| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2017/0265/Э |
| Дугаар | 224 |
| Огноо | 2017-05-23 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн
улсын яллагч Ж.Энхжаргал
шүүгдэгч С.Уламбаяр, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201724000094 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 13-нд Төв аймгийн Угтаал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөө 1 дүгээр гудамж, 28/б тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, УВ72091318 дугаарын регистртэй, Өршөөх овогт Сосорбарамын Уламбаяр
Шүүгдэгч С.Уламбаяр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Эрүүл мэндийн 7 дугаар төвийн гадна талын зогсоолд Д.Хүрэлбаатарын эзэмшлийн Hyundai Grace маркийн 63-14 УНЧ улсын дугаартай микробусыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ” гэснийг зөрчин тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр жолоодож явахдаа мөн дүрмийн 7.17 дахь заалт “Бусдын хөдөлгөөнд саад учруулхааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөршөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюултай байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас иргэн Ш.Айбанугийн эзэмшлийн Toyota Prius маркийн 79-42 УБК улсын дугаартай суудлын автомашиныг мөргөж иргэн Ш.Айбануд 390.000 төгрөгийн шууд, 411.900 төгрөгийн нийт хохирол учруулан зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч С.Уламбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Хавтаст хэрэгт үнэн зөв бичигдсэн байгаа тул би дахин ярихгүй. Зогсоол дээрээс ухрах явцад машины ар хэсэгт юм дуугарахыг мэдсэн. Гэхдээ багаж, түлхүүрүүд дуугарлаа л гэж бодсон. Микро автобус ангилалын машин жолоодох эрх надад байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ийм байдал гаргахгүй. Хохирогч Айбануд бэлэн мөнгө болон машины гэрлийг нь худалдаж авч өгсөн. Надад 12 сараас хойш мөнгө төгрөгний бололцоо гарахгүй байсаар өдийг хүрсэн. Техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч С.Уламбаярын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 46/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 48/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн лавлагаа /хх-н 47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 47/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
2016 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Эрүүл мэндийн 7 дугаар төвийн гадна талын зогсоолд Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдэгджээ.
Уг гэмт хэргийг шүүгдэгч С.Уламбаяр үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан
гэрч Байгалийн Салтанатын “… 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өглөө 09 цаг 20-30 минутын орчим Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төвийн гадна би өөрийн төрсөн эгч Нинагийн листэн дээр гарын үсэг зуруулах гээд очсон. Яг тэр үед миний хажуугаар нэг 63-14 УНЧ улсын дугаартай ногоон микроавтобус зогсоол дээр эргэх хөдөлгөөн хийж байсан. Тэгэхдээ арын гупер хэсгээрээ цагаан өнгийн нэг Приус-20 маркийн машины бөгс хэсгийг мөргөсөн. Тэгээд л жолооч нь машинаасаа бууж ирэлгүй хальт 1-2 секунд зогсож байгаад ширүүн хөдлөөд л гараад явсан. Тэр үед нөгөө Приус-20 маркийн машины цонхон дээрээс номерыг нь хараад жолооч руу нь залгаж машиныг нь мөргөчихлөө гэж би хэлсэн” /хх-н 20/ гэсэн,
иргэний нэхэмжлэгч Шампаны Айбанугийн “… 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би Баянгол дүүргийн 6 дугаар хороо Эрүүл мэндийн төвийн гадна зогсоол дээр өөрийн эзэмшлийн 79-42 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслээ ертөнцийн зүгээр хойшоо харуулан 09 цаг 10 минутын орчим байрлуулж тавиад ажил руугаа орсон. Тэгээд байж байтал над руу 99231428 дугаар руу нэг эрэгтэй хүн залгаад сая машиныг чин 63-14 УНЧ улсын дугаартай микроавтобус мөргөчихөөд явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаас гараад зогсоол дээр очоод хартал миний машины жолоочийн эсрэг талын бупер цуурсан, гэрэл хагарсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн” /хх-н 19/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлгүүд,
техникийн шинжээчийн “... 1. H.Grace маркийн 63-14 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Уламбаяр нь МУ-н ЗХД-н “2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ. 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюултай байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөврөөшнө. Шаардлагатай тохиодолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. H.Grace маркийн 63-14 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.
3. 79-42 УБК улсын дугаартай T.Prius маркийн автомашины жолооч Ш.Айбану нь МУ-н ЗХД-н ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн 130 тоот дүгнэлт /хх-н 31-32/,
осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Түүнчлэн уг гэмт хэргийн улмаас иргэн Ш.Айбанугийн эд хөрөнгөнд /автомашинд/ эвдрэл гэмтэл учирсан болох нь
автомашины үнэлгээний “… машин нь гадны нөлөөнд өртсөний улмаас хойд гуфер зүүн хэсэгтээ чихэгдэж цуурсан, зүүн хойд гэрэл хагарсан, зүүн хойд шанаа чихэгдсэн байдалтай байлаа. Шууд зардал нь 390.000, нийт зардал 411.900 төгрөг” гэсэн 10260 тоот тайлан, гэрэл зургийн үзүүлэлтэд /хх-н 27-28/ тусгагджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгий хуулийн 24 дүгээр бүлэг буюу Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарах болгоомжгүй биш санаатай үйлдэгддэг цорын ганц хэрэг төдийгүй, хохирогч шаарддаггүй онцлогтой.
Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тухайн осолд өртсөн тээврийн хэрэгсэлийн өмчлөгчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хуульд нийцэж байна.
Мөн жолооч /шүүгдэгч/ С.Уламбаярын жолоодож явсан Hyundai Grace маркийн, 63-14 УНЧ улсын дугаартай машины эзэн Д.Хүрэлбаатарыг мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсаныг хуулийн дагуу хийгджээ гэж үзнэ.
Гэвч иргэн Д.Хүрэлбаатараар иргэний хариуцагч гэдэг утгаар бусдын хохирлыг төлүүлэх үндэслэлгүй.
Шүүхээс шүүгдэгч С.Уламбаярт ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав.
Тухайлбал иргэний нэхэмжлэгч Ш.Айбану нь “... Уламбаяр миний хохирлыг барагдуулсан тул гомдолгүй” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэний зэрэгцээ түүнтэй шүүгчийн туслах утсаар холбогдоход “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Мөрдөн байцаалтын явцад яллагдагч С.Уламбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаагүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын санкц байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Уламбаяр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.
Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өршөөх овогт Сосорбарамын Уламбаярыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар С.Уламбаярыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. С.Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. С.Уламбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Ш.Айбану нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. С.Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан,
мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Уламбаярын “батлан даалт”-ын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ