| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00179/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/288 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/288
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Амарзаяагийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Н-ын Э-д холбогдох эрүүгийн 2516002071283 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт Говь-Алтай аймгийн ***** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ****** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Б овгийн Н-ын Э-.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Э нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Сайрын худаг гэх газарт 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Тоуоtа Нighlander маркийн **-** УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуугийн хэсэг рүү онхолдож зорчигч Н.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Э нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Сайрын худаг гэх газарт 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Тоуоtа Нighlander маркийн **-** УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуугийн хэсэг рүү онхолдож зорчигч Н.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч А.Т-ийн биед хөнгөн хохирол, насанд хүрээгүй хохирогч Г.Э-ийн биед хөнгөн хохирол, хохирогч Б.М-ын биед хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Дээрх үйл баримт нь шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Х-гийн “...Говь-Алтай аймгийн Бигэр сумын бөөрний сувилалд амарч байгаад 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед аймгийн төвд орж ирсэн ба садангийнхаа айлд хоноод 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 16 цагт Алтай хотоос Улаанбаатар хотын чиглэлд хөдөлсөн. Улаанбаатар хот руу явах замдаа Дэлгэр сумын “Хонгор толгой” гэх газар зогсож зураг даруулсан юм. Халтар толгой гэх газраас хөдлөх үед манай эгч Н.Э тээврийн хэрэгсэл жолоодохоор болоод хүргэн ах М шөнө тээврийн хэрэгсэл жолоодохоор болоод солигдсон. Хонгор толгой гэх газраас хөдлөөд Н.Э эгч тээврийн хэрэгсэл жолоодоод явж байхад машин ганхах шиг болоод эсрэг урсгал руу ороод газар мөргөх шиг болсон. Тэрнээс хойш юу болсон талаар би санахгүй байна. Нэг мэдэхэд машинаас гарсан газар хэвтэж байсан. Би босох гэхэд баруун гар хөдлөхгүй байхаар нь эмнэлгийн тусламж иртэл тухайн газраасаа босоогүй. ...Гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.М-ын “...Тухайн үед эхнэр Н.Э машин жолоодон явж байсан. Машинд би, эхнэрийн дүү Н.Х-, ач А.Т-, А.Соёмбо нар зорчиж явсан. Бид хэд Говь-Алтай аймгийн төвөөс Улаанбаатар чиглэлтэй явж байсан. Говь-Алтай аймгийн төвөөс Дэлгэр сум орох засмал замын яг гол хавьд замын олон хагархай байсан. Эхнэр хагархай дээгүүр машинаа харайлгаад замын хажуу руу унасан. Замын хажуугаар явж байсан танихгүй хүмүүс туслалцаж гаргасан. Манай 2 ач эмээ, өвөө рүүгээ утсаар яриад болсон зүйлийг хэлсэн байсан. Эмээ, өвөө нь эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн байсан... Ослоос шалтгаалж хүзүү бага зэрэг гэмтсэн одоо зүгээр, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 116-117 дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Г.Э-ийн хууль ёсны төлөөлөгч М.Г-ын “...Манай хүү Э- нь эмээ Э-, өвөө М, нагац эгч Х, бүл ах Төгөлдөр нарын хамтаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын бөөрний сувилалд амрахаар 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явсан. 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Говь- Алтай аймгаас Улаанбаатар хот руу явах замдаа манай ээжийн жолоодож явсан **-** УКА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Дэлгэр сумын нутаг дэвсгэрт онхолдсон талаар сонсоод Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт ирсэн...” гэх мэдүүлэг, /хх- ийн 36 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч М.Алтайбаатарын “...Манай том хүү Төгөлдөр нь эмээ Э- өвөө М, нагац эгч Х, бул дүү Э- нарын хамтаар Говь- Алтай аймгийн Бигэр сумын бөөрний сувилалд амрахаар 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явсан. 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу явах замдаа манай ээжийн жолоодож явсан **-** УКА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Дэлгэр сумын нутаг дэвсгэрт онхолдсон. ...Надад тухай ослын талаар харсан зүйл байхгүй. Тухайн осол болсны дараа над руу замын хүний гар утсаар бид нар машинтайгаа явж байгаад онхолдчихлоо гэж гэж залгасан... Манай хүү Төгөлдөрийн эрүүл мэндэд ослоос шалтгаалж зүүн талын 2 хавирга цуурсан гэмтэл учирсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 122 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч З.О-гийн “...Надад тухайн ослыг харсан, мэдсэн зүйл байхгүй... Тоуоtа Нighlander маркийн **-** УКА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Манай хадам аав М, хадам эх Э- нар Говь-Алтай аймгийн Бигэр сумын элсний сувилалд амрахаар явахдаа надаас зөвшөөрөл авч унаж явсан. Автомашин онхолдсон учраас дахин засвар авах боломжгүй болсон байгаа. Хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Уг тээврийн хэрэгслийг Говь-Алтай аймагт байхад нь сэлбэг задалгааны худалдаа эрхэлдэг хүнд зарсан. Одоо уг тээврийн хэрэгсэл байхгүй болсон. Автотээврийн үндэсний төвд хасалт хийлгэх гэсэн боловч татвар төлөгдөөгүй шалтгаанаар хасалт хийгдээгүй байгаа. Ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Иж бүрэн даатгалтай байсан учраас нөхөн төлбөрийг гаргуулан авсан... Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 98, 101 дүгээр хуудас/ .
Шүүх шинжилгээний ерөнхий газар, Говь-Алтай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Н.Х-гийн биед хүзүүний б-р нугалмын сэртэнгийн хугарал, баруун мөр, зүүн шуу, баруун бугалага, зүүн өвдөгт цус хуралт, дух, баруун сарвууны гадна хэсэг, зүүн гарын сарвууны гадна хэсэг, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх 322 дугаартай дүгнэлт, /хх-ийн 77-78 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газар, Говь-Алтай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “А.Т-ийн биед баруун өвдөгний зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөмсөг, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..., эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх 323 дугаартай дүгнэлт, /хх-ийн 50- 51 дүгээр хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газар, Говь-Алтай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Г.Э-ийн биед дух, зүүн хацар, зүүн шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацар, эрүүний баруун тал, хүзүүний баруун талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх 324 дугаартай дүгнэлт, /хх-ийн 56-57 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газар, Говь-Алтай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 онь! 08 дугаар сарын 15-ны өдрийн “Б.М-ын биед ууцны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх 320 дугаартай дүгнэлт, /хх-ийн 62-63 дугаар хуудас/
Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн”...Жолооч Н.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 12.3.”Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон гэх 1425 дугаартай магадалгаа /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11-рт/, зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндэс шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.
Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчиж замын зорчих хэсгээс гарч осолдсоны улмаас Н.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанаараа уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангах бөгөөд бусад зорчигч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь энэ гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй юм.
Тиймээс прокуророос шүүгдэгч Н.Эгийн үйлдлийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.Эг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, 2-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно...” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч А.Т-ийн биед хөнгөн хохирол, насанд хүрээгүй хохирогч Г.Э-ийн биед хөнгөн хохирол, хохирогч Б.М-ын биед хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаараа хүсэлт гаргасан. Мөн иргэний нэхэмжлэгч Б.М-, М.Алтайбаатар, иргэний нэхэмжлэгч, хариуцагч З.О- нар нь хохирол нэхэмжлээгүй тул хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан бөгөөд хохирогч Н.Х-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр 10,649,620 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Н.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох бөгөөд түүнд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Н.Эд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т зааснаар 10,649,620 төгрөгийг шүүгдэгч Н.Э-гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР