Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01465

 

П.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01175 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7 078 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х-2 дэлгүүрийн менежер Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирж, зарж байгаа бараанаас загвар болгон 10 нэр төрлийн барааг авч явахдаа эдгээр барааг удирдлагадаа танилцуулаад, олон ширхэгээр авахаар бол буцаж холбогдоё гээд явсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яриад барааны захиалга өгсөн. Энэ захиалгад подволка, өмд зэрэг 5 нэр төрлийн 13 хайрцаг болон өмнө нь загвар болгон авч явсан бараатай нийлээд нийт 7.078.000 төгрөгийн барааг падаан бичүүлж, ажил дээр авчирч өгөөч гэсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээр нь хүргэж өгсөн. Ингэж хүргэж өгөхөд барааны төлбөр болох мөнгийг 1 дүгээр сар дотроо өгөхөөр амаар тохиролцон өгсөн боловч одоог хүртэл авсаны барааныхаа мөнгийг өгөхгүй байгаа бөгөөд бараа захиалж авсан менежер Б.Э 94001271, нягтлан Туул 99854385 нартай 7-8 удаа мөнгөө авах талаар ярьсан боловч өгөхгүй байна. Энэ хүмүүст хэрвээ мөнгөө өгөхгүй бол шүүхийн байгууллагад хандана хэмээн 10 хоногийн хугацаа өгсөн боловч тэр хугацаа өнгөрөөд хэд хонож байна. Иймд хариуцагч ХХХК-иас авсан барааны төлбөр 7.078.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Түвшинжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанид 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр П.Бгаас 7.078.000 төгрөгийн бараа орж ирээгүй. Харин 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш манай компанийн ажилтнууд иргэн П.Бгаас нийт 47.846.700 төгрөгийн бараа материалыг удирдлагад мэдэгдэлгүй татан авалт хийснээс Х-2 салбар дээр 32.546.500 төгрөг, Х-1 салбар дээр 8.088.200 төгрөгийн барааг тус компанийн удирдлагад мэдэгдэлгүй, мөн ямар ч падаангүй дэлгүүрт авсан байдаг. Энэ бараан дотор их хэмжээний татан авсан бараануудаас дэлгүүрт худалдаалах боломжгүй, үйлдвэрийн диффекттэй чанарын шаардлага хангаагүй нийт 7.212.000 төгрөгийн барааг байсныг 2019 оны 01 дүгээр сарын 15-нд явуулсан боловч хүлээж аваагүй. Үйлдвэрийн диффекттэй чанарын шаардлага хангаагүй бараа өгсөнөө өөрөө мэдэж байгаа. Гэвч компаниас уг барааны төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар шилжүүлээд дууссан байгаа. Компаниас барааг захиалгын хуудсаар захиалдаг бөгөөд ийм захиалгын хуудас П.Бгийн хүлээлгэн өгсөн гэх бараанд үйлдэгдээгүй байна. Мөн П.Бгийн сүүлд бараа хүлээлгэн өгөөд байгаа зарлагын падааныг харахаар нэг падаан дээр с/бараа гэж бичээд хэн хүлээлгэн өгөөд байгаа нь тодорхгүй, хоёр өөр балаар бичсэн засвартай, хүлээн авсан Д.Э гэж бичсэн байна. Нөгөө падаан дээр Солонгос бараа гэж бичээд хүлээлгэн өгсөн, хүлээн авсаны хүний гарын үсэг зурагдсан ч хэн зурсан болох нь тодорхойгүй, падаанууд дээр тамга, тэмдэг дарагдаагүй байна. Д.Э нь манай компанийн Хоум плака-2 салбар дээр ажилладаг менежер мөн боловч түүнд компаниас бараа хүлээн авах, компанийг төлөөлөх эрх олгоогүй. Иймд П.Бгийн нэхэмжилсэн 7.078.000 төгрөгийн барааг манайх хүлээн аваагүй учир төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 7 078 000 /долоон сая далан найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128 198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 128 198 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 181 490 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч П.Бгийн шүүхэд гаргаж өгсөн баримт болох 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын баримтаар хариуцагч барааг хүлээж авсан эсэх нь тогтоогдохгүй, мөн бараа хүлээлцсэн гэх зарлагын баримт засвартай 2 өнгийн бэхээр бичсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт уг хэргийг нотлох үндэслэл болгосн зарлагын баримт нь хуулийн шаардлага хангаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн, тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж байна.

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан худалдах- худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн барааны үнэ 7 078 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “бараа хүлээн аваагүй, чанарын шаардлага хангахгүй бараа нийлүүлсэн” гэж маргажээ./ хх1,12 /

 

Зохигч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулсан талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. /хх 35-40/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч барааг хүлээн авч үнийг төлөх үүрэгтэй бөгөөд талууд гэрээний зүйл хариуцагчийн өмчлөлд шилжсэн эсэхэд маргаантай байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон барааг буюу доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэдгээ нотлох үүрэгтэй юм. /хх1/

 

Нэхэмжлэгч нь “барааг хариуцагч байгууллагын ажилтан Д.Э, н.Туул нар захиалж авсан” гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь “Д.Э нь өөрийн байгууллагын ажилтан болохыг хүлээн зөвшөөрч, удирдлагад мэдэгдэлгүй бараа хүлээж авсаны улмаас ажлаас гарсан, 2019 оын 01 дүгээр сарын 02, 05-ны өдөр нийлүүлсэн барааг хүлээн аваагүй,” гэж тайлбарлажээ. /хх-1, 37/

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “2019 оны 01 дүгээр сарын 02, 05-ны өдөр өгсөн барааны үнэ” гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь “2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийт 47 846 700 төгрөгийн бараа авснаас 7 212 000 төгрөгийн бараа нь чанарын шаардлага хангахгүй байсан учир 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр буцаасан боловч хүлээж аваагүй” гэж талууд зөрүүтэй тайлбарлажээ./хх1, 12, 34-38/

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас барааг хүлээн авсан гэх Д.Эыг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргажээ. /хх-36/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтооход нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, тодорхойгүй нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг шүүх хэрэгжүүлэх эрхтэй. Талууд барааг хүлээж авсан гэх Д.Эыг гэрчээр оролцуулах боломжтой гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох үүднээс гэрчээс мэдүүлэг авах, нотлох баримтыг бүрдүүлэх үндэслэлтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар гэрчийг асуух ажиллагаа нь зөвхөн шүүхээс гүйцэтгэвэл зохих ажиллагаа бөгөөд хэргийн оролцогч өөрөө цуглуулах, гаргах боломжгүй юм. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь гэрээний зүйл буюу эд хөрөнгийг хэний зааварчилгаагаар хэнд хүлээлгэн өгсөн, хариуцагч барааг хүлээж авсан эсэх зэрэг үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй тогтоогдоогүй, талууд зөрүүтэй тайлбарлаж байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 198 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД