Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/02106

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/02106

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, гүйцэтгэх захирал Б.Батжаргал/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******-д холбогдох,

 

10,246,898 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 8,127,650 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Р.О, гэрч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч "ТАШ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нь "ТАШ" ХХК-ийг 2018 онд үүсгэн байгуулж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны 07 дугаар сард СИС нь өөрийн цахим хуудсандаа СИС-ийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамжинд байрлах 300 м.кв талбай бүхий оюутны кафетериаг урт хугацааны менежментийн гэрээгээр ажиллуулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох урилгыг нээлттэй мэдээллэсэн байсан ба "ТАШ" ХХК нь холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлснээр, сонгон шалгаруулалтад тэнцэж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр СИС-тай С Оюутны цайны газар ажиллуулах №21112 дугаартай гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулсан.

СИХ-ийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамжинд байрлах 300 м.кв талбай бүхий оюутны кафетериа нь өмнө нь ажиллаж байсан гэх боловч чанар муудсан, зайлшгүй засвар үйлчилгээ хийх, тохитой орчин бүрдүүлэх шаардлагатайгаас гадна, сонгон шалгаруулалтад тэнцсэн компани өөрсдийн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллах шаардлагатай байсан. Тиймдээ ч нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох урилгад 1. Оюутны кафетериаг олон улсын жишигт нийцсэн байхаар тохижуулах, 2. Гал тогоо, хоол боловсруулах шугам болон үйлчлүүлэгчдийн урсгалыг оновчтой хуваарилан, өндөр чанартай хоолоор шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх, 3. Сургуулийн багш, ажилтан, оюутнуудаас гадна бусад үйлчлүүлэгчдийг татахуйц үйлчилгээний стандартыг тогтоон ажиллах зэрэг шаардлагыг тусгасан байсан.

"ТАШ" ХХК нь сонгон шалгаруулалтад тэнцсэнээс хойш буюу 2021.08.21-ний өдрөөс эхлэн кафетериа зориулалт бүхий 300 м.кв талбайг өөрсдийн эзэмшилд хүлээн авч, сонгон шалгаруулалтын урилгад заасны дагуу тохижуулах, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний нөхцөлийг бүрдүүлэхээр засвар үйлчилгээ хийж, хана тааз, будаг, замаск, пилта, шохойны ажлуудыг бусдаар хийж гүйцэтгүүлэн, өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмжүүдийг байршуулан, шинээр хиншүү сорох хоолойг угсарч суурилуулан 2021.09.14-ний өдөр гэхэд бүрэн тохижуулж, 2021-2022 оны хичээлийн жилийн нээлттэй зэрэгцэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

Ингээд 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 300 м.кв талбайг түрээслэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах, тус сургуулийн оюутан, ажилчин, багш нарт үйлчилгээ үзүүлэх, Их сургуулийн чөлөөт хугацаанд үйлчилгээний талбайг зориулалтын дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж, чанартай, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж, зөвхөн СИС-ийн бус ойр орчмын /Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын/ ажилчид хүртэл тогтмол үйлчлүүлдэг болсон.

С Оюутны цайны газар ажиллуулах №21112 гэрээ нь 5 жилийн хугацаатай байгуулсан ба манай компани нь 5 жилийн хугацаанд хамтран ажиллана гэж итгэж, нийт 27.120.178 төгрөгийн засвар үйлчилгээний зардал гаргасан байдаг. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр СИС-ийн ерөнхийлөгч Ц.Б нь бидэнд хандаж танайхтай байгуулсан гэрээг цуцална гэж мэдэгдэж, цайны газрын хаалганы түлхүүрийг хураан авч, доторх тоног төхөөрөмжийг битүүмжилсэн. Ингэснээр "ТАШ" ХХК нь гэрээгээр тохирсон үйл ажиллагаагаа явуулж чадахгүй нөхцөл байдал үүсч улмаар гэрээг цуцлахаар болж гэрээгээр үүссэн өглөг авлагаа харилцан тохиролцож, тооцоо нийлэх, тоног төхөөрөмжүүдээ авахаар удаа дараа хандсаны эцэст №21112 дугаартай гэрээний дагуу СИС-д төлөгдөөгүй төлбөр болон урсгал зардал нь 11.501.002 төгрөг болохыг тогтоож, 2022.09.01-ний өдөр СИС-ийн зүгээс гэрээний төлбөрт барилгад хийгдсэн засвар, тохижуулалтын ажлаа тооцуулаад, салгаж болох эд юмс болох агааржуулалтын хоолой, түүний мотор, зоонтиг зэргийг салган авч тооцоо нийлэхээр амаар тохирсон байдаг. Дээрх тохиролцооны дагуу "ТАШ" ХХК-ийн захирал Б.Б миний бие 2022.09.02-ны өдөр СИС-тай тооцоо нийлэх, тоног төхөөрөмж болон түрээсийн талбайг хүлээлгэн өгөх зорилгоор очиход СИС-ийн зүгээс өмнөх өдөр гаргасан саналынхаа дагуу асуудлыг шийдвэрлэхгүй, танай компани манай сургуулиас зөвшөөрөл авалгүйгээр засвар хийсэн учраас засварын хөлсийг тооцож авахгүй, харин агааржуулалтын хоолой, түүний мотор, зоонтиг зэргийг үлдээ гэж шаардсан.

Манай компанийн зүгээс СИС-ийн захирлын хууль бус үйлдлийн улмаас 2022.05.31-ний өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүйгээс гадна, тоног төхөөрөмжөө авч чадахгүй, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор яаралтай үйл ажиллагаа явуулах, тоног төхөөрөмжөө авах шаардлагатай байсан тул агааржуулалтын хоолой, түүний мотор, зоонтиг зэргийг гэрээний дагуу СИС-д төлөгдөөгүй төлбөр болон урсгал зардал нь 11.501.002 төгрөг тооцуулан үлдээж, салгаж болох засвар үйлчилгээ болон тоног төхөөрөмжөө хүлээн авч, засварын зардалтай холбоотой асуудлыг холбогдох хууль шүүхийн байгууллагаар жич шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

"ТАШ" ХХК 5 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулна, засан сайжруулалт хийсэн түрээсийн зүйл болох кафетериа зориулалттай талбайг 5 жилийн хугацаанд эзэмшинэ гэж итгэж, сонгон шалгаруулалтад заагдсан Оюутны кафетериаг олон улсын жишигт нийцсэн байдлаар тохижуулах шаардлагатай байсны дагуу өөрийн зардлаар 27.120.178 төгрөгийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хариуцагч талын шаардлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул цаашид засан сайжруулалт хийсэн түрээсийн зүйлийг эзэмших, ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нөгөө талаас СИС нь 5 жилийн турш хамтран ажиллана гэж гэрээ байгуулж, их хэмжээний мөнгөөр засвар үйлчилгээ хийлгэж, хуучин кафетериа зориулалттай 300 м.кв талбайгаа шинээр засвар үйлчилгээ хийлгэж, олон улсын жишигт нийцсэн, стандартын шаардлага хангасан орчин нөхцөлийг бүрдүүлчихээд гэрээгээ цуцалж, засварын зардлыг хэмнэх байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. "ТАШ" ХХК нь засвар үйлчилгээний зардалд 27.120.178 төгрөгийн зардал гаргаснаас агааржуулалтын хоолой, түүний мотор, зоонтиг зэргийг гэрээний төлбөрт тооцуулсан тул тухайн эд зүйлс, тэдгээрийн угсарч суурилуулах үнийн дүн болон салгаж болох засвар үйлчилгээний зардлыг хасаж тооцоод одоо тус барилгаас салган авах боломжгүй засвар үйлчилгээний зардал нь бараа материалын зардал 5.946.898 төгрөг, засварын ажлын хөлс 4.300.000 төгрөг буюу 10.246.898 төгрөг байна.

СИС нь "ТАШ" ХХК-ийг зөвшөөрөлгүйгээр засвар хийсэн гэж үзэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд тухайн түрээсийн зүйл нь СИС-н үйл ажиллагаа явуулж, гүйцэтгэх удирдлага байрлаж буй байрны 1 давхарт байрладаг бөгөөд хамтран ажиллах 1 жилийн хугацаанд гүйцэтгэх удирдлагууд, ерөнхий захирал Ц.Б нар нь засвар үйлчилгээтэй тухай бүрд нь танилцаж, хоолны үйлчилгээ авч байсан юм. СИС-ийн засварын ажлын зардлыг буцаан өгөхөөс татгалзан эд хөрөнгийг өөрсдийн эзэмшилд байлган ашигласаар байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчиж, "ТАШ" ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ олж авсан буюу Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасны дагуу бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул хариуцагч СИС-с 10.246.898 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч "ТАШ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй гэж дурдсан. Төгрөгөөр шаардсан нэхэмжлэл гаргасан. Үндэслэлтэй байна гэж сөрөг. Гэрчээс асуухад үйл баримт нотлогдож байна. Гэрээнд заасны дагуу гаазан гал тогоотой байсан. Засвар үйлчилгээ хийсэн баримт байгаа. Энэ мотор байгаа. Гаргаж өгсөн баримт байдаг. Цоо шинээр аяга угаагч авч явсан юу аваад явсан юм гэдгийг дурдаагүй. Зүгээр авч явахыг дурдаагүй. Эд зүйлийг авч явсан гэж байна. Нэг тогоо авлаа гэхэд мөнгөн дүн байгаа. Хавтаст хэрэгт цугларсан баримтад акт байдаггүй. Салгаж авч явснаас хохирол учирсан гэж байгаа нь үндэслэлгүй. гэв.

 

Нэхэмжлэгч "ТАШ" ХХК-ийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд гэрээ байгуулсан, үлдэгдэл 11,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг талаар маргаагүй. Гэрээ анхнаасаа 5 жилийн хугацаатай байгуулагдсан гэдэг нь тусгай нөхцөлөөс харагдасан.

Хариуцагч нь үндэслэлгүй гэрээг цуцалсан. Агааржуулалтын хоолой, мотор, зоонтогийг төлбөрт тооцож үлдээсэн. гэв.

 

Хариуцагч СИС БСБ шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "ТАШ" ХХК нь манай СИС-д холбогдуулан 10,246,898 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Манай сургууль энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бид өмгөөлөгч авсны үндсэн нэмэлт хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл гаргах болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байхгүй. Шаардлага хангасан баримт байхгүй гэж бодож байна. Хоёрдугаарт цахилгааны тоног төхөөрөмж авч явж болно гэж хэлсэн. Гэхдээ анх байсан агааржуулагчаа угсарч өгч явах байсан. Энийг хийж өгөөгүй хаяад явсан учраас засварчин залууг дуудаж хийлгээд зардал гарсан учраас нэхэмжлээд байгаа юм. гэв.

 

Хариуцагч СИС БСБ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургууль нь нэхэмжлэгч "ТАШ" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага; "ТАШ" ХХК-иас 8 127 650 (Найман сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун тавин) төгрөгийг гаргуулах.

"ТАШ" ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний холбогдох заалтыг зөрчиж, тус сургуульд дараах эд хөрөнгийн хохирол учруулсан байна. Үүнд:

1. СИС-н түрээсийн байрыг чөлөөлөхдөө энэ компани хоолны газрын цахилгааны сүлжээг бүрэн тасалж, цахилгааны кабелийг огтолж, цахилгааны шитүүд, залгуур, унтраалгыг хүртэл авч явсан. Энэхүү үйлдлийг хийхдээ өмнө байсан цахилгааны сүлжээг сэргээж хэвийн болгох тухай гэрээний /11.3 дахь заалт/ заалтыг биелүүлээгүй тул манай сургууль цахилгаан хэлхээг сэргээх ажилд 3 648 885.00 /Гурван сая зургаан зуун дөчин найман мянга найман зуун наян таван/ төгрөг зарцуулж, цахилгааны монтажийг бүрэн шинэчилсэн. /Гэрээний 9.3. заалт/

2. Сургуулийн хоолны газарт байсан /өөрийн хөрөнгөөр хийсэн гэх/ агааржуулагчийн сорох сэнс шатсаныг Одоогоор шинээр авах хөрөнгө байхгүй байгаа тул авч өгнө үү. Бид түрээсийн төлбөртэй хамтатган тооцоонд оруулж дараа төлнө гэсэн хүсэлтийн сургууль 2 420 000.00 /Хоёр сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөгөөр худалдан авч өгсөн. Энэ мөнгийг манайд төлөөгүй болно. 

3. Түрээсийн гэрээг цуцалсны дараа компани өөрсдийн хөрөнгө, тоног төхөөрөмжийг авч явахдаа СИС-н 7 (долоон) нэрийн 2 058 800.00 /Хоёр сая тавин намсан мянга найман зуун/ төгрөгийн үнэ бүхий хоолны газрын зориулалттай эд хөрөнгийг авч явсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байхгүй. Шаардлага хангасан баримт байхгүй гэж бодож байна. Хоёрдугаарт цахилгааны тоног төхөөрөмж авч явж болно гэж хэлсэн. Гэхдээ анх байсан агааржуулагчаа угсарч өгч явах байсан. Энийг хийж өгөөгүй хаяад явсан учраас засварчин залууг дуудаж хийлгээд зардал гарсан учраас нэхэмжлээд байгаа юм. 546.000 төгрөг бол цахилгаантай холбоотой хэрэгсэл зардал мөн. Зардал гаргасан учраас нэхэмжилж байгаа. Агааржуулалтын системд 11 сая төгрөг гарсан гэж тайлбарласан гэв. Би инженерийн мэргэжил дахиж эзэмшсэн. Агааржуулалтын систем хийхэд 11 сая байна гэхэд захирал дургүйцсэн. Урьд төхөөрөмж нь 6 сая төгрөгөөр хийгдсэн байдаг. Асар том насос гэж яригдаад байна. Тийм зүйл байгаагүй. Тооцоогоо нийлээд хаая гэж хэлж байсан. Агааржуулалтын систем тавьсан гэж үзэхгүй байна. 11,500,000 төгрөгийг хаая гэж захирлыг ятгасан. Тоног төхөөрөмж авч явсан өдөр би байсан. Жижиг хэрэгслүүд авч явсан байсан. н.Батжаргал захирал өөрөө байсан. Насос өөрөө авч өгөөч ээ гэж байсан. Ажлын хөлсөнд 1,600,000 төгрөгийг төлсөн. Ачаад аваад явсан сав суулга, зөөврийн хэрэгсэл, нийт 2,800,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мотор захиалсан байсан. Акт үйлдэх ёстой байсан. Нийт 8 сая төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа. гэв.

 

Хариуцагч СИС БСБ-ын өмгөөлөгч Р.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ТАШ" ХХК-ний 2022 оны 10-р сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн СИС-с засварын зардал 10.246.898 төгрөгийг гаргуулах гэснийг эс зөвшөөрч дараах тайлбар хийж байна. Хариуцагч СИС нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Талуудын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 21/12 дугаартай гэрээний 7.7-д Аливаа засвар өөрчлөлт хийх бол их сургуульд заавал урьдчилан мэдэгдэж түүний бичгээр өгсөн зөвшөөрлийг авсан байх ба холбогдон гарах бүхий л зардал эрсдэлийг компани өөрөө бүрэн хариуцна гэж заасан. Гэтэл их сургуулиас цайны газрын байранд буюу гэрээний зүйлд засвар хийлгэх зөвшөөрөл хавтаст хэрэгт авагдаагүй өөрөө хэлбэл нотолгоо байхгүй байна. Гэрээний 7.4-т барилгын аль ч хэсэгт өөрчлөлт оруулах, бичгээр өгсөн хүсэлтээр засвар хийнэ гэж заасан. Гэрээний 7.7-т гэрээнд өөрчлөлт оруулбал заавал бичгээр мэдэгдэнэ. Урьдчилж мэдэгдсэний дагуу гэрээг өөрчилнө. Зөвхөн оюутанд хоол хийнэ. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус сургуульд үйлчилгээ явуулна. Зориулалтын дагуу үйлчилгээ явуулна. СС-н байранд оюутан, багш нар хоол хийж өгөх ёстой байсан. Нэхэмжлэгч нь тодорхой хугацаанд акт үйлдсан. 45 хоногийн дараагаар нэхэмжлэл гаргасан. Засвар үйлчилгээ хийж байсан. 2 байдлаар нэхэмжлэх эрхээ алдсан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас 10,246,898 төгрөгийг шаардсан. Тийм учраас 10,246,898 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түрээсийн төлбөр гэдгийг зааж өгсөн. Тухайн сарын төлбөрийг заасан. Хөнгөлж үзсэний дараа нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэл 8,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан "ТАШ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 21/12 дугаар С оюутны цайны газар ажиллууах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 09-р сарын 2-ны өдрийн гаргасан "ТАШ" ХХК болон СИС-н хооронд хийгдсэн 21/12 тоот Гэрээний тооцоо нийлсэн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөрөнгө оруулалттай холбоотой журналын бичилт хөтлөлт, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн "ТАШ" ХХК-ийн Сити их сургуулийн гал тогоонд хийсэн засварын ажлын зардлын задаргаа, "ХБ" ХХК дахь Э.У-н 5....3 тоот дансны хуулга, "ГБ" ХХК дахь Б.Б-н 1....1 тоот дансны хуулга, "ТАШ" ХХК бараа бүтээгдэхүүн худалдаж авсан Санхүүгийн анхан шатны баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/хх-27-46/, хариуцагчийн баримтаар гаргасан СИС БСБ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хоолны газарт хийсэн засвар үйлчилгээний зардлын баримт, 2022 оны 09 сарын 09-ний өдрийн Хоолны газарт цахилгааны монтаж хийх материалын жагсаалтын баримт, 2022 оны 09 сарын 09-ний өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, 2022 оны 09 сарын 09-ний өдрийн зарлагын баримт, 2022 оны 09 сарын 12-ны өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, Мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2022 оны 09 сарын 09-ний өдрийн зарлагын баримт, 2022 оны 09 сарын 09-ний өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, Мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2022 оны 09 сарын 12-ны өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, 2022 оны 09 сарын 09-ний өдрийн зарлагын баримт, 2022 оны 09 сарын 15-ны өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, 2022 оны 10 сарын 25-ны өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, 2022 оны 10 сарын 25-ны өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, 2022 оны 10 сарын 25-ны өдрийн нэхэмжлэх, 2022 оны 10 сарын 25-ны өдрийн зарлагын баримт, Чиглэл тоног төхөөрөмж ХХК-ийн НӨАТ-ын баримт, 2022 оны 10 сарын 25-ны өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, 2022 оны 10 сарын 25-ны өдрийн мемориалын баримт, 2022 оны 10 сарын 25-ны өдрийн нэхэмжлэх, Чиглэл тоног төхөөрөмж ХХК-ийн НӨАТ-ын баримт, 2021 оны 08 сарын 10-ны өдрийн цахим гүйлгээний баримт, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн мемориалын баримт, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн зарлагын баримт, хоолны тоног төхөөрөмжүүдийн фото зургууд, 2021 оны 9 сарын 9-ний өдрийн санхүүгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 9 сарын 5-ны өдрийн санхүүгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн санхүүгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 8 сарын 29-ний өдрийн санхүүгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч "ТАШ" ХХК хариуцагч СИС БСБ-д холбогдуулан засварын зардал 10,246,898/арван сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч СИС БСБ нэхэмжлэгч "ТАШ" ХХК-д холбогдуулан 8,127,650/найман сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч СИС БСБ нь энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч "ТАШ" ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр № 21/12 С оюутны цайны газар ажиллуулах гэрээ байгуулсан болох нь № 21/12 С оюутны цайны газар ажиллуулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн № 21/12 С оюутны цайны газар ажиллуулах гэрээ-ий 2-ын 2.1, 2.2, 5-ын 5.1, Гэрээний Хавсралт 1-ийн 1, 2, 3-ын 1, 4-т зааснаар нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Деневрийн гудамж, СИС-н А байрны 1 давхрын нийт 300 м.кв талбайг СИС-н оюутан, багш, ажилчдад халуун хоол, ундаа, зууш болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхээр эзэмшиж, ашиглах, нэг сарын төлбөрт 3,000,000/гурван сая/ төгрөгийг хариуцагчид төлөх, хариуцагч нь эзэмшиж, ашиглуулахаар харилцан тохиролцсон болох нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн № 21/12 С оюутны цайны газар ажиллуулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус № 21/12 С оюутны цайны газар ажиллуулах гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3Хуульд ... үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсгийг түрээсэлсэн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй байна.

 

Гэрээний 4-ийн 4.1, Хавсралт 1-ийн 3-ын 1-т зааснаар зохигчид Гэрээний хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Гэрээг цуцалсан болох нь нэхэмжлэгчийн ... танайхтай байгуулсан гэрээг цуцална гэж мэдэгдэж, цайны газрын ... түлхүүрийг хураан авч, доторх тоног төхөөрөмжийг битүүмжилсэн ... гэх тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь хоолны талаар санал гомдол гардаг, СИС-н оюутан, багш, ажилчдад үйлчилэх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр Гэрээг цуцалсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 7-ийн 7.1-т Компани нь Гэрээний зүйлийг Гэрээний тусгай нөхцөлд заасан зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй ..., 10-ын 10.1-т Дараах тохиолдлуудын аль нэг бий болсон бол Их сургууль нь энэхүү гэрээг нэн даруй цуцлах эрхтэй., 10.1.1-т Компани нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ... зохих ёсоор биелүүлээгүй;, Хавсралт 1-ийн 2-т СИС-н оюутан, багш, ажилчдад халуун хоол, ундаа, зууш болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх гэжээ.

Нэхэмжлэгч нь СИС-ийн оюутан, багш, ажилчид бус үйлчлүүлэгчид буюу ойр орчмын газрын болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдад үйлчилдэг байсан болох нь нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1Эд хөрөнгө хөлслөх гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:, 294.1.3хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан., 318 дугаар зүйлийн 318.5Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 7-ийн 7.1, Хавсралт 1-ийн 2-т заасан СИС-ийн оюутан, багш, ажилчдад үйлчлэх үүргээ зөрчсөн байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.1.3 дахь заалтад заасан журмын дагуу хариуцагч нь Гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.1.3 дахь заалтад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь 300 м.кв талбайд шинээр засвар үйлчилгээ хийсэн, хариуцагч нь засварын зардлыг хэмнэх байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 10,246,898/арван сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан 300 м.кв талбайд засвар үйлчилгээ хийсэн болох нь Хөрөнгө оруулалттай холбоотой журналын бичилт хөтлөлт, Тэгш Аман Шанд ХХК-ийн Сити сургуулийн гал тогоонд хийсэн засварын ажлын зардлын задаргаа, Голомт банк ХХК дахь 1109155671 дугаар дансны 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хуулга, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх Зарлагын баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь бидний зөвшөөрөлгүй засвар хийсэн гэж маргаж байна.

 

Гэрээний 7-ийн 7.4-т Барилгын аль ч хэсэгт аливаа өөрчлөлт оруулах ... тоног төхөөрөмжийг Их сургуулийн бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн байдлаар өөрчлөхийг хатуу хориглоно ... гэжээ.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь 300 м.кв талбайд засвар хийх талаар бичгээр зөвшөөрөл өгөөгүй талаар маргахгүй байх боловч хариуцагч нэхэмжлэгч нь Гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр буюу Гэрээний 10-ын 10.1, 10.1.1 дэх заалтад зааснаар Гэрээг цуцлаагүй байх тул засвар хийхийг зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2Хөлслөгч нь дараахь эрхтэй:, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д ... хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах; гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан 300 м.кв талбайд нийт 10,246,898/арван сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн найм/ төгрөгийн засан сайжруулалт хийсэн болох нь Хөрөнгө оруулалттай холбоотой журналын бичилт хөтлөлт, Тэгш Аман Шанд ХХК-ийн Сити сургуулийн гал тогоонд хийсэн засварын ажлын зардлын задаргаа, Голомт банк ХХК дахь 1109155671 дугаар дансны 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хуулга, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх Зарлагын баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь хавтаст хэрэгт авагдсан зарлагын баримтууд тухайлбал 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн болон 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн баримтуудын нийт дүн нь бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс зөрж байна гэж маргаж байна.

 

Хавтаст хэргийн 28-р талд авагдсан 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зарлагын баримтын дүн бүгд 31,000/гучин нэгэн мянга/ төгрөг буюу багс нийт 9,000/1,800х5-=9,000/ төгрөг, бээлийн нийт 7,000/1х7,000=7,000/ төгрөг, өнхрүүш нийт 15,000/3x5,000=15,000/ төгрөг, хавтаст хэргийн 35-р талд авагдсан Зарлагын баримт дахь 1/нэг/ ширхэг булангийн үнэ 10,000/арван мянга/ төгрөг болох нь хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрий баримтаар тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх тул хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй ба хариуцагч нь засаж сайжруулахад гарсан зардлыг хариуцах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2, 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 300 м.кв талбайг засаж сайжруулахад гарсан зардалд нийт 10,246,898/арван сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс цахилгааны хэлхээг сэргээх ажилд 3,648,885/гурван сая зургаан зуун дөчин найман мянга найман зуун наян тав/ төгрөгийг, агааржуулалтын сэнс шатсан төлбөрт 2,420,000/хоёр сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг, хоолны газрын зориулалттай эд хөрөнгийн үнэ 2,058,800/хоёр сая тавин найман мянга найман зуу/ төгрөг, нийт 8,127,650/найман сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээнд заасан 300 м.кв талбай нь 200/хоёр зуу/ вольтын эрчим хүчний эх үүсвэрээс ажилладаг цахилгааны утас, монтажтай байсныг нэхэмжлэгч нь 300/гурван зуу/ вольт болгож өөрчилсөн талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 300/гурван зуу/ вольт болгож өөрчилсөн цахилгааны утас, монтажийг 300 м.кв талбайгаас салган авч явсан талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 300 м.кв талбайн 200/хоёр зуу/ вольтын хуучин утас, монтажийг хариуцагчийн ажилтанд хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч нь 200/хоёр зуу/ вольтын эрчим хүчний эх үүсвэрээс ажилладаг цахилгааны утас, монтажийг шинээр хийхэд нийт 3,648,885/гурван сая зургаан зуун дөчин найман мянга найман зуун наян тав/ төгрөгийн зардал гаргасан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хоолны газарт хийсэн засвар үйлчилгээний зардал, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хоолны газарт цахилгааны монтаж хийх материалын жагсаалт, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Зарлагын баримтууд, Голомт банк ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн болон 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Цахим гүйлгээний баримтууд, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Голомт банк ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээ дуусгавар болсон 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 300 м.кв талбайн 200/хоёр зуу/ вольтын эрчим хүчний эх үүсвэрээс ажилладаг цахилгааны утас, монтажийг буцаан холбон хэвийн байдалд нь оруулан буцааж өгөөгүй байх тул хариуцагчийн эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөөгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 289.1.5гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх; гэж заасан.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс цахилгааны хэлхээг сэргээсэн ажилд 3,648,885/гурван сая зургаан зуун дөчин найман мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь агааржуулалтын сорох сэнс шатсантай холбоотой сэнс худалдан авч өгсөн 2,420,000/хоёр сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч нь буцааж төлнө гэсэн боловч төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс 2,420,000/хоёр сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан сэнс нь агааржуулалтын моторын нэг хэсэг болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь сэнсний үнэд хариуцагчид 2,420,000/хоёр сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг төлөх үүрэггүй болох нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 21/12 тоот гэрээний тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

 

2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 21/12 тоот гэрээний тооцоо нийлсэн актад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид агааржуулалтын моторын үнийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

 

2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 21/12 тоот гэрээний тооцоо нийлсэн актад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид агааржуулалтын моторын үнийг төлөх үүрэгтэй байсан байх ба хариуцагч нь Гэрээний төлбөрт агааржуулалтын моторын үнийг тооцсон болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 219 зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2,420,000/хоёр сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь Гэрээг цуцалнаас хойш хариуцагчийн нийт 2,058,800/хоёр сая тавин найман мянга найман зуу/ төгрөгийн үнэ бүхий хоолны газрын зориулалттай 7/долоо/ нэрийн эд хөрөнгийг авч явсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс 2,058,800/хоёр сая тавин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Гэрч Х.Наранхүү нь аяга ариутгагч, хоолыг халуун байлгах зориулалттай төмөр сав, жижиг сав суулганууд зэрэг эд зүйлийг авч явсан гэх гэрчийн мэдүүлэг өгчээ.

 

Гэрээний 11-ийн 11.1-т Талууд Эд хөрөнгө хүлээлгэн өгсөн актыг энэхүү гэрээ байгуулах ... гэрээ цуцлагдах ... Гэрээний зүйлийг шилжүүлэх тохиолдолд үйлдэнэ ... гэжээ.

 

Гэрээний 11-ийн 11.1-т зааснаар зохигчид эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт үйлдээгүй байх тул хариуцагч нь 7/долоо/ нэрийн нийт 2,058,800/хоёр сая тавин найман мянга найман зуу/ төгрөгийн үнэ бүхий хоолны газрын зориулалттай эд хөрөнгийг авч явсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 219 зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс2,058,800/хоёр сая тавин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2, 289.2.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Сити их сургууль БСБ-аас 10,246,898/арван сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тэгш аман шанд ХХК-нд олгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлий 289.1, 289.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Тэгш аман шанд ХХК-иас 3,648,885/гурван сая зургаан зуун дөчин найман мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулан хариуцагч Сити их сургууль БСБ олгож, үлдсэн 4,478,800/дөрвөн сая дөрвөн зуун далан найман мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 зааснаар нэхэмжлэгч Тэгш аман шанд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 181,000 төгрөгөөс илүү төлсөн 2,100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Сити их сургууль БСБ-иас улсын тэмдэгтийн хураамжид 178,900 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тэгш аман шанд ХХК-д олгож, хариуцагч Сити их сургууль БСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Тэгш аман шанд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 73,332 төгрөгийг гаргуулан хариуцагч Сити их сургууль БСБ-д олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.              Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2, 289.2.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Сити их сургууль БСБ-аас 10,246,898/арван сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тэгш аман шанд ХХК-нд олгосугай.

 

2.              Иргэний хуулийн 289 дүгээр зүйлий 289.1, 289.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Тэгш аман шанд ХХК-иас 3,648,885/гурван сая зургаан зуун дөчин найман мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулан хариуцагч Сити их сургууль БСБ олгож, үлдсэн 4,478,800/дөрвөн сая дөрвөн зуун далан найман мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 зааснаар нэхэмжлэгч Тэгш аман шанд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 181,000 төгрөгөөс илүү төлсөн 2,100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Сити их сургууль БСБ-иас улсын тэмдэгтийн хураамжид 178,900 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тэгш аман шанд ХХК-д олгож, хариуцагч Сити их сургууль БСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Тэгш аман шанд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 73,332 төгрөгийг гаргуулан хариуцагч Сити их сургууль БСБ-д олгосугай.

 

4.              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ