Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1358

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00984 дугаар шийдвэртэй, Л.Б-ын нэхэмжлэлтэй, Ж.Ч-д холбогдох, компанид учирсан хохиролд 403 671 862 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинтамир, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Ж.Ч-, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Хариуцагч Ж.Ч- нь “Т”- ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд 1999 оны Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дах хэсэг, 2004 оны компанийн дүрмийн 7.3.4-т заасан их хэмжээний хэлцлийг заавал ТУЗ-ийн зөвшөөрлөөр байгуулна гэх заалтыг тус тус зөрчсөн. Түүнчлэн, компанийн дүрмийн 7.2, 7.2.2-т заасан ТУЗ бол компанийн өдөр тутмын үйл ажиллагаанаас бусад их хэмжээний хэлцлийг гүйцэтгэх удирдлагад олгосноор гүйцэтгэх удирдлага их хэмжээний хэлцэл байгуулах эрхтэй. Гэтэл хариуцагч дур мэдэж их хэмжээний хэлцэл байгуулсан. 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Хас банк” ХХК-тай их хэмжээний хэлцлийг байгуулахдаа “Т”- ХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баруун Сэлбийн гудамж, 22/2 тоотод байх дэлгүүр, засварын цехийн зориулалттай барилгыг барьцаалж 150 000 ам.долларыг сарын 1.9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авах зорилго нь “Э Х”- ХХК-ийн захирал н.Энхбаатартай 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ юм.

Тодруулбал, 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээлийг “Э Х”- ХХК-д дамжуулан олгоно гэж гэрээ байгуулж “Хас банк” ХХК-иас 150 000 ам.доллар зээлж, “Э Х”- ХХК-д зээлүүлсэн. Эдгээр зээл хэлцлүүд нь Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл гэдэг нь дараах байдлаар тогтоогдоно.

Зээлсэн 150 000 ам.доллар сарын 1.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тул зээлийн хугацаа дуусахад хүү 58 000 ам.доллар болж үндсэн зээлийн хамт 208 000 ам.доллар төлөх үнийн дүнтэй гэрээ байгуулсан нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Т”- ХК-ийн нийт хөрөнгийн 28 хувьтай тэнцүү байсан. Үүнтэй холбоотой Юнистар аудит компаниар шалгалт хийлгэсэн. 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ТУЗ-ийн зөвшөөрлөөр хийгдсэн 11/70 дугаар аудитын шалгалтын тайлангаар Ж.Ч- Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, “Т”- ХК-ийн дүрмийн 7.3.4-т заасныг тус тус зөрчиж эрх мэдлээ хэтрүүлж, их хэмжээний хэлцэл ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр байгуулсан нь тогтоогдсон.

Ж.Ч- нь тус компанитай хөдөлмөрийн менежментийн гэрээ байгуулсан. “Хас банк” ХХК-иас зээл авахад “Т”- ХК-ийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан нь мөн л “Т”- ХК-ийн дүрэм, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг зөрчсөн. Нэхэмжлэлд дурдагдсан 202 606.85 ам.долларыг “Т”- ХК нь “Хас банк” ХХК-д 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн. Энэ мөнгийг компани үйл ажиллагаандаа зарцуулаагүй, ямар нэгэн байдлаар эргэлтийн хөрөнгөнд ашиглаагүй, “Э Х”- ХХК ямар нэгэн байдлаар зээлийг буцааж төлөөгүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ж.Ч-г эрх мэдлээ хэтрүүлж компанид хохирол учруулсан их хэмжээний хэлцэл байгуулсан талаар удаа дараа гомдол гаргаж шалгуулж, энэ ажиллагаа 6 жил үргэлжлээд Чингэлтэй дүүргийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар прокурорын тогтоолоор дүгнэлт гарсан. Тогтоолд Ж.Ч- хамтран ажиллах гэрээний дагуу татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор хөрөнгө оруулалт хийхдээ ТУЗ-ийн зөвшөөрөл аваагүй, албан тушаалынхаа хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид 243 147 150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед холбогдогч нарт хууль сануулж мэдүүлэг авах үед Ж.Ч- их хэмжээний хэлцэл хийхдээ ТУЗ-өөс зөвшөөрөл авахгүйгээр “Хас банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн. Их хэмжээний хэлцэл байгуулах үед компанийн сүүлийн баланс 756 000 000 төгрөг байсан ба их хэмжээний хэлцэл нь 243 147 150 төгрөг гэж аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Энэ нь 2006 оны санхүүгийн тайлангаар компанийн нийт хөрөнгийн 32.3 хувийг эзэлсэн байна.

Иймд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хэлцлийн шинж чанарыг бүрэн агуулсан. Мөн дахин аудитын шалгалт оруулж өмнөх аудитын тайлантай адил дүгнэлт гарч Ж.Ч-г их хэмжээний хэлцэл байгуулсан гэж дүгнэсэн. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10355 тоот шүүгчийн захирамжаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 227 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шалгалтын тайланд “Т”- ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр хийлгэсэн аудитын тайлангаар “Т”- ХК нь “Э Х”- ХХК-тай 243 147 150 төгрөгийн хэлцэл хийсэн гэж дүгнэсэн. Хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлийн шаардлагаар аудитын 17/58 дугаартай тайлангаар “Т”- ХК-ийн нийт актив 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 756 706 995.79 төгрөг байгаа тул 189 176 748 95 төгрөгөөс дээш үнийн дүнтэй хэлцэл байгуулах нь их хэмжээний хэлцэлд тооцогдох үндэслэлтэй, мөн 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Э Х”- ХХК-тай байгуулсан зээл дамжуулж олгох гэрээнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэлд тооцогдож байна гэж дүгнэгдсэн.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 3 удаагийн аудитын дүгнэлтүүд хоорондоо зөрүүгүй гарсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс томилогдсон шинжээч нар Ж.Ч- “Т”- ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн тул хариуцагч Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1, 86 дугаар заалтыг тус тус зөрчсөн учраас нэхэмжлэгч Л.Б- нь Компанийн тухай хуулийн 84.7, 86.1-д заасны дагуу компанид учирсан 202 606 ам.доллар 85 центийг нэхэмжилсэн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол банкны ам.долларын ханш 1992.39 төгрөгөөр тооцож 403 671 862 төгрөгийг хариуцагч Ж.Ч-гээс гаргуулж компанид олгоно уу гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Т”- ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Э Х”- ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд зээл дамжуулан олгох гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн. 150 000 ам.долларын гэрээ байгуулж хувьдаа энэ мөнгийг аваагүй. “Т”- ХК-тай “Э Х”- ХХК эрх зүйн харилцаанд орсноор зээлсэн тул хариуцагч нь “Э Х”- ХХК тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Э Х”- ХХК нь “Т”- ХК-д 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаалийн татваргүй барааны дэлгүүр нээх зөвшөөрөл авсан, “Т”- ХК-ийг хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулахлаар хүсэлт гаргаснаар 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээг үндэслээд “Хас банк” ХХК-иас 150 000 ам.долларын зээл авсан нь тухайн үеийн ханшаар 174 750 000 төгрөг, энэ нь компанийн тайлан балансад зээл гэж бүртгэгдсэн.

Зээлийн барьцааны хөрөнгийн үндсэн үнэлгээ нь 147 493 000 төгрөг. Үүнийг “Нью аудит” ХХК-иар 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үнэлүүлсэн энэ дүгнэлт, нэхэмжлэгчийн дүгнэлт гаргуулсан аудитын компанийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй гарсан тул “Юнистар” аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. 756 000 000 төгрөгийн жилийн эцсийн тайлан, баланс актив хөрөнгийн дүнд барьцаалсан хөрөнгө нь 19.5 хувьтай тэнцүү, 174 750 000 төгрөг нь их хэмжээний хэлцлийн хэмжээнд хүрэхгүй байгаа тул ТУЗ-өөс зөвшөөрөл авалгүйгээр өөрийн эрх мэдлийн хүрээнд “Э Х”- ХХК-д тухайн өдөр мөнгө зээлүүлж, шилжүүлсэн. Намайг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад энэхүү зээл нь төлөгдөж дуусаагүй байсан.

2010 онд би ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсаны дараа 2012 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллага намайг их хэмжээний мөнгө завшсан, компанид хохирол учруулсан гэж үзэж 6 жилийн турш шалгасан. Тухайн үед “Хас банк” ХХК-иас авсан зээл “Т”- ХК-ийн нийт хөрөнгийн 19.5 хувьтай тэнцүү байна. Их хэмжээний хэлцэл байгуулаагүй, Компанийн тухай хууль зөрчөөгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Мөн “Э Х”- ХХК-тай хамтран ажиллах үед хоёр талаас хүсэлт гаргаад тооцоо нийлүүлсэн акт үйлдэж баталгаажуулаад тайлан балансад бүртгэж байсан. “Э Х”- ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Т”- ХК нь тус компаниас мөнгөө нэхэмжлэх бүрэн боломжтой. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 316 дугаартай тогтоолоор “Т”- ХК, “Э Х”- ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчинтэй гэж дүгнэсэн. Дээрээс нь гэрээний дагуу “Т”- ХК ямар хэмжээний ашигтай эсхүл ямар хэмжээнд ашиггүй байсан талаар дурдаагүй. Үүнийг тогтоох шаардлагатай тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч энэ талаар “Т”- ХК-иас ямар ч баримт ирүүлээгүй гэж хэлж байсан.

Иймд энэхүү хамтран ажиллах гэрээнээс үүдэн компани хохирол хүлээсэн талаар нотлох баримт байхгүй. Аудитын хувьд би өөрөө 2013 оноос эхлэн “Т”- ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Л.Б- нь өөрөө ТУЗ-ийн даргаар ажилладаг. Тэгэхээр Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 76.1.10-т аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох гэж заасан байдаг. Иймд компанид аудитын шалгалт хийлгэхийн тулд ТУЗ-ийн зөвшөөрөл авах ёстой. Л.Б- ТУЗ-ийн дарга боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. ТУЗ-ийн зөвшөөрөлгүй аудитын шалгалт оруулж тухайн шалгалтын дүгнэлтийг үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Л.Б- ямар үндэслэлээр ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр өөрөө дур мэдэн компанид аудитын шалгалт хийлгэсэн нь ойлгомжгүй, иймд тухайн аудитын дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргаж байсан.

Миний бие 1996-2010 он хүртэл “Т”- ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, 2007-2009 онд гэрээ байгуулахад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. ТУЗ-өөс гүйцэтгэх захиралтай жил болгон гэрээ байгуулж, гэрээг дүгнэдэг. ТУЗ-ийн 9 гишүүний шийдвэрээр гүйцэтгэх захирлын гэрээг сунгадаг. Гүйцэтгэх захирал жил болгон хийсэн ажлынхаа үр дүнг ТУЗ-д тайлагнадаг бөгөөд зээл олгосон гэх маргаан бүхий цаг хугацаанд ТУЗ-ийн 9 гишүүний дүгнэлтээр 2010 он хүртэл миний гэрээг сунгасан.

Тухайн үед намайг ажлаа хангалтай сайн гүйцэтгэж байсан тул компаниас шагнах талаар яригдаж байсан. Энэхүү зээлийг ямар шалтгааны улмаас олгосон талаар яриагүй атлаа зээл аваад 10 жилийн дараа энэ асуудлыг сөхөх нь ойлгомжгүй байна. Л.Б- энэ мөнгийг “Э Х”- ХХК-иас нэхэмжлэх боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн /1999 оны/ 81 дүгээр зүйлийн 81.3, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.6-д зааснаар хариуцагч Ж.Ч-гээс 259 251 673 төгрөгийг гаргуулж “Т”- ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 144 420 189 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 395 733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 454 208  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч, хууль буруу хэрэглэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүхийн шийдвэрт “... Ж.Ч- нь “Т”- ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Хас банк” ХХК-тай 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 23000178 тоот зээлийн гэрээ байгуулж 150 000 ам.долларыг зээлж, уг гэрээний үүрэгт “Т”- ХК-ийн өмчлөлийн дэлгүүр, засварын цехийн зориулалттай барилгыг барьцаалсан. Барьцаа хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэ нь 254 000 000 төгрөгийн үнэтэй. Энэ үнэлгээ нъ хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнтэй харьцуулахад 32.3 хувийг эзэлж байгаа тул Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-т зааснаар их хэмжээний хэлцэлд хамаарна, хариуцагч нь их хэмжээний хэлцэл хийхдээ Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлэлгүй, зөвшөөрөлгүй дур мэдэн хийсэн гэх агуулгаар үндэслэлээ тодорхойлсон байх боловч хариуцагчийг буруутгаж буй дээрх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж байхад шүүх бодит дүгнэлт хийгээгүй байна.

Тухайлбал, Ж.Ч- нь “Т”- ХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа компанийн нэрийн өмнөөс 2007 онд “Хас банк” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд уг зээлийн гэрээний үүрэгт компанийн өмчлөлийн дэлгүүр, засварын цехийн барилгыг барьцаалсан “Барьцааны гэрээ” байгуулжээ. Дээрх гэрээнүүдийг байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Компанийн тухай /1999 оны/ хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ... барьцаалахтай холбогдсон хэлцлийг их хэмжээний хэлцэлд тооцно. " гэж заасан.

Гүйцэтгэх захирал Ж.Ч-г компанийг төлөөлөн гэрээ байгуулахын өмнөх компанийн тайлан баланс 2006 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон гарсан байх ба холбогдох аудит, татварын байгууллагаар баталгаажсан. Уг тайлан балансад компанийн нийт актив хөрөнгийн хэмжээ нь 756 707 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө нь 147 496 300 төгрөгийн балансын үнэтэй байгаа нь нийт активын 19.5 хувийг эзэлж байгаа тухай “Т”- ХК-ийн 2006 оны жилийн эцсийн тайлан баланс, аудитын байгууллагын тайлан, дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож ба компанийн хөрөнгийг барьцаалсан хэлцэл нь Компанийн тухай /1999 оны/ хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д заасан их хэмжээний хэлцэлд хамаарахгүй.

Нэхэмжлэгч нь “Т”- ХК болон “Хас банк” ХХК-ийн хооронд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээнд барьцаалагдсан хөрөнгө нь 147 496 300 төгрөгийн балансийн үнэтэй боловч зах зээлийн үнэ нь 245 000 000 төгрөг байснаас уг хэлцэл их хэмжээний хэлцэлд хамаарна гэж нэхэмжлэгч маргаж, шүүх үүнийг үндэслэлтэй мэтээр дүгнэсэн. Барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хэлцэл хийгдсэнээс хойш 7-оос 10 жилийн дараа хийгдсэн шинжээчийн дүгнэлт, аудитын тайлан зэрэг баримтуудад үндэслэн нэхэмжлэгч маргасан бөгөөд эдгээр баримтуудад хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт хөрөнгийн талаар зах зээлийн үнэлгээ гаргаагүй, зөвхөн барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2007 оны байдлаар гаргаж харьцуулалт хийсэн нь бодит байдлыг зориудаар мушгин гуйвуулсан, шүүхийг төөрөгдөлд оруулах зорилготой тайлбар хийсэн, шүүх анхаарсангүй.

Компанийн тухай /1999 оны/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт ...компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл тогтооно гэж заасан. Гэтэл барьцааны гэрээгээр барьцаалагдсан гэх дэлгүүр, засварын цехийн зах зээлийн үнийг 245 000 000 төгрөг гэж тогтоосон “Т”- ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэр гарч байгаагүй, ийм баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэл мөн эсэхийг тодорхойлохдоо хэлцэл хийхийн өмнөх балансын актив хөрөнгийн үнэлгээг баримтлах ба балансын актив хөрөнгийн зах зээлийн үнэлгээг зөвхөн тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоохоор Компанийн тухай хууль /1999 оны/-ийн 84 дүгээр зүйлийн 84.2 дах хэсэгт маш тодорхой хуульчилсан байхад шүүх хариуцагчийн байгуулсан гэрээ нь их хэмжээний хэлцэл мөн эсэхийг дүгнэхдээ зөвхөн шинжээчийн дүгнэлт, аудитын тайлангаар тогтоож болохгүй юм. Ж.Ч-гийн “Хас банк” ХХК-тай компанийн хөрөнгийг барьцаалсан хэлцэл байгуулсан нь Компанийн тухай /1999 оны/ хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д заасан их хэмжээний хэлцэлд хамаарахгүй тул мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагагүй байсан.

Тухайн хэлцэл хийгдсэн 2007 оны “Т”- ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан дээр нэхэмжлэгч Л.Б- өөрөө “...Чимэдцэрэн зээл авахдаа эрх хэмжээгээ хэтрүүлээгүй...” хэмээн хүлээн зөвшөөрч байсан нь “Т”- ХК-ийн ТУЗ-ийн 2007 оны 06 дугаартай Протоколд тэмдэглэгдэн үлдсэн. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан. Хэрэв зайлшгүй ТУЗ-ийн зөвшөөрлөөр хийгдэх хэлцэл байсан гэж үзвэл “Т”- ХК-ийн ТУЗ-ийн 06 дугаартай Протоколд гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа хууль зөрчөөгүй... эрх хэмжээгээ хэтрүүлээгүй гэж дүгнэснээрээ “Хас банк” ХХК-тай гэрээ байгуулсан хариуцагчийн үйлдлийг хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ тодорхойлохдоо “...Ж.Ч- нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Компанийн ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр Их хэмжээний хэлцэл хийсэн хууль бус үйл ажиллагааны улмаас компанид хохирол учирсан нь Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаартай тогтоолоор тогтоогдсон... ” гэж үзээд, Компанийн тухай /1999 оны/ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 “...компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн хууль бус үйл ажиллагаанаас компанид учирсан хохирлыг хариуцна...”, Гүйцэтгэх захиралтай байгуулсан Хөдөлмөр менежментийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.10 “...захирал өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас компанид эд хөрөнгийн хохирол учруулбал жинхэнэ учирсан хохирлын хэмжээгээр компанийн өмнө эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтуудыг үндэслэн, гэм хорын хохирол шаардсан, шүүх мөн л уг хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь буруу. Нэхэмжлэгчийн үндэслэж буй хуулийн дээрх заалтуудыг хэрэглэх хууль зүйн нөхцлүүдийн нэг нь эрх бүхий албан тушаалтан ажилтны гэм буруутай, хууль бус үйл ажиллагааны улмаас компанид хохирол учирсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан баримтуудаар шүүх нь гүйцэтгэх захирлын гэм буруутай, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримтыг шинжээчийн дүгнэлт, аудитын тайлан, дүгнэлт, прокурорын тогтоолоор нотлогдож тогтоогдсон гэж дүгнэдэг. “Т”- ХК-ийн ТУЗ-с гүйцэтгэх удирдлагыг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэх тогтоол, шийдвэр гараагүй, гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байхгүй нөхцөлд нэхэмжлэгчийн эх сурвалж болгож буй дээрх баримтуудаар хариуцагчийг буруутгах нь үндэслэлгүй. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалтад нийцэхгүй гэж хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

“Т”- ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Ж.Ч-д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг түүнтэй гэрээ байгуулсан этгээд буюу тус компанийн ТУЗ нь ажил олгогчийн хувьд Хөдөлмөр, менежментийн гэрээг дүгнэн шийдвэрлэж, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзвэл Хөдөлмөр, менежментийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.10-т заасны дагуу эд хөрөнгийн хариуцлагын /хохирлын/ хэмжээг тогтоох тухай шийдвэр гаргахаар заасан. Энэ тухай үйл баримтыг нотлох ТУЗ-ын тогтоол, шийдвэр хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч энэ үйл баримтыг нотлоогүй байхад шүүх хариуцагчийг компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. ТУЗ нь гүйцэтгэх удирдлага Ж.Ч-г хэлцэл хийгдсэн гэх 2007 оноос 2009 оныг хүртэл тухай бүр, тухайн жилийн үйл ажиллагаанд зөрчил гаргаагүй гэж дүгнэн, компанийн ашгийн тодорхой хувиар шагнаж урамшуулан 2010 оны 5 дугаар сар хүртэл ажиллуулж байсан тухай баримтуудаас үзвэл Ж.Ч-д эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй.

“Т”- ХК /Гүйцэтгэх захирал Ж.Ч-/-ийн зүгээс 2010 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд “Э Х”- ХХК-иас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргаж улмаар шүүхээс тус компанийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан. Мөн 2010 оны 5 дугаар сард “Энэрэл Холдинг” ХХК-ийн удирдлагыг эрүүгийн журмаар шалгуулахад одоо нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхээд байгаа төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан баримтууд хэрэгт авагдсан байхад хариуцагчийг “Т”- ХК-д хохирол учруулсан гэж буруутгах нь үндэслэлгүй. Харин “Т”- ХК нь “Э Х”- ХХК-иас хохирлоо шаардах хууль зүйн боломж нээлттэй байгаа үйл баримтын тухай огт дүгнэлт хийсэнгүй.

“Хас банк” ХХК-тай байгуулсан 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 23000178 тоот зээлийн гэрээний төлбөрт “Т”- ХК-иас төлсөн 202 606.85 ам доллар буюу        449 716 295 төгрөг нь компанид учруулсан гэм хорын хохирол гэж нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд хохирол учирсан гэх цаг хугацааг тодорхойлохдоо 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс тооцон шаарддаг. Харин хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэх 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 7 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байгаагаас үзвэл нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Гэтэл шүүх шийдвэртээ “...Ж.Ч-д холбогдуулан 2012 оны 11 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна...” гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол...”, 79 дүгээр зүйлийн 79.5 дах хэсэгт гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй гэжээ. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, маргаж буй асуудлаар урьд өмнө нь шүүхийн шийдвэр гарч байгаагүй атал Ж.Ч-д эрүүгийн хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан мэтээр хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагчийн хувьд дээрх гомдлын үндэслэл, тайлбарыг нэгтгэн дүгнэвэл, их хэмжээний хэлцэл мөн эсэхийг зөвхөн тухайн компанийн ТУЗ батална гэж хуульчилсан. Хэлцэлд барьцаалагдсан хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход мөн л тухайн компанийн ТУЗ тогтоохоор хуульчилсан, барьцаалагдсан хөрөнгийн үнийг 254 000 000 төгрөг болохыг тогтоосон ТУЗ-ийн шийдвэр гарч байгаагүй. Их хэмжээний хэлцэл мөн эсэхийг тодорхойлохдоо компанийн өмч хөрөнгийг барьцаалсан гэрээ байгуулах үеийн тайлан балансад тусгагдсан үнийг баримтлах бөгөөд хариуцагч гэрээг байгуулахдаа энэ шаардлагад нийцүүлсэн болох нь тогтоогдож байгаа. Хариуцагчийн байгуулсан хэлцэл нь компанийн ТУЗ-с зөвшөөрөл авах шаардлагагүй, зөвшөөрөл авах байсан ч ТУЗ-с хожим хүлээн зөвшөөрчихсөн. Гүйцэтгэх захирлыг хууль зөрчөөгүй, эрх хэмжээгээ хэтрүүлээгүй гэж ТУЗ-с дүгнэчихсэн. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэрээр хариуцагчийг гэм буруутай болохыг нотолсон баримт байхгүй. Хариуцагчид эд хөрөнгийн хариуцлага оногдуулах талаар ажил олгогчоос буюу ТУЗ-с ямар нэгэн шийдвэр гараагүй. Нэхэмжлэгчийн шаардаж буй “Т”- ХК-д учирсан гэх төлбөрийг хариуцах этгээд болох “Э Х”- ХХК нь төлбөрийн төлөхөө хүлээн зөвшөөрчихсөн. Нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсээр байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Ж.Ч-д холбогдуулан “Т”- ХХК-д учирсан хохиролд 403 671 862 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, хариуцагч нь “Т”- ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Э Х”- ХХК-тай татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг эрхлэн явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зээл авах буюу батлан даалт гаргах зорилготой хамтран ажиллах гэрээ /1хх114-115/ байгуулж, гэрээний зорилгыг хэрэгжүүлэхээр “Т”- ХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, “Хас банк” ХХК-иас 150 000 ам.долларыг сарын 1.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж, зээлийн шугамын гэрээ болон барьцааны гэрээг /3хх15-20/ 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Улмаар зээлийн мөнгөн хөрөнгийг 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Э Х”- ХХК-д зээл дамжуулан олгох гэрээний дагуу шилжүүлсэн, дээрх зээлийн шугамын гэрээний хугацаа 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл сунгагдсан /1хх11, 3хх24/ үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Гагцхүү, хариуцагч Ж.Ч- нь “Э Х”- ХХК-ийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах зорилгоор хийсэн дээрх хэлцлүүд нь Компанийн тухай хууль /1999 он/-д заасан их хэмжээний хэлцэл мөн эсэх, ийнхүү их хэмжээний хэлцлийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн эсэх, үүнээс шалтгаалж нэхэмжлэгч “Т”- ХК-д хохирол учруулсан эсэх талаар маргажээ.

 

Талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах 1999 оны Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.1-т хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл нь их хэмжээний хэлцэлд хамаарна гэж зохицуулсан байна.   

 

Хариуцагч нь тухайн компанийн хөрөнгийг бусдад барьцаалсан хэлцэл нь 2007 онд байх бөгөөд хэрэгт авагдсан “Т”- ХК-ийн 2006 оны жилийн санхүүгийн тайлан /1хх92-95, 3хх 79-81/-д компанийн балансын нийт актив нь 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 756 706 986.08 төгрөг байжээ. Энэ дүнгийн 25 хувь нь 189 176 746.5  төгрөг байх бөгөөд үүнээс дээш хэмжээний үнийн дүнтэй хэлцэл нь дээрх хууль ёсоор бол их хэмжээний хэлцэлд тооцогдох юм.

 

2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ж.Ч-гээс “Хас банк” ХХК-тай байгуулсан зээлийн шугамын болон барьцааны гэрээний үүрэг нь үндсэн зээл 150 000 ам.доллар, зээлийн хүү 34 200 ам.доллар, нийт 184 200 ам.доллар байх бөгөөд үүнийг тухайн өдрийн валютын ханш 1 165 төгрөгт хөрвүүлэн тооцвол 214 593 000 төгрөг, барьцаа хөрөнгийн үнэ 140 000 000 төгрөг, эдгээрийг нэгтгэвэл 354 593 000 төгрөгийн үнийн дүнтэй хэлцэл хийсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Дээрх хэлцэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэлд хамаарч байх бөгөөд хариуцагч энэхүү хэлцлийг төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр хийсэн нь хэрэгт авагдсан “Юнистар-Аудит” ХХК-ийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/70 дугаартай “Шалгалтын ажлын тайлан” /1хх138-142/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 227 дугаар дүгнэлт /2хх236-241/-ээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ, маргаанд хамаарах хэлцэл нь их хэмжээний хэлцэлд хамаарахгүй, их хэмжээний хэлцэл мөн эсэхийг төлөөлөн удирдах зөвлөл батална гэж хуульчилсан тул Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөл авах шаардлагагүй, нэхэмжлэгч нь Ж.Ч-г эрх хэмжээгээ хэтрүүлээгүй талаар хэлж байсан нь “Хас банк” ХХК-тай гэрээ байгуулсан үйлдлийг хожим хүлээн зөвшөөрсөн, шүүх хууль болон гэрээний зохицуулалтыг буруу тайлбарласан, компанид хохирол учруулсан талаарх баримт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт байхгүй, уг маргааны хариуцагч нь Ж.Ч- бус “Э Х”- ХХК бөгөөд нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн  гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Ж.Ч- нь дээрх хэлцлийг хийхдээ компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй тухайгаа мэдүүлж байсан бичгийн баримт 2 дугаар хавтас хэргийн 102 дах талд авагджээ.

 

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн /1999 оны/ 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл санал нэгтэйгээр гаргана гэж заасан. Хариуцагчийн хувьд их хэмжээний хэлцэл хийсэн болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэхүү хэлцлийг хийх талаар тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөл санал нэгдсэн буюу зөвшөөрсөн талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Талуудын хооронд үүссэн маргаантай холбоотой эрүүгийн журмаар шалгасан баримтууд, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар тогтоол /2хх, 102, 244-247/ хэрэгт авагдсан нь иргэний хэрэгт шууд нотлох баримт болохгүй ч тодорхой үйл баримтыг нотлох агуулга бүхий бичгийн баримт юм. Хариуцагч нь энэхүү баримтуудыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.  

 

Нэхэмжлэгч нь 2010 оноос эхлэн учирсан хохирлоо арилгуулахаар “Э Х”- ХХК-ийн захирал Б.Энхбаатар, “Т”- ХК-д гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Ж.Ч- нарт холбогдуулан эрүүгийн болон иргэний журмаар гомдол гаргаж байсан талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дах хэсэгт заасантай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт болжээ.  

 

Иймд анхан шатны шүүх, “Хас банк” ХХК-ийн тодорхойлолт болон эргэн төлөлтийн талаарх баримтуудад /1хх213-218/ тулгуурлан нэхэмжлэгч их хэмжээний хэлцлийн үүрэгт 202 606.85 ам.долларыг төлж 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болгосныг үндэслэж тухайн өдрийн Монгол банкны нэг ам.долларт тэнцэх ханш буюу         1 279.58 төгрөгт хөрвүүлэн тооцож, нийт 259 251 673 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Шүүх Компанийн тухай хуулийг           /1999 он/ зөв тайлбарласан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00984 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ч-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 395 733 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                          Т.ТУЯА