Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01466

 

 

С.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/01574 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “И” ХХК, П.М нарт холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 152 870 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагч П.Мы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Н түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н 2015.04.22-ны өдөр И ХХК-тай АС/04/03 тоот Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих Алтансан цогцолбор хорооллын 1 дүгээр блокны 2 дугаар орцны 7 давхар Е тоотын 54.74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалж төлбөрт 101 913 600 төгрөгийг бүрэн төлсөн. АС/04/03 тоот гэрээнд зааснаар 2015 оны 09 сарын 30-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгч түлхүүр гардуулах нөхцөлтэй байсан ч өнөөдрийг хүртэл гэрээний 6.1-т заасан хугацаанд орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулаагүй, улсын комисс хүлээн аваагүй байгаа. Гэрээ байгуулснаас хойш буюу өнгөрсөн 3 жилийн хугацаанд И ХХК-ийг орон сууцаар хангах үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, амьдралын нөхцөл байдал хүндэрч байгаа талаараа хэлж, ярьж, гуйсан боловч элдэв шалтаг шалтгаан ярьж, аргацаасаар АС/04/03 тоот гэрээнд заасан хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгож, С.Ныг хохироох нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд И ХХК гэрээний үүргээ хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй учраас 2015.04.22-ны өдөр байгуулсан АС/04/03 тоот Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээнээсээ татгалзаж, гэрээний 2.1 орон сууцны нийт үнэ 101 913 600 төгрөг болон мөн гэрээний 8.1-д алданги авах эрхтэй гэж заасан байгаа тул алдангид 10 191 360 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 40 765 440 төгрөг шаардсан бөгөөд энэ бол АС/04/03 тоот гэрээнд заасны дагуу орон сууц шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй учир С.Н бусадтай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж орон сууцны хөлс төлж бодитойгоор хохирч байгаа. Иймд, хариуцагч нараас бүгд 152 870 400 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч С.Н өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл явуулж байсан Баянзүрх дүүргийн 5 хороо, Моносын 2-р гудамжны 23в тоот хаягтай 680 м.кв газар болон түүн дээрх 157.7 м.кв талбай бүхий үйлчилгээний байрыг 213 000 000 төгрөгөөр П.Мд худалдсан бөгөөд 111 000 000 төгрөгийг хүлээн авч, үлдэх хэсэг 102 000 000 төгрөгт нь 54.74 м.кв талбай бүхий буюу нэхэмжлэлд бичсэн орон сууцыг авахаар тохиролцсон. П.М хэлсэн учир С.Н 2015.04.22-ны өдөр И ХХК-тай АС/04/03 тоот Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээ байгуулуулсан. Бидний ойлгож байгаагаар, П.М бол өөрөө өдөр И ХХК-ийн хувьцаа эзэмшигч. АС/04/03 тоот гэрээнд зааснаар 2015.09.30-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгч түлхүүр гардуулах нөхцөлтэй байсан ч өнөөдрийг хүртэл улсын комисс байрыг аваагүй, уг заасан орон сууцанд өөр хүн орсон байна. Иймд, Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэ 101 913 600 төгрөг болон гэрээнд зааснаар шаардаж байгаа алданги 10 191 360 төгрөгийг хариуцагч И ХХК-иас гаргуулж өгнө үү. Харин П.М орон сууц шилжүүлэн өгөхтэй холбоотой үүрэг биелэгдээгүй байгаа учир С.Н орон сууц хөлслөн амьдарч байгаа тул орон сууц хөлслөхөд гарсан зардал буюу хохиролд 40 765 440 төгрөг шаардсан байгааг хариуцагч П.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н 2015.04.22-ны өдөр И ХХК-ийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй Алтансан цогцолбор хорооллын 1 дүгээр блокны 2 дугаар орцны 7 дугаар давхрын Е тоотын 54.74 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалсан байна. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны үнэ гэж ямар нэгэн төлбөр, мөнгийг компанид шилжүүлээгүй. Гэрээнд 101 913 600 төгрөг гэж бичигдсэн боловч И ХХК-ийн банкны дансанд орж ирээгүй буюу манай компани ямар нэгэн байдлаар мөнгийг хүлээж аваагүй болно. Иргэн П.Мы эзэмшилтэй холбоотой газар дээр И ХХК орон сууц барих, үүнтэй холбоотойгоор П.М тус компанийн тодорхой хэмжээний хувьцаа эзэмшигч болсон үйл баримт байдаг. С.Н орон сууцны үнийг төлөөгүй тул түүний хариу гүйцэтгэлийг шаардах эрхгүй. И ХХК-ийн хувьд Алтансан орон сууцны хороолол дахь барилгаас тодорхой хэмжээ, талбай бүхий орон сууц, үйлчилгээний талбайг П.Мд шилжүүлэх байсан боловч 2015.04.22-нд буюу гэрээ байгуулах үед орон сууцны болон бусад талбайн хаяг, байршилд дугаарлалт хийгээгүй байсан тул таамгаар 1 дүгээр блокны 2 дугаар орцны 7 давхар Е тоотын 54.74 м.кв талбай гэж гэрээнд бичсэн бололтой. Мөн И ХХК-ийн хувьд С.Нтай гэрээ байгуулснаараа П.Мд өгөх орон сууцны тоо, хэмжээнээс уг гэрээнд заасан байрны тоо, хэмжээгээр чөлөөлөгдсөн зүйл байхгүй байна. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа гэсэн атал алданги гэж 10 191 360 төгрөг шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлтэй эсэх асуудал юм. Мөн С.Н, П.М нарын хооронд газар худалдах, худалдах авах хэлцэл хийсэн эсэхээс үл хамаарч тэдний хооронд үүссэн үүрэг, өрийг И ХХК-д шилжүүлсэн баримт байхгүй. Эцсийн байдлаар, И ХХК-иас орон сууцны үнэ 101 913 600 төгрөг болон гэрээнд зааснаар шаардаж байгаа алданги 10 191 360 төгрөгийг гаргуулах гэж байгаа юм байна гэж ойлголоо. Гэвч нэхэмжлэлийг хангах хууль зүйн болоод бодитой үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Мы төлөөлөгч В.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: С.Н, П.М нар 2015.04.22-ны өдөр харилцан тохиролцож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2 дугаар гудамжны 23В тоот хаягт байрлах 680 м.кв газар, 157,7 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 230 000 000 төгрөгөөр худалдсан. Харилцан тохиролцсоны дагуу П.Маас 111 000 000 төгрөг бэлнээр төлж, үлдсэн 102 000 000 төгрөгийн талаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Доржийн гудамж, Алтан сан хороололд байрлах 54.74 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барилга ашиглалтад ороход хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр С.Н болон И ХХК-ийн хооронд 2015.04.22-ны өдөр АС/04/03 тоот Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан. И ХХК нь 2015.04.22-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд биелүүлээгүйн үр дагаварт 40 765 440 төгрөгийг П.Маас шаардаж байгаа нь үндэслэлгүй. П.Мы бол С.Нтай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлээс П.Мд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч И ХХК-иас 112 104 960 төгрөг, хариуцагч П.Маас 40 765 440 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 080 278 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээний шинж агуулсан гэж дүгнэж, компани эрх, ашиг сонирхолыг илт хамгаалсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч хариуцагчийн өмнө гэрээгээр үүрэг хүлээгээгүй байхад ажил гүйцэтгүүлсэний хөлсөө төлөх үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Хариуцагч талын нотлох баримтад тулгуурлаагүй мэдээлэл тайлбарийг үнэлсэн. П.Мыг шүүх хамтран хариуцагчаар татсан атлаа аль нэгэнд нь үүргийн харилцааг хангуулан хохирогчийн эрх ашиг сонирхлыг хамгаалаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч “И” ХХК, П.М нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, 152 870 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, М.Жаргалсайхан нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр хариуцагч П.М нь  нэхэмжлэлийн шаардлагаас 12 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлэж, шийдвэр, магадлал, тогтоол гармагц төлөх, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Доржийн гудамж, "Алтан сан" хорооллын 01 дүгээр байрны 707 тоот орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгчид орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай бүхий л зүйлээр туслах үүрэг хүлээж, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Доржийн гудамж, "Алтан сан" хорооллын 01 дүгээр байрны 707 тоот байранд засвар хийснээс холбогдон гарсан зардлыг нэхэмжлэгч талд төлөх бөгөөд засварын хөлс 2 000 000 төгрөг байхаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140 870 400 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “И” ХХК-д холбогдох шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж уг гэрээнд заасан асуудлаар дахин маргаан гаргах эрхгүй бөгөөд аль нэг тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэйгээр харилцан тохиролцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/01574 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч П.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлэж, шийдвэр, магадлал, тогтоол гармагц төлөх, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Доржийн гудамж, "Алтан сан" хорооллын 01 дүгээр байрны 707 тоот орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгчид орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай бүхий л зүйлээр туслах үүрэг хүлээж, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Доржийн гудамж, "Алтан сан" хорооллын 01 дүгээр байрны 707 тоот байранд засвар хийснээс холбогдон гарсан зардлыг нэхэмжлэгч талд төлөх бөгөөд засварын хөлс 2 000 000/хоёр сая/ төгрөг байхаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140 870 400/нэг зуун дөчин сая, найман зуун далан мянга, дөрвөн зуу/ төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “И” ХХК-д холбогдох шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж уг гэрээнд заасан асуудлаар дахин маргаан гаргах эрхгүй бөгөөд аль нэг тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэйгээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Нын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 080 278 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД