Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгч Л.Р нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ***-д холбогдох 2516002370260 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Р нь *** гэх газарт 2025 оны 08 дугаар сарын 22-ний өдөр ***-тэй мал хөөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний биед баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, 2 нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл, зүүн шанаа, зүүн хацар, баруун чигчий хуруунд зулгаралттай, бүсэлхий, зүүн мөр зүүн ташаан толгой, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Р нь *** гэх газарт 2025 оны 08 дугаар сарын 22-ний өдөр ***-тэй мал хөөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний биед баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, 2 нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл, зүүн шанаа, зүүн хацар, баруун чигчий хуруунд зулгаралттай, бүсэлхий, зүүн мөр зүүн ташаан толгой, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

1. Хохирогч ***-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би *** багийн нутаг дэвсгэрт нөхөр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эм ямаагаа хураахаар эгчтэй хамт ямаандаа явсан. Ямаан дээр очиход ямааны тал нь тасраад айлын ямаанд нийлсэн цөөхөн ямаа байсан. Тэгээд байгаа ямаагаа эгчид тулгаж явуулчхаад би айлын малд нийлсэн ямаагаа ялгаж авах гээд *** гэдэг айлын мал дээр очсон. Намайг тухайн үед манай хажуу айлын 3-4 нохой дагаж яваад ***-ийн малын хажууд байсан сарлагийн бярууг хөөж ноцолдоод миний хумиад явж байсан мал бүгд харайсан. Малын эзэн *** морьтой ирээд чи манай малыг хөөлөө гээд морин дээрээс үсдэж аваад түлхээд миний маскийг аваад шидсэн. Тэгээд би өмнөөс нь чи хүн нохой хоёрыг ялгадаггүй юм уу? гэхэд *** надад чи чоно Баасан, Баяраа хоёрын захиалгаар ирж мал хөөж байгаа юм уу? гэж хэлээд мориноосоо бууж ирээд үсдээд, газар унагаагаад үсдэж дарж байгаад гараараа толгой хэсэг рүү олон удаа цохиж, ташуураар олон удаа ороолгосон. Тэгээд би чамайг цагдаад хэлнэ гэж утсаар бичлэг хийх гэхэд миний утсыг аваад хад руу шидээд хэл амаар доромжилсон. Тэгээд босоод явахаар нь араас нь чулуу аваад шидэхэд морин дээр очиж оносо..." гэх мэдүүлэг, /хх-ийн 24-26-р тал/,

2. Гэрч ***-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би 2025 оны 08 дугаар сарын 23-нд *** багийн малчин ***-гийнд байсан. Тэр өдөр *** өглөө эрт адуундаа явсан байсан. ***-гийн эхнэр *** бид хоёр гэрт үлдсэн байсан. Үдээс хойш утсаар ярих шаардлага гараад ямаагаа харангаа бид хоёр хамт нуруун дээр гарсан. Тэгээд бид хоёр ямааныхаа талыг олоод би гэр лүгээ туугаад явсан. *** үлдсэн ямаагаа хайгаад явсан. Тэгээд би удаан хүлээгээд ирэхгүй болохоор нь гэр лүгээ харьсан. Тэр үед цаана нь нэлээн зайтай нэг хонь байсан. Хажууд нь нэг морьтой хүн байж байсан. *** тэр хүнээс асуухаар явсан. Тэгээд би гэртээ ирж ямаагаа хашчихаад гол руу явж тугалаа тууж ирсэн. Намайг ирсний дараа *** адуугаа тууж ирсэн. Тэгээд би юу болсон талаар нөхөрт нь хэлээд удаж байна. Араас нь яв гэж хэлсэн. Тэрийг яваагүй байж байхад *** тал ямаагаа туугаад ирсэн. Ирэхдээ тэр уйлчихсан, биеийн нүүрэн хэсэг нь шарх болсон. Ар нуруу нь хөхөрсөн. Хоёр гар нь хавдсан. Гартаа баахан үс атгачихсан байдалтай ирсэн. Бид хоёр юу болсон талаар асуухад манай ямаа ***-ийн ямаатай нийлсэн байна. Тэгээд ялгаж авах гээд очиход намайг ташуураар ороолгоод чулуугаар шидэж хөөлөө. Үснээс зулгааж чирсэн гэж хэлсэн. Тэр хүн бас тэнд зогсож байсан хүн чиний тагнуул юм уу, юу юм гэж хэлээд дахиж зодоод чамайг гүйцээчихье гэж хэлээд дахиж зодсон гэсэн. Тэгээд ***-ийн цус шархийг нь жаахан арчиж цэвэрлээд нэг өвчин намдаах эм уулгаад нөхөр нь сум руу ярьж дуудлага өгье гээд хамт явцгаасан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р тал/,

3. Иргэний нэхэмжлэгч ***-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ". .. *** нь 2025 оны 08 сарын 22-ны өдрөөс хойш нийт 189,800 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. ***-ийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгийг гаргуулан өгнө үү..." гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р тал/,

4. 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн Даатгалын хэлтсээс ирүүлсэн 44 дугаартай албан бичиг, эрүүл мэндийн даатгалын санд 189,800 төгрөгийг төлсөн баримт, /хх-ийн 15-17-р тал/,

5. 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч ***-ийн эзэмшлийн Samsung Galaxy G-52 маркийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 11-13-р тал/,

6. “Ашид билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Хөхөөгийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 725-913409 дугаартай хөрөнгийн үнэлгээний "... самсунг-А-52 маркийн гар утас 242,000 төгрөг..." гэх үнэлгээний тайлан дүгнэлт, /хх-ийн 56-61-р тал/,

7. Яллагдагч Л.Р нь хохирогч ***-т гар утасны хохирол болох 242,000 төгрөгийг төлсөн баримт, /хх-ийн 19-р тал/,

8. Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн ГОА0725/357 дугаартай "...***-ийн биед баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2025.08.22- ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...." гэх дүгнэлт, /хх-ийн 38-39-р тал/,

9. Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн ГОА0725/358 дугаартай "...***-ийн биед баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, 2 нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл, зүүн шанаа, зүүн хацар, баруун чигчий хуруунд зулгаралттай, бүсэлхий, зүүн мөр зүүн ташаан толгой, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2025 оны 08 сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт, /хх-ийн 44-45-р тал/,

10. Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 сарын 29-ний өдрийн Хово825/149 дугаартай шинжээчийн "... *** гэх газар хүнд зодуулчихлаа гэх гэмт хэргийн улмаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан хохирогч *** сэтгэцэд хор уршиг учирсан байна. Гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна..." гэх дүгнэлт, /хх-ийн 67-69-р тал/,

11. Яллагдагч ***-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 100-р тал/,

12. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байсан шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 102-105-р тал/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч ***-ийн хохирогч ***-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-10 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн ГОА0725/358 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "...***-ийн биед баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, 2 нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл, зүүн шанаа, зүүн хацар, баруун чигчий хуруунд зулгаралттай, бүсэлхий, зүүн мөр зүүн ташаан толгой, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2025 оны 08 сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэргийн хохирол болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Л.Рэнцэндоржийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч ***-ийн хохирогч ***-тэй мал хөөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний биед баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, 2 нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл, зүүн шанаа, зүүн хацар, баруун чигчий хуруунд зулгаралттай, бүсэлхий, зүүн мөр зүүн ташаан толгой, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Р нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

             Шүүгдэгч Л.Р нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хохирлын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилсан.

         

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ***-ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ***-т гар утасны хохирол 242,000 төгрөгийг төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд 189,800 төгрөгийн хохирлыг учруулсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд төлсөн, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилсэн.  

Монгол Улсын Иргэний хуулийн 230.1-д “...Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй...” гэж, 230.2-т “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж, 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/- ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж тус тус гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтууд тусгагдсан. 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Сэлэнгэ, Г.Хулан нарын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ХОВ0825/149 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтээр хохирогч *** “сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэж дүгнэсэн байна.  

Монгол Улсын дээд шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээр зүйл нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын нэгдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн шүүхээс тогтоохоор зохицуулжээ.

Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 792.000 төгрөг байхаар тогтоосон.

Иймд насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг түүний биед учирсан хохирлын хэмжээ, эмчилгээгээ хийлгэж чадаагүй байгаа шалтгаан нөхцөл зэргийг харгалзан 792,000*2,5=1,980,000 /нэг сая есөн зуун наян мянга/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгч ***-оос хохирогч ***-т олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Л.Р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч ***-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч ***-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д заасныг баримтлан шүүгдэгч ***-оос хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хохиролд 1,980,000 /нэг сая есөн зуун ная/ төгрөгийг гаргуулж, хохирогч ***-т олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ОДБАЯР