| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0068/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/559 |
| Огноо | 2025-12-10 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/559
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,
улсын яллагч Ц.Лхамсүрэн,
хохирогч Х.************,
шүүгдэгч М.************, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр,
шүүгдэгч Э.************, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан,
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.************т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.************д холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2525003350340 дугаартай, 312/2025/0068/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /***************/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.************ нь Э.************тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************багийн нутаг дэвсгэрт ************ нэртэй зочид буудлын урд талын явган хүний зам дээр 2025 оны ************ 02 цагийн орчимд хохирогч Х.************ийн мөнгийг авах зорилгоор биед нь халдаж, хүч хэрэглэн довтолж гар утсыг нь авч зугтаан, улмаар хохирогчийн гар утсыг Э.************д өгч Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 5,700,000 төгрөгийг Хаан банкны ************ дугаарын данс руу шилжүүлэн авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Э.************ нь хохирогч Х.************ийн мөнгийг авах зорилгоор М.************тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг санаачилсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************багийн нутаг дэвсгэрт ************ нэртэй зочид буудлын урд талын явган хүний зам дээр 2025 оны ************ 02 цагийн орчимд хохирогч Х.************өд хүч хэрэглэн довтолж, дээрэмдэж авсан хохирогчийн гар утсыг ашиглан Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 5,700,000 төгрөгийг Хаан банкны ************ дугаарын данс руу шилжүүлж, эд хөрөнгийг дээрэмдэх гэх гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.************, М.************, хохирогч Х.************ нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525003350340 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч М.************ нь Э.************тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн нутаг дэвсгэрт ************ зочид буудлын урд талын явган хүний зам дээр 2025 оны 04 дүгээр сарын 13- ны шөнө 02 цагийн орчимд хохирогч Х.************ийн мөнгийг авах зорилгоор биед нь халдаж, хүч хэрэглэн довтолж гар утсыг нь авч зугтаан, улмаар хохирогчийн гар утсыг Э.************д өгч Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 5,700,000 төгрөгийг Хаан банкны ************ дугаарын данс руу шилжүүлэн авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.************ын өгсөн: “...04 дүгээр сарын 16-ны өдөр Э.************ над дээр орж ирээд дансандаа мөнгөтэй хүн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь дэмий юм дэмий би асуудалтай байгаа гэсэн. Тэгээд хохирогч манай хоёр найзыг аваад явж байсан тэгээд өрөөнийхөө түлхүүрийг Э.************ өгүүлсэн. Тэгээд байж байхад над руу залгаад танай буудал чинь заваан юм байна өөр тийшээ явж уулаа гэсэн. Тэр хүн надтай хамт ууя гэж байсан. Тэгэхээр нь явж байхгүй гэж хэлээд хэсэг хугацааны дараа над руу залгаад намайг ирээд авчих гэж ярьсан. Би очоод авах гэсэн чинь хохирогч явуулахгүй байсан цагдаа дуудна гээд байсан. Тэгэхээр нь би утсыг нь шүүрч аваад яваад өгсөн. Түүнээс биш энэ хүний биед нь халдаж утсыг нь аваагүй. Тэгээд Э.************ мөнгийг авчхаад аваачаад өг гэхээр нь аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.************гийн өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд ************ бааран дээр очсон. Тэгээд ажил руугаа орж ирэхэд хохирогч манай баарны тек нь дээр Хаан банкаа блоклоцон гээд байж байсан манай ажлын эгч энийг нь янзлаад өгчих гэхээр нь янзалж өгөх гэсэн болохгүй байхаар нь буцаагаад утсыг нь өгсөн. Тэгээд хохирогч ах ширээ болгон дээр очоод хүн хүнээс асуугаад байсан болохоор баарны эгч энэ хүнийг гаргачих гэж хэлсэн. Энэ 30-40 минутын дараа гартаа пиво барьсан буцаад баар луу орох гээд ирсэн би тухайн үед тамхилах гээд гарсан байсан. Би хаалга дээр зогсож байгаад оруулахгүй баарны үйл ажиллагаанд саад болоод байна гэсэн чинь хохирогч Худалдаа хөгжлийнхөө банк руу ороод 5.000.000 гаран төгрөгөө харуулсан тэгээд танай баарнаас бүх архи пивыг нь худалдаж авна гээд байхаар нь би оруулсан. Тэгээд М.************ ахаас гавынхаа түлхүүрийг авах гээд бааран дээр нь очоод уулзсан. Тэр үедээ М.************ ахад нэг ах 5.000.000 гаран төгрөг харуулж томроод гэж юм бодоогүй хэлчхээд гавынхаа түлхүүрийг аваад явсан. Буцаад баарандаа ирээд байж байхад хохирогч ах пиво авсан ууж байсан тэгээд удалгүй М.************ ах орж ирээд ямар залуу юм бэ гээд надаас асуухаар нь тэр ширээн дээр сууж байгаа залуу гээд хэлэхэд М.************ ах харчхаад гараад явсан. 30-40 минутын дараа М.************ ах буцаж ирээд хоёр эгчтэй уулзаж байгаад гараад явсан. Намайг намхан бондгор эгчид буудлын түлхүүр өгчхөөрэй гэхээр нь би буудлынхаа түлхүүрийг өгчхөөд баар хаагаад буудал руу орсны дараа М.************ ах над руу залгаад өрөөнд чинь хэн хэн байна гэж асуухаар нь хүн байхгүй байна гэж хэлсэн. Тухайн өдөр хөдөөгөөс орж ирсэн болохоор усанд орчхоод гараад ирэхэд М.************ ах 10 гаруй удаа залгасан байсан. Дахиад залгахдаа Худалдааны гудамжны Төрийн банк нь дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь утас гаргаж ирээд ийшээ явчхаад ирье гээд цагаан өнгийн приус-20 загварын машинд суусан. Тэр машин нь өөрийнх нь ажилладаг баарны залуугийн машин гэж хэлсэн. Тэгээд машинд суухад М.************ ах чиний покерын данс байна уу гээд тэр данс руу 3.000.000 төгрөг, 2.700.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би жолооны үнэмлэхгүй чи жолоо барьчих гээд явсан тэгэхэд нэг хүнтэй хаана байна гээд утсаар яриад байсан. 6 дугаар микрт очиход нөгөө хоёр эгч, хохирогч ах гурав байсан. Тэгээд М.************ ах өөрөө доошоо орж сууснаа надад хажуугаар нь явахдаа энэ утсыг нь өгчих гэсэн гэхээр нь би утсыг нь өгсөн. Тэгээд нөгөө баарны ажилтны машин хурдан авчирч өг гэхээр нь машиныг нь өгсөн. Буудалдаа орж ирэхэд 2.700.000 төгрөг, 3.000.000 төгрөгөөр покерын данс руу орсон байсан тэгээд би 2.700.000 төгрөгөөр тоглосон. М.************ ах 3.000.000 төгрөгөөр нь тоглосон маргааш өглөө нь 500.000 төгрөгөөр таталт хийнэ гээд бэлдсэн. Маргааш өглөө нь М.************ ах өөр буудал оръё нөгөө залуу чинь энэ өрөөг мэднэ гээд бид хоёр 500.000 төгрөгөөр таталт хийсэн. Тэгээд хорооллын эцэст байдаг буудалд 100.000 төгрөгөөр нэг өрөө авсан. М.************ ах үлдсэн мөнгөө татаж бай гээд би 2.200.000 төгрөг, М.************ ах 3.000.000 төгрөг таталт хийх гэсэн чинь покерын админ залилчихсан. Тэгээд миний дансанд 400.000 төгрөг үлдсэн тэгээд байж байтал цагдаагаас залгаад байцаалт өгөхөд би шууд гэм буруугаа хүлээсэн. Тэр үед хохирогч ахад би 300.000 төгрөг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.************ийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
- Хохирогч Х.************ийн өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шөнө 02 цагийн үед ************бааранд ороод гарах үедээ 2 эмэгтэй хүнтэй танилцаж, ************баарнаас гарсан. Тэгээд өөрийн гэр болох ************багийн 6-9 дүгээр байр 18 тоот гэр лүүгээ хоёр эмэгтэйн хамт алхаад явсан. Тэгээд аюулгүйн тойргийн орчимд явж байхад ************бааранд хамгаалагч хийж байсан 1 хамгаалагч эрэгтэй залуу над дээр ирээд миний гар утсыг гараараа цохиж авсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйг дагуулж өөрийн гэр лүү алхаж очоод гэр лүүгээ ганцаараа ороод хуучин ашиглаж байсан гар утсаа асааж, /86081881/ цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд гэрийн гадаа сууж байхад цагаан өнгийн прусс-30 машин машин ирж зогсоод миний гар утсыг эрэгтэй хүн өгчхөөд яваад өгсөн. Тэр үед би гар утсаа шалгаж үзэхэд миний Худалдаа хөгжлийн банкнаас 5,700,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан. 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 22 цаг 30 минутын үед ************бааранд орсон. Тухайн үед хамгаалагч залуугийн хажууд тооцоогоо хийсэн. Тэр үед миний утасны дэлгэцийн кодыг мэдэж авсан байх. Харин намайг дээрэмдэх үед ************бааранд хамгаалагч хийж байсан залуу өмсөж явж байсан хувцастайгаа миний гар утсыг авч явсан. Харин гар утсыг буцааж өгөх үед цагаан приус-30 маркийн авто машинтай хүн ирээд гар утсыг маань буцааж өгсөн. Тэр үед би ямар хүн байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг (хэргийн 68-69 дүгээр хуудас),
- Гэрч Г.************ын өгсөн: “...Би зурган дээрх хоёр залуугийн буржгар үстэй, шар царайтай ************ гэх залууг зүс танина. Яаж таньдаг вэ гэхээр хуучин ************баарны хамгаалагч гэдгээр нь танина. Би 2024 онд ************баараар үйлчлүүлж байхдаа танилцаж байсан. Буржаак гэж дууддаг байсан. 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 22 цагийн үед найз ************тэй хамт Уурхайчин багт байх ************бааранд орж пиво уунгаа бүжиглэсэн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Буржаак гэж дууддаг ************ гэх залуу гаднаас хамгаалагчийн хувцастайгаа орж ирээд ************ бид хоёрын ширээн дээр ирээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаа хар куртиктэй, туранхай жижиг биетэй залууг татаж ирээд над руу түлхээд энэ залууг 2 цаг хүртэл баар хаатал аргалж бай, би чамд пиво авч өгнө гэхээр нь тухайн залуутай танилцаад хамт бүжиглэсэн. Тэгээд баар хаах дөхөөд байж байтал ************ над дээр ирээд Буржаак надад баарны хажуу талын буудлын түлхүүр өгөөд, энэ залууг оруулж унтуулаарай, 3 номерын өрөө шүү гэж хэлсэн гэхээр нь ************ бид хоёр тухайн залуутай хамт баарнаас гараад ************баарны хажуу талын 2 давхар цагаан өнгийн буудал руу ороод 3 номерын өрөө рүү нь ороход тухайн залуу муухай өрөө байна гээд гараад ирсэн. Бид хоёр анх бодохдоо тухайн залуугийн авсан өрөө гэж бодож байтал биш болж таарахаар нь буудлаас гараад худалдааны гудамжаар алхаад тухайн залуу манай гэр ************баг 6-9-т байдаг гэхээр нь гэр лүү нь дөхөөд 14-р сургуулийн урд ************ бид гурав алхаж явтал Буржаак буюу ************ араас гүйж ирээд тухайн залууг цохиж, ноцолдоод гар утсыг нь шүүрч зугтаагаад, нөгөө залуу араас нь гүйгээд гүйцээгүй буцаад ирсэн. ************ бид хоёр санаа зовоод тухайн залууг байрных нь гадаа хүргэж ирээд зогсож байтал ************ ************баарны хамгаалагч залуутай хамт цагаан өнгийн машинтай ирээд гар утсыг нь цонхоороо шидэж, өгчхөөд яваад өгсөн. Яаж ************багийн 6-9 дүгээр байрны гадаа байгааг мэдсэн гэвэл тухайн залуу миний гар утсаар өөрийнхөө гар утас руу залгатал ************ гар утсыг нь аваад байгаа газрыг мэдэж авчирч өгсөн гэж бодож байна. Тухайн залуу гэртээ ороод ************ бид хоёр дээшээ алхаад Пирамид төвийн таксинд суугаад гэр гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хэргийн 74-75 дугаар хуудас),
-Гэрч Ж.************гийн өгсөн: “...найз ************тай хамт Богд бааранд үйлчлүүлэхээр орсон. Хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Гаднаас Буржаак гэх залуу хамгаалагчийн хувцастайгаа орж ирээд манай ширээн дээр ирээд ************тай юм яриад байсан. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ширээн дээрээ очтол ************ үл таних залуутай юм яриад сууж байсан. Би энэ юун залуу вэ гэхэд Буржаак энэ залууг 2 цаг хүртэл явуулахгүй, саатуулаад байж байгаач гэсэн, пиво авчирч өгнө гэсэн гэхээр нь би өөрөө пиво авчихна, хүнээр пиво авхуулах хүн биш гэж хэлсэн. Баар хаах дөхөөд баарны хамгаалагч өндөр бор залуу ирээд энэ буудлын түлхүүр, та нөгөө ах, найз хоёртойгоо хажуу талын буудалд ороод байж бай, 3 номер шүү гэхээр нь би түлхүүрийг нь аваад баар хаагаад ************ бид хоёр нөгөө залуутай хамт буудлын 3 номерын өрөө рүү орсон.
...замбараагүй, муухай өрөө байхаар нь буцаж гараад буудлын ресейпшнд түлхүүрийг нь үлдээсэн. Буудлаас гараад худалдааны гудамжаар алхаад тухайн залуу манай гэрт очъё гэхээр нь гэр лүү нь дөхөөд 14 дүгээр сургуулийн урд бид гурав алхаад явж байхад Буржаак араас гүйж ирээд тухайн залууг цохиж, ноцолдоод гар утсыг нь шүүрч авч булаагаад зугтаасан. Нөгөө залуу араас нь нэлээн гүйгээд гүйцээгүй буцаж ирсэн. ************ бид хоёр тухайн залууг байрных нь гадаа хүргэж ирээд зогсож байхад Буржаак, ************баарны хамгаалагч залуутай хамт цагаан өнгийн приус машинтай ирээд гар утсыг нь өндөр залуу нь шидэж өгчхөөд яваад өгсөн. ************баг 6-9 дүгээр байрны гадаа байхад Буржаак миний гар утас руу залгаад та 3 хаана байгаа юм гэхээр нь 6-9 дүгээр байрны гадаа байна, чи яагаад хүний утас авч байгаа юм, авчирч өг гээд уурлаж хэлсэн...” гэх мэдүүлэг (хэргийн 77-78-р тал),
-Хохирогч Х.************ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ************ дугаарын дансанд үзлэг хийхэд Хаан банкны ************ дугаарын ********* эзэмшигчтэй данс руу 3,000,000 төгрөг, 2,700,000 төгрөгийн гүйлгээгээр мөнгө шилжин орсон тухай тэмдэглэл, (хэргийн 61 дүгээр хуудас),
-************ баг 14 дүгээр сургуулийн зүүн урд тал руу чиглэсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хэргийн 17-23 дугаар хуудас),
-Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, (хэргийн 24-29 дугаар хуудас),
-Сэжигтэн М.************ын өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 21 цаг өнгөрч байхад би Уурхайчин багт байрлах ************ бааранд хамгаалагчаар ажиллаж байхад Э.************ миний ************ нэртэй фейсбүүк хаяг руу ************ нэртэй фейсбүүк хаягаасаа ажлынхаа гадаа гараад ирээч ярих юм байна гээд чат бичихээр нь би гараад уулзтал ************ надад манай ************ бааранд нэг согтуу залуу интернэт банкаараа гүйлгээ хийсэн, би интернэт банк болон гар утасных нь кодыг нь харчихсан, мэдэж байгаа дансанд нь 2,000,000-3,000,000 орчим төгрөг байгаа, надад гар утас нь л хэрэгтэй байна та яаж ийж байгаад аваад өгөөч гэхээр нь би за юу ч гэсэн байж байгаад болъё, тэр залуу чинь хэр зэргийн согтолттой байгаа юм, хамаагүй их мөнгө авч болохгүй шүү 1,500,000-2,000,000 төгрөгийг нь л авахгүй юу дараа нь баригдвал төлж чадахаараа л ав гэж хэлээд салцгаагаад ажлууд руугаа орцгоосон. 22 цаг өнгөрч байхад Э.************ миний ************ дугаарын гар утас руу ************ дугаараас залгаад ************баар луу ороод ир нөгөө мөнгөтэй ахыг заагаад өгье та хараад ав гэхээр нь би ************баар луу явж очтол улаан өнгийн, шоотой цамцтай, 40 гаруй орчим насны туранхай жижигхэн ахыг зааж өгсөн.Тухайн үед миний нэрийг нь мэдэхгүй, манай ************ бааранд их орж ирдэг 2 эмэгтэй Э.************гийн мөнгөтэй гэж зааж өгсөн ахтай бүжиглээд байхаар нь би тухайн 2 эмэгтэй дээр очоод мэнд ус мэдээд нэгнийх дугаарыг нь аваад өөрийнхөө дугаарыг өгөөд би энэ баарны чинь доор буудал авчихсан байгаа гараад хэлээрэй хамт пиво ууя гэж хэлээд буцаад ************ баар луу ажилдаа орсон. Шөнийн 02 цаг болж баар хаах үед миний зүс таних ************бааранд дугаараа өгсөн эмэгтэй над руу залгаад гараад ир ************баарны хойд харанхуй гудамжинд байна гэхээр нь би гараад яваад очтол нөгөө Э.************гийн мөнгөтэй гар утсыг нь аваад өг гэж хэлсэн ах нөгөө хоёр эмэгтэйтэй гурвуулаа сандал дээр сууж байсан. Тэгээд би над руу залгасан эмэгтэйд ************ баарны хажууд байдаг буудлын өрөөний түлхүүр өгөөд та нар буудал руу ороод байж бай 2 давхарт 303 -тоот өрөө шүү гэж зааж өгөөд баараа хаалгах гээд ажил руугаа ороод 10-20 минутын дараа над руу нөгөө эмэгтэй залгаад танай буудал чинь заваан байна бид нар явлаа шүү гэхээр нь би хаана яваа юм гэтэл нь ************ багийн аюулгүйн тойрог өнгөрөөд 14 сургуулийн урд явж байна чи намайг ирээд аваач гэхээр нь би ************ баарнаас гараад гүйгээд 14-р сургуулийн урд яваад очтол ************ гэж дууддаг эмэгтэй, миний ярьсан эмэгтэй хоёр нөгөө сугадалцсан алхаж байхаар нь би нөгөө ахад хандаж би найзыгаа авчихъя гэтэл гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудна гээд байхаар нь би гар утсыг нь булааж автал газраас юм авч шидэхээр нь би ************баар чиглэл рүү гүйгээд зугтаатал нөгөө ах бараан захын баруун талд байдаг МТ шатахуун түгээх клонк хүртэл дагаж гүйгээд намайг гүйцээгүй ард хоцорсон. Би ************баарны үүдэнд очиж зогстол Э.************ над руу залгаад хаана байгаа юм ахаа гэхээр нь би ************ баарны ард буюу зүүн талд байрлах Тамир зочид буудлын үүдэнд байна хүрээд ир гээд удалгүй бид хоёр Тамир зочид буудлын хашаанд уулзаад би нөгөө ахын гар утсыг Э.************д өгөөд, нөгөө мөнгөтэй хэлээд байсан ахаас чинь авчихлаа шүү чи өөрөө мэдээд зохицуулаарай гэж хэлсэн. Тэгээд би Э.************д ажил руу орж юмнуудаа зөөж өгчхөөд гараад ирье гэж хэлээд ************ баар луу орж юмаа зөөж өгөөд ажлаа дуусгаад гараад зогсож байтал нөгөө ахтай үлдсэн эмэгтэй над руу залгаад чи гар утсыг нь авчирч ирээд өгчихөө гэхээр нь би Э.************гийн утас руу залгаад гар утас нь болсон юм уу над руу залгаад гар утсыг нь өгчихөө гээд байна аваачхаад өгчихье гэтэл би 5,000,000 төгрөгийг нь онлайн покерын дансанд шилжүүлээд авчихсан, гар утсыг нь эвдчих үү, эсвэл сим картыг нь сугалаад хаячих уу гэхээр нь би яах юм бэ хүний зөндөө хэрэгтэй юм байгаа байх дараа нь баригдвал надад лай болно, чи өөрөө наад мөнгө төгрөгөө зохицуулаарай гэж хэлээд удалгүй Уурхайчин багийн ************ баарны хойно байрлах Төрийн банкны гадаа уулзаад Э.************ надад нөгөө ахын гар утсыг өгөхөөр нь би хамт ажилдаг найз Хайдавын цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авч би жолооны үнэмлэхгүй учраас Э.************гээр жолоодуулж нөгөө ахын гар утсыг өгөхөөр нөгөө эмэгтэйтэй утсаар яриад хаана байгааг нь асуудал ************багийн 6-9-р байны гадаа байна энэ ахын гэр энд байдаг юм байна гэхээр нь Э.************ бид хоёр 6-9-р байрны гадаа яваад очтол нөгөө хоёр эмэгтэй улаан шоотой цамцтай ахтай зогсож байхаар нь Э.************ машины цонхоор ахад гар утсыг нь өгөөд хөдлөөд шууд явсан. Би замдаа Э.************гээс хэдэн төгрөгийг нь хаашаа яаж авсан талаар асуухад онлайн покерын данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн.Би яаж 5,000,000 төгрөгөө хоёулаа авах вэ гэтэл би өөрийнхөө данс руу татаад авчихна санаа зоволтгүй гэхээр нь би чи хариуцлагаа хүлээгээрэй гэтэл би баригдсан ч хоёр үхэр зараад өгчихнө, эсвэл шоронд нь суучихна гээд бид хоёр Төрийн банкны гадаа очоод Хайдавт машиныг нь ************баарны хажууд талын буудал руу өрөөндөө ортол Э.************гийн найз гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Би шагладаг эгч рүү фейсбүүкээр залгаад 2,5 литрийн хэмжээтэй 4 ширхэг пиво захитал удалгүй пиво ирээд Э.************гийн найз эрэгтэй нь мөнгийг нь шилжүүлсэн. Бид дөрөв -пиво ууж сууж байтал Э.************ миний гар утсыг аваад өөрийнхөө гар утастай хоёр гар утсаар хоёр аккаунтаар онлайн мөрийтэй покер тоглоод байсан. Э.************ покероо тоглож байгаад нойр хүрээд байна гээд унтаад өгтөл нөгөө хоёр эрэгтэй эмэгтэй найз нь буудлаас гараад явчихаар нь би ч ядраад унтаад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2025 оны 04 дүгээр 13-ны өглөө 09 цаг өнгөрч байхад ************ бид хоёр буудлаас гараад гэр хорооллын эцсийн Наран багт байрлах Буйдхан гэх нэртэй буудлын 100,000 төгрөгийн үнэтэй 3 ортой өрөөнд 50000 төгрөгөөр нь хувааж төлөөд орцгоосон. Буудалд ороод Э.************ өөрийнхөө утас болон миний гар утсаар хоёр зэрэг онлайн покер тоглож байгаад мөнгө татсан гэж хэлсэн надад хэдийг татсанаа хэлээгүй байж байтал цагдаагаас Э.************ рүү залгахаар нь би цагдаа дээр асуудалтай байгаа чи хариуцлагаа өөрөө хүлээ гэж хэлтэл Э.************ би өөрөө даачихна таныг оролцуулахгүй гэж хэлээд цагдаагийн газар луу явсан, би унтаад үлдсэн 15 цаг өнгөрч байхад Э.************ буудалд орж ирээд би цагдаа дээр хэргээ хүлээчихлээ хохирогчтой уулзаад 300,000 төгрөгийг нь өгчихлөө би ганцаараа гээд хэлчихсэн таныг оролцуулаагүй шүү гээд буудлаас гараад салаад явцгаасан...” гэх мэдүүлэг (хэргийн 81-83 дугаар хуудас),
-яллагдагч Э.************гийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 134 дугаар хуудас),
-300,000 төгрөгийн шилжүүлгийн баримт (хэргийн 142 дугаар хуудас),
-Э.************гийн мэргэжлийн боловсролын үнэмлэх, суралцаж байх хугацаандаа авсан баярын бичиг, өргөмжлөлүүд (хэргийн 143-152 дугаар хуудас),
-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 61 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Х.************, гэрч Г.************, Ж.************ нарын мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************баг Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль руу чиглэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар:
Шүүгдэгч М.************ нь Э.************тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************багийн нутаг дэвсгэрт ************ зочид буудлын урд талын явган хүний зам дээр 2025 оны 0************ 02 цагийн орчимд хохирогч Х.************ийн мөнгийг авах зорилгоор биед нь халдаж, хүч хэрэглэн довтолж гар утсыг нь авч зугтаан, улмаар хохирогчийн гар утсыг Э.************д өгч Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 5,700,000 төгрөгийг Хаан банкны ************ дугаарын данс руу шилжүүлэн авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Э.************ нь хохирогч Х.************ийн мөнгийг авах зорилгоор М.************тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг санаачлан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн нутаг дэвсгэрт ************ зочид буудлын урд талын явган хүний зам дээр 2025 оны ************ 02 цагийн орчимд шүүгдэгч М.************ын хохирогч Х.************өд хүч хэрэглэн довтолж, дээрэмдэж авсан хохирогчийн гар утсыг авч Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 5,700,000 төгрөгийг Хаан банкны ************ дугаарын данс руу шилжүүлэн авч, эд хөрөнгийг нь дээрэмдсэн үйл баримт тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч М.************, Э.************ нар нь бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бусдын өмчлөлийн гар утсыг авахаар хүч хэрэглэн дээрэмдэж, өөрсдийн эзэмшил, өмчлөлд авч Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтэрч 5,700,000 төгрөгийг өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч М.************, Э.************ нарыг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч М.************, Э.************, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, Д.Энхбаяр нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэн хүч хэрэглэн үйлдээгүй гэх байр суурийг илэрхийлж дүгнэлт, саналаа хэлжээ.
Шүүгдэгч М.************, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нар нь дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн үйлдээгүй гэж, шүүгдэгч Э.************, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нар нь дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж хүч хэрэглэн үйлдээгүй гэж тус тус мэтгэлцэж санал, дүгнэлтээ гаргасан боловч хэрэгт авагдсан хохирогч Х.************ийн өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 22 цаг 30 минутын үед ************бааранд орсон. Тухайн үед хамгаалагч залуугийн хажууд тооцоогоо хийсэн. Тэр үед миний утасны дэлгэцийн кодыг мэдэж авсан байх. Харин намайг дээрэмдэх үед ************бааранд хамгаалагч хийж байсан залуу өмсөж явж байсан хувцастайгаа миний гар утсыг авч явсан...” гэх, гэрч Г.************ын өгсөн “... Тэгээд 23 цаг өнгөрч байхад Буржаак гэж дууддаг ************ гэх залуу гаднаас хамгаалагчийн хувцастайгаа орж ирээд ************ бид хоёрын ширээн дээр ирээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаа хар куртиктэй, туранхай жижиг биетэй залууг татаж ирээд над руу түлхээд энэ залууг 2 цаг хүртэл баар хаатал аргалж бай, би чамд пиво авч өгнө гэхээр нь тухайн залуутай танилцаад хамт бүжиглэсэн. Тэгээд баар хаах дөхөөд байж байтал ************ над дээр ирээд Буржаак надад баарны хажуу талын буудлын түлхүүр өгөөд, энэ залууг оруулж унтуулаарай, 3 номерын өрөө шүү гэж хэлсэн гэхээр нь ************ бид хоёр тухайн залуутай хамт баарнаас гараад ************баарны хажуу талын 2 давхар цагаан өнгийн буудал руу ороод 3 номерын өрөө рүү нь ороход тухайн залуу муухай өрөө байна гээд гараад ирсэн. Бид хоёр анх бодохдоо тухайн залуугийн авсан өрөө гэж бодож байтал биш болж таарахаар нь буудлаас гараад худалдааны гудамжаар алхаад тухайн залуу манай гэр ************баг 6-9-т байдаг гэхээр нь гэр лүү нь дөхөөд 14-р сургуулийн урд ************ бид гурав алхаж явтал Буржаак буюу ************ араас гүйж ирээд тухайн залууг цохиж, ноцолдоод гар утсыг нь шүүрч зугтаагаад, нөгөө залуу араас нь гүйгээд гүйцээгүй буцаад ирсэн. ************ бид хоёр санаа зовоод тухайн залууг байрных нь гадаа хүргэж ирээд зогсож байтал ************ ************баарны хамгаалагч залуутай хамт цагаан өнгийн машинтай ирээд гар утсыг нь цонхоороо шидэж, өгчхөөд яваад өгсөн...” гэх, гэрч Ж.************гийн өгсөн “... Би энэ юун залуу вэ гэхэд Буржаак энэ залууг 2 цаг хүртэл явуулахгүй, саатуулаад байж байгаач гэсэн, пиво авчирч өгнө гэсэн гэхээр нь би өөрөө пиво авчихна, хүнээр пиво авхуулах хүн биш гэж хэлсэн. Баар хаах дөхөөд баарны хамгаалагч өндөр бор залуу ирээд энэ буудлын түлхүүр, та нөгөө ах, найз хоёртойгоо хажуу талын буудалд ороод байж бай, 3 номер шүү гэхээр нь би түлхүүрийг нь аваад баар хаагаад ************ бид хоёр нөгөө залуутай хамт буудлын 3 номерын өрөө рүү орсон., ...замбараагүй, муухай өрөө байхаар нь буцаж гараад буудлын ресейпшнд түлхүүрийг нь үлдээсэн. Буудлаас гараад худалдааны гудамжаар алхаад тухайн залуу манай гэрт очъё гэхээр нь гэр лүү нь дөхөөд 14 дүгээр сургуулийн урд бид гурав алхаад явж байхад Буржаак араас гүйж ирээд тухайн залууг цохиж, ноцолдоод гар утсыг нь шүүрч авч булаагаад зугтаасан. Нөгөө залуу араас нь нэлээн гүйгээд гүйцээгүй буцаж ирсэн. ************ бид хоёр тухайн залууг байрных нь гадаа хүргэж ирээд зогсож байхад Буржаак, ************баарны хамгаалагч залуутай хамт цагаан өнгийн приус машинтай ирээд гар утсыг нь өндөр залуу нь шидэж өгчхөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************баг Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль руу чиглэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр өмгөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар тус тус үгүйсгэгдсэн, тэдний мэдүүлэг, дүгнэлтийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.************ нь Э.************тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************багийн нутаг дэвсгэрт ************ зочид буудлын урд талын явган хүний зам дээр 2025 оны ************ 02 цагийн орчимд хохирогч Х.************ийн мөнгийг авах зорилгоор М.************ нь биед нь халдаж, хүч хэрэглэн довтолж гар утсыг нь авч зугтаан, улмаар гар утсыг Э.************д өгч, Э.************ нь Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 5,700,000 төгрөгийг Хаан банкны ************ дугаарын данс руу шилжүүлэн авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Э.************г хохирогч Х.************ийн мөнгийг авах зорилгоор М.************тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг санаачлан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************багийн нутаг дэвсгэрт ************ зочид буудлын урд талын явган хүний зам дээр 2025 оны ************ 02 цагийн орчимд И.************ын хохирогч Х.************өд хүч хэрэглэн довтолж, дээрэмдэж авсан гар утсыг нь ашиглан Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 5,700,000 төгрөгийг Хаан банкны ************ дугаарын данс руу шилжүүлж, эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Энэ хэргийн улмаас хохирогч Х.************өд хүч хэрэглэн довтолж, дээрэмдэж авсан гар утсыг ашиглан Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 5,700,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрх хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 2,850,000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.************ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 4 удаагийн шилжүүлгээр 2,850,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.************г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч М.************ нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч шүүхээс хохирогчид олгохоор шийдвэрлэсэн 2,850,000 төгрөгөөс 1,700,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 1,150,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.************өд олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.************ыг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.************г бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг санаачилж, төлөвлөж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.************, Э.************ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч М.************, Э.************ нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.************, М.************ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн …” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 112, 113-122, 125-128, 131, 132, 134, 136-139, 143, 144-152 дахь талд тус тус авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай “Бамбай Уул” ХХК-ийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, мэргэжлийн боловсролын үнэмлэх, өргөмжлөл зэрэг баримтаар
Шүүгдэгч М.************ нь хэрэг хариуцах насанд хүрсэн, ** настай, эрэгтэй, ********************** ажилтай, ам бүл *********** нарын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум **************** тоотод оршин суух, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй,
Шүүгдэгч Э.************ нь хэрэг хариуцах насанд хүрсэн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторын механик мэргэжилтэй, ажилгүй, ам бүл **************** нарын хамтаар ***************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тэдний эрүүл мэнд, хувийн болон хөрөнгө, орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Э.************, М.************ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.************т оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 4 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 4 жил, 4 сар, 15 хоногоор тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Э.************гийн цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох гэх саналыг,
шүүгдэгч М.************, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдээгүй, хохирогчийн данснаас шилжүүлэн авсан мөнгөнөөс аваагүй гэж, шүүгдэгч Э.************ болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй, хохирогчоос гар утсыг дээрэмдэж авахад хамт байгаагүй, хэргийн зүйлчлэл тохироогүй гэх байр суурийг тус тус илэрхийлж оролцсон бол эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан, өмгөөлөгчдийн зүгээс эрх зүйн туслалцаа үзүүлж, хэргийн зүйлчлэл дээр хууль зүйн дүгнэлт хэлсэн. Энэ нь шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэх дүгнэлт саналыг илэрхийлсэн.
Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч М.************, Э.************ нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх үндэслэлгүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгч нарын хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.************ыг 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************г 2 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.************т оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 14 буюу 134 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 4 сар 14 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жил, 6сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2жил, 10 сар, 14 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.************т оногдуулсан 2 жил, 10 сар, 14 хоногийн, шүүгдэгч Э.************д оногдуулсан 2 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************гийн цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.************ нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.************д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 нээлттэй хорих ангийн харьяа цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.************, Э.************ нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан, ***************гийн Хаан банкны ************ дугаартай дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Орхон аймгийн хяналтын прокурорын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, данс дахь 40,071.50 /дөчин мянга далан нэг төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг Б.**************гээс гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ************ын ************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ************ овогт **************ын ************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг санаачилж, төлөвлөж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.************ыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************г 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.************т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сар 14 /арван дөрөв/ буюу 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 4 /дөрөв/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 14 /арван дөрөв) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.************т оногдуулсан 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 14 /арван дөрөв/ хоногийн, Э.************д оногдуулсан 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************гийн цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч М.************ нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.************д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 нээлттэй хорих ангийн харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.************аас 1,150,000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.************өд олгож, шүүгдэгч Э.************ нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
8. Шүүгдэгч М.************, Э.************ нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, ******************гийн Хаан банкны ************ дугаартай дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Орхон аймгийн хяналтын прокурорын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, данс дахь 40,071.50 /дөчин мянга далан нэг төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг Б.Ц************гээс гаргуулж, улсын орлого болгосугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ