Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/816

 

 

 

 

 

 

   2021             9               14                                      2021/ДШМ/816

 

Д.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч Д.Т,

хохирогч Д.Ш,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/357 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1909015261374 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Д.Т, ... оны .... дугаар сарын ....-ний өдөр .............. төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл ...., ........ ...... хамт, ..............тоотод оршин суух, /РД: ............................/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Д.Т нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Ш-т “сургуулийн барилгын ажлын тендер авч хамтран ажиллана” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20.000.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Т-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу /1 нэгж=1000/ 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Тээс 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Шт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/357 тоот шийтгэх тогтоолоор Д.Т намайг 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Иргэн би гэм буруу дээрээ огт маргадаггүй бөгөөд хийсэн зүйлдээ маш их гэмшиж байгаа. Надад холбогдох хэргийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие хохирогчид 6.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг нэн даруй барагдуулах болно.” гэв.

Хохирогч Д.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Т нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө надтай уулзаж “хохирлоос эхний ээлжинд 6.000.000 төгрөгийг төлье, үлдсэн мөнгийг 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлье, гомдол, саналгүй гэдгээ илэрхийлж өгөөч, би залуу хүн тул ажил хийж хохирлоо барагдуулъя” гэсэн. Үүний дагуу би шүүхэд “шүүгдэгчийг ажлыг нь хийлгүүлж, хохирлоо төлүүлье” гэх хүсэлт гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс Д.Т-д 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, надад учруулсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч шүүх хуралдаанаас хойш Д.Т алга болж, намайг утсаар залгахаар авдаггүй, мессеж бичихээр “тэгж байгаад өгнө” гэсэн тодорхойгүй хариу өгсөөр өдийг хүрч байна. Д.Т гаргасан давж заалдах гомдолдоо “хохирлоо нэн даруй төлнө” гэсэн байна. Анхан шатны шүүхэд мөн адил нэн даруй төлөх талаараа илэрхийлсэн боловч одоо хүртэл төлөөгүй байна. Удаа дараа хохирол төлөхгүй үйлдэл гаргаж байгаа учраас түүнд тохирох хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Нэгэнт эхний удаагийн үйлдэл нь биш, өмнө нь залилах гэмт хэрэгт шийтгэгдэж байсан хэрнээ хоёр дахь үйлдэлдээ мөн адил хайхрамжгүй хандаж байгаад гомдолтой байна. Миний хувьд залуу хүн учир ажил хийж хохирлоо барагдуулах байх гэж итгэж хүлээсэн боловч хэлсэндээ хүрээгүй. Иймд Д.Т-ийг өршөөх боломжгүй гэж үзэж байх тул холбогдох шийтгэлийг оногдуулах нь зүйтэй.” гэв.

Прокурор М.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Д.Тиийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг өршөөн хэрэгсэхгүй болохоор зохицуулагдаагүй. Уг хуулийн 6 дугаар зүйлд ялаас хасах, 7 дугаар зүйлд оногдуулсан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих талаар заасан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хэрэгсэхгүй болгох гэмт хэрэг нь уг хуулийн 6, 7 дугаар зүйлд зааснаас бусад гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Т-ийг энэ хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2019 онд яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх явцад Д.Т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хорих ял шийтгүүлсэн байсан. Энэ хэрэг 2020 онд шүүхэд шилжих үед Д.Т өмнөх шийтгэх тогтоолоор хүлээсэн хорих ялыг эдэлж дууссан байсан бөгөөд шүүх хуралдаанд эрхэлсэн тодорхой ажилтай, барилгын үйл ажиллагаа явуулдаг гээд хохирол төлөх хүсэлт гаргасныг хохирогч хүлээн авсан. Үүнийг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцсэн гэж үзэж, хохирол төлбөр төлүүлэх буюу хохирсон этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Хэрэв шүүгдэгч шийтгэх тогтоолд заасан ялыг эдлээгүй, хохирол төлбөр төлөхгүй байгаа зэрэгт үндэслэн түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ялыг эдлүүлэх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Д.Т нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Ш-т “сургуулийн барилгын ажлын тендер авч хамтран ажиллана” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20.000.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Ш-ын “...2018 оны 9 сарын үед байх өөрийн танил Баасандоржоор дамжуулан Т.С, Д.Т нартай танилцсан. Эдгээр хүмүүс тухайн үед надад “бид нар барилга барих тендерийг төрөөс авах гэж байгаа юм, үүнд минь бага зэрэг санхүүгийн хөрөнгө оруулалт дутаад байна, өөрийг чиь тодорхой хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалтыг бидэнд хийгээч, тэр хөрөнгө оруулсан мөнгөөр чинь тендер авах үйл ажиллагаандаа зарцуулж тендерээ авчихаад хамтран ажиллая, Т.С Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажилладаг, Д.Т нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилладаг болохоор тендер авч байгаа, сургуулийн барилга барих гэж байгаа ба тус барилгыг барьж дууссаны дараагаар олсон цэвэр ашгаа тэнцүү хуваана, өөрт чинь ашгийн тал хувийг өгнө, дээр нь нэмээд 20 сая төгрөгийг чинь өгнө” гэхээр нь би өөрөө тооцоолж үзэхдээ хөрөнгө оруулалтаар оруулсан 20 сая төгрөг дээрээ нэмээд цэвэр ашиг нь 100 сая орчим төгрөг боллоо гэж бодоход түүний тал гэхээр 50 сая төгрөгийг дор хаяж авчих юм шиг байна гэж тооцоолсон. Би эдгээр хүмүүстэй хамтарч ажиллах учраас барилга барих үйл явцад хамтран оролцож, хяналт тавих болохоор энэ санал боломжийн санагдаад, дээр нь эдгээр хүмүүс төрийн байгууллагад ажилладаг гэсэн болохоор түүнд нь итгэж, итгэл төрсөн учраас тус 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаар болсон. Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хамгийн эхлээд Дашчойлин хийдийн гадна машин дотроо бэлнээр 3 сая төгрөгийг Т.Сд өгсөн. Тэр үед Д.Т нь хамт байгаагүй. Үүний дараагаар тухайн өдөртөө би Д.Т-ийн Хаан банкны 5069081430 дугаартай данс руу 17 сая төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлэхдээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Е Март” их дэлгүүрийн 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-ээс өөрийн данснаас түүний данс руу шилжүүлсэн. Ингээд шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “хүүтэй зээлдүүлэв” гэж бичиж хийсэн. Д.Т нь өөрөө ингэж бичиж шилжүүлээрэй гэхээр нь тэгж бичсэн. Учир нь, төрийн албан хаагч болохоор янз бүрийн асуудалтай байдаг болов уу гэж бодоод хэлснээр нь бичсэн. Ингээд тэдгээрийн ажил эхлэхийг хүлээсэн бөгөөд одоог хүртэлх хугацаанд ямар нэгэн ажил явагдсан нь мэдэгдэхгүй, тендерээ авсан эсэх нь тодорхойгүй байгаа ба одоогоор надтай уулзахгүй, утсаа авахгүй байгаа юм. Тэр мөнгийг шилжүүлэн авсныхаа хэд хоногийн дараагаас эхлэн бага багаар утсаа авахаа больчихсон ба одоогоор утсаа авахгүй байгаа юм. Т.Сэ нь 2018 оны 11 дүгээр сарын үеэс эхлэн өөрөө надад “би Д.Т-ийг хайгаад олохоо больчихлоо, тэрээр чиний шилжүүлсэн мөнгийг аваад алга болчихлоо, ингэхээр ажил бол худал болчихлоо” гэх зэрэг зүйл яриад байсан. Одоогоор миний мөнгийг эргүүлэн өгөөгүй бөгөөд тус 20 сая төгрөгийг би өгөхдөө өөрийн танил О.Бямбадорж гэдэг хүнээс сарын 5 хувийн хүүтэй зээлж авч өгсөн...” гэх /1хх 11-12/,

гэрч Т.С-ийн “...Миний бие Баасандорж, Д.Т нарыг таньдаг бөгөөд энэ хүмүүсээр дамжуулан анх танилцаж байсан. 2018 оны 8 дугаар сарын үед байх Д.Ш нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт таних хүн байна уу, би нэг тендер авах гээд материалаа оруулчихсан байгаа, түүнийгээ авч чадахгүй байна” гэхээр нь “надад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт таних хүн байхгүй, би Д.Тээс асууж үзье, би тусалж чадахгүй” гэдгээ хэлсэн. Тэгээд Д.Т-тэй ярьсан чинь “би тусалж болох байхаа” гэхээр нь тэр хоёрыг хооронд нь холбож өгсөн. Харин тэр 2 хүний дунд 20 сая төгрөгийг яриа болсон байсан. Түүнээс хойш 1-2 удаа Д.Ш-тай уулзсан байх. Гэхдээ ямар нэгэн байдлаар онцгүй зүйл болон энэ тендерийн асуудлын талаар огт ярилцаагүй. Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн орой 19 цагийн үед Д.Ш над руу яриад “би танай гэрийн гадаа ирчихсэн байна, та түр гараад ирээч” гээд залгаад байхаар нь би гарч уулзсан. Тэр үед миний бие өвдсөн байсан болохоор гарч чадахааргүй байна гэдгээ хэлж, уулзахаас татгалзсан боловч байн байн залгаад дуудаад байхаар нь гарсан. Тэгээд уулзсан чинь Д.Ш нь “би сая 17 сая төгрөгийг Д.Т-ийн данс руу хийчихээд ирлээ, үлдсэн 3 сая төгрөгийг нь бэлнээр аваад ирлээ, үүнийг танд өгчихье, би бичиг бичээд аваад ирсэн, үүн дээр гарын үсгээ зурчих” гээд гуйгаад байхаар нь тэр 3 сая төгрөгийг нь аваад, түүний бичиж ирсэн бичиг дээр нь гарын үсэг зурсан. Гарын үсэг зурахаасаа өмнө нь Д.Т-ээс 17 сая төгрөгийг нь авсан эсэхийг нь асуухад авсан гэж хэлсэн болохоор нь би тэр бичиг дээр нь гарын үсэг зурсан. Би тэр дороо нөгөө авсан 3 сая төгрөгийг нь өөрийнхөө данс руу хийгээд шууд Д.Т-ийн данс руу шилжүүлсэн. Би ямар ч мөнгө аваагүй, залилуулсан гэх 20 сая төгрөгийг Д.Т авсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Д.Т-ийн ажил бүтэхээ больсон гэж сонссон. Тэгээд мөнгийг нь эргүүлэн өгөх гэхээр Д.Ш нь “би энэ мөнгийг хүнээс 5 хувийн хүүтэй зээлж авсан, харин одоо тэр хүүтэй нь буцааж өг” гээд байгаа гэсэн. Д.Т нь би хүүгүй, үндсэн мөнгийг чинь буцааж өгнө гэж маргалдаад одоог хүртэл зөвшилцөлд хүрээгүй гэсэн...” гэх /1хх 15/ мэдүүлгүүд,

Д.Ш, Т.С нарын хооронд бэлэн мөнгө хүлээлцсэн акт /1хх 14/,

Д.Т-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 29-46, 99-100/,

Т.С-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 56/,

шүүгдэгч Д.Т-ийн яллагдагчаар өгсөн “...би өөрийн танил Т.С гэх эмэгтэйгээр дамжуулж Д.Ш-тай холбогдож хамтран ажиллахаар аман байдлаар тохирсон... 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны 5069081430 дугаарын дансаар Д.Ш данснаасаа 17.000.000 төгрөг, мөн тухайн өдөр Д.Ш нь манай найз Т.С-д 3.000.000 төгрөг бэлнээр өгч Т.С тухай өдрөө миний Хаан банкны данс руу өөрийн данснаасаа 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн...Тэгээд ажлаа эхэлсэн. Би гадаад харилцаа хариуцаж хүмүүстэй уулзаж бичиг баримт бүрдүүлсэн. Тендерийн гол бичиг баримтыг Д.Ш “Цомбон тоосго” компани дээр бүрдүүлсэн. Бид нар тендерт орсон боловч “Цомбон тоосго” ХХК дээр бүрдүүлсэн материал маш их дутуу мөн санхүүгийн зөрчил илэрсэн. Бид нар тендерт шалгарч чадаагүй... Хамтран ажиллах хүнээ буруу сонгосон нь миний буруу...” гэх /1хх 61-62, 97-98/,

шүүгдэгч Д.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 67, 107/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1хх 66/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-ийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Мөн шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан Д.Тид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Т-ийн хувьд гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хангах боломжгүй байна.

Учир нь, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх”, 5 дугаар зүйлд “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” талаар нарийвчлан зохицуулсан байх ба уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Т-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “бусад гэмт хэрэг” гэдэгт хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/357 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                             Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ