Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/03054

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/03054

Улаанбаатар хот

                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................................ оршин суух, Б.М /Регистрийн дугаар: ................../,

Нэхэмжлэгч: ............................................... оршин суух, Б.М /Регистрийн дугаар:.................... нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................... оршин суух, Э.М  /Регистрийн дугаар:.................../

Хариуцагч: .................................. оршин суух,Б.О /Регистрийн дугаар:......................../ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 33.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хариуцагч Э.М итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нар Э.М, Б.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Хариуцагч Э.М, Б.О нар 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Б.М  тай зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сард 4 хувийн хүүтэй зээлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийг бүхэлд нь төлж барагдуулахаар, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон.

Анх 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээнээс гадна орон сууц хөлслөх гэрээг нэгэн зэрэг байгуулсан. Надад 25 сая төгрөг зээлчих, хүүтэй тооцьё, хүүний оронд орон сууцанд суухаар тохирсон байдаг. Орон сууц хөлслөх гэрээнд хариуцагч нарын орон сууцыг нэхэмжлэгч бусдад хөлсөлж нэг сарын 1 сая төгрөгөөр 6 сарын хугацаатай суулгахаар байгуулсан. Гэхдээ энэ гэрээ хэрэгжээгүй, хариуцагч нар өөрийнхөө байранд байсан.

Хариуцагч Э.М, Б.О нар үндсэн зээлийн хүү болох 6.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээл 25.000.000 төгрөгөөс огт төлбөр төлөөгүй тул Иргэний 232 дугаар зүйлийн 232.1 дэх заалт, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу алданги төлөх үндэслэл үүсэж байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл нийт 199 хоногт, 1 хоногт 125.000 төгрөг, нийт 24.875.000 төгрөг төлөхөөр байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 12.500.000 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй юм.

Иймд үндсэн зээл 25.000.000 төгрөг, алданги 12.500.000 төгрөг, нийт 37.500.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан. Хариуцагчаас сүүлд өгсөн 4.000.000 төгрөгийг алдангиас хасч үлдэх 33.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нар нэхэмжлэлээс зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Э.М, Б.О бид нэг бүлийн хүмүүс бөгөөд мөнгөний хэрэг гараад Facebook орчинд Байр барьцаалж мөнгө зээлнэ грүппэд мөнгө зээлж хүүнд нь 2 өрөө байрандаа суулгана гэсэн зар тавьсан. Энэ зарын дагуу Ө.Мягмарсүрэн, Б.М нар холбогдож уулзсан. Ингээд бид тэднээс 25.000.000 төгрөгийг зээлэхээр тохиролтол тэд бид байр түрээслэх шаардлагагүй, энэ байранд чинь амьдрахгүй. Харин өөр хүнд хөлслүүлээд хүүгий нь авна гэхээр бид манайх байрандаа саяхан засвар хийсэн бид өөрсдөө та нараас түрээслэе гэж хэлсэн.Тэд ч зөвшөөрч, маргааш нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хамтдаа нотариат орж,

1.Б.Мгээс 25.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлэхээр Э.М.Б.Отгонцэцэг бид зээлийн гэрээ байгуулсан.

2.Э.М, Б.О бид өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу 72/2 байрны 3 А тоот хаягт байрлах Ү-2203025147 улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг хөлслөхөөр Б.Мтай орон сууц хөлслөх гэрээг тус тус байгуулсан.

2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Э.Мын Хаан банкны 5023710394 тоот данс руу 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба Э.М нь буцаагаад 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

Ингээд зээл авснаас хойш 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг төлсөн. Бид БНХАУ-с зөөврийн гагнуурын аппарат, машин угаах усан буу зэргийг оруулж ирэн худалдаж жижиг бизнес эрхлэх зорилгоор бусдаас мөнгө зээлсэн боловч Ковид 19 өвчний улмаас захиалсан бараа бүтээгдэхүүн ирэхгүй саатаж, хугацаа алдсаны улмаас зээлээ төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн тул алдангийг төлөх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч 25.000.000 төгрөгнөөсөө 4.000.000 төгрөгийг буцаан авсан учраас бид 21.000.000 төгрөг зээлсэн хэмээн үзэж байгаа бөгөөд зөрүү болох 960.000 төгрөгийг хасч тооцуулах хүсэлтэй байна. Бид 25.000.000 төгрөгийг төлнө гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 3-7/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, дансны хуулга, коронавирусийн талаарх сайтын мэдээнүүд хуулбараар, Голомт банкны зээл төлөх тухай мэдэгдэл, Т ББСБ-тай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ, Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлжээ. /хх 23-39/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.М, Б.М нар хариуцагч Э.М, Б.О нараас зээлийн гэрээний үүрэгт 37.500.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад 4.000.000 төгрөгийг хүлээн авсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 33.500.000 төгрөг болгон багасгаж байх тул шүүх багасгасан хэмжээгээр шийдвэрлэх нь зүйтэй.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Зээлийн гэрээг байгуулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул алдангийн хамт буцаан гаргуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 25.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ: Зээлийн гэрээг байгуулж мөнгийг шилжүүлсэн даруйд 4.000.000 төгрөгийг буцаан авсан, нийт 10.000.000 төгрөг төлсөн, төлбөрийн чадваргүй болсон тул алдангиас чөлөөлж өгнө үү гэв.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1.Нэг талаас Б.М, нөгөө талаас Э.М, Б.О нар 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч нь 25.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд 6 сарын хугацаатай шилжүүлэхээр, Зээлдэгч нэг сарын 4 хувийн хүүтэйгээр 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эргүүлэн төлөхөөр тохиролцож Зээлийн гэрээг байгуулжээ. /хх 3/

4.2.Мөн өдрөө талаас Б.М, нөгөө талаас Э.М, Б.О нар тохирч, Хөлслүүлэгч нар өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025147 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу 72/2 байр 3а тоотод байрлах 41,1 мкв хоёр өрөө орон сууцыг 6 сарын хугацаагаар хөлслөгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхээр, Хөлслөгчийн төлөх хөлсийг талуудын хоорондох зээлийн гэрээний хүү болох 6.000.000 төгрөгт тооцохоор тохирч Орон сууц хөлслөх гэрээг байгуулжээ. /хх 25-27/

Дээрх хоёр гэрээгээр хариуцагч Э.М, Б.О нар зээлийн хүү төлөх үүргээ, нэхэмжлэгч Б.М орон сууц хөлслөх гэрээний хөлс төлөх үүргээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүрэг солилцохоор анх тохиролцсон үйл баримтад маргаагүй. Түүнчлэн орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж ашиглаагүй, улмаар орон сууц хөлслөх гэрээ хэрэгжээгүй гэдэгт зохигчид маргахгүй байна.

4.3.Түүнчлэн нэхэмжлэгч Б.М, Б.М нар нэг гэр бүлийн хүмүүс, гэрээг Б.Маар байгуулсан хэдий ч мөнгийг Б.Мгийн данснаас шилжүүлсэн үндэслэлээр хамтран нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар энэ үйл баримтад маргахгүй гэж тайлбарласан.

4.4.Хариуцагч нар нийт 10.000.000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй.

5.Харин зохигчид төлбөл зохих зээлийн үлдэгдлийн хэмжээнд маргасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх-ээр, 282 дугаар зүйлийн 282.1-д ... гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан.

5.1.Нэхэмжлэгч 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 25.000.000 /15+10/ төгрөгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.

Хариуцагчаас ирүүлсэн дансны хуулгаар хариуцагч Э.М зээлийг хүлээн авсан даруйд мөн өдрөө 4.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, үүнээс хойш 2022 оны 9 дүгээр сарын 02-нд 2.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 08-нд 1.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-нд 2.000.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 06-нд 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдож байна.

Зээлдэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн даруйдаа 4.000.000 төгрөгийг буцаан авсан болох нь дансны хуулгаар тогтоогдсон, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул шүүх талуудын хооронд бодитоор 21.000.000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иймд зээлдэгчийн төлбөл зохих зээл 21.000.000 төгрөг, 6 сарын хүү 5.040.000 /21.000.000* 4 % = 840.000* 6 сар/ төгрөг, нийт 26.040.000 төгрөг төлөх үүрэгтэй. Үүнээс төлсөн 6.000.000 төгрөгийг хасвал зээлийн үлдэгдэл 20.040.000 төгрөг байна.

5.2.Гэрээний 3.7-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги төлөх-өөр тохиролцсон, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Гэрээний дагуу зээл төлөх сүүлийн хугацаа болох 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 199 хоногт ногдох алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тооцож 10.020.000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан алдангийг бууруулж тооцов.

Иймд нийт үндсэн зээлийн үлдэгдэл 20.040.000 төгрөг, алданги 7.510.000 төгрөг, нийт 27.550.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Э.М, Б.О нараас 27.550.000 /хорин долоон сая таван зуун тавин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М, Б.М нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 295.700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ