Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/819

 

Г.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

         Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

хохирогч Б.Л,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Л, шүүгдэгч Г.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Д-дхолбогдох 1806 08830 0532 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

         Г овгийн Г-ийн Д, 1967 оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “З” ХХК-ийн захирал ажилтай байсан, ам бүл 3, нөхөр, охины хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг эдэлж байгаа;

Г.Д нь:                                                                             

1. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Консул товер хотхоны ... тоот орон сууцыг иргэн В.Э-д өөрийн байр мэтээр ойлгуулж, байрны урьдчилгаа өг хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар 18.480.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2. Хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчлан иргэн Ж.Ц-д “П” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлэх “З” төсөлд хөрөнгө оруулалт хийнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн залилан мэхэлж авч, бусдад 24.000.000 төгрөгийн,

3. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны хажууд байрлах Хаан банкны салбар дотор иргэн Ж.А-д Монгол Улсын Их Сургуулийн диплом гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 10.700.000 төгрөгийн,

4. 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 96 дугаар байрны 1 давхарт хуурамч гэрээ ашиглан хамтран ажиллана, хөрөнгө оруулалтын шимтгэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.О-оос 30.000.000 төгрөгийг,

5. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан Сондор хотхонд “П” ХХК-ийн захирал Б.Л-тэй 340 тонн арматур нийлүүлэхээр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан улмаар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Манайх арматураа БНХАУ-аас таталт хийдэг тул танайх мөнгөө хийсний дараа манайх бараагаа нийлүүлнэ” гэж хуурч, урьдчилгаа төлбөр гэж өөрийн Хаан банкны ... тоот дансаар 162.500.000 төгрөгийг,

6. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Кино үйлдвэрийн авто зогсоол дээр М.Н-д өөрийнхөө нэр дээр банкнаас зээл гаргуулж өгнө гэж хуурч 5.080.000 төгрөгийг,

7. 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Э.А-д Олимп хотхонд байр авч өгнө хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Э.А нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 10.000.000 төгрөгийг Г.Д-ийн Хаан банкны ... дугаарын дансанд шилжүүлж залилсан буюу бусдад нийт 260.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Баянзүрх дүүргийн прокурорын газар: Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогтой Г-ын Д-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Г.Д-ийн цагдан хоригдсон 457 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.Д-д оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт түүний биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-ээс 254.260.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.А-д 4.200.000 төгрөг, хохирогч В.Э-д 18.480.000 төгрөг, хохирогч Ц.А-д 24.000.000 төгрөг, хохирогч Т.О-д 30.000.000 төгрөг, хохирогч Б.Л-д 162.500.000 төгрөг, хохирогч М.Н-д 5.080.000 төгрөг, хохирогч Э.А-д 10.000.000 төгрөгийг тус тус олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Г.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

         Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг баримтлан, шүүгдэгчийн гэм буруугийн байдал, түүний хувийн байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн. ...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлээр тайлбар гаргаж байна. ...” гэжээ.

            Хохирогч Б.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 4 дүгээр сард миний хүргэн ахад найз Т.Б нь “Арматур бартераар өгч байгаа найдвартай компани байна” гэж худал ярьж итгүүлсэн байсан. ...Т.Б нь намайг “З”-ийн захирал асан Г.Д-тэй зуучлан танилцуулж, уулзуулсан. Уулзах үед ажлын өрөөнд нь С гэх хүн, мөн Д, Б нар байсан. 340 тонн арматурын түүврийг би үзүүлсэн. “Бүгд Эрээнд бэлэн байна. 7 хоногийн дотор нийлүүлэх болно. Танай тал гэрээний нийт үнээс 162.500.000 төгрөгийг маргааш гүйцэтгэх хэрэгтэй байна” гэсэн. Гарч ирээд Б-оос “Найдвартай биз дээ” гэхэд “Ажил нь явагдаж байгаа. Найдвартай. Би бас нэг ажил дээр нь гүйцэтгэгч хийж байгаа” гэсэн. Маргааш нь Б над руу яриад “Захирал чамайг хүлээгээд байна. Чи ирж байна уу” гэж удаа дараа ярьсан. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “З” дээр очиход Б хүлээн авч уулзаад “Гэрээгээ хийгээд, мөнгөө шилжүүлчих” гэсний дагуу би Д-тэй гэрээ хийн, Хаан банкны данс руу нь 162.500.000 төгрөг шилжүүлсэн. Б-д итгэн зуучлуулж, гэрээ хийн мөнгөө алдсандаа харамсаж байна. Б гэдэг хүн байгаагүй бол би танихгүй хүнтэй гэрээ хийж, их хэмжээний мөнгө өгөхгүй байсан. ...Б анхнаасаа Д-ийн ажил үйлс нь бүтэмжгүй, мөнгө төгрөг байхгүй байгааг 6 сар хамтран ажиллахдаа мэдэж байснаар хамтран залилсан нь тогтоогдож байна. Б нь Д-тэй санаатай нэгдэн, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд Д нь “Б надаас 25.000.000 төгрөгийг өг гэж хэлээд өөрийн дансаараа шилжүүлэн авсан” гэж мэдүүлсэн. Мөн Б-т Д нь барилгын хар хавтан хүнээс зээлэн авч өгсөн байсан 16.000.000 төгрөгийг төлсөн гэдгээ хэлсэн. Иймээс 162.500.000 төгрөгийн 41.000.000 төгрөгийг Б нь авч залилсан байгааг шалгуулах хүсэлтэй байна. ...Т.Б нь “З”-тэй тусгай зөвшөөрлөө ашиглан барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн байдаг. Гэвч энэ ажил нь бүтээгүй, хийгдээгүй байж 41.000.000 төгрөгийг авсан нь мэдүүлгээр тогтоогдож байна. 2021 оны 5 дугаар сард Б-ийг шалгуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүсэлт гаргасан боловч шалгаагүй орхигдуулан, хэргийг дутуу шалган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг прокурорт буцааж, Б-г Д-тэй бүлэглэж залилсан үйлдлийг шалган тогтоож өгнө үү. ...” гэв.

         Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 онд “Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулах 1200 айлын төслийг хэрэгжүүлэх ажил авч, ажлаа явуулж байгаад газрын маргаан үүссэнээр ажлаа явуулж чадахгүй, түр хугацаагаар зогсонги байдалд орсон. Үүнээс болж захиалга өгсөн захиалагч, хамтран ажиллаж байсан аж ахуйн нэгжүүд цагдаагийн байгууллагад гомдол өгснөөс үүдэн гэмт хэрэгт холбогдох нөхцөл байдал үүссэн. Би үнэн шударгаар хөдөлмөрлөж яваад эрсдэлд орсны улмаас гэмт хэрэгтэн болчихоод байгаадаа гутарч байна. Хохирогч нарт хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, уучлал гуйж байна. Би нэг хүүхэдтэй бөгөөд охин маань 2 хүүхэдтэй. Гэм буруугаа хүлээж, ухамсарлаж, маш их зүйлийг ойлгож байна. Би өнөөдрийг хүртэл 1720 хоног хоригдож, биеийн болоод сэтгэлийн эрүүл мэндийн байдал дордож байгаа бөгөөд одоо ядарч, шантарч, цөхөрч байна. “Ходоод, улаан хоолойн уулзвар шархтай, хеликобактери өндөр, цөсөө авахуулсан, нойр булчирхай 3.1% нь харлаж, цайралт өгсөн” оноштой хорихын нэгдсэн эмнэлэгт ойр ойрхон хэвтэж эмчлүүлдэг боловч түр хугацаагаар л өвчин намддаг, бүрэн гүйцэд эмчлүүлж чадахгүй байгаа. Иймд миний гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа, биеийн байдал зэргийг харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

         Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Д нь өмнө нь ял шийтгүүлээд ялаа эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн. Одоогоор биеийн байдал нь тааруу байгаа. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргадаггүй. Иймд шүүгдэгч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогч Б.Л давж заалдах гомдолдоо Б-той холбоотой асуудлыг дурдсан байна. 25 сая төгрөгийг Б-т шилжүүлсэн талаарх баримт нь байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар бүрэн шалгаж тогтоогоогүй.” гэв.

         Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан баримтууд болон гэм буруутай этгээдийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон байх тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байх боловч бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй. Хохирлын хэмжээг гаргахдаа мэдүүлгийг тулгасан. 272.760.000 төгрөг гэсэн нь үндэслэлтэй зөв байна гэж үзсэн. Уг хэрэгт хяналт тавьж байсан прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Б-ийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байна. Б нь залилах гэмт хэрэгт оролцсон болох нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэх үндэслэлээр шийдвэр гаргаад, Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн нь тухайн үед хяналт тавьж байсан прокурорын шийдвэр гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчдын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

         1. Прокуророос шүүгдэгч Г.Д-г нэр бүхий 7 иргэнийг залилж, 260.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/1536 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ прокуророос түүнийг яллаагүй зүйл хэсгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүхэд шилжүүлж, улмаар 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх хуулийн шаардлагыг зөрчжээ.

         Ийнхүү шийдвэрлэхдээ Г.Д-г “...бусдад 272.760.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэсэн бөгөөд ямар үндэслэл, нотлох баримтыг үндэслэн прокуророос ялласан хохирлын хэмжээ өөрчлөгдсөн, тийнхүү өөрчилсөн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх асуудалд тодорхой дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

         2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч Б.Л-ийн: “...340 тонн барилгын арматур төмөр авахаар тохирч 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр З ХХК-ийн оффист гэрээ хийж тухайн өдрөө Г.Д-ийн дансанд урьдчилгаа 162.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Миний Г.Д-д өгсөн 162.500.000 төгрөгөөс Б нь 25.000.000 төгрөг авсан байсан. Мөн Б-ийн авсан барилгын хар хавтангийн үнэ болох 16.000.000 төгрөгийг Г.Д манайхаас авсан мөнгөнөөс төлсөн байсан. ...” /4хх 35/,

         гэрч Т.Б-ийн: “...Би Д-ээс өөрийн Хаан банкны ... гэсэн дугаарын дансаар нэг удаагийн гүйлгээгээр 25.000.000 төгрөг авсан. ...” /4хх 54/,

         шүүгдэгч Г.Д-ийн: “...Б.Л-тэй арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийнхөө Хаан банкны ... тоот дансаар 162.500.000 төгрөг шилжүүлүүлсэн. ...Тэр 162.000.000 төгрөгийн 25.000.000 төгрөгийг нь Б-руу шилжүүлсэн. ... /4хх 212, 6хх 192/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Б.Л-ээс шүүгдэгч Г.Д-ийн эзэмшлийн  данс руу 162.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /3хх 238/, худалдах худалдан авах гэрээ /3хх 240-244/ зэрэг баримт хэрэгт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Т.Б-ийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

         Энэ талаар хохирогчоос удаа дараа хүсэлт, тайлбар гаргаж байсан бөгөөд хохирол төлбөр хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, бусдын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, эд хөрөнгөөс мөнгө шилжүүлэн авсан нь тогтоогдсон тохиолдолд уг мөнгийг иргэний хариуцагчаас гаргуулах, иргэд хоорондын харилцааны үндсэн дээр төлөх бусад төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эсэх зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

         3. Хохирогч Ж.А-ийн: “...Г.Д надтай уулзаад “Хүүхдийн чинь ромбо дипломыг гаргуулаад, сургуулийг нь төгсгөөд өгье” гэж хэлсэн. Би нөхөр Ш.А-ийн Хаан банкны ... дугаарын данснаас 10.000.000 төгрөг бэлнээр авч Г.Д-д өгсөн. ...Тухайн үед манай хүү Монгол Улсын Их сургуулийн 4 дүгээр түвшинд сурч байх ёстой байсан. Нөхөр бид хоёр хүүгийнхээ төгсөлт, хонхны баярт оролцох гээд Улаанбаатар хотод очиход манай хүү сургуулиа хаясан байсан. Тэгээд хүмүүсээс сураглаж байтал Г.Д гэх хүнийг диплом гаргаж өгдөг гээд тэр хүнтэй холбогдож уулзаад Монгол Улсын Их сургуулийн диплом гаргаж өгнө гээд надаас мөнгө авсан. ...” /2хх 228, 3хх 47/,

гэрч Ш.А-ийн: “...Өөрийн Хаан банкны данснаас 10.000.000 төгрөг аваад бэлнээр өгсөн. Д мөнгийг аваад диплом гаргаж өгнө гэсэн. ...” /3хх 50/

гэрч А.Б-ийн: “...Би тухайн үед сургуулиас гарсан талаараа хэлсэн. Тэгээд манай аав, ээж хоёр миний дипломыг гаргуулах гэж хүмүүстэй уулзаж байгаа, Д гэх хүнд 10,7 сая төгрөгөө өгөөд алдсан гэдгийг сүүлд мэдсэн. ...” /3хх 49/ зэргээр мэдүүлжээ.

Иймд, нэр бүхий этгээдүүдийг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцуулах нь зөв эсэхэд тодорхой хууль зүйн дүгнэлт хийж, бусдыг гэмт хэрэг үйлдүүлэхээр буюу иргэд хоорондын харилцаанд хориглосон, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр олгодог эрх олгосон баримт бичгийг /Их сургуулийн диплом/ хууль бусаар авах үйлдэл хийх, хийлгэхээр харилцан тохиролцсон /захиалсан/ асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж гэм буруутай этгээдээс гаргуулбал зохих хохирол төлбөрийг улсын орлого болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

         4. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Г.Д-ийн үйлдсэн гэмт хэргийг прокурорын яллах дүгнэлтийг хуулбарлах байдлаар гурван удаа дараалан бичсэн, Г.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хийхдээ “...бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна. ...” гэх мэт салаа утга, агуулгаар гэмт хэргийг дахин давтаж дүгнэн, эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн,

         Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байхад Г.Д-ийн өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ял дээр сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

         Анхан шатны шүүх тодорхой үйл баримтад дүгнэлт хийгээгүй, хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүх нэмж дүгнэлт хийх  эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул дээр дурдсан алдаа, зөрчлийг засуулахаар Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

         Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

         Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хүчингүй болгосон тул хохирогч Б.Л-ийн гаргасан “...Б-ийн бусдын залилсан үйлдлийг шалгуулж өгнө үү. ...” гэх, шүүгдэгч Г.Д-ийн гаргасан хорих ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад энэ удаа дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ