| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2023/01119/И |
| Дугаар | 101/ШШ2023/04291 |
| Огноо | 2023-10-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2023/04291
| 2023 10 04 | 101/ШШ2023/04291 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д,
Хариуцагчийн төлөөлөгч М.Ш,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д,
Гэрч Д.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК-ийн төлөөлөгч Ё.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А ХХК-ийн захирал Ё.П, Х ХХК-ийн захирал М.Ш бид 1992 онд Дарханы Техникийн коллежид нэг ангид суралцаж байсан тул бие биенээ сайн таньж мэддэг хүмүүс юм. М.Ш нь 2019 оны 5 сард надтай ирж уулзаад ажилгүй хэцүү байна, ажилд ормоор байна гэхээр нь Ё.П би өөрийн А ХХК-д хангамжийн инженерээр ажилд авч, сарын 1,800,000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулсан.
Гэтэл ажил хийхгүй шинжтэй болохоор нь М.Ш-ыг өөрөө компани байгуулчихаа, манай дээр цахилгааны ажил гарвал гэрээгээр хийчих, өөр бусад компанитай ч гэсэн гэрээ байгуулаад ажил хийгээд, амьдралаа аваад яв даа гэж хэлсэн. 2019 оны 7 сард М.Ш нь Х ХХК гэж компани байгуулаад гэрчилгээтэйгээ ирсэн. Тэгэхээр нь ангийн анддаа туслах гэж, барилгын тусгай зөвшөөрөлтэй болгох талаар ярилцаад, тусгай зөвшөөрлийн баримт бичиг бэлтгэн бүрдүүлдэг хүнд 10 сая төгрөгийг өгөх хэрэгтэй болсон. Х ХХК нь мөнгөгүй байсан хөөцөлддөг хүнд М.Ш-ын хүссэний дагуу 10,000,000 төгрөг зээлүүлж төлсөн. Ингээд Х ХХК-ийн тусгай зөвшөөрөл гарч ирэхэд тэмдэгтийн хураамжид 2,700,000 төгрөг төлөх шаардлагатай болсон. Мөн л зээлээч гэж хүссэн тул нэмж зээлүүлсэн. Үүний дараа эхнэр Б.Сарангэрэлийн хамт ирээд байр авах болоод байна, байрны урьдчилгаа 10 сая төгрөг хэрэгтэй байна 10 сая төгрөг зээлээч гэж ирсэн. Тэгээд би дотроо найз минь байр сууцтай болох нь гэж бодон ихэд баярлаад 2020 оны 03 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээг А ХХК, Х ХХК-ийн хооронд байгуулсан. Энэ мэтчилэн Х ХХК нь нийт 22,700,000 төгрөгийн зээлээ өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй, мөнгө төлөхийг шаардаж ярихаар чамаас болж дампуурсан төлөхгүй, хараал хийнэ, ална хядна гэж эхнэрийн хамт загнаж заналхийлдэг болсон. Иймээс аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд Х ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 22,700,000 төгрөг гаргуулж өгнө үү.гэв.
2. Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч М.Ш шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А ХХК нь 22,700,000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:
1. Тусгай зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлдэг, хөөцөлддөг хүнд өгсөн гэх 10,000,000 төгрөгийг би бэлнээр болон дансаар аваагүй, ямар хүнд өгснийг мэдэхгүй, буцаан авах шаардлага үүссэн бол өгсөн хүнээсээ авах байх,
2. Тэмдэгтийн хураамжийн 2,700,000 төгрөгийг бэлнээр өгснийг нь холбогдох дансанд нь бүрэн тушаан баримтыг нь өөрт нь өгсөн. Х ХХК-д тусгай зөвшөөрөл авах шаардлага байгаагүй, Ё.П өөрөө дур мэдэн зөвшөөрөл авсан, иймээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,7 сая төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.
3. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын үлдэгдэл угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр
а/ 2020.2.12-ны өдөр 23,000,000 төгрөг,
б/ 2020.3.12-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 31 сая төгрөгийн ажлын хөлстэйгээр ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан бөгөөд уг ажлын урьдчилгаа болгон 10 сая төгрөгийг 2020.03.11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан авсан болно.
Хоёр ажлын нийт үнэлгээ 31,000,000 төгрөг бөгөөд үүнээс 19,460,000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл төлбөр 11,540,000 мөн гэрээнд тусгаагүй нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд түүний ажлын хөлс 5,000,000 төгрөг, нийт 16,540,000 төгрөг аваагүй байгаа болно.
Уг барилгын цахилгааны ажлыг 2020 онд хийлгэхээр гэрээ хийхдээ 2013 оны төсвөөр ажлын хөлсийг тохирсон бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 40%-тай гэсэн боловч ажлын гүйцэтгэл 10%-тай байсан. Өмнө нь цахилгааны ажил хийж байсан компанийг шүүхэд өгч төлбөрөө гаргуулж аваад танай ажлын хөлсийг нэмж төлнө гэж амлаж байсан боловч амлалтаа биелүүлээгүй. /нөгөө компаниас хохирлоо гаргуулж авах шүүхийн шийдвэр гарсан гэдэг/
А ХХК нь 2020 онд шинэчилсэн төсвөөр Эрүүл мэндийн яамтай гэрээ байгуулан Замын-Үүд сумын эмнэлгийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. 2020 оны цахилгаан угсралтын ажлын төсвөө надад үзүүлээгүй. Би 2013 оны төсөвт өртгийн 53%-иар буюу 23 сая төгрөгөөр цахилгааны ажлыг маш хямдаар хийж гүйцэтгэсэн. А ХХК нь Замын-Үүд суман дахь 100 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн боловч Х ХХК-д гэрээний дагуу олгох ёстой
а/ Ажлын хөлс 11,540,000
б/ Алданги 5,770,000
в/ Нэмэлт ажлын хөлс 5,000,000
нийт 22,310,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул А ХХК-ийн тус. шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 3-11, 37 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч талаас хавтаст хэргийн 31-36, 59-60 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч талын хүсэлтээр гэрчээр Ц.Д, Д.Д нарыг асуусан, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч А ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 22,700,000 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулахаар шаардаж, үндэслэлээ цахилгааны ажлын тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэж 10,000,000 төгрөг, тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжид 2,700,000 төгрөг, байрны урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг тус тус зээлдүүлсэн гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, үндэслэлээ надад тусгай зөвшөөрөл авах шаардлага байгаагүй, би хүсээгүй, 10,000,000 төгрөгийг юунд зарцуулсныг мэдэхгүй, уг мөнгийг болон тэмдэгтийн хураамжийн 2,700,000 төгрөгийг надад өгөөгүй, зээлийн 10,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд суутгая гэж тохирсон гэж маргаж байна.
Зээл 12,700,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд;
4. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Х ХХК, М.Шт, тусгай зөвшөөрөл /барилга/ материал бүрдүүлэхэд, тэмдэгтийн хураамж 12,700,000 төгрөг олгох гүйлгээний утга бүхий А ХХК-ийн кассын зарлагын ордер баримт үйлдэгдсэн боловч хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй байна./хх-6/
Мөн хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Мөнгө олгохыг хүссэн өргөдөл баримт авагдсан. Уг баримтад, Б.Б нь А ХХК-д хандан Х ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийн холбогдох бүх материал бичиг хэргийг бүрдүүлэх, хөөцөлдөх, ажлын хөлсөнд 10 сая /10,000,000 ₮/ төгрөг гаргуулахыг хүсч, олгох зөвшөөрлийн цохолт хэсэгт олгоё гэсэн цохолт хийгдэж, 10,000,000 төгрөгийг Б.Б хүлээн авсан гарын үсэг зурагджээ. /хх-37/
Хариуцагч Х ХХК-д цахилгааны тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөхөд 10,000,000 төгрөг, тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж 2,700,000 төгрөгийг зээлдүүлсэн, Б.Б нь нас барсан ба хуульчаар ажиллаж барилгын тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч уг мөнгийг хариуцагч, эсхүл түүний томилсон этгээд хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй тул 12,700,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, мөн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд 12,700,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зээл 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд;
5. Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 4-5 хуудсанд авагдсан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээг, хариуцагч нь хавтаст хэргийн 59-60 хуудсанд авагдсан зээлийн гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж байна.
Нэхэмжлэгчийн гаргасан Зээлийн гэрээний 29 дүгээр зүйлд талууд маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлэхээр, хариуцагчийн гаргасан зээлийн гэрээний 29 дэх заалтад талууд маргаан гарвал Арбитраар шийдвэрлүүлэхээр заасан өөр өөр заалттай байна. /хх 4-5, 59-60/
Уг 2 гэрээнд 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэж нэмж гараар бичиж М.Шын гарын үсэг зурагдсан, зээлийн гэрээний талууд А ХХК, Х ХХК, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан болох захирлууд гарын үсэг зурж, хуулийн этгээд тус тусын тамга дарагдсан байгаа тул зээлийн гэрээний дагуу зээл олгогч А ХХК-иас зээлдэгч Х ХХК нь 10,000,000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа байна.
Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно гэж заасан байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн авч гэрээний уг заалтаар буюу Арбитрын хэлэлцээртэй гэж аль нэг тал маргаагүй, тодруулбал хариуцагч хариу тайлбар гаргахаас өмнө энэ талаар маргаан үүсгээгүй тул хэргийг Арбитраар шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж үзнэ.
Шүүх хуралдаанд 2 өөр гэрээ байгаа талаар зохигчоос тодруулахад Арбитраар шийдвэрлүүлэхээр заасан байсныг засаж дахин гэрээнд гарын үсэг зурсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа, 10,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэсэн хариуцагчийн гарын үсгийг үгүйсгэх баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, Зээлийн гэрээний маргаан шийдвэрлэх зохицуулалт шүүх, арбитр гэж 2 өөрөөр байгаа нь гэрээний үүргийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй зэрэг үндэслэлээр хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Уг гэрээнд Ц.Д, Б.С гэх хүмүүс гарын үсэг зурсан нь хуулийн этгээдийн захирлуудын эхнэрүүд компанийнхаа үйл ажиллагаанд оролцдог тул зурсан, хариуцагчийн төлөөлөгч М.Шын эхнэрээр зуруулна гэж нэхэмжлэгч шаардсан тул зурсан гэж талууд тус тус тайлбарлаж байгаа ба эхнэр гэх Ц.Д, Б.С нар нь ямар нэгэн эрх үүрэг хүлээх талаар талууд мэтгэлцээгүй тул гарын үсэг зурсан нөхцөл байдлыг харгалзан маргааныг нэхэмжлэгч, хариуцагч хуулийн этгээдийн хооронд үүссэн гэрээний харилцаа гэж үзсэн болно.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан гэж тайлбарлаж, гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч зээл гэж олгосон мөнгийг ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт авсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, бичгийн нотлох баримтгүй байна.
Нэхэмжлэгч А ХХК-ийн захирал Ё.Пгийн эхнэр, тус компанийн санхүүгийн асуудлыг хариуцдаг гэх гэрч Ц.Ды мэдүүлэгт хариуцагчид 22,700,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч түүний мэдүүлэг бичгийн баримтаар тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй, хариуцагч хуулийн этгээдтэй хамтран цахилгааны ажил эрхэлдэг гэх гэрч Д.Дгийн мэдүүлэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын мөнгө төгрөгийн өглөг авлагыг мэдэхгүй, Замын-Үүдийн барилгын ажлын гүйцэтгэлийн цалинтай холбоотой хариуцагчаас авлагатай тул шүүхэд ирсэн гэж тайлбарлаж байгаа тул түүний мэдүүлэг уг хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг тус тус дүгнэв.
Иймд зээл 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн төлөх 10,000,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргаж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Х ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 12,700,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ