Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/01358

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/01358

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18-р хороо, 32в байр, 20 тоотод оршин суух, Халзан овогт П Г/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нацагдорж СБД, Тэмпл вью оффис, 12-1а тоотод байрлах, Д ф  ХХК/РД:*******, гүйцэтгэх захирал Д.Б/-д холбогдох,

 

Ажилласан хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Г миний бие Д Ф ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны 5 сарын 4-ний өдөр ар гэрийн байдлаас шалтгаалж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан байдаг.

Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаас хойш хөдөлмөрийн хуульд заасан 30 хоног 2022 оны 6 сарын 4-ний өдөр дууссан боловч ажлаас чөлөөлөх шийдвэрийг тодорхойгүй шалтгаанаар гаргаж өгөөгүй. Мөн ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаснаас хойш 2022 оны 5 болон 6 сарын ажилласан хугацааны цалин тодорхойгүй шалтгаанаар олгоогүй. Иймд миний бие 2022 оны 06 сарын 13-ний өдрөөр тасалбар болгон ажил хүлээлгэн өгөх акт, холбогдох тайлангуудыг гарган хүний нөөцийн ахлах менежер болон холбогдох ажилтнуудад хүлээлгэн өгсөн байдаг. Ингээд 2022 оны 6 сарын 16-ний өдөр ажил хүлээлгэн өгсөн акт болон холбогдох тайлангуудыг цахим шуудангаар группийн ерөнхийлөгч, ахлах хуульч болон хүний нөөцийн ахлах менежерт хүргүүлсэн боловч тодорхой шийдвэр, хариу өгөөгүй тул 2022 оны 6 сарын 23-ний өдөр, мөн 2022 оны 7 сарын 1-ний өдөр дахин группийн ерөнхийлөгч, ахлах хуульч, хүний нөөцийн ахлах менежер, ахлах нягтлан бодогч нарт ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө олгуулахыг хүссэн цахим шууданг илгээсэн боловч тодорхой хариу өгөөгүй байдаг. Энэ талаар тухайн үед группийн ахлах хуульчтай утсаар удаа дараа ярьсан боловч дараагийн томилох хүн хайж байгаа гэснээс өөр тодорхой хариу өгөөгүй. Үүнээс хойш 2022 оны 07 сарын 27-ний өдөр группийн ахлах хуульчтай дахин утсаар ярихад 2022 оны 07 сарын 19-ний өдрөөр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж дараагийн Гүйцэтгэх захирлыг томилсон ирж уулзаарай гэсэн хариу өгсөн. Ингээд 2022 оны 07 сарын 28-ны өдөр компанийн оффис дээр очиж уулзахад чамайг ажлаас чөлөөлөх хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарч дараагийн хунийг томилсон байгаа хүний нөөцөөс тушаал шийдвэрээ аваарай гэсэн ба тухайн өдөр хуний нөөцийн менежертэй уулзаж ажлаас чөлөөлөх тушаал шийдвэр, ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө олгуулах талаар уулзахад та байгууллагаас зээл авсан байна зээлээ бүрэн төлж дуусгасны дараа ажлаас чөлөөлөх шийдвэр болон ажилласан хугацааны цалин, амралтын мөнгө олгогдоно, зээлээ төлөхгүй бол ажлаас чөлөөлөх тушаал болон цалин өгөхгүй гэсэн хариу өгсөн. Миний бие 2021 оны 08 сарын 30-ны өдөр Д Ф-аас 6,0 сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 1,8%-ийн хүүтэйгээр авсан байдаг бөгөөд уг зээл нь 5,6 сая төгрөгийн үлдэгдэлтэй, хэвийн төлөлттэй, гэрээний хугацаа дуусах болоогүй байсан, мөн хөдөлмөрийн харилцаа, зээлийн гэрээ нь тусдаа асуудал, мөн уг зээлийг гэрээний дагуу цаг хугацаанд төлөөд явах талаар бичгээр хүсэлт гаргаж, миний ажилласан хугацааны цалин болон амралтын мөнгийг олгуулж өгөхийг Д Ф-ийн удирдлагаас хүссэн боловч заавал зээлээ бүрэн төлж дуусга, тэхгүй бол ажилласан хугацааны цалин, ажлаас чөлөөлөх шийдвэр өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Мөн ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэрийг холбогдох бичиг баримтын хамт ажлаас чөлөөлөх шийдвэр гарснаас хойш 14 хонгийн дотор нийгмийн даатгалын газар өгч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг өгөх тухай холбогдох хуульд заасан байдаг. Гэвч Д Ф-ийн дээр дурдсан шийдвэрээс шалтгаалж хуульд заасан хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт өгч чадаагүй. Мөн "Д Ф"  нь нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 11 сараас хойш төлөөгүй байсан зэргээс шалтгаалж ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон.

Д Ф  нь өөрийн олгосон зээлээр барьцаалж хүний ажилласан хугацааны цалин, амралтын мөнгийг олгохгүй байгаа, мөн ажлаас чөлөөлөх тушаал шийдвэр өгөхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа зэргээс шалтгаалж ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон зэрэг нь надад хохиролтой байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас арга буюу шүүхэд хандаж байна. 

Иймд Д Ф -аас ажилласан хугацааны цалин, амралтын мөнгө болон ажилгүйдлийн тэтгэмж нөхөн гаргуулах хүсэлттэй байна. Үүнд:

1. Ажилласан хугацааны цалин болон амралтын мөнгө олгуулах тооцоо:

- 2022 оны 5 сарын цалингаас олгогдоогүй: 1,027,670 төгрөг

- 2022 оны 6 сарын ажилласан хугацааны цалин: 1,097,328.40 төгрөг

- Амралтын мөнгөний тооцоо: 2,477,646.16 төгрөг

Нийт олгоогүй цалин: 4,602,645 төгрөг

Дээрх тооцоог Д Ф -ийн цалингийн тооцоог үндэслэн гаргасан бөгөөд татвар, нийгмийн даатгалын шимтгэл суутгагдсан дүнгээс тооцсон болно.

Мөн дээрх ажилласан хугацааны цалинг 2022 оны 05 сарын 30-ны өдрөөс эхлэн одоог хүртэл олгоогүй байдаг бөгөөд цалин олгоогүй хугацаанд хөдөлмөрийн хуульд заасан алданги тооцон олгуулах хүсэлтэй байна. Үүнд:

- 2022 оны 5 сарын цалингаас олгоогүй үлдсэн: 1,027,670 төгрөг. Тус компани ажилтнуудын цалинг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд олгодог. Иймд 2022 оны 5 сарын сүүл цалинг тухайн сарын 30-ны өдөр олгох ёстой байсан боловч одоог хүртэл олгоогүй. Хамрах хугацаа: 2022.05.30-с 2022.08.17 хооронд нийт 77 хоног байна. Иймд цалин олгоогүй хугацаанд ногдох алданги 237,392 төгрөг болж байна.

2022 оны 6 сарын цалин: 1097,328.40 төгрөг, 2022 оны 06 сарын 13-ны өдөр ажлаа тасалбар болгон хүлээлгэн өгсөн байдаг. Цалинг 2022.06.15-ны өдөр компанийн ажилтнуудын урьдчилгаа цалин тавих өдөр олгох боломжтой байсан олгоогүй. Хамрах хугацаа: 2022.06.15-с 2022.08.17-ны хооронд нийт 61 хоног байна. Тооцсон алданги: 200,811 төгрөг болж байна.

- Амралтын мөнгө: 2,477,646.16 төгрөг. Амралтын мөнгийг ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаснаас хойш 30 хоног өнгөрсөн/2022.05.04-с 2022.06.04/ үед буюу 2022.06 сарын 15-ны өдөр бодож өгөх ёстой байсан боловч бодоогүй. 2022.07.19-ний өдөр ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан гэсэн үндэслэлээр 2022.07 сард бодсон байдаг. Алданги тооцох хугацаа: 2022.06.15-с 2022.08.17-ны хооронд 61 хоног. Тооцсон алданги: 453,409 төгрөг болж байна. Цалин олгоогүй хугацаанд тооцогдох нийт алданги: 891,612 төгрөг болж байна.

2. Ажилгүйдлийн тэтгэмж нөхөн гаргуулах тооцоо:

- Миний бие ажилгүйдлийн тэтгэмжийг холбогдох хуульд зааснаар сүүлийн 3 сарын дундаж цалингийн 70%-иар тооцуулан ажлын 76 өдрийн хугацаанд авах боломжтой байсан боловч Д Ф-ийн удирдлагын шийдвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан зэргээс шалтгаалж ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон. Ажилгүйдлийн тэтгэмжийн тооцоо: 2022.05 сарын цалин 2380,000 төгрөг, 2022.06 сарын 1,357,600 төгрөг, 2022.07 сарын 3,098,112 төгрөг нийт 6,835,712 төгрөг болж байна. Үүний дундаж нь 2,278,570 төгрөг болж байна. Үүний 70% нь 1,595,000 төгрөг болж байна. Үүнээс хуульд заасан 76 хоногт ногдох ажилгүйдлийн тэтгэмж: 1,595,000/21,2x76=5,717,924 төгрөг болж байна.

Иймд Д Ф ХХК-иас миний ажилласан хугацааны цалин, амралтын мөнгө алдангийн хамт 5,494,257 /Таван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун тавин долоо/ төгрөг, мөн ажилгүйдлийн тэтгэмж нөхөн гаргуулах 5,717,924/Таван сая долоон зуун арван долоо мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөг нийт 11,212,181 /Арван нэгэн сая хоёр зуун арван хоёр мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Д Ф  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Г нь компанитай Контрактын гэрээний дагуу гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. 30 хоногийн дотор яагаад шийдвэрлээгүй юм бэ гэвэл Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг компани байсан. Гүйцэтгэх удирдлага солигдоход компанийн үйл ажиллагаанд доголдол учирдаг. П.Г хувьд Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж байсан. Гэрээндээ өөрийнхөө цалинг барьцаалсан. Нэгэнт ажлаас гарч байгаа учраас цалин хөлс, олговроос суутгах талаар тохиролцсон. Нэхэмжлэгч тооцоолол хийхгүйгээс шалтгаалж ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө бодож олгох боломжгүй байсан. Ажилгүйдлийн тэтгэмж авахтай холбоотой нийгмийн даатгал шимтгэл төлөгдөөгүй гэж яриад байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл аваагүй нь компанийн буруутай үйл ажиллагаанаас гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан П.Г иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д ф ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Контрактын гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 4/771 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тоот, хариуцагчийн баримтаар гаргасан Д ф ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 320/22 дугаартай Д ф ХХК-ийн ерөнхийлөгчийн тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д ф ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д ф ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Аз па ф ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 06 сарын 13-ны өдрийн Ажил хүлээлгэн өгсөн акт, хариуцагчийн гаргасан хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн лавлагааг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Г хариуцагч Д Ф ХХК-д холбогдуулан 2022 оны 5-р сарын цалингаас олгогдоогүй 1,027,670/нэг сая хорин долоон мянга зургаан зуун дал/ төгрөгийг, 5-р сарын цалин хугацаанд олгоогүй алдангид 237,392/хоёр зуун гучин долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг, 2022 оны 6-р сарын ажилласан хугацааны цалин 1,097,328.40/нэг сая ерэн долоон мянга гурван зуун хорин найман төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг, 6-р сарын цалин хугацаанд олгоогүй алдангид 200,811/хоёр зуун мянга найман зуун арван нэг/ төгрөгийг, амралтын цалин 2,477,646.16/хоёр сая дөрвөн зуун далан долоон мянга зургаан зуун дөчин зургаан төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг, амралтын цалин хугацаанд олгоогүй алданги 453,409/дөрвөн зуун тавин гурван мянга дөрвөн зуун ес/ төгрөгийг, нийт 5,494,257/таван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг, нөхөн гаргуулах ажилгүйдлийн тэтгэмжид 5,717,924/таван сая долоон зуун арван долоон мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг, нийт 11,212,181/арван нэгэн сая хоёр зуун арван хоёр мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д Ф ХХК нь нэхэмжлэгч тооцоолол хийхгүйгээс шалтгаалж ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө бодож олгох боломжгүй байсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид гүйцэтгэх захирлын тушаалд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Контрактын гэрээгээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 4.1.15хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг ... гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг;, 41 дүгээр зүйлийн 41.3Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно. гэж заасан.

 

Зохигчид хэдийгээр Контрактын гэрээ байгуулсан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.15, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь заалтад зааснаар Контрактын гэрээний 3, 5, 8-д зааснаар нэхэмжлэгч нь ажил олгогч буюу хариуцагчийн хяналтын доор тодорхой ажил үүргийг гүйцэтгэх, хариуцагч нь нэхэмжлэгчид цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан байх тул зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно.

 

Зохигчид Контрактын гэрээ/цаашид Гэрээ гэх/-г 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл байгуулсан байх боловч нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажилласан болох нь зохигчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэх тайлбар, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Ажил хүлээлгэн өгсөн актаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1Хөдөлмөрийн гэрээг ... хугацаагүй байгуулна: гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажилласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч санаачлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болох нь зохигчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэх тайлбар, хариуцагчийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 320/22 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй., 79.2Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй ... харилцаа цуцлагдсанд тооцно. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажлын байраа орхин явсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Ажил хүлээлгэн өгсөн актаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1Цалин хөлс нь үндсэн цалин ... ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ., 104 дүгээр зүйлийн 104.1Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд ... хөдөлмөрийн гэрээнд тусгана., 124 дүгээр зүйлийн 124.1Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно., 110 дугаар зүйлийн 110.1Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно., 110.3Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно.,128 дугаар зүйлийн 128.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор ... чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. гэж заасан.

 

Зохигчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Гэрээний 3-т зааснаар нэхэмжлэгчийн нэг сарын цалин 2,200,000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг, цалинг сард 2/хоёр/ удаа буюу сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд олгох тухай заажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь тооцоолол хийхгүйгээс шалтгаалж ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө бодож олгох боломжгүй байсан гэх тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчид 2022 оны 5 дугаар сарын сүүл цалин, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх цалин, ээлжийн амралтын цалинг олгоогүй болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид дээрх хугацааны цалин, ээлжийн амралтын цалинг олгоогүй үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн 2022 оны 5 дугаар сарын сүүл цалин 1,027,670/нэг сая хорин долоон мянга зургаан зуун дал/ төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх цалин 1,097,328.40/нэг сая ерэн долоон мянга гурван зуун хорин найман төгрөг дөчин мөнгө/ төгрөг, амралтын цалин 2,477,646.16/хоёр сая дөрвөн зуун далан долоон мянга зургаан зуун дөчин зургаан төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг болох талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн 2022 оны 5 дугаар сарын сүүл цалин 1,027,670/нэг сая хорин долоон мянга зургаан зуун дал/ төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх цалин 1,097,328.40/нэг сая ерэн долоон мянга гурван зуун хорин найман төгрөг дөчин мөнгө/ төгрөг, амралтын цалин 2,477,646.16/хоёр сая дөрвөн зуун далан долоон мянга зургаан зуун дөчин зургаан төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг болох нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Гэрээгээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлсөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 110 дугаар зүйлийн 110.1, 110.3, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2022 оны 5 дугаар сарын сүүл цалинд 1,027,670/нэг сая хорин долоон мянга зургаан зуун дал/ төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх цалинд 1,097,328.40/нэг сая ерэн долоон мянга гурван зуун хорин найман төгрөг дөчин мөнгө/ төгрөг, амралтын цалинд 2,477,646.16/хоёр сая дөрвөн зуун далан долоон мянга зургаан зуун дөчин зургаан төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг, нийт 4,602,645/дөрвөн сая зургаан зуун хоёр мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Гэрээний 3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2022 оны 5 дугаар сарын сүүл цалинг 5 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх цалинг 6 дугаар сарын 15-ны өдөр олгоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа нэхэмжлэгчид ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид ээлжийн амралтын цалинг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 5 дугаар сарын цалин хугацаанд олгоогүй алдангид 237,392/1,027,670x0.3%=3,083, 3,083x77=237,391/ /хоёр зуун гучин долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг, 6 дугаар сарын цалин хугацаанд олгоогүй алдангид 200,811/1,097,328.40x0.3%=3,291.9, 3,291.9x61=200,811/ /хоёр зуун мянга найман зуун арван нэг/ төгрөгийг, амралтын цалин хугацаанд олгоогүй алдангид 453,409/2,477,646.16x0.3%=7,432.9, 7,432.9x61=453,409/ /дөрвөн зуун тавин гурван мянга дөрвөн зуун ес/ төгрөгийг, алдангид нийт 891,612/найман зуун ерэн нэгэн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажлын байраа орхин явсан байх боловч хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай № 320/22 тушаалыг гаргасан болох нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн № 320/22 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно., 5Ажлаас халагдсан даатгуулагч ... 14 хоногийн дотор ... нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй., 6 дугаар зүйлийн 1-т Даатгуулагч ... хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ ... нийгмийн даатгалын байгууллагад гаргана., 2-т ... нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох ... өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор ажилгүйдлийн тэтгэмж олгох өргөдөл, холбогдох баримт бичгийг гарган нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг ... төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална. гэж заасан.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар батлагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 тогтоолын хавсралт Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 7-ийн 7.3-т зааснаар ажил олгогч нь ажлаас халагдсан даатгуулагч (иргэн)-д ажилгүйдлийн тэтгэмж авахаар холбогдох байгууллагад бүртгүүлэх болон ... тушаал шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажлын байраа орхин явсан байх боловч хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг гаргасан байх тул нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор өргөдөл, холбогдох баримт бичиг, тушаалыг бүрдүүлэн Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх боломжгүй болсон болох нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн № 320/22 дугаар тушаалын хуулбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн № 120 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн дээрх болон 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 7 дугаар сар хүртэл нэхэмжлэгчийн нийгмийн даатглын шимтгэлийг төлөөгүй буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болох нь тогтоогдож байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. гэж заасан.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс ... орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно:

Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/

Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/

1

5 хүртэл жил

45

2

5-10 хүртэл жил

50

3

10-15 хүртэл жил

60

4

15, түүнээс дээш

70

гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 5-10 хүртэл жил шимтгэл төлсөн болохоо нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 3,839,433/2,380,000+2,380,000+2,380,000=7,140,000, 7,140,000:3=2,380,000, 2,380,000x45%=1,071,000, 1,071,000:21.2=50,518.86, 50,518.86x76=3,839,433/ /гурван сая найман зуун гучин есөн мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1,878,491/5,717,924-3,839,433=1,878,491/ /нэг сая найман зуун далан найман мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 128 дугаар зүйлийн 128.1, 158 дугаар зүйлийн 158.1.1, Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 9,333,689/1,027,670+1,097,328.40+2,477,646.16+891,612+3,839,433=9,333,689/ /есөн сая гурван зуун гучин гурван мянга зургаан зуун наян ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1,878,491/11,212,181-9,333,689=1,878,491/ /нэг сая найман зуун далан найман мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 128 дугаар зүйлийн 128.1, 158 дугаар зүйлийн 158.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ф ХХК-иас нийт 9,333,689/есөн сая гурван зуун гучин гурван мянга зургаан зуун наян ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Г олгож, үлдсэн 1,878,491/нэг сая найман зуун далан найман мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 194,345 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 164,289 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 128 дугаар зүйлийн 128.1, 158 дугаар зүйлийн 158.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ф ХХК-иас нийт 9,333,689/есөн сая гурван зуун гучин гурван мянга зургаан зуун наян ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Г олгож, үлдсэн 1,878,491/нэг сая найман зуун далан найман мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 194,345 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч П.Г олгож, хариуцагч Д ф ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 164,289 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ