Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 147/ШШ2023/00340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

              Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* ОНӨААТҮГ-ын,

 

              Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг, Шаргын уул гэх газарт нутаглах, 1976 онд төрсөн, эрэгтэй, утасны дугаар:*******, Дарьганга овогт *******гийн ******* холбогдох

 

              Нэхэмжлэлийн шаардлага: “орон сууцны төлбөрийн үлдэгдэл 4,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 сарын 29-ний өдөр хүлээн авч,  2023 оны 07 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сарангуа,

            Хариуцагч: *******,     

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* ОНӨААТҮГ нь хариуцагч Ч.******* холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

           2.1. ******* ОНӨААТҮГ нь ******* хорооллын амины орон сууцыг 2015 онд барьж ашиглалтад оруулсан. ******* нь тус хорооллын 1017 тоот 3 өрөө 64.053 мкв байранд тухайн үед захиалга өгч орсон бөгөөд одоо ч амьдарч байгаа. /гражийн мкв нь ороогүй/ Манайх ажилчиддаа 50,000,000 төгрөгөөр худалдсан. Анх гэрээг байгуулахдаа 65,000,000 төгрөгөөр байгуулсан. Банкны зээл авахад ч гэсэн хэрэгтэй гээд үнээ өндрөөр тавьсан. ах нь манай дэд даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ахынхаа эрхээр тус байрыг ******* 50,000,000 төгрөгөөр авсан. Уг байрыг барихад гарсан бодит зардал нь 47,000,000 төгрөг болсон. Манай байгууллага Төрийн банкинд өртэй байсан учраас өрөө төлөхийн тулд тус байрыг ашиг харалгүйгээр 50,000,000 төгрөгөөр зарсан. Уг 50,000,000 төгрөг нь НӨАТ орсон үнэ юм. Бид татварын албанд 45,454,545,45 төгрөгийн 10 хувиар тооцож 4,545,454,55 төгрөгийн татварыг төлсөн.

 

            Гэтэл ******* нь 50,000,000 төгрөг төлөхөөс 3 удаагийн төлөлтөөр 45,180,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 4,820,000 төгрөгийг төлж барагдуулахгүй өдий хүрсэн. ******* ОНӨААТҮГ-аас төлбөрөө төлж барагдуулах талаар утсаар ярих, мэдэгдэл хүргүүлэх зэргээр байнга холбогдож, мөн 2020.10.20-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй явагдаж дуусгавар болж байсан.

            Иймд *******оос орон сууцны төлбөрийн үлдэгдэл 4,820,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

             3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ОНӨААТҮГ-аас тус байрыг худалдаж авсан. Миний бие ******* ОНӨААТҮГ-т ажиллаж байгаагүй. Ах ажиллаж байгаад тус байрыг худалдан авсан юм. Миний нэр дээр тус байрны гэрчилгээ гарсан. Миний хувьд энэ талаар сайн мэдэхгүй байна. Тус байрыг 45,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдан авсан байрны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн 4,820,000 төгрөгийг төлөхгүй. Тус байр 50,000,000 төгрөгөөр үнэлэгдээгүй, 45,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэв.

    

  4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 92,070 төгрөг төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, захиалагчийн гэрээ, ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл, Сүхбаатар аймгийн ******* ОНӨҮГ-аас иргэн Ч.******* мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ******* ОНӨҮГ-ын 2016 оны санхүүгийн тайлан, эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай баримтуудыг,

 

            5. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбарыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

        1.    Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

         2. Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь хариуцагч Ч.******* холбогдуулан орон сууцны төлбөрийн үлдэгдэл 4,820,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

         3. Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: *******той орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдсан. Төлбөрөөс 4,820,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул гаргуулна гэж,

 

           4. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус байрыг 50,000,000 төгрөгөөр худалдан аваагүй. 45,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 45,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2015 онд ******* хорооллын 1 давхар 3 өрөө орон сууцыг барьж, хүлээлгэн  өгөхөөр, 65,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, 2015 оны 10 сарын 24-ний өдөр орон сууц захиалагчийн гэрээ нэртэй гэрээ байгуулсан байна.

Уг гэрээний дагуу ******* ОНӨААТҮГ нь ******* хорооллын 1017 тоот 3 өрөө орон сууцыг барьж, Ч.******* хүлээлгэн өгсөн ба орон сууцны төлбөрт 45,180,000 төгрөгийг төлж, уг орон сууцыг ******* нь өмчлөн амьдарч байгаа үйл баримт  тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар зохигч маргахгүй байна.

Харин орон сууцны үнийг нэхэмжлэгч талаас ажилчиддаа 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдсан гэснийг хариуцагч 45,000,000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг бүрэн төлсөн  гэж мэтгэлцсэн.

Дээрх үйл явдлаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалагчийн гэрээ нэртэй гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний шинж нь худалдагч нь бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хөлсийг төлөх харилцаа байдаг.

 

            Нэхэмжлэгч нь тус байрыг 50,000,000 төгрөгөөр худалдсан. 50,000,000 төгрөг нь НӨАТ орсон үнэ юм. Уг худалдан борлуулсан 50,000,000 төгрөгнөөс  манай байгууллага татварын албанд 45,454,545,45 төгрөгийн 10 хувиар тооцож 4,545,454,55 төгрөгийн татварыг төлсөн гэсэн нь нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-ын Татварын хэлтсээр баталгаажуулсан 2016 оны Санхүүгийн тайланд 29 айлын орон сууц, барилгын борлуулалт 1,349,629,090,78 төгрөг гэж бичигдсэн, *******-23 төслийн төсөв гүйцэтгэл өртгийн тооцоо, борлуулалтын тооцоо, ерөнхий журналын товчоо зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд уг орон сууцыг худалдсан үнэ нь 50,000,000 байсан гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин хариуцагчийн тус байрны үнийг 45,000,000 төгрөгөөр тохиролцож, худалдан авсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн 4,820,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан татгалзал нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч ******* нь нэхэмжлэлийг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, уг 3 өрөө орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй 45,180,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,820,000 төгрөгийг төлөөгүй байх тул *******оос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,820,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-т олгож, шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 92,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-т олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,820,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 92,070 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ОНӨААТГҮ-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                                    

 

 

                                                                                           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА