг эзэмшүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Тус хүсэлтийн хариу одоогоор гараагүй бөгөөд хэрэв захиргааны байгууллага бидэнд газрыг эзэмшүүлэхээс татгалзсан хариу өгвөл бид захиргааны хэргийн шүүхэд захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах болно.

 

Анх 4 ах дүү нар 1989 онд зуслангийн газрыг авч байшингаа барьсан. Ах дүү дөрвөөс Б, Д бид нар байгаа. Нөгөө хоёр нь бусдад зарсан. Зарснаас хойшоогоо хэд хэд дамжин өөрчлөгдсөн. Гэтэл З.С сүүлд газрыг хуурамч баримтаар хууль бусаар олж авсан гэж үзэж байна.

Хариуцагч нар анхнаасаа хууль бусаар эзэмшээгүй, 2001 оны гэрчилгээний дагуу илээр нийтэд нээлттэйгээр эзэмшиж ашиглаж байсан. Мөн нэхэмжлэлийн шаардлага өнөөг хүртэл тодорхойгүй. Нэхэмжлэгчийн аль газар дээр 11 метрээр давхцаад байгаа нь тодорхойгүй, хашаа обьект гэж нэхэмжлэлд тусгагдсан. Хариуцагч нарын эзэмшил хууль бус биш хууль ёсны дагуу анх эзэмшиж байсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан нөхцөл бүрдээгүй. Байшингийн тухайд нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Мөн газар дээрх тухайн байшингийн хууль ёсны өмчлөгч хариуцагч мөн гэдэгт нэхэмжлэгч маргаагүй. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газрын албанд ажлын хэсэг байгуулагдаж шийдвэрлэх саналтай байгаа талаар албан бичигт тусгагдсан байгаа. Газрын тухай хуулиар тухайн газарт 10 жилээс дээш хугацаагаар эзэмшиж байгаа тохиолдолд тухайн газарт тэргүүн ээлжинд эзэмших, өмчлөх эрхтэй байдаг. Нэхэмжлэгч 1989 оноос хойш тухайн газрыг эзэмшиж ашиглаж байсан үйл баримтад маргаагүй. Зуслангийн байшингийн тухайд сансрын зургаас үзэхэд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэхээс өмнө ч тухайн газарт баригдсан байсан нь тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/01325 дугаар шүүгчийн захирамж, газар эзэмших эрхийн 000742478 тоот гэрчилгээ, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын 18641329565197 дугаартай газрын кадастрын зураг, газар эзэмших эрхийн 000721854 тоот гэрчилгээ, 2018 оны 3 дугаар 19-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын .......................дугаартай газрын кадастрын зураг, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 10 дугаар сарын 19-нийн 14/3661 тоот албан бичиг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03-04/6174 тоот албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2022/8018 дугаар шүүгчийн захирамж, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 4-17, 151/

Хариуцагчаас баримтаар: Кадастрын зураглал тайлбарын хамт, 010402569, 010402570 тоот газар ашиглах гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08/152 тоот албан бичиг, түүний хавсралтаар 2009, 2012, 2016, 2018 оны сансрын зураг зэргийг ирүүлжээ. /хх 30-32, 38, 51-59, 163/

Шүүхийн журмаар: Тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2023/03295 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17/217 тоот хариу, түүний хавсралт, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01-08/868 тоот хариу, түүний хавсралтууд, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1/505 тоот хариу, түүний хавсралтууд, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2023 оны 8 дугаар сарын 18-ний 17/844 тоот хариу, баримтуудыг бүрдүүлжээ. /хх 78-138, 146-149, 175-208/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч З.С нь Д.Д, Г.Б нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Баянбулагт байрлах нэгж талбарын ..............., .......................дугаартай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр шаардах эрхийн үндэслэлээ: тухайн хоёр газрын хууль ёсны эзэмшигч тул хариуцагчийн эзэмшил, ашиглалтаас газрыг чөлөөлүүлнэ гэж тайлбарлав.

3.Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Тухайн газрыг 2001 оны гэрчилгээний дагуу нийтэд нээлттэйгээр эзэмшиж ашигласаар ирсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан нөхцөл хангагдаагүй, мөн газар дээрх байшингийн тухайд хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэгч хууль ёсны өмчлөгчөөс шаардах үндэсгүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж тайлбарлав.

5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

5.1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/339 тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зусланд байрлах, нэгж талбарын .......................дугаар бүхий 699 мкв газрыг 15 жилийн хугацаагаар, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/179 тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зусланд байрлах, нэгж талбарын 18641329565197 дугаар бүхий 450 мкв газрыг 15 жилийн хугацаагаар тус тус нэхэмжлэгч З.Сид эзэмших эрхийг олгосон болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн 000721854, 000742478 тоот гэрчилгээ, газрын албатай байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 19-нд, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнүүд, кадастрын зурагнууд зэргээр тогтоогдож байна. /хх 6-13/

5.2.Нийслэлийн Засаг даргын 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянбулагийн аманд Г.Б, Д.Д нарт тус бүрт 500 мкв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулах гэрчилгээ олгож байсан үйл баримтад маргаагүй.

5.3.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2022/8018 дугаар шүүгчийн захирамжаар: Г.Б, Д.Д нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох дүүргийн засаг даргын 2017 оны А/339 дүгээр захирамж, 2018 оны А/179 дүгээр захирамжийн З.Сид холбогдох хэсгүүдийн Нийслэлийн Засаг даргын 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 390 дугаар шийдвэрээр Г.Б, Д.Д нарт олгосон газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /хх 16-17/ Дээрх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон, дахин захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болох нь хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

6.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д гуравдагч этгээдийн хувьд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан. Түүнчлэн 2002 оны Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг ... гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч эрх бүхий этгээдээс олгосон гэрчилгээний үндсэн дээр тухайн хоёр газрын хууль ёсны эзэмшигч байх тул тэрээр хуулийн дээрх зохицуулалтын дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шаардах эрхтэй.

6.1.Хариуцагч тухайн газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, 2001 онд газар ашиглах эрхийг олгосон гэж татгалзлаа тайлбарласан.

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн газрын албанаас ирүүлсэн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянбулагийн аманд Г.Б, Д.Д нарт Нийслэлийн Засаг даргын 2001 оны 390 дүгээр захирамжаар газар ашиглуулсан гэх боловч кадастрын мэдээллийн санд мэдээлэл бүртгэлгүй, нэгж талбарын хувийн хэрэг баримт, хадгаламжийн нэгж хадгалагдаагүй болохыг тодорхойлжээ. /хх 78, 81/

Хэргийн баримтаар Нийслэлийн Засаг даргын 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 390 тоот захирамжаар нэг өрхөд 0,04 га газрыг тус бүр 3 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн, үүний дагуу хариуцагч нарт 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээг олгож байсан үйл баримт тогтоогдсон хэдий ч түүнээс хойшхи хугацаанд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуулиын дагуу хариуцагч нар тухайн газрыг хууль ёсоор эзэмших, ашиглах, өмчлөх талаар эрх бүхий этгээдэд хүсэлт, гомдол гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч энэ үйл баримтад маргаагүй.

Түүнчлэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01-08/449 тоот албан бичгээр нэр бүхий иргэдийн үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг гарган иргэн З.Сийн эзэмшил газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой тухай хариуг хариуцагчид эрх бүхий байгууллагаас өгснөөс хойш өнөөг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн газрын алба болон эрх бүхий этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй /шийдвэрлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүй/ холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд анх хариуцагч газар ашиглах эрхийг олж авч байсан, улмаар газартаа хөрөнгийг барьж босгосон үйл баримт тогтоогдсон ч тухайн газрын хувьд ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсноос хойшхи хугацааны эзэмшил ашиглалтыг хууль бус гэж үзнэ.

6.2.Хариуцагчийн өмгөөлөгчөөс газар дээрх байшингийн тухайд хариуцагч хууль ёсны өмчлөгч тул шаардах үндэсгүй гэж тайлбарласан.

Хэргийн баримтаар тухайн газар дээр баригдсан байшин эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй хэдий ч хариуцагч нар өөрийн хөрөнгөөр барьсан, тэдний эзэмшлийнх гэдэгт зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 5 дугаар дэд бүлгээр эдийн болон эдийн бус баялагийн эрхийн талаар зохицуулахдаа 84 дүгээр зүйлийн 84.3-т газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж, 85 дугаар зүйлийн 85.2-т түр зуурийн хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж зохицуулсан. Иймд газар дээрх салгаж болохгүй хөрөнгө өөрөө газрын бүрдэл хэсэгт хамаарахаар зохицуулсан, түүнчлэн анхнаасаа хариуцагчид газар эзэмших эрх олгогдоогүй, харин зөвхөн ашиглах эрхийг олгож байсан тул газар ашиглагчийн хувьд тухайн газар дээр баригдсан хөрөнгөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсэхгүй.

Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно гэж, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж заасан, хариуцагч нар нэгэнт газар ашиглах эрхээ алдсан тул хууль ёсны эзэмшигч болсон нэхэмжлэгчид өгөх үүрэг хүлээнэ.

6.3.Хариуцагчаас Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан .. хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй гэж зааснаар тухайн газрыг илээр, нээлттэй, арваас олон жилээр эзэмшиж ашигласан гэж тайлбарласан. Маргааны зүйл өөрөө газар, түүн дээр баригдсан хөрөнгө тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар бүртгэл-д суурилахаар тусгагдсан буюу эрх бүхий этгээдээс өмчлөх, эзэмших эрхийг баталгаажуулж бүртгэснээр эрх үүсэх тул хуулийн дээрх зохицуулалт маргааны энэ тохиолдолд шууд хамааралгүй.

6.4.Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, аль газарт ямар хэмжээгээр давхацсан талаарх баримтгүй гэж хариуцагч тайлбарласан.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03-04/6174 тоот албан бичигт газарт хэмжилт хийж эргэлтийн цэг тэмдэгийг тогтооход 18641329567239 дугаараар газрын мэдээллийн санд бүртгэгдсэн /эзэмшигчийн мэдээлэл тодорхойгүй/ газар өөрийн газраас хэтрүүлэн З.Сийн эзэмшил талбай руу 11 метр сунгаж хашаа барьсан нь тогтоогдсон талаар дурджээ. /хх 15/

Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2023 оны 3 дугаар сарын 24-ний 1/505 албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх хоёр газарт бусдын газар давхацсан зүйлгүй, нэгж талбарын 18641329567239 дугаараар газрын мэдээллийн санд 2018 онд бүртгүүлэхдээ давхцалгүйгээр бүртгэгдсэн, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн мэдээллээр нэгж талбарын 18641329567239 дугаартай газар бүртгэлгүй болохыг тодорхойлсон байна. Түүнчлэн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 8/152 тоот албан бичиг, сансрын зургаас үзвэл: тухайн хоёр газраас нэгж талбарын 18641329565197 дугаарт бүртгэлтэй 450 мкв газрын хувьд хоосон, харин нэгж талбарын .......................дугаартай 699 мкв газар дээр хоёр ширхэг байшин баригдсан, тухайн байшингууд нэхэмжлэгч газар эзэмших эрхийг олж авахаас өмнө байсан болох нь 2009, 2012 оны сансрын зураг, анх 2015 онд газрын хил зааг бүртгэгдсэн үеийн зургаар тус тус тогтоогдож байна. /хх 51-59, 146-149/

Дээрхийг нэгтгээд шүүх нэгж талбарын..................... дугаарт бүртгэлтэй 450 мкв газрын хувьд нэхэмжлэгч газраа эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч саад болсон, эрх ашиг хөндөгдсөн гэх байдал тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин нэгж талбарын .......................дугаартай 699 мкв газрын хувьд хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар З.Сийн эзэмшлийн нэгж талбарын .......................дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Баянбулагт байрлах 699 мкв талбайтай газрыг хариуцагч Г.Б, Д.Д нарын эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас нэгж талбарын 18641329565197 дугаартай, мөн хаягт байрших 450 мкв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ