Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/855

 

Х.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/454 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Х.Б-т холбогдох 1909 04596 1526 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш  овгийн Х-ын Б, 1976 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бичил уурхайд ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн ... сумын ...  дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Хөвсгөл аймгийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Х.Б нь хохирогч Д.Ж-аас Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Хүүхдийн 100” төвийн ойролцоо байрлах Хаан банкны салбар дотроос 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 5.300.000 төгрөг, нийт 9.300.000 төгрөгийг “Баянхонгор аймгийн “Рио”-гийн уурхайд оруулж 10 хоногийн хугацаагаар ажиллуулж өгнө” гэж хэлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эхнэр У.Б-ын Хаан банкинд эзэмшдэг ... тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Х.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Х-ын Б-ийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байсан. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн тул Х.Б-т оногдуулсан торгох ялыг мөн хуульд хамруулж, өршөөн хэлтрүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ... Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-т ял оногдуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж үндэслэлтэй шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхээр уг хэргийг хэлэлцэх үед буюу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхлээгүй байсан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд залилах гэмт хэрэгт хорих ял оногдуулсан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихыг дурдсан, торгох ялыг өршөөлд хамруулах үндэслэлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Х.Б нь хохирогч Д.Ж-аас 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 5.300.000 төгрөг, нийт 9.300.000 төгрөгийг “Баянхонгор аймгийн “Рио”-ийн уурхайд оруулж 10 хоногийн хугацаагаар ажиллуулж өгнө” гэж хэлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч В.Б-ын: “...2019 оны 3 дугаар сарын эхээр Б над руу залгаж “Риогийн уурхайд дахин 10 хоног ажиллах уу, ахдаа 9.300.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Би тэр үед зөвшөөрч, Б-ийн эхнэр гэх хүний ... дугаарын данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 9.300.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа намайг Риогийн уурхайд орж ажиллуулахаар болсон боловч огт холбоо барилгүй алга болсон. ...” /хх 21/,

гэрч М.Г-ын “...Д.Ж, Х.Б хоёр утсаар ярьж, Х.Б нь “Риогийн далд уурхайд оруулж өгнө, 9.300.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Мөнгө явуулсан талаар Д.Ж хэлсэн. Б мөнгө авсан талаар утсаар ярьсан. ...Мөнгө өгснөөс хойш Риогийн уурхайд орж ажиллаагүй. ...” /хх 27/,

У-ийн Б-ын эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 58-62/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Б-ийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, банкны дансны лавлагаа зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Х.Б нь “Риогийн уурхайд оруулж өгнө” гэж Д.Ж-аас 9.300.000 төгрөг залилан авч хохирол учирсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд тухайн зүйл, хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн “...Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Х.Б-т оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Х.Б-ийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн  үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа хэдий ч уг хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих журам”-ыг хуульчлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүхээс гагцхүү хорих ял оногдуулсан тохиолдолд л хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солихоор хуульчилсан.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн ...7.1, 7.2 ...-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх журмыг хуульчилсан тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/454 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/454 дугаартай дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ