Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0309

 

2023 03 30 128/ШШ2023/0309

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Г******* /РД:ЧЛ/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.О*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, А.З*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М*******

Гуравдагч этгээд: Ц ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Маргааны төрөл: Газар

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, А.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б.Г******* Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/7 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/7 дугаар захирамжаар Б.Г*******т Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хорооны нутагт орон сууцны зориулалтаар, 580 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгосон.

3.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/7 дугаар захирамжаар ...Б.Г*******т газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/7 дугаар захирамж миний хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул уг захиргааны актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/7 дугаар захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар хүлээн авсан болно. Маргаан бүхий газрыг эзэмших эрх анх үүссэн тухайд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар О.Дд 24000 м.кв газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн, мөн 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 290 захирамжаар Б.Бод 1093 м.кв газрыг эзэмшүүлсэн. Миний бие иргэн О.Д, Ц.Б нарын Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан 25093 м.кв газрыг хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжаар шилжүүлж авсан. Энэхүү газартай хөрш залгаа газарт Х ХХК нь 2018 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын /2008.06.13 өдрийн №298/ захирамжаар нийт 2933 м.кв газар эзэмших эрхтэй болсон байсан. Х ХХК өөрийн эзэмшиж байсан уг газраасаа 2009 онд Ц ХХК-д 1458 м.кв газрыг орон сууцны зориулалтаар шилжүүлсэн байна.

Гэтэл газрыг бусдад шилжүүлэх явцад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт ... эзэмшихийг хүссэн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой ... гэсэн заалт зөрчигдөж эхэлсэн үеэс миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж ирсэн. Учир нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжаар Ц ХХК-д 1458 м.кв газрыг Х ХХК-аас шилжүүлэн олгохдоо миний эзэмшиж байсан газартай давхцуулан олгосон. Энэхүү газрын давхцалыг миний бие мэдсэнээс хойш уг газартай холбоотой маргаан 2010 оноос шүүхэд үүсэж, хэрэг шалгах явцад нийт 6 удаа шинжээчийн дүгнэлт гарч, цаг хугацааны хувьд хамгийн сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлж, газрын давхцалтай эсэх эргэлзээтэй үйл баримтыг эцэслэн шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл дээрх хэргийг шийдвэрлэсэн захиргааны хэргийн материалд авагдсан Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/331 дүгээр албан бичгийн хавсралтад заагдсан шинжээчийн ... Б.Г*******т 2006 оны 363 дугаар захирамжаар олгосон 25093 м.кв газартай гуравдагч этгээдийн барилга барих 594 м.кв газар нь 380 м.кв давхцалтай ... гэсэн дүгнэлт, мөн 2014 оны 4 сарын 25-ны өдрийн шинжээчийн ... Б Г*******т эзэмшүүлсэн газрын хэмжээг өөрчлөхдөө О.Дас Б.Г*******т эзэмшиж байсан газрын эргэлтийн цэгийг өөрчлөн хил хязгаарыг өөрчилсөн бөгөөд 580 м.кв хассан, уг хасагдаж өөрчилсөн газар дээр нь 520 м.кв талбай бүхий барилга болон газар доорх зоорь барьсан ... гэсэн дүгнэлт, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч Я.Жы ... Б.Г*******ын эзэмшиж байсан эргэлтийн хил, цэгийг өөрчилж, 580 м.кв газрыг хассан, уг газарт барилга, зоорь барьсан ... гэх мэдүүлгээр миний эзэмшиж байгаа газар хойд хэсгээрээ давхцалтай болохыг шүүхээс тогтоосон.

Гэтэл Ц XXK-ийн 1458 м.кв газар миний эзэмшиж байгаа газрын

хойд хэсгээрээ ганцхан давхцалтай биш урд хэсгээрээ мөн давхацсан болохыг мэдсэн. Тиймээс шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 617 дугаар шийдвэрээр ... Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 255 дугаар захирамж болон 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 877 дугаар захирамжийг хянаж, Б.Г*******ын миний эзэмшлийн газраас 157 м.кв газрыг үндэслэлгүй хассан ... болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүх Ц ХХК-ийн эзэмшиж байгаа 1458 м.кв газар иргэн Б.Г*******ын эзэмшиж байгаа газрын урд хэсгээр 157 м.кв давхцалтай болох нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 04 сарын 16-ны өдрийн 5/2146 албан бичиг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны 05 сарын 28-ны өдрийн 1/561 дүгээр албан бичгийн хавсралт-3, шинжээчийн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 93 дугаар захирамжаар Ц ХХК-д олгосон газар нь /1458/ зүүн урд хэсгээрээ 156 м.кв давхцалтай гэсэн дүгнэлтээр бүрэн тогтоогдсон гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2006 оны 363 дугаар захирамж, газрын гэрчилгээ, газар эзэмших гэрээ, газрын төлбөр төлсөн баримтаар миний эзэмшлийн газрын хэмжээ өөрчлөгдөөгүй, эзэмшил газраас хассан талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байтал миний эзэмшил газрын эргэлтийн цэг, хил хязгаарыг өөрчилж бусдад олгосон болохыг шүүх тогтоосон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр Ц ХХК-ийн эзэмшиж байгаа газар нь хойд болон урд хэсгээр миний эзэмшиж байгаа газартай давхцалтай болохыг тогтоож бодит байдал дээр маргаан бүхий газрыг анх олгосон орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй, орон сууцны стандартыг хангахуйц хэмжээний зай талбай байхгүй байхад газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжийн Ц ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 2010 оны 07 сарын 16-ны өдрийн 476 дугаар захирамжийн Ц ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү газрын давхцалтай холбоотой маргааныг шийдвэрлэсэн Нийслэл дэх

захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 онь 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр магадлалыг Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээсэн. Миний бие 2006 оноос хойш хууль ёсоор эзэмшиж байсан газраа төрийн байгууллагын албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас үндэслэлгүй алдаж, 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй шүүхийн байгууллагаар явсны эцэст өөрийн эзэмшиж байсан газраа буцаан авах эрхтэй болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж заасан тул шүүхийн шийдвэрийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/7 дугаар захирамжаар СБД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт миний өмнө эзэмшиж байсан газраас бусдад давхцуулан олгосон газар буюу 580 м.кв газрыг маань буцаан олгох шийдвэр гарсан.

Тиймээс миний бие бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлж авах тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргасан боловч Ц ХХК-аас эзэмшил газраа чөлөөлүүлэх асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Миний бие 2017-2020 оны хооронд Нийслэлийн Засаг дарга Ц.А*******, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандсан боловч миний гаргасан ... Сүхбаатар дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 580 м.кв газрыг Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасны дагуу албадан чөлөөлүүлэх арга хэмжээ авч, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь хамгаалж өгөх ... тухай хүсэлтийг хүлээн аваагүй болно. Харин надад Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 336 дугаар тогтоолоор газар дээрх эд хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн.

Шүүхээс миний эзэмшил газрыг бусдад давхцуулан олгож, хууль бус шийдвэр

гаргасан болохыг тогтоосоор байтал төрийн байгууллага, албан тушаалтан өөрсдийн гаргасан хууль зөрчсөн үйлдлээ засаж залруулахгүй, зөрчигдсөн эрхийг маань сэргээхгүй, хуулийг үл хүндэтгэж, дахин шүүхэд ханд хариу өгсөнд иргэн миний бие маш их харамсаж байна. Иймд миний бие бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Захиргааны акт илт хууль бус болох тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий, хуульд нийцсэн, ил тод, нээлттэй байх ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргахын өмнө маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулж аваагүй, сонсох боломж олгоогүй, мэдэгдэх хуудас хүргүүлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай хуульд заасан үндэслэлээ огт мэдэгдээгүй болно.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэхгүй, сонсох ажиллагааг хэлбэрийн төдий явуулж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн

4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.5 дах заалтуудыг тус тус зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 3-д .. түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно ... гэж, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид иргэн гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана. гэж, 23 дугаар зүйлийн 23.3.7-д "Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;, 27 дугаар зүйлийн 27.2-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно. гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. гэж тус тус заасан.

Миний бие бусдаас газар эзэмших эрхийг шилжүүлж авахдаа Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаж, эрх бүхий этгээдийн газар эзэмшүүлэх тухай шийдвэрийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгогдон хууль ёсоор эзэмшиж байсан. Гэтэл миний эзэмшиж байгаа газрыг төрийн байгууллагын албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хууль бус шийдвэр гаргаж, хүчээр булаан авч байгааг эсэргүүцэж байна.

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн А/7 дугаар захирамжаар иргэн Б.Г******* надад 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 580 м.кв газрыг эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад Нийслэлийн Засаг дарга уг газар бусдын эзэмшилд байгаа эсэх, газар эзэмших эрхийн хугацаа дууссан эсэх, хэрэв бусдын эзэмшилд байгаа бол эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх эсэх, шийдвэр гаргахад бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжтой эсэх, хуулийн байгууллагын хориглол, хязгаарлалт, шүүхийн шийдвэр байгаа эсэх зэргийг бүх талаас нь хянан шалгаж нягтлахгүйгээр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй илт хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлээ заах ёстой. Гэтэл энэхүү захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дах хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг үндэслэсэн байна. Захиргааны акт гаргах болсон хууль зүйн үндэслэл, шалтгааныг судалж үзвэл: ... Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн хууль зүйн үндэслэл болсон дээрх заалтуудыг судлахад Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх олгосон заалт биш байна.

Учир нь өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/7 дугаар захирамжийг хүчингүй болгосон, хүчингүй болгохоор заасан хууль, захиргааны хэм хэмжээний акт, шүүхийн шийдвэр гараагүй байтал урьдчилан газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гарсан мэт дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргахын өмнө хэний газар эзэмших хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, ямар байгууллага, албан тушаалтан захиргааны актыг хүчингүй болгох талаар шийдвэр гаргасан эсэх нь тодорхой байх ёстой, хэрэв гарсан бол энэ талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл надад огт мэдэгдээгүй болно. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн гэсэн байна.

Гэтэл миний бие шинээр, анх удаа газар эзэмших хүсэлт гаргаагүй, маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд огт хамааралгүй болно. Учир нь уг маргаан бүхий газрыг миний бие өмнө эзэмшиж байсан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан миний эзэмшил газраас бусдад давхцуулан олгож хууль бус шийдвэр гаргасан, энэхүү шийдвэр хууль бус болохыг шүүхээс тогтоож, Нийслэлийн Засаг даргын хууль бус захирамжийг хүчингүй болгосноор миний зөрчигдсөн эрх сэргээгдэж, улмаар алдсан газраа эргүүлэн авсан. Шүүхэд хэрэг маргааны хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч оролцсоор ирсэн. Миний эзэмшиж байсан газраас 580 м.кв газрыг Ц XXK-д давхцуулан олгосон болохыг шүүх тогтоож, энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэж гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн А/7 дугаар захирамжаар газрын давхцалыг арилгаж, газрыг буцаан хууль ёсны эзэмшигчид олгосон байтал Нийслэлийн Засаг дарга бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй гэдгийг мэдсээр байж уг захирамжийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл захиргааны акт нь эрх зүйн хэм хэмжээний хувьд ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийг зориудаар биелэгдэх боломжгүй болгон удаашруулан гацааж эрх ашгийг маань дахин хохироолоо.

Энэхүү газрын давхцалтай холбоотой маргааныг шийдвэрлэсэн Нийслэл дэх

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэр өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул миний

эзэмшил газрын давхцалыг арилгах асуудлаар Нийслэлийн Засаг даргатай миний бие харилцан зөвшилцөж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг албан тушаалтан заавал биелүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй байтал Нийслэлийн Засаг дарга миний эзэмшил газрын давхцалыг шүүхэд эцэслэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн гарсан захиргааны актыг хүчингүй болгосон илт хууль гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/7 дугаар захирамж нь миний газар эзэмших эрхийг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Миний эзэмшил газрыг давхцуулан олгосон газрын маргаан бүтэн 6 жил шүүхийн байгууллагаар явсны эцэст шийдвэрлэгдсэн бөгөөд уг газрыг албадан чөлөөлүүлэх маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байх хугацаанд Нийслэлийн Засаг дарга албан тушаал, эрх мэдлээ ашиглан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн А/7 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн А/7 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоож, захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

4.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: ...Нэхэмжлэгчийн зүгээс анх 2022 оны 06 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/7 дугаартай гаргасан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийг буюу Газрын тухай хууль болон Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн учраас энэхүү хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт захиргааны акт болон захиргааны гэрээг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоолгох захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэх мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тодруулж өгсөн. Маргаан бүхий акт нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Нийслэлийн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох зүйл заалтуудыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 580 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн Б.Г******* эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухай захиргааны акт гаргасан.

Нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/7 дугаартай эрх олгох тухай захирамж, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, тус өдрийн №0 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримт бичгүүдийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 580 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж эхэлсэн. Анх 2017 оны захирамж нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0504 дугаартай магадлал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаартай шийдвэрийг үндэслэн тухайн газрыг эргүүлэн олж авсан. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлж энэхүү захирамж гарсан гэдгийг нотлох хэд хэдэн нотлох баримт хавтаст хэрэгт байдаг. 2017 оны газар эзэмших эрх олгосон захирамжид энэхүү 3 шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалыг үндэслээд энэ газрыг олгосон бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа захирамж гэдэг нь нотлогдож байна.

Монгол Улсын дээд шүүхээс 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоол гарсан. Энэхүү тогтоолын 1.3 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 21.2.3 дахь хэсэг дэх заалтыг тайлбарласан байдаг. Үүнээс үзэхэд маргаан бүхий газар нь өөрөө Газрын тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасан хот тосгон бусад суурин газрын гадна олгогдсон буюу зам шугам сүлжээний газар биш байх бөгөөд анхнаасаа иргэн, аж ахуй нэгжид газрыг эзэмшүүлж ашиглуулахаар тусгагдсан газар байна. Тодруулбал Монгол Улсын дээд шүүхийн тайлбарласнаар барилгын техник нөхцөлийг авч болох газар хамаарна гэж тайлбарласны дагуу маргаан бүхий газрыг өмнөх шүүхийн шийдвэрээр үйл баримтыг нь тогтоосон гуравдагч этгээдийн Ц******* ХХК компанийн газар дээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаартай захирамжаар орон сууц барих зөвшөөрлийг авч байсан. Энэ газар дээр 10 давхар орон сууц барихаар техникийн нөхцөлийг батлуулан барилгын суурь барьсан гэдэг зүйл яригддаг. Ингэхдээ барилга хоорондын зайг стандартын дагуу бус зөрчсөн гэж үзсэн. Энэ нөхцөл байдлыг өмнөх шатны шүүхийн шийдвэрээр тогтоогоод Ц******* ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн маргаан бүхий актад тусгагдсан байгаа Газрын тухай хуулийн 21.2.3 дахь хэсэгт заасан заалтыг баримталж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд үүнийгээ нотлох зорилгоор нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас энэхүү хуулийн зүйл заалт үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хариуцагч тал маргаан бүхий актыг гаргахдаа баримталсан. Энэхүү зүйл заалт нь өөрөө төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр, үйлдэл Газрын тухай хуульд заасан тогтоомжийг зөрчсөн байх бөгөөд аливаа газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тохиолдолд энэхүү зүйл заалтыг баримтална.

Үүнд төрийн байгууллага албан тушаалтан Газрын тухай хуулийг хэрхэн яаж зөрчиж байгаа гэдгийг нотлох ёстой бөгөөд хэний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэдгийг мөн адил нотлох ёстой. Нэхэмжлэгч талаас бусдын газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гуравдагч этгээд компани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байх бөгөөд гэтэл энэ асуудлын хүрээнд гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа нь мөн тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч талын захиргааны актын агуулга нь ойлгомжгүй бөгөөд ямар хуулийг яаж зөрчсөн эсэх хэний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн зэрэг нь тодорхойгүй байх бөгөөд мөн сонсох ажиллагааг хангалттай хэмжээнд явуулаагүй. Иймд маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэгдүгээрт энэхүү газар нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/7 тоот захирамжаар Б.Г*******т анх олгосон газар биш. Б.Г*******ын хувьд 2 иргэнээс тухайн газрыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар шилжүүлж авсан. Хоёрдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1 дэх хэсэгт заасны дагуу 3 урьдчилсан нөхцөл байх бөгөөд эдгээр урьдчилсан нөхцөлийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа төсөл сонгон шалгаруулалтаар авах ёстой байсан газрыг шүүхийн шийдвэрээр өгсөн учраас хүчингүй болгосон гэж хэлсэн бөгөөд цаад зорилго нь энэ байсан гэж үзэж байна. Тэгэхээр маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон бодит үйл баримт, хууль зүйн үндэслэл нь юу байсан гэдэг нь ойлгомжгүй байгаагийн нэг илрэл нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаан оролцогч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас тогтоогдож байна. Гуравдугаарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгээс 40.1.7 дахь хэсэгт хүртэл 7 үндэслэл заасан байдаг. Мөн хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү зүйл заалтыг баримтлаагүй бөгөөд Газрын тухай хууль болон гэрээний үүргээ удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэдэг үйл баримт байхгүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1 дахь хэсэгт заасныг баримтлан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргаснаас хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хүчингүй болгож болохгүй гэж заасан байдаг. Гэтэл энэхүү 580 м.кв газрыг 2010 онд Б.Г*******т олгогдсон байсан бөгөөд энэхүү маргаан бүхий захирамж нь 2022 онд гарсан тул 12 жилийн дараа эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон шийдвэр гарсан. Б.Г******* нь 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Мөн 2010 оны 255 дугаар захирамжаар газраа 4 хуваасан асуудал яригддаг. Энэ хооронд Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн буюу газраа 4 хуваах тухай хүсэлт гаргахаар хүсэлтийг хүлээж аваад газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ эргэлтийн цэг байршлыг өөрчлөөд хүсэлтэд дурдсан хэмжээгээр газар олгосон дүр үзүүлээд 580 м.кв газрыг Ц******* ХХК-д давхардуулаад эзэмшүүлсэн.

Иймд Ц******* ХХК-д газар эзэмшүүлсэн 2009 оны 93 дугаар захирамжийг хүчингүй болгож хууль бусад тооцсон бөгөөд энэ нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. 3 шатны шүүхийн шийдвэрээр 580 м.кв газар нь давхацсан болох нь тогтоогдсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд Б.Г******* нь буруу ойлголт төрүүлээд газрыг авсан гэдэг зүйл хэлсэн. Үүнд тайлбарлахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь 2017 оны 07 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэхүү газар олголт нь 2015 онд олгогдсон газар байна. Тэгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар тухайн газрыг олгосон. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа М ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг дээр Б.Г******* газар авсан гэж хэлсэн. Энэ асуудлаар н.Б төлөөлөгч болон н.Батсүх өмгөөлөгч нар гомдол гаргасан. Энэхүү 4 компани нь нэг хувьцаа эзэмшигчтэй байх бөгөөд тэр нь Б.Г******* гэж үзээд тус 4 компани нь ашиг сонирхол нэгтэй нэг этгээд гэж үзэхээр үндэслэлтэй учраас н.Батсүх өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээж аваагүй. Ц******* ХХК нь өнөөдрийн байдлаар газар эзэмшихтэй холбоотой ямар нэгэн гэрээ, гэрчилгээ байхгүй бөгөөд байсан гэрээ, гэрчилгээ бүх зүйл нь хууль зөрчсөн буюу хууль бус байсан учраас 2016 онд 3 шатны шүүхийн шийдвэрээр бүгд хүчингүй болсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Г*******т олгосон газрыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх үүнийг хүлээж авахаас татгалзсан.

Нэхэмжлэгчийн зүгээс Ц******* ХХК болон Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 580 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Үүний дагуу иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгох нь үндэслэлгүй байна. Иймд гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу тухайн газар олгогдсон. Дээрх логик дарааллаас үзэхэд 2022 онд гэнэт хүчингүй болгосон захирамж гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Г*******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2022 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/7 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэг маргаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий актыг батлахдаа захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтын дагуу нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулсан, маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахдаа хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар иргэн эзэмшүүлсэн 580 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг баталсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

6.1.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын гаргасан А/7 дугаартай захирамжийг гаргахдаа Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэр, нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэж захиргааны актыг гаргасан. Тухайн актыг гаргах үндэслэлийн хувьд Газрын тухай хуулийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 2017 оны A/7 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Б.Г*******т 580 м.кв газрыг олгохдоо Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийг буруу үндэслэж A/7 захирамжийг гаргасан гэдэг үндэслэлээр эрхийг хүчингүй болгосон. Тухайн газар нь инженерийн шугам сүлжээний газар бөгөөд Газрын тухай хуульд зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа холбогдох дүүргийн засаг даргын саналыг авсан байх тухай хуулийн зохицуулалтыг зөрчиж газар эзэмшүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

7.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан захиргааны хэргийн маргаан үүссэн тухайд болон тухайн захиргааны хэргийн маргааны явцад шинжээчийн дүгнэлтүүд гарч байсан ч энэхүү дүгнэлтүүдийг бүрэн эхээр бодитоор биш зөвхөн өөрт ач холбогдол бүхий хэсгээр нь иш татаж ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байх бөгөөд энэ нь дараах байдлаар үндэслэлгүй буюу нэхэмжлэгч дурдаад буй шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар газар эзэмших эрх шинээр олж авах хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдоно.

Манай Ц ХХК-ийн барилгын суурийн болон 5 давхар хүртэл карказ цутгалтын ажил хийгдэн баригдаж байх явцад М ХХК болон М ХК-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Маргаан олон жил үргэлжилж, тухайн маргаан бүхий хэрэгт эрх ашиг сонирхол зөрчигдөж байсан учир манай компани гуравдагч этгээдээр оролцож явсан ба маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэр гарсан ... бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Тэгэхээр нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хянан шийдвэрлэсэн шүүхийн 225 дугаар шийдвэр, 504 дүгээр магадлал, 336 дугаар тогтоолд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн, шийдвэрүүдийн Тогтоох хэсэгт заасан агуулга ч тийм байгаа бөгөөд харин нэхэмжлэгч иргэн Б.Г*******ын эзэмшиж байсан газраас 580 м.кв газрыг хасаж Ц ХХК-д олгосон байсан тухайг, мөн ийнхүү хасаж олгосон нь тогтоогдсон тул Ц ХХК-ийн газраас хасаж Б.Г*******т буцаан олгох тухайг заасан тийм заалт огт байхгүй бөгөөд үүгээр иргэн Б.Г******* нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг илт мушгин гуйвуулж, одоо өөрөө шүүхэд гаргасан байгаа нэхэмжлэлдээ дурдсанчлан ... төрийн байгууллагын ажил хариуцсан албан тушаалтан ...-тай хуйвалдаж, Нийслэлийн Засаг даргын А/7 дугаартай захирамжийг гаргуулан, үндэслэлгүйгээр газар эзэмшиж байсан нь нотлогдож байгаа тул хууль зөрчиж олгогдсон, үндэслэлгүй энэхүү захирамжийг зохих ёсоор хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/7 дугаар захирамж гарган хүчингүй болгосон байгаа нь үндэслэлтэй болох юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсанчлан Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын хуульд заасан хуулийн тодорхой зүйл, заалтуудаар өөрт нь олгогдсон эрх хэмжээний хүрээнд мөн өөрийн гаргасан шийдвэрийг буюу төрийн алба залгамжлах зарчмын дагуу өмнөх Нийслэлийн Засаг даргын гаргасан хууль зөрчсөн, тодруулбал ... газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу ... гэсэн зохицуулалтын хүрээнд захиргааны актыг хүчингүй болгох хуульд заасан тэр үндэслэлийнх нь дагуу ийнхүү захирамж гаргаж хүчингүй болгох эрхийн хүрээндээ шийдвэрлэсэн байх тул энэ нь хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар, түүний зүгээс хуулийг өөртөө зориулан тайлбарлаж байгаагаар тус тус шийдвэрлэгдэх боломжгүй болох нь тодорхой нотлогдон тогтоогдож буй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч захиргааны маргаан бүхий асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байсан үйл баримт, түүний нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой ба улмаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн шийдвэр гарч, бүх шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн үйл баримтаар ч маш ойлгомжтой тодорхой байгаа. Гэтэл нэхэмжлэгч харин шүүхийн энэхүү шийдвэр, магадлал, тогтоолын Тогтоох хэсгийн агуулгаар тодорхойлогдон заасан заалтыг илт өөр байдлаар мушгин гуйвуулж, төрийн албаны зарим хариуцлагагүй ажил хариуцсан албан тушаалтнуудтай хуйвалдах замаар Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн тийм шийдвэр гаргуулсан байдаг тул үүгээр ийнхүү манай эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаагийн хувьд манай компани удаа дараа шүүхийн шийдвэрийг гуйвуулж, хууль зөрчиж, бүр ашиглаж байгаа асуудлаар нь гомдол, санал хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа байгууллага Газрын албанд хүргүүлсээр байсан тул энэ дагуу тал бүрээс нь судлан үзэж, хууль зөрчиж газар эзэмшсэн этгээдэд газар эзэмшсэн шийдвэрийг нь цуцлахаа мэдэгдэж, хуульд заасан ажиллагаа явуулж цуцалсан болох нь түүний нэхэмжлэлдээ дурдсанчлан ... мэдэгдэх хуудас хүргүүлж, ... сонсох ажиллагааг хэлбэрийн төдий явуулж ... гэсэн зэргээр нь нотлогдох, ойлгомжтой илэрхийлэгдэж байгаа тул захиргааны акт илт хууль бус болох гэдэг нь няцаагдаж, энэ талаарх түүний тодорхойлолт, тайлбар шалтгаан нь үндэслэлгүй байна.

Иймд иргэн Б.Г*******ын Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/7 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулахаар гаргасан энэхүү нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хариу тайлбарыг гаргаж байна. гэжээ.

7.1.Гуравдагч этгээд Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэхүү хэрэг маргаан үүссэн үндэслэлийн тухайд Ц******* ХХК газар эзэмших эрхийг аваад 5 давхар барилга барих явцад нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар олон жил маргаан үүсэж явсны эцэст 3 шатны шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор үргэлжлээд явж байна. Энэ хэрэг маргаантай холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд дараа нь иргэний хэргийн шүүхээр хуулийн асуудал шийдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр тухайн шийдвэр хэргийн материалд авагдсан. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт давхцалгүй буюу нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэсэн хэсгээр нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож гаргаад байгаа гол зүйл нь нэхэмжлэгч тал нь 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэрийг үндэслээд энэхүү газрыг эзэмшсэн гэж тайлбарладаг. Ийм учраас хариуцагч талаас 3 шатны шүүхийн шийдвэрээр газар эзэмшүүлэх эрх байгаагүй гэдэг тайлбар өгсөн. Гуравдагч этгээд талаас хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газарт энэ 3 шатны шүүхийн шийдвэрийг гуйвуулж тайлбарласан буюу хууль бус аргаар газрыг эзэмшээд байх тул хүчингүй болгож өгөөд манай газрыг буцаан олгож өгөхийг удаа дараа хүсэлт гаргаж байсан.

Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр нь хэрэг нотлох баримтаар авагдсан. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэр гарсантай холбогдуулан нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд Б.Г******* гэдэг хүнээс 580 м.кв газрыг буцаан олгуулах тухай нэг ч удаа дурдаагүй байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 3 шатны шүүх шийдвэрээ гаргасан. Ийм учраас шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад тусгасан агуулгын хүрээнд шийдвэрлэдэг. Гэтэл энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслээд 580 м.кв газрыг яагаад эзэмшсэн нь тодорхойгүй. Энэхүү 3 шатны шүүхийн шийдвэрээр 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр газрын ямар нэгэн давхцал байхгүй гэдэг дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч Б.Г******* өөрийнхөө газрын хэмжээг 792 м.кв газраар нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 255 дугаар захирамж гарсан. Энэхүү 792 м.кв газрын хэмжээг яаж нэмэгдүүлсэн гэдэг нь мөн асуудалтай байна. Нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн кадастрын зургаас харахад нэхэмжлэгч Б.Г******* нь тухайн газрынхаа эргэн тойронд нь талбай нэмэгдүүлсэн байдаг. Нэмэгдүүлсний дараа нэхэмжлэгч Б.Г*******ын газар 25,5 м.кв газар болсон бөгөөд 25,5 м.кв газар эзэмшсэн байхдаа нэхэмжлэгч нь 2010 оны 09 дүгээр сард хамаарал бүхий 4 компани руу газраа шилжүүлсэн байдаг. Энэхүү 4 компанид газар шилжүүлсэн хүсэлтүүдэд байх бөгөөд тухайн 4 хүсэлтүүдэд дурдсан газрын хэмжээг нэмж үзэхэд 26,118 м.кв газар байна. Хүсэлтийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас шийдвэрлэхдээ ард нь хавсаргасан кадастрын зургуудыг үндэслээд газрыг нь 4 хувааж олгосон. О******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 9,240 м.кв газрыг шилжүүлэх тухай хүсэлт гаргасан боловч 9,084 м.кв талбайг шилжүүлсэн бөгөөд 156 м.кв газрыг хассан тухай гомдол гаргаад шүүх гомдлын дагуу шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрт нэг шинжээчийн дүгнэлт байдаг бөгөөд тэрхүү дүгнэлт дотор 580 м.кв газар дурдагдсан байдаг. Тэгэхээр 156 м.кв газрын илэрхий тодорхой зүйлийн цаана нь 580 м.кв газар гэдэг дүгнэлт гаргуулж нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэрхүү шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхээр нотлогдсон үйл баримттай гэж үзэж манай маргаан бүхий шүүхийн шийдвэрт оруулсан.

Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шинжээчийн дүгнэлтээр 580 м.кв газар дурдагдсан байгаа учраас үүнийг үндэслээд газар олгох тухай асуудал яригдаж байна. Иймд 156 м.кв газрын давхцал нь талуудын хооронд байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Барилгын суурь хэсгээрээ биш бөгөөд өөр хэсгээр давхацсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад 580 м.кв газрыг эзэмших эрхтэй гэдэг шүүхийн шийдвэр нь үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд шинжээчийн дүгнэлт нь өөр асуудлыг шийдвэрлэсэн шинжээчийн дүгнэлт байна. Шүүхийн шийдвэрээр энэхүү газрыг эзэмшээгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээд талаас Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж хууль бус үйлдлийн цаана нь энэхүү хохирол бий болж байгаа тухай удаа дараа гомдол гаргасны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга судалж үзсэний үндсэн дээр A/7 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Иймд Нийслэлийн Засаг даргын A/7 дугаар захирамжийг хүчингүй болгосон А/7 дугаар захирамжийг хэвээр нь үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Г*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/7 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.1.Шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О******* товлосон цагт ирээгүй байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулах, тайлбар гаргах эрхээр нь хангаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлт байгаа гэж шүүх хуралдааны явцад тайлбарлах боловч Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/7 дугаар захирамжаас үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг ... тус тус үндэслэсэн, өөрөөр хэлбэл ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээгүй байна.

2.3.Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй., 32.4.Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй. гэж тус тус заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ажлын хэсгийн дүгнэлт шаардлагатай, ач холбогдолтой гэж үзсэн бол шүүхэд гаргаж өгөх, өөрөө гаргаж өгөх боломжгүй тохиолдолд хүсэлт гаргаж шүүхийн журмаар гаргуулан авах боломжтой байсан.

2.4.Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад ажлын хэсгийн дүгнэлт байгаа талаар тайлбарласан, гэвч энэхүү ажлын хэсгийн дүгнэлт нь маргаан бүхий актын үндэслэл болсон талаар баримт байхгүй, актын үндэслэх хэсэгт тусгагдаагүй зэргээс үзвэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6.Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг ... шаардан гаргуулж болохгүй. зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан ажлын хэсгийн дүгнэлтийг шаардан гаргуулаагүй болно.

2.5.Хэргийн оролцогчдод хуульд заасан журмын дагуу эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэхийг тодруулсны үндсэн дээр шүүх хуралдааныг эхлүүлсэн.

3.Нэхэмжлэгч тал ... Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/7 дугаартай актаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 580 м.кв газрыг 15 жилийн хугацаатай иргэн Б.Г*******т эзэмшүүлсэн боловч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ... нэхэмжлэгч Б.Г******* нь газар эзэмших хүсэлт гаргаж шинээр авсан газар биш буюу ... шүүхийн шийдвэрийг үндэслэж эргүүлэн олж авсан газар болно.

... Нөгөөтээгүүр маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар буюу зам, шугам сүлжээний газар биш бөгөөд анхнаасаа иргэн, аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдан Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдож ирсэн газар юм. гэж,

3.1.Харин хариуцагчийн тал ...Тухайн актыг гаргах үндэслэлийн хувьд Газрын тухай хуулийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 2017 оны A/7 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Б.Г*******т 580 м.кв газрыг олгохдоо Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийг буруу үндэслэж A/7 захирамжийг гаргасан гэдэг үндэслэлээр эрхийг хүчингүй болгосон. Тухайн газар нь инженерийн шугам сүлжээний газар бөгөөд Газрын тухай хуульд зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа холбогдох дүүргийн засаг даргын саналыг авсан байх тухай хуулийн зохицуулалтыг зөрчиж газар эзэмшүүлсэн. хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

4.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/7 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 580 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн Б.Г*******т газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг зөрчсөн ... гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

4.1.Ийнхүү Б.Г*******ын газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос өмнө Нийслэлийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/7 дугаар захирамжаар түүнд газар эзэмших эрх олгохдоо Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0504 дугаартай магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаартай шийдвэрүүдийг тус тус үндэслэсэн болох нь уг захирамжийн хавсралт 6-д байна.

5.Хариуцагчаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасныг зөрчиж газар олгосон хэмээн Б.Г*******т газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт буюу өөрийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/7 дугаар захирамжийг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгосон нь дараах байдлаар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

5.1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:21.2.3.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна. гэжээ.

5.2.Дээрх хуулийн зохицуулалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсний үндсэн дээр Б.Г*******т олгосон газарт хамааралгүй, шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгжүүлэх зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын ... маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар буюу зам, шугам сүлжээний газар биш бөгөөд анхнаасаа иргэн, аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдан Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдож ирсэн газар ... гэх тайлбар үндэслэлтэй байна.

5.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүй ... Газрын тухай хуульд зааснаар тухайн газрыг эзэмшиж ашиглахдаа дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшиж ашиглах ёстой байдаг бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг зөрчсөн ... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах боловч мөн шинээр олгоогүй, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Г*******т эргүүлэн олгосон газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахыг шаардах боломжгүй.

5.4.Түүнчлэн маргаан бүхий газарт гуравдагч этгээд Ц ХХК-ийн барилгын карказ байдаг хэдий ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжийн Ц ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 2010 оны 07 сарын 16-ны өдрийн 476 дугаар захирамжийн Ц ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 336 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээсэн,

мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Манай газрыг илт хууль бус гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн нь манайх газраа буцааж авахгүй гэсэн үг биш бөгөөд эрхээ хэрэгжүүлж амжаагүй байхад энэ асуудал бий болсон ... гэж тайлбарлах боловч хариуцагч Нийслэлийн Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас гэм хор учирсан гэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд/хэргийн 2 дугаар хавтас, -96 дахь тал/ нэхэмжлэл гаргасан байх ба гэм хорын хохиролд 3,396,750,000 төгрөг шаардсаныг шүүх бууруулан 1,355,521,176 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/01570 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.5.Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн хууль ёсоор, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж буй газартай нэхэмжлэгч Б.Г*******ын газар аливаа байдлаар давхцалгүй гэдэгтэй хэргийн оролцогчид маргадаггүй[1], гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бид хохирол шийдвэрлүүлж чадаагүй газрын хэсгээрээ маргах сонирхолтой гэдгээ тайлбарлах хэдий ч энэ талаараа бие даасан шаардлага гаргаагүй байна.

5.6.Өмнө нь 2021 онд тус шүүхэд нэхэмжлэгч Б.Г*******т газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх Ц ХХК-ийн нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 128/ШЗ2021/3654 дугаартай захирамжаар буцаасан/хэргийн 2 дугаар хавтас, 131-132 дахь тал/ байх ба шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргасан эсэхийг тодруулахад гаргаагүй болохоо тайлбарладаг.

6.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно гээд 48.2.1 дэх хэсэгт хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан; гэж тус тус зохицуулжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1 дахь хэсэгт заасныг баримтлан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргаснаас хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хүчингүй болгож болохгүй гэж заасан байдаг. Гэтэл энэхүү 580 м.кв газрыг 2010 онд Б.Г*******т олгогдсон байсан бөгөөд энэхүү маргаан бүхий захирамж нь 2022 онд гарсан тул 12 жилийн дараа эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон шийдвэр гарсан ... гэж маргах боловч нэхэмжлэгч Б.Г*******т 2017 онд газар эзэмшүүлсэн захирамжийн огнооноос маргаан бүхий актыг гаргасан хугацаа хүртэл тооцож үзвэл хуульд заасан 5 жилийн хугацаан дотор байна.

6.1.Газрын тухай хуулийн 61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж заасан.

6.1.1.Уг зохицуулалтын хууль хэрэглээний хувьд нэхэмжлэгч талын тайлбарлан маргаж байгаачлан Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ... гэх хуулийн урьдчилсан нөхцөлийг зэрэг хангасан тохиолдолд хариуцагч шийдвэр гаргана гэж үзэхгүй, хуулийн бичиглэлээс үзвэл аль нэг нөхцөлийг хангаж байвал албан тушаалтан өөрөө буюу дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсоох боломжтой.

6.2.Эдгээрээс дүгнэвэл хариуцагч нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй байхад нэхэмжлэгч Б.Г*******т эерэг нөлөөлөл бүхий газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгосныг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.3.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр захиргааны байгууллага хууль бус гэж үзсэн шийдвэрээ зөвтгөхийн тулд иргэнд газар эзэмших эрх олгосон актаа хүчингүй болгож байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээс баримтлах ёстой байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

7.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:4.2.1.хуульд үндэслэх; 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж тус тус заасан.

7.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Агуулгын хувьд нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн. Нийслэлээс Ц ХХК-д нөхөн олговор өгсөн. Тэгэхээр тухайн газар нь төрийн мэдэлд ирсэн бөгөөд цаашид арга хэмжээ авах шаардлага байсан учраас Б.Г*******ын 580 м.кв газрыг хүчингүй болгосон ... , ... Нийслэл өөрөө тухайн газар дээрх барилгыг[2] авч байгаа бөгөөд барилгын 580 м.кв газар нь иргэн Б.Г******* гэдэг хүний эзэмшил дээр байгаа учраас газрыг хүчингүй болгож захирамж гаргасан ... гэж шүүх хуралдаанд тайлбарласнаас үзвэл бодит байдал дээр Б.Г*******т маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасныг зөрчиж олгосон үндэслэлээр биш харин хариуцагч маргаан бүхий газарт байх барилгын карказын гэм хорын хохиролд шүүхийн шийдвэрээр Ц ХХК-д 1,355,521,176 /нэг тэрбум гурван зуун тавин таван сая таван зуун хорин нэгэн мянга нэг зуун далан зургаа/ төгрөг төлсөн тул тэрхүү барилгын карказыг ашиглах, эзэмших зорилгоор нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгосон байх ба энэ нь захиргаа шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

8.Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрийг дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, мөн зүйлийн 21.2.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/7 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА