Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/39

 

Ч.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Ц.А,

Шүүгдэгч Ч.Ө /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ог /цахимаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ч.Ө-д холбогдох 2128000160043 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч И.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ч.Ө,

Шүүгдэгч Ч.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн  улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын багийн нутаг дэвсгэрт Даланзадгад сумаас Х сум руу явах чиглэлийн засмал замын 1,7 дахь километрт явган зорчигч Ч.Б мөргөж зам тээврийн осол гарган, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь Ч.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Ч.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 -т зааснаар шүүгдэгч Ч.Ө-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-д оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ч.Ө-д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Д-д оршуулгын зардалд 15750000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1000000 төгрөг, зээлийн төлбөрийн үлдэгдэл 2425000 төгрөг, нийт 19175000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Д нь сэтгэл санааны болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ч.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Ө-н В ангиллын жолоочийн  дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг, цогцосны үзлэгийг бэхжүүлсэн Ди Ви Ди, мөрдөн шалгах туршилт хийх ажиллагааг бэхжүүлсэн Ди Ви Диг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтээ 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ч.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Ч.Ө нь зам тээврийн осол гаргаж хүний амь насыг хохироосон гэм буруугаа гүнээ ухамсарлан хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа билээ. Мөн талийгаачийн ар гэрийнхэнээс уучлал гуйж 2 хүүхдийг нь насанд хүртэл нь өөрийнхөө чадлаар дэмжиж харж хандана гэж илэрхийлж байгаа бөгөөд материаллаг хохирлыг шүүхийн шийдвэр гарахаас өмнө бүрэн төлж барагдуулсан.

Иймд Ч.Ө-н үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялаас хуульд заасан ялын доод хэмжээнээс доош татаж хорих ялыг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Top of Form...2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой Ч.Ө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас хайртай дүү Ч.Б минь 2 сайхан үрээ өнчирүүлэн зуурдаар хорвоог орхин одсон.

Дүүг минь нас барснаас хойш ээж минь сэтгэлээр унан шаналж уйлсаар байгаад зүүн нүднийх нь торлог бүрхэвч нь салж хагалгаанд орсон бөгөөд 2 хүүхэд нь ээжийгээ санан бэтгэрч сэтгэл зүйн хямралд ороод гэр бүлийн байдал минь маш хүнд байгаа. Гэтэл нэг гэр бүлийг тэр чигт нь сүйрүүлсэн этгээд болох Ч.Ө нь намайг алвал гэж гэсэн байдалтай шүүх хурал дээр гар утсаараа тоглон хэнэг ч үгүй сууж байсан нь түүнийг хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшсэн эсэхэд эргэлзээ төрүүлээд зогсохгүй хайртай дүүгийн минь амь нас тэр хүнд ямар ч үнэ цэнэгүй байсан мэт сэтгэгдлийг төрүүлсэн.

 Иймд би хэдийгээр уужим сэтгэл гаргахыг хүссэн ч Ч.Ө-н гаргаж буй зан чанар бидний сэтгэлийн шаналлыг үл ойшоож буй байдал зэргээс хамаараад шүүхээс түүнд оногдуулсан хэтэрхий бага ял оногдуулсан буюу 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, нийгмийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оноосон. Харин хор уршиг арилаагүй буюу хүний амь нас хохироосон үйлдэл байгаа учир ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн. Энэ нь үндэслэлтэй байх тул өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байна. 2 жилийн ялыг өршөөн хасахаар хуульчилсан байна” гэв.

Шүүгдэгч Ч.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний хувьд өөрийн гэм буруугаа ойлгож, маш их харамсаж, гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийн ар гэрт ямар байгааг маш сайн ойлгож байна. Би өөрөө хүүхэдтэй. Миний хүүхэд ч гэсэн аавыгаа эрж асуудаг гэсэн. Тэгэхээр хохирогчийн хүүхэд болон ар гэрт илүү хэцүү байгаа. Би хүний гэр бүлийг төдийгүй өөрийнхөө гэр бүлийг зовлонд унагаасандаа харамсаж байна. Гэм буруутай учир ял шийтгэлээ хүлээх нь зөв. Би талийгаачийн ар гэр, хүүхдийг нь аль болох чадахаараа харж хандаж, тус дэм болохоо илэрхийлж байна. Одоогоор бэлэн гаргаад өгөх мөнгөний боломжгүй ч ажил төрөл хийж боломжоороо туслах болно. Иймд ялыг минь хөнгөлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байдаг. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэр бүлийнхээ хүнтэй маргалдаж явж байхад гэнэт хүн орж ирээд гэрлийн гялбаанд харагдалгүй хүн нас барсан харамсалтай хэрэг болсон. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг нь Цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал хохирогч нь өөр хүний жолоодож явсан машинд сууж явсан ба уг машин нь засмал зам дээр зам чөлөөлж зогсоогүй байсан. Энэ тухай харанхуйд зам чөлөөлөөгүй, ойрын гэрлээ асаагаагүй байсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн талийгаачийн цусны шинжилгээгээр согтолттой байсан гэдэг нь тогтоогдсон. Аль аль талынх нь буруу байсан. Ч.Ө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж талийгаачийн гэр бүлд 19 175 000 төгрөгийн хохирол төлсөн.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцож, 2 жил 8 сарын хорих ял оноосон. Эрүүгийн хуульд зааснаар энэхүү гэмт хэрэгт 2-8 жил хорих ял оногдуулахаар хуульчилсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, талийгаачийн сууж явсан машины жолоочийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарсан гэх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч болгоомжгүйгээр анх удаа гэм хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн нийгмийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан ял шийтгэл хөнгөрүүлэн үзэх нөхцөлийг харгалзан ялыг хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж, доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой байна. Өөрөөр хэлбэл 2 жилийн хорих ялаас чөлөөлж өгнө үү. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн гэр бүлд цаашдаа ч гэсэн харж хандаж явахаа илэрхийлсэн. Одоогоор 2 сар 10 хоног ял эдэлсэн” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Зам тээврийн ослоос болж нэг хүний амь нас хохирсон.  хүүхэд өнчирсөн. Тэдний сэтгэл санаа маш хүнд байна. Ээж нь уйлсаар байгаад нүдний хагалгаанд орсон байдалтай байна. Тэгэхээр энэ гэр бүлд тохиолдсон уй гашууг юугаар ч нөхөж баршгүй гэж үзэж байгаа учир согтуугаар жолоо барьж явсан шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй, боломжгүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгох тухай асуудлаар банкны хуулга, цалин, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хохирлын баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 1-нээс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх талийгаачийн дансны хуулгыг гаргаад, үүнээс талийгаачийн жилийн орлогыг 38 280 700 төгрөг болохыг тодорхойлсон. Үүнээс нэг хүнд ноогдох орлого нь 7 100 517 төгрөг болсон. 2 хүүхдэд нь үржүүлээд 1 495 000 төгрөг болсон. Үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмж 188 000 төгрөг авдаг. Эдгээр баримтыг гаргаж, нэхэмжилсэн. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, уг тэтгэмжийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв. Bottom of Form

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч И.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бичсэн давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

“Шүүгдэгч Ч.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед өөрийн

эзэмшлийн улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 3.7а-д “Жолоочид согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад багийн нутаг дэвсгэрт Даланзадгад сумаас Х сум руу явах чиглэлийн засмал замын 1,7 дахь километрт явган зорчигч Ч.Б-г мөргөж зам тээврийн осол гарган, амь насыг хохироосон болох нь гэрч Ж.О /1 хх-68-70/, С.С /1 хх-77-78/, И.Э /1 хх-81-82/, Б.Г /1 хх-85-86/, Б.А /1 хх-88/, С.Ж/1 хх-93-95/ нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-5-39/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-40-41/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-186-187/, шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай  дүгнэлтүүд / 1 хх-99-102, 114-115, 120-124,133-135/, жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 хх-56/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэж  анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Шүүгдэгч Ч.Ө-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Б-г мөргөж зам тээврийн осол гарган, амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ч.Ө-н хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т шүүгдэгч Ч.Ө-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ч.Ө-н гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршиг нь арилаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч И.О-н “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялаас хуульд заасан ялын доод хэмжээнээс доош татаж хорих ялыг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү” гэсэн  давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх эрх хэмжээг хуулиар олгоогүй тул хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч Ч.Д-н “ял хүндрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоол гарсны дараа Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргаж, дээрх хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон тул Ч.Ө-д анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиодолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан тул Ч.Ө-н 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэгэн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О-н “хорих ялыг хөнгөрүүлэх тухай”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д-н “хорих ялыг хүндрүүлэх тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Ч.Ө-д анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хассугай.

3. Шүүгдэгч Ч.Ө-н эдлэх эдлэх хорих ялыг 8 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Ө-н 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэгэн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

           

 

 

                                   

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                              Г.ТЭГШСУУРЬ