| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2023/03174/и |
| Дугаар | 182/ШШ2023/02746 |
| Огноо | 2023-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2023/02746
| 2023 10 03 | 182/ШШ2023/02746 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Жи Эн Бевережис ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК /,
Хариуцагч: Е.Н нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 652,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,
Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, хариуцагч Е.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Наранцацралт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Жи Эн Бевережис ХХК нь хариуцагч М ХХК, Е.Н нарт холбогдуулан 652,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Жи Эн Бевережис” ХХК нь “М ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хэлэлцэн тохирч, ундаа нийлүүлж эхэлсэн. Нийт 652,170 төгрөгийн ундаа нийлүүлж, төлөлт хийгдээгүй. Ерөөсөө 2 падаан дээр зөрчилдөөн үүсээд байгаа юм. Нэг нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 245,730 төгрөгийн падаан, нөгөө нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 406,440 төгрөгийн падаан дээр төлөлт хийгдээгүй байна. Энэхүү падаанууд нь хэрэгт авагдсан байгаа. Дээрх 2 падааныг хүлээж авсан гарын үсэг хэсэгт 2023.07.25, 2023.08.23, 2023.05.03-ны өдрүүдийн падаан дээрх гарын үсгүүд таарч байна. Мөн тухайн өдөр түгээлт хийсэн түгээгчээсээ тодруулж лавлахад “Бараа хүлээж авдаг 3 хүн байдаг. Тэр 3 хүний нэгд нь хүлээлгэж өгсөн” гэж хариулсан. Нийт 652,170 төгрөгийн ундаа нийлүүлж, төлөлт хийгдээгүй. Дээрх авлагыг төлүүлэх талаар М ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.Н-тэй удаа дараа уулзаж, утсаар холбогдсон боловч төлөлгүй өнөөдрийг хүрсэн.
1.2. Ийм төрлийн маргаан дээр өмнө нь заримдаа компани нь хариуцна, заримдаа захирал нь хариуцна гээд маргаан гараад байдаг болохоор хоёр хариуцагч татсан. Иймд 652,170 төгрөгийг М ХХК болон Е.Н нараас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, хариуцагч Е.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Би 2017 оноос хойш найман нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулж ирсэн. Энэ хугацаанд гэрээ хийсэн хорь гаруй харилцагч байгууллагууд байдаг бөгөөд ямар нэгэн төлбөрийн асуудал маргаангүй үйл ажиллагаагаа хэвийн хангаж, санхүүгийн бүртгэлээ тогтмол хянадаг. Жи Эн Бевережис ХХК-тай пепси төрлийн ундааг авч борлуулдаг.
2.2. 2022 оны 06 дугаар сард 245,730 төгрөгийн зарлагын падаан дээр гарын үсэг зурж өөрийн биеэр хүлээн авсан байна. 8 дугаар сарын 406,440 төгрөгийн зарлагын падаан дээрх гарын үсэг миний болон манай дэлгүүрт худалдагч хийдэг нөхөр, охины аль нэгний гарын үсэг биш.
2.3. Би өнгөрсөн оны бүхий л баримтыг шүүж үзэхэд энэ хоёр падаан байхгүй байна. Манай дэлгүүр нь 6 дугаар сард 245,730 төгрөгийн барааны татан авалтын хийсэн гэж үзэхэд баяр наадмын дараа уг компаниас өмнөх саруудтай харьцуулахад өндөр дүнтэй бараа татан авалт хийхгүй. Учир нь 8 дугаар сараас зуслангийн хэрэглэгчид харьцангуй өмнөх саруудаасаа багасдаг. Үүнээс үүдэн барааны татан авалтаа багасгадаг.
2.4. “Жи Эн Бевережис” ХХК нь ийм тооцоо байгаа гэж саяхан мэдэгдсэн. Бүтэн жилийн дараа 652,170 төгрөгийн тооцоо байна гэж мэдэгдсэн. Би ийм тооцоо байгаа гэж огт мэдээгүй. Сая 6 дугаар сард танай дээр ийм тооцоо байгаа мэдэгдсэн. Бүтэн жилийн дараа ийм тооцоо байна гэхээр мэдэхгүй байх учир төлөх боломжгүй. Манай дэлгүүр дээр манай охин, манай өвгөн бид хэд ээлжилж суудаг. Ихэвчлэн өвгөн бид 2 суудаг. Нэхэмжлэгч тал бүтэн 1 жилийн дараа ийм тооцоо байх боломжгүй гэж үзэж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт /хх 2/
3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/
3.3. Итгэмжлэл /хх 4/
3.4. Худалдагч Сайн- -тай холбогдох авлагын тооцоо гэх баримт /хх 5/
3.5. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Зарлагын баримт /хх 6/
3.6. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын падаан /хх 7/ зэрэг баримтууд болно.
4. Хариуцагч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан болно.
4.1. 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 08 дугаар саруудын зарлагын падаан нийт 23 ширхэг /хх 20-42/
4.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 43/ зэрэг болно.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи Эн Бевережис ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч М ХХК-иас 652,170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Е.Н-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК болон Е.Н нараас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нийлүүлсэн барааны үнэ 245,730 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нийлүүлсэн барааны үнэ 406,440 төгрөг нийт 652,170 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байх ба энэ төрлийн маргаан нэг бол компаниас мөнгө гаргуулахаар нэг бол иргэнээс мөнгө гаргуулахаар шийдвэрлэж маргаан үүсгэдэг тул хоёр хариуцагчаас нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, 2022 оны 06 дугаар сард 245,730 төгрөгийн зарлагын падаан дээр гарын үсэг зурж өөрийн биеэр хүлээн авсан, 8 дугаар сарын 406,440 төгрөгийн зарлагын падаан дээрх гарын үсэг миний болон манай дэлгүүрт худалдагч хийдэг нөхөр, охины аль нэгний гарын үсэг биш, бүтэн жилийн дараа 652,170 төгрөгийн тооцоо байх боломжгүй гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. “Жи Эн Бевережис” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 245,730 төгрөгийн, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 406,440 төгрөгийн барааг Сайн-РД:6432573 гэх хүнсний дэлгүүрт нийлүүлсэн байна.
3.2. Сайн - гэх хүнсний дэлгүүр нь хариуцагч М ХХК мөн биш эсэх асуудалд хариуцагч маргаагүй.
3.3. Нэхэмжлэгч нь М ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс бараа нийлүүлж эхэлсэн гэж тайлбарласныг хариуцагч нар үгүйсгээгүй, талууд зарлагын падаанаар барааг нийлүүлж, хүлээж авдаг талаар тайлбарлаж байна.
3.4. Хариуцагч Е.Н нь дээрх хоёр падаанаар бараа авсан байх боломжгүй, бүтэн жилийн өмнөх асуудлыг одоо нэхэж байна, бараа авсан бол 2, 3 сардаа багтаагаад төлөөд явдаг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 406,440 төгрөгийн падаан дээрх гарын үсэг миний болоод манай охин, нөхрийн гарын үсэг биш гэж маргаж байгаа ч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Түүнчлэн хүнсний дэлгүүртээ худалдагчаар нөхөр, охин, зээ болон миний бие суудаг, дэлгүүртээ хэн сууж байна тэр хүн бараагаа авдаг гэж тайлбарлаж байх ба барааны зарлагын падаан дээр эдгээр хүмүүсийн хэн нь гарын үсэг зурдаг байгаагаас үзэхэд хариуцагчийн гарын үсэг биш гэх тайлбар үндэслэлгүй байна.
Мөн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 245,730 төгрөгийн падаан дээрх гарын үсэг минийх мөн, жилийн өмнөх төлбөр тооцоо байх ёсгүй гэж байгаа ч энэ талаарх баримтгүйн дээр жилийн өмнөх барааны тооцоо байх ёсгүй дор бүр нь төлдөг, падаан дээрх гарын үсэг хариуцагчийнх биш бараа аваагүй гэж хоёр утгаар тайлбар гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.
3.5. Хэрэгт авагдсан “Жи Эн Бевережис” ХХК-ийн Зарлагын баримт-аар 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 245,730 төгрөгийн, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 406,440 төгрөгийн барааг Сайн -РД: гэх хүнсний дэлгүүрт хүлээлгэн өгсөн байх тул “Жи Эн Бевережис” ХХК М ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө ...худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
3.6. Хариуцагч Е.Н нь иргэний хувиар нэхэмжлэгч Жи Эн Бевережис ХХК-тай гэрээ байгуулж иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй бөгөөд хуулийн этгээд М ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцож түүнээс үүдэн гарах үр дагаврыг өөрийн хөрөнгөөр хариуцах субъект юм.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахаар зохицуулсан бөгөөд Е.Н нь хуулийн этгээдийн байгуулсан аливаа хэлцэлд иргэний хувиар хариуцлага хүлээхгүй юм.
3.7. Иймд хариуцагч М ХХК-иас 652,170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Е.Н холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хэргийн оролцогчийн эрх, үүргийг бүрэн тайлбарлаж өгсөн, зохигч ойлгосон гэж тайлбарласан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 20,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,203 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 652,170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жи Эн Бевережис ХХК-д олгож, хариуцагч Е.Н-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 20,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 20,203 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жи Эн Бевережис ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА
|
|