Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/821

 

А.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/826 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1808 02678 0343 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Я овгийн А-ийн Б, 1972 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 5 сар 4 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 315 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан;

А.Б нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 67 дугаар сургуулийн хашааны ойролцоо иргэн Т.Л-ыг урьд хамтран амьдарч байсан Н.О гэгчтэй хардаж хавсарч унаган, хөлөн дээр нь хоёр удаа дэвсэж эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны ил хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, А.Б-ийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Б-ээс 880.000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Л-т олгож, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх 880.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын тусгай дансанд байршуулсан, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Б-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Т.Л нь гомдол санал байхгүй, эмчилгээний зардал болон нөхөн төлбөрийг төлж барагдуулсан. Өөрийн хийсэн хэрэгт гэмшиж байна. Надад оногдуулсан 1 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Б-ийн хувьд өмнө нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гурван удаа үйлдэж, ял шийтгэгдэж байсан хувийн байдал, Т.Л-ын биед гэмтэл учруулсан гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл байхгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж 3 жил хорих ялаас 2 жил хорих ялыг хассан тул тус хуулийг дахин хэрэглэж хорих ялыг хасах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Б-ээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/826 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирлын мөнгийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын төрийн сангийн дансанд байршуулсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд эндээс шилжүүлэх арга хэмжээ авагдана. Хохирлыг төрийн сангаас олгох тусгай журмын дагуу манай байгууллагаас гаргуулж өгөх боломжтой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх А.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 67 дугаар сургуулийн хашааны ойролцоо иргэн Т.Л-ыг урьд хамтран амьдарч байсан Н.О гэгчтэй хардаж хавсарч унаган, хөлөн дээр нь хоёр удаа дэвсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Л-ын : “...Би Б-ээс зугтаагаад хашаа давах гэж байтал араас хүрч ирээд намайг барьж аваад, зүүн хөлөөрөө баруун хөл рүү хавсарч газар унагаагаад баруун хөлийн шилбэн дээр 2-3 удаа дэвссэн. ...Хөлөөрөө дэвсэж байхад нь миний хөл хугарчихсан. ...” /хх 54/,

гэрч Н.О-ийн: “...Т.Л-той таарахад хөлөндөө гипстэй, хоёр сугандаа таягтай явж байхаар нь юу болсон талаар асуухад “Бүүвэй миний хөлөн дээр дэвсээд хугалчихсан, ...араас хөөж ирээд унагааж байгаад хөл дээр дэвсчихсэн” гэж хэлж байсан. ...” /хх 66/,

гэрч Б.Б-ын: “...Т.Л “Б гэх залуу намайг О гэх хүүхэнтэй хардаж, газар унагаж байгаад баруун хөлөөн дээр минь 2-3 удаа дэвсээд хугалчихсан” гэж хэлэхээр нь 103 дугаар руу залгаж, эмч дуудаж үзүүлсэн. ...” /хх 69/,

шүүгдэгч А.Б-ийн: “...Л гэх залуу халамцуу тааралдахаар нь дуудсан чинь ирэхгүй зугтаахаар нь араас нь хөөж байгаад газраас чулуу авч шидтэл баруун хөлийг оносон. Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн баруун талын хашааны хажууд барьж аваад зүүн хөлөөрөө баруун хөл рүү нь хавсарч газар унагаагаад баруун хөл рүү нь баруун хөлөөрөө хоёр удаа дэвсчихээд явсан. ...” /хх 148/,

шинжээч эмч Г.Амартүвшингийн: “...Баруун шаант, тахилзуур яс рентген зургаар доод хэсгээрээ бяцарч, шүдэлж зөрсөн, шаант яс доод хэсгээрээ хугарсан байсан. Дээрх гэмтэл нь унах, хөлд огцом ачаалал ирэх үед үүсэх боломжгүй. Харин гадны хүчин зүйл буюу цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой. ...” /хх 77/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Т.Л-ын эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх 72/,

гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 39-44/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 45-46/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдолдоо “...Надад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан ...хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, А.Б-ийн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон байх бөгөөд уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд зааснаар дахин өршөөн хэлтрүүлэх, өршөөн хасах хууль зүйн боломж байхгүй болно.

Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэгт үйлдэж учруулсан гэм хорын хохиролд тооцуулахаар 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын дансанд 880.000 төгрөгийг байршуулсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Б-ээс 880.000 төгрөгийг дахин гаргуулж, хохирогч Т.Л-т олгохоор шийтгэх тогтоолд тусгасан нь ойлгомжгүй байх тул уг мөнгийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын данснаас гаргуулж хохирогчид олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/826 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/826 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Б-ийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын тусгай дансанд байршуулсан 880.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Л-т олгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ