Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/02031

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/02031

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******, Хув ягаан овогт Бямбын Доржгочоо/РД: ЙС73050618/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзсаны үр дагавар 45,000,000 төгрөгийг гаргуулах тухай, өвсний үнэ болон ачилтын хөлс 6,440,000 төгрөгийг гаргуулах тухай, нийт 51,440,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, хариуцагчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хариуцагч Ё.Б нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д би хувиараа бизнэс хийж ажилладаг иргэн болно. Хариуцагч Ё.Б нь "ЕС" ХХК-ийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн төв Хадын буланд багийн удирдах ажилтны 4 айлын байшинг чанартай сайн барьж гүйцэтгэж, хүлээлгэн өгөөд тус сумын нутаг дэвсгэрт 14,000 га газар 5 жилийн хугацаанд хадлан хадах зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан гэж хэлсэн бөгөөд компанийг худалдан авч хадлан хадвал ашигтай гэж ятгасан. Тухайн үед "ЕС" ХХК нь ямар ч өр төлбөргүй, гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн өр төлбөр байхгүй, мөн 14,000 га газар хадлан хадах зөвшөөрөлтэй тул 70 сая төгрөг хүрнэ чи надаас худалдаж аваад хадлан хадаад ашиг олох боломжтой гэсэн. "ЕС" ХХК-ийн хувьцааг ганцаараа худалдан авч чадахгүй байсан учир 60 хувийн 120 ширхэг хувьцааг нь 45 сая төгрөгөөр Ч.Д миний бие, үлдэх 40 хувийн хувьцааг 30 сая төгрөгөөр манай хадам дүү А.Б авахаар болж харилцан тохиролцсон.

Ё.Б-тай 2020 оны 07 сарын 29-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэн, гэрээний дагуу 2020 оны 07 сарын 30-ны өдөр 35,000,0000/гучин таван сая/ төгрөгийг Р.У-ийн Хаанбанкны 5....1 данснаас, 2020 оны 09 сарын 04-ний өдөр 10,000,000/арван сая/ төгрөгийг өөрийн Хаан банкны 5...9 дугаар данснаас шилжүүлж нийт 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийг бүрэн төлсөн байдаг. Тус төлбөрийг төлөхийн тулд бусдад зээл тавьж, зарим зүйлээ зарж борлуулсан байдаг.

Ингээд хадлан хадаж дөнгөж эхэлж байхад "ЕС" ХХК-ийн хадлан хадах эрх авах зорилгоор барьсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багт 4 айлын орон сууцны барилга гүйцэд баригдаагүй, чанарын хувьд маш муу, гадна болон дотор шавар нурж блок нь ил гарсан, дам нуруун дээр блок тавьж орхисноос болж дотор таазыг цөм цохиж нураасан, дотор талын хана цуурсан, айл тус бүр ямар ч халаалт байхгүй, ханан зуух/пийшин/ бариагүй, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс болон Эрдэнэцагаан сумын ЗДТГ-т хүлээлгэж өгөөгүй талаар гомдол ирж, улмаар "ЕС" ХХК-ийг хадлан хадах эрхгүй хэмээн сумын зүгээс мэдэгдсэн. Ингээд хадлан хадах бэлтгэл ажлын хөрөнгөөр хохирсон байдаг.

"ЕС" ХХК нь хадлан хадах боломжгүй байсан бол 2,000,000/хоёр сая/ төгрөгийн дүрмийн сантай, ямар ч үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүй, барилга байшин барьж өгөх үүрэг бусдын өмнө хүлээсэн компанийн 60 хувийг 45,000,000 төгрөгөөр үнэлж худалдан авахгүй байсан болно. Гэтэл Ё.Б нь мэдсээр байж "ЕС" ХХК-ийг хадлан хадах зөвшөөрөлтэй, зөвшөөрлийг авах зорилгоор барьсан барилгыг бүрэн барьсан, комисст хүлээлгэн өгсөн, ямар нэгэн өр төлбөр, үүрэг хүлээгээгүй гэх мэтээр хууран мэхэлж, Б.Д намайг төөрөгдөлд оруулан компанийн хувьцааг өндрөөр үнэлж худалдсан байна. Энэ талаар мэдсэн даруйдаа Ё.Б-д хэлж шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээн аваагүй тул бэлтгэл ажлыг ханган 2021 оны 08 сард дахин Эрдэнэцагаан суманд хадлан хадахаар очход мөнхүү шалтгаанаар хадлан хадуулахгүй, хадлан хадах эрхгүй хэмээн эрс эсэргүүцэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 1/163 дугаар албан бичгээр хариу мэдэгдсэн байдаг. Мөн Ё.Б-тай гэрээ байгуулах үед ямар нэгэн бусдад хүлээсэн үүрэг, татварын өр төлбөр байхгүй гэж мэдэгдсэн бөгөөд Хувьцаа худалдах худалдан авах гэрээний 6.1-д Өмнө ил болгосноос бусад асуудлаар Худалдагч нь дор дурдсан мэдэгдэл болон баталгааг үүгээр гаргаж байгаа бөгөөд Худалдан авагч нь эдгээр мэдэгдэл баталгаанд үндэслэж шийдвэр гаргасан болохыг Худалдагч үүгээр баталж байна. Үүнд: гээд 6.1.2-т Компани нь хуулийн этгээдийн эрх, эд хөрөнгөтэй бөгөөд одоо явуулж байгаа бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай бүхий л тусгай зөвшөөрлийг авсан гэж заасан. Түүнчлэн Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.2.1-д татварын өр төлбөртэй эсэх гэдэгт байхгүй, 2.2.2-д Гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр байгаа эсэх гэдэгт үгүй гэж гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3. Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно" гээд 58.3.2,-д хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн, 58.3.3. хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн", 58.3.4.-д тохиролцооны зүйп байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж байгаа байна. Түүнчлэн ИХ-ийн 57 дугаар зүйлийн 57.2-т Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж, 56 дугаар зүйлийн 56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, ....үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу Б.Д- би Ё.Б-д "ЕС" ХХК-ийн 60 хувийн 120 ширхэг хувьцааг буцаан шилжүүлж, төлсөн 45,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Би 14,000 га хадлан хадах зөвшөөрөлтэй компани худапдан авах хүсэл зоригтой байсан ч бодит байдап дээр хадлан хадах боломжгүй, бусдад өртэй, үүрэг хүлээсэн компани өндөр үнээр худалдан авч зардал гарган, эрх хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөөд хохироод байна.

Иймд"ЕС" ХХК-ийн 60 хувийн 120 ширхэг хувьцааг шилжүүлэхээр Б.Д, Е.Б нарын хооронд байгуулагдсан 2020 оны 07 сарын 29-ний өдрнйн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 07 сарын 29-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. 2. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын тухай: Б.Д би 2020 оны 10-р сарын 22-нд 1248 боодол өвсийг 6,240,000 /зургаан сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгөөр хариуцагч Ё.Б-д худалдахаар харилцан тохиролцсон. Харилцан тохиролцсоны дагуу 1248 боодол өвсийг 2020 оны 10-р сарын 22-ны өдрөө Ё.Б-ын дүү Ё.Б-ны унаж ирсэн 3956 улсын дугаартай шилаанз маркийн машинд ачиж өгөн явуулсан байдаг. Өвс ачих үед Т.Ц болон өөр хүмүүс дэргэд байсан бөгөөд 200,000 төгрөгийн хөлс өгч ачуулсан болно. Өвсний төлбөрийг удаа дараа нэхэхэд Ё.Б нь элдэв шалтаг тоочин 1248 боодол өвсний үнэ 6,240,000 төгрөг, ачилтын хөлс 200,000/хоёр зуун мянган/ төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагч Ё.Б-аас 1248 боодол өвсний үнэ 6,240,000/зургаан сая хоёр зуун дөчин мянган/, ачилтын хөлс 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг, нийт 6,440,000/зургаан сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгнйг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: 1. Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын тухай, Б.Д би хувиараа бизнес хийж ажилладаг иргэн болно. Хариуцагч Е.Б нь"ЕС" ХХК-ийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн төв Хадын буланд багийн удирдах ажилтны 4 айлын байшинг чанартай сайн барьж гүйцэтгэж, хүлээлгэн өгөөд тус сумын нутаг дэвсгэрт 14,000 га газар 5 жилийн хугацаанд хадлан хадах зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан гэж хэлсэн бөгөөд компанийг худалдан авч хадлан хадвал ашигтай гэж ятгасан. Тухайн үед "ЕС" ХХК нь ямар ч өр төлбөргүй, гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн өр төлбөр байхгүй, мөн 14,000 га газар хадлан хадах зөвшөөрөлтэй тул 70 сая төгрөг хүрнэ чи надаас худалдаж аваад хадлан хадаад ашиг олох боломжтой гэсэн. "ЕС" ХХК-ийн хувьцааг ганцаараа худалдан авч чадахгүй байсан учир 60 хувийн 120 ширхэг хувьцааг нь 45 сая төгрөгөөр Ч.Д миний бие, үлдэх 40 хувийн хувьцааг 30 сая төгрөгөөр манай хадам дүү А.Б авахаар болж харилцан тохиролцсон.

Ё.Б-тай 2020 оны 07 сарын 29-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэн, гэрээний дагуу 2020 оны 07 сарын 30-ны өдөр 35,000,0000/гучин таван сая/ төгрөгийг Р.У-ийн Хаанбанкны 5...1 данснаас, 2020 оны 09 сарын 04-ний өдөр 10,000,000/арван сая/ төгрөгийг өөрийн Хаан банкны 5...9 дугаар данснаас хариуцагчруу шилжүүлж, нийт 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийг бүрэн төлсөн байдаг. Тус төлбөрийг төлөхийн тулд бусдад зээл тавьж, зарим зүйлээ зарж борлуулсан байдаг.

Ингээд хадлан хадаж дөнгөж эхэлж байхад "ЕС" ХХК-ийн хадлан хадах эрх авах зорилгоор барьсан гэх Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багт 4 айлын орон сууцны барилга бүрэн гүйцэд баригдаагүй, гадна болон дотор шавар нурж блок нь ил гарсан, дам нуруун дээр блок тавьж орхисноос болж дотор таазыг цөм цохиж нураасан, дотор талын хана цуурсан, айл тус бүр ямар ч халаалт байхгүй, ханан зуух/пийшин/ бариагүй, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс болон Эрдэнэцагаан сумын ЗДТГ-т хүлээлгэж өгөөгүй талаар гомдол ирж, улмаар "ЕС" ХХК-ийг хадлан хадах эрхгүй хэмээн сумын зүгээс мэдэгдсэн. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/01, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/163 дугаар албан бичгүүдээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн төв Хадын булан гэх газар багийн удирдах ажилтны 4 айлын барилгыг барьж дуусган хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйгээс хадлан хадуулахгүй, Эрдэнэ цагаан сумаас 6 хүнийг хадланд цалинжуулж ажиллуулсан боловч цалинг гүйцэд олгоогүй, "УЦО" ХХК-ийн Т-Э дэлгүүрээс барилгын ажилд болон хадлангийн ажил эрхэлж :айх үедээ хүнс, бараа бүтээгдэхүүн, бэлэн мөнгө зээлээр авч хэрэглэсэн боловч тооцоо хийгээгүй, хадлан хадах зөвшөөрөл авахдаа 4 айлын байрны гаднах гэрэлтүүлэг хийж, Эрдэнэцагаан сумаас 20 хүнийг ажлын байраар хангах болзол тавьсан боловч биелүүлээгүйгээс 15 га газарт хадлан хадуулахгүй талаархи тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/01 дүгээр албан бичгээр "ЕС" ХХК нь бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөртэй болох нь нотлогдож байна. Энэхүү нөхцөл байдлыг биечлэн очиж үзсэн болно. "ЕС" ХХК нь хадлан хадах боломжгүй, бусдын өмнө өр төлбөртэй байсан бол 2,000,000/хоёр сая/ төгрөгийн дүрмийн сантай, ямар ч үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүй, барилга байшин барьж өгөх үүрэг хүлээсэн, бусдад өр төлбөртэй компанийн 60 хувийн хувьцааг 45,000,000 төгрөгөөр үнэлж худалдан авахгүй байсан болно.

Энэхүү зөрчлөө арилгах талаар Ё.Б-д удаа дараа мэдэгдэхэд зөрчлөө арилгахгүй эсэргүүцсээр байсан болно. Тиймээс бэлтгэл ажлыг ханган 2021 оны 08 сард дахин Эрдэнэцагаан суманд хадлан хадахаар очход мөнхүү шалтгаанаар хадлан хадуулахгүй, хадлан хадах эрхгүй хэмээн эрс эсэргүүцэж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 1/163 дугаар албан бичгээр хариу мэдэгдсэн байдаг.

Хувьцаа худалдах худалдан авах гэрээний 6.1-д Өмнө ил болгосноос бусад асуудлаар Худалдагч нь дор дурдсан мэдэгдэл болон баталгааг үүгээр гаргаж байгаа бөгөөд Худалдан авагч нь эдгээр мэдэгдэл баталгаанд үндэслэж шийдвэр гаргасан болохыг Худалдагч үүгээр баталж байна, Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.2.2-д Гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр байгаа эсэх гэдэгт үгүй гэж гэрээ байгуулсан. Мөн Хувьцаа худалдах худалдан авах гэрээний 7.1-д Худалдагчийн энэхүү Гэрээний зорилгоор гаргасан аливаа мэдэгдэл болон баталгаа Хаалтын өдрөөс өмнө үнэн үнэн бус байсан эсхүл Талуудын аль нэг нь энэхүү гэрээгээр хүлээсэн аливаа үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал нь бичгээр мэдэгдэл хүргүүлж, уг зөрчлөө арилгахыг зөрчил гаргагч талаас шаардах эрхтэй. Зөрчил гаргагч тал нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 7/долоо/ өдрийн дотор гаргасан зөрчлөө арилгах бөгөөд хэрэв уг зөрчил нь ажлын 7/долоо/ өдрийн дотор засагдах боломжгүй бол тэрхүү зөрчлийг арилгах ажлыг ьхралтай эхлүүлж, дуусгана. 12-т Хэрэв зөрчил гаргагч тал нъ өмнөх хэсэгт заасан у гацаанд зөрчлөө арилгаагүй бол нөгөө тал нь зөрчил гаргагч талд бичгээр мэдэгдэж, энэхүү Гэрээг цуцлах, татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Ё.Б нь зөрчлөө гэрээнд заасан хугацаанд арилгаагүй тул гэрээнээс татгалзаж, төлсөн 45,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй болно.

Иймд Б.Д, Ё.Б нарын хооронд байгуулагдсан 2020 оны 07 сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 07 сарын 29-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ээс татгалзсаны үр дагавар болох 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. 2. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын тухай, Б.Д би 2020 оны 10-р сарын 22-нд 1248 боодол өвсийг 6,240,000/зургаан сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгөөр хариуцагч Ё.Б-д худалдахаар харилцан тохиролцсон. Харилцан тохиролцсоны дагуу 1248 боодол өвсийг 2020 оны 10-р сарын 22-ны өдрөө Ё.Б-ын дүү Ё.Б-ны унаж ирсэн 3956 улсын дугаартай шилаанз маркийн машинд ачиж өгөн явуулсан байдаг. Өвс ачих үед Т.Ц болон өөр хүмүүс дэргэд байсан бөгөөд 200,000 төгрөгийн хөлс өгч ачуулсан болно. Өвсний телбөрийг удаа дараа нэхэхэд Ё.Б нь элдэв шалтаг тоочин 1248 боодол өвсний үнэ 6,240,000 төгрөг, ачилтын хөлс 200,000/хоёр зуун мянган/ төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна.

Иймд хариуцагч Ё.Б-аас 1248 боодол өвсний үнэ 6,240,000/зургаан сая хоёр зуун дөчин мянга/, ачилтын хөлс 200,000/хоёр зуун мянга/ төгрөг, нийт 6,440,000/зургаан сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Д-гийн өмгөөлөгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлох нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Б.Д нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгийг үндэслээд гэрээ байгуулсан. Гэрээнд үүргүүдийг зааж өгсөн. Компани хадлан хадах эрхтэй, бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр байхгүй юм гэдгийг үндэслээд 45,000,000 төгрөгөөр худалдаж аван. Энэ талаар хариуцагч тал маргахгүй гэж үзэж байгаа. Гэтэл гэрээний үүргээ зөрчиж тухайн барилгыг бариагүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч нийгмийн хариуцлагын хүрээнд барьсан гэдэг. Үүнийг нотолсон нотлох баримт байхгүй. Хадлан хадах эрхийг авсан нь нотлогдож байгаа. Компани хувьцаа шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Гэрээний 7.2-т зааснаар Б.Д нь гэрээнээс татгалзах эрхтэй. Гэрээнээс татгалзсаны үр дагавар харилцан өгсөн авсан зүйлээ буцаадаг. Иймд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 45,000,000 төгрөгийг Ё.Б-аас гаргуулан  Б.Д-д олгох,  Б.Д нь харилцан компанийн хувьцааг Ё.Б-д шилжүүлэх нөхцөл байдалд хүрнэ. Ё.Б нь өвс авснаа хүлээн зөвшөөрдөг. Гэтэл өгөх ёстой байсан өвс биш учир өгөх ёсгүй гэж тайлбарлаад байгаа. Энэ талаар нэг хүний баталгаа байгаа. Үүнийг үгүйсгэх баримт хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Өвс өгсөн, авсан дээр маргаан байхгүй байна. Тийм учраас өвсний үнэ 6,240,000 төгрөгийг хариуцагч Ё.Б-аас гаргуулан Б.Д-д олгох үндэслэлтэй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсч байна. гэв.

 

Хариуцагч Ё.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Б.До-ийн нэхэмжлэлтэй Ё.Б-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

Миний бие Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 5 жилийн хугацаанд 15,000 га газар хадлан бэлтгэх ажлыг хийж байсан. Би тус нутаг дэвсгэрт хадлан бэлтгэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд нутгийн иргэдэд бэлтгэсэн өвснөөс өгөх, нутгийн иргэдийг хадлан бэлтгэх ажилд оролцуулж ажлын байpaap хангаж, Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн төвд 4 айлын байшин барьж өгсөн. Миний нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудыг нутгийн иргэд сайшааж талархаж ирсэн. Тийм ч учраас тухайн жилд хадлан бэлтгэх ажпыг надад ямар ч татгалзах зүйл байхгүйгээр гэрээ хийдэг байсан. Би хуулийн дагуу ажилладаг, хадлан хадах зөвшөөрөгдсөн талбайд, зөвшөөрөгдсөн хэмжээнд талбай хадаж ирсэн билээ.

Б.Д нь надад "ЕС" ХХК-ийг зарахыг удаа дараа гуйсан. Би өөрийн бусад ажилдаа цаг зав гаргах шаардлагатай байсан тул Б.Д-ийн саналыг хүлээн авч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу "ЕС" ХХК-ийн 60 хувийн, 120 ширхэг хувьцааг худалдах, худалдан авах гэрээний дагуу түүнд шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компаний эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулан, гэрээнд заасны дагуу би 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийг шилжүүлэн авсан.

Б.Д нь надаас миний компанийг, хадлан хадах ажлын хамт шилжүүлэн аваад, 2020 оны 08 дугаар сард хадлан бэлтгэж, тухайн жилийн төлөвлөгөө болон гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн хадаж гэрээний үүргээ зөрчсөн болох нь сум орон нутгийн байгууллагын хамтарсан шалгалтаар тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл тухайн жилд бэлтгэх ёстой 2,000 га талбайг хэтрүүлэн 4,000 га талбайг хадсан байдаг. Гэрээний үүргээ зөрчсөн тул дахин хадлан бэлтгэх ажлыг хийлгэхгүй тухай сум орон нутгийн иргэдээс мэдэгдсэн байдаг. Өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж ажлаа алдсан буруугаа надад нялзааж, ноцтой төөрөгдсөн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд барьж өгсөн байшингийн урсгал засварын ажлыг хийх, сум орон нутгийн иргэдэд өвс хадлангийн тусламж үзүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх нь "ЕС" ХХК-ийн хийх ёстой ажил. Одоо энэ компанийг удирдаж байгаа хүн буюу гүйцэтгэх захирал нь Б.Д юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тус шүүхэд хянагдаж буй Б.Д-ийн нэхэмжлэлтэй Ё.Б-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс Ё.Б-ны унаж ирсэн 39-56 улсын дугаартай шилаанз маркийн машинд 1248 боодол өвсийг 6,240,000 төгрөгөөр тооцон, ачилтын хөлс 200,000 төгрөгөөр ачуулсан гээд нийт 6,440,000 төгрөг нэхэмжилжээ. Б.Д нь "ЕС" ХХК-ийг худалдаж авсны дараа компанийн дотоод үйл ажиллагаа, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуудлаа надаас нэхэмжлээд байгаа ойлгохгүй байна. өөрөөр хэлбэл надад хамааралгүй асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Ё.Б-ын өмгөөлөгч П.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ё.Б нь хариуцагчаар н.Б-ыг татаж нэхэмжлэл гаргасан. Тухайн үед н.Э мөн н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байсан. Энэ үед н.Б болон Ё.Б хоёрын хоорон дахь гэрээг 59.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж 57.2 дахь хэсгийг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Ингээд Б.Д Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Эхлээд 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар хандаж байсан. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэж өөрчилсөн. Зөрчил байгаа гэж үзсэн бол мэдэгдэл хүргүүлээгүй. Тэгэхээр гэрээнээс татгалзах хүсэл зорилго урьд нь огт байгаагүй. Тэгэхээр гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Компанийн хувьцааг 2 хүн хамтарч худалдаж авсан талаарх баримт хэрэгт байгаа. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан. Энэ хуулийн заалт хэрэгжээгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах эрхээ алдсан. Ё.Б-ын нэхэмжлэлтэй н.-т холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх Ё.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагыг ойлгохгүй байгаа. Энэ талаар тайлбар гаргахад хэцүү байгаа. Амаар гэрээ хийсэн гэж яриад байгаа. Хэлцэл хийсэн эсэхийг тодорхойлж байж энэ шаардлага орж ирэх ёстой. Энэ шаардлагыг нотолсон нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Энэ талаар Иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. гэв.

 

Хариуцагч Ё.Б-ын өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээнээс татгалзаж байгаа шалтгаан үндэслэлээ бусдын өмнө өр төлбөртэй байсан гэсэн. Өмч хөрөнгөнд болж 2 тал гэрээ хийгээгүй. 5 жилийн хугацаанд 15 га газар хадах ажлын төлөө харилцан тохиролцоод гэрээ хийсэн. Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлд тодорхой заасан. Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлт, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн илтгэх хуудас, хэмжилт хийсэн тодорхойлолтууд байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд зориулаад "ЕС" ХХК-иас хийсэн ажил байгаа. Тэр барилгыг ашиглалтад оруулаад хүлээлгэж өгсөн талаарх баримт авагдсан. Засвар хийх эрх компанид байгаа. Тэгэхээр өр төлбөртэй гэх асуудал яригдахгүй. Хамгийн гол нь юуг үндэслэж гэрээ хийсэн гэдгийг харгалзан үзэх ёстой. 2 дахь шаардлагын тухайд хариу тайлбар гаргах зүйл байхгүй. Ачиж явсан хүнээс мөнгө төгрөгөө нэхэмжлэх нь зүйтэй. Гэрээнээс татгалзах үндэслэлийг шүүх анхаарах ёстой. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2020 оны 7-р сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 7-р сарын 29-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Ё.Б, Б.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, "ЕС" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ЕС" ХХК-ийн Дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 7-р сарын 29-ний өдрийн №20/01 "ЕС" ХХК-ийн Гүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Р.У-ийн хаан банкин дахь 5082004901 тоот дансны хуулга, Б.Д-ийн хаан банкин дахь 5...9 тоот дансны хуулга, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/163 дугаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын засаг даргын албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Ц-ийн гаргасан баталгааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Ц-ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн иргэдийн нийтийн хурлын албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/57 дугаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын засаг даргын албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 506 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06/10414 дугаар албан тоот, фото зураг, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн иргэдийн нийтийн хурлын албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/03323 дугаар шүүхийн шийдвэр, Сүхбаатар аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/106 дугаар албан бичиг, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 011/ХТ2022/00717 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн засаг даргын албан тоот, 2020 оны 8 сарын 18-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд хадлангийн зориулалтаар газар ашиглуулах гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хадлангийн талбайд дүгнэлт хэмжилт хийсэн ажлын хэсгийн илтгэх хуудас, 2020 оны 11 сарын 13-ны өдрийн 14 цаг 23 минутын гар бичмэл, 2020 оны 11 сарын 13-ны өдрийн 15 цаг 47 минутын гар бичмэлийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Ё.Б-д холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-с татгалзсаны үр дагвар болох 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийг гаргуулах тухай, 1248 боодол өвсний үнэ 6,240,000/зургаан сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг, ачилтын хөлс 200,000/хоёр зуун мянга/ төгрөгийг, нийт 6,440,000/зургаан сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг, бүгд 51,440,000/тавин нэгэн сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ё.Б нь "ЕС" ХХК-ийг худалдаж авсны дараа компанийн дотоод үйл ажиллагаа, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуудлаа надаас нэхэмжлээд байгаа ойлгохгүй байна, надад хамааралгүй асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь тус гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна.

 

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ий 1, 2, 3, 3-ын 3.1, 3.2, 4-т зааснаар нэхэмжлэгч нь "ЕС" ХХК-ийн 10,000/арван мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт гаргасан энгийн хувьцааны 100 хувьтай тэнцэх 200/хоёр зуу/ ширхэг энгийн хувьцааны 60/жар/ хувьтай тэнцэх 120/нэг зуун хорь/ ширхэг энгийн хувьцааг 45,000,000/дөчин таван сая/ төгрөгөөр худалдан авах, 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр багтаан төлөх, хариуцагч нь хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь тус Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд хувьцааг шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Зохигчид 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь тус Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ий 2-ын 2.1-т зааснаар хариуцагч нь "ЕС" ХХК-ийн өөрт ногдох 60/жар/ хувийн хувьцаа, түүнд хамаарах эрх, үүргийн нэхэмжлэгчид бүрэн шилжүүлэх, нэхэмжлэгч нь шилжүүлж авах үүргийг тус тус хүлээсэн болох нь тус Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.5Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ... гэж заасан.

 

Хариуцагч нь өөрт ногдох 60/жар/ хувийн хувьцаа, түүнд хамаарах эрх, үүргийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь шилжүүлэн авах үүргийг тус тус хүлээсэн тус Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээ/цаашид Гэрээ-2 гэх/-ий шинжтэй байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид хувьцааны үнэ 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийг бүрэн төлсөн болох нь Хаан банк ХХК дахь 5...1 дугаар дансны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХХК дахь 5...9 дугаар дансны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Гэрээ болон Гэрээ-2-т зааснаар нэхэмжлэгч нь "ЕС" ХХК-ийн 60/жар/ хувийн хувьцаа эзэмшигч болсон болох нь "ЕС" ХХК-ийн № 00....7 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Дүрмийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хадлан хадах зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр"ЕС" ХХК-ийн 60/жар/ хувийн хувьцааг Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан талаар маргахгүй байна.

 

"ЕС" ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хадлан хадах зорилгоор Багийн 4 удирдлагын орон сууц барьж ашиглалтад оруулах, нарны дэлгэц нэгийг тавих, багийн фонтонд 2000/хоёр мянга/ боодол өвс өгөх, багаас 20/хорь/ хүнийг ажлын байраар хангах үүрэг хүлээсэн болох нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №03 Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь "ЕС" ХХК-ийн 60/жар/ хувийн хувьцааг шилжүүлж авснаас хойш буюу 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр "ЕС" ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын даргатай Иргэн, хуулийн этгээдэд хадлангийн зориулалтаар газар ашиглуулах гэрээ байгуулж, 14,000/арван дөрвөн мянга/ га талбай бүхий газрыг 5/тав/ жилийн хугацаанд хадлангийн зориулалтаар ашиглахаар, 2020 онд 2,000/хоёр мянга/ га талбайд хадлан хадахаар харилцан тохиролцсон болох нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн № 12 Иргэн, хуулийн этгээдэд хадлангийн зориулалтаар газар ашиглуулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн № 12 Иргэн, хуулийн этгээдэд хадлангийн зориулалтаар газар ашиглуулах гэрээнд зааснаар "ЕС" ХХК нь 2020 оны 8 дугаар сард 7-р багийн нутаг дэвсгэрт 2,000 га талбай хадах эрхтэй байсан байх боловч 4,000 га талбай хадсан болох нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хадлангийн талбайд дүгнэлт хэмжилт хийсэн ажлын хэсгийн илтгэх хуудсын хуулбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн № 07 Тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

"ЕС" ХХК нь 2020 оны 11 дүгээр сараас хойш Эрдэнэцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хадлан хадаагүй болох нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн № 1/163 дугаар Албан бичиг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

"ЕС" ХХК нь 2020 оны 11 дүгээр сараас хойш Эрдэнэцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хадлан хадах эрхгүй болсон шалтгаан нь № 12 Иргэн, хуулийн этгээдэд хадлангийн зориулалтаар газар ашиглуулах гэрээнд заасан талбайгаас илүү талбайд хадлан хадсантай холбоотой бус харин 7-р багийн өмнө хүлээсэн үүрэг болох Багийн 4 удирдлагын орон сууц барьж ашиглалтад оруулах, нарны дэлгэц нэгийг тавих, багийн фонтонд 2000/хоёр мянга/ боодол өвс өгөх, багаас 20/хорь/ хүнийг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй үйлдэлтэй холбоотой болох нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн № 1/163 дугаар Албан бичиг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хадлан хадах боломжгүй компанийн 60/жар/ хувийн хувьцааг худалдсан гэх тайлбар үндэслэлгүй байх ба харин бусдын өмнө үүрэг хүлээсэн компанийн 60/жар/ хувийн хувьцааг худалдсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Гэрээний 5-ын 5.1.3-т Худалдагч нь өөрөөс шалтгаалах буюу өөрийн мэдэх Компанид хамаарах бүх гэрээ болон бусад бичиг баримттай танилцах зөвшөөрлийг Худалдан авагчид олгох буюу тийм боломжоор хангана;, Гэрээ-2-ын 1-ийн 1.1-т Талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлнэ., 2-ын 2.2.2-т Гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр байгаа эсэх: үгүй гэжээ.

 

Зохигчид Гэрээ болон Гэрээ-2-ыг байгуулахаас өмнө Есү сондор ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн төв Хадын булаг-т Багийн 4 удирдлагын орон сууц барьж ашиглалтад оруулах, нарны дэлгэц нэгийг тавих, багийн фонтонд 2000/хоёр мянга/ боодол өвс өгөх, багаас 20/хорь/ хүнийг ажлын байраар хангах үүрэг хүлээсэн байсан болох нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №03 Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн № 1/163 дугаар Албан бичиг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь"ЕС" ХХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны 100 хувьтай тэнцэх 200/хоёр зуу/ ширхэг энгийн хувьцааны эзэшигчийн хувьд Гэрээний 5-ын 5.1.3, Гэрээ-2-ын 1-ийн 1.1, 2-ын 2.2.2-т заасан гэрээний үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлэх үүргээ зөрчиж, нэхэмжлэгчид компанид хамаарах бүх гэрээ болон бичиг баримттай танилцах буюу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн төв Хадын булаг-т Багийн 4 удирдлагын орон сууц барьж ашиглалтад оруулах, нарны дэлгэц нэгийг тавих, багийн фонтонд 2000/хоёр мянга/ боодол өвс өгөх, багаас 20/хорь/ хүнийг ажлын байраар хангах үүрэгтэй танилцах боломжоор хангаагүй, бусдын өмнө хүлээсэн тус үүргийн талаар мэдэгдээгүй болох нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №03 Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн № 1/163 дугаар Албан бичиг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 7-ийн 7.1-т ... Талуудын аль нэг нь энэхүү Гэрээгээр хүлээсэн аливаа үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал нь бичгээр мэдэгдэл хүргүүлж, уг зөрчлөө арилгахыг шаардах эрхтэй ... ажлын 7(долоон) өдрийн дотор гаргасан зөрчлөө арилгах ..., 7.2-т ... заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол нөгөө тал нь ... Гэрээг цуцлах, татгалзах эрхтэй. гэжээ.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ... хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана., 219 дүгээр зүйлийн 219.1Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээний 5-ын 5.1.3-т заасан зөрчлөө арилгах боломжгүй болсон болох нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №03 Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн № 1/163 дугаар Албан бичиг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 7-ийн 7.1, 7.2-т заасан Гэрээнээс татгалзах журам зөрчигдсөн байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээ болон Гэрээ-2-с татгалзах эрхээ алдсан байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч нь Гэрээний 5-ын 5.1.3, Гэрээ-2-ын 1-ийн 1.1, 2-ын 2.2.2-т заасан үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлоо шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэч нь хариуцагчаас 1248/нэг мянга хоёр зуун дөчин найм/ боодол өвсний үнэ 6,240,000/зургаан сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг, ачилтын хөлс 200,000/хоёр зуун мянга/ төгрөгийг, нийт 6,440,000/зургаан сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас нийт 6,440,000/зургаан сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 45,000,000/дөчин тавах сая/ төгрөгийг буцаан гаргуулах тухай, нийт 6,440,000/зургаан сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 641,340 төгрөгөөс илүү төлсөн 226,190 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, үлдсэн 415,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.              Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 45,000,000/дөчин тавах сая/ төгрөгийг буцаан гаргуулах тухай, нийт 6,440,000/зургаан сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 641,340 төгрөгөөс илүү төлсөн 226,190 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, үлдсэн 415,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ