Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/40

 

Ц.О,  Г.Д,  Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П,

Ж.Б, Д.Л нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/64 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарт холбогдох 2028000900112 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч И.О, Б.О нарын гаргасан давж заалдах гомдол, хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц.О,

Монгол Улсын иргэн, Г.Д ,

Монгол Улсын иргэн, Д.Л

Монгол Улсын иргэн, Ш.Л

Монгол Улсын иргэн, А.Н

Монгол Улсын иргэн, Я.Ө

Монгол Улсын иргэн, Г.П

Монгол Улсын иргэн, Ж.Б ,

Монгол Улсын иргэн, Д.Л,

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн сумын багийн нутаг дэвсгэр, гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 115590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.О , Г.Д,  Д.Л,  Ш.Л,  А.Н,  Я.Ө,  Г.П,  Ж.Б,  Д.Л нарыг  Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-д хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, Г.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Д.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Д.Л-т хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар, Ш.Л-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, А.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Я.Ө-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Г.П-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Ж.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.О,  Г.Д,  Д.Л,  Ш.Л,  А.Н, Я .Ө,  Г.П,  Ж.Б, Д.Л нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, Өмнөговь аймгийн сумын багийн нутаг, гэх тусгай хамгаалалттай газарт учирсан хор уршгийг арилгаж, нөхөн сэргээх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн sureka gold загварын 300.000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэгийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 7680 грамм 1 уут шороо, 24070 грамм шороо 1 уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай, “PUSO” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Л-с, DX300 маркийн экскеваторын үнэ 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Л, Ц.О нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 3.000.000 төгрөгийг, улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.О-с, улсын дугаартай Robex 300LC маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.800.000 төгрөгийг шүүгдэгч Ц.О-с, улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5000000 төгрөгийг шүүгдэгч Г.Д-с, улсын дугаартай Feilder маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9000000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б, Г.П нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 4500000 төгрөгөөр тооцож улсын орлогод оруулахаар, цахилгаан жанамтай паажуурын үнэ 1000000 төгрөг, цахилгаан мотор 2 ширхэгийн үнэ 600000 төгрөг, 600 литр дизель түлшний үнэ 1500000 төгрөг, 380 литр А80 бензиний үнэ 684000 төгрөгийг шүүгдэгч Ц.О-с тус тус гаргуулан улсын орлогод оруулж, шүүгдэгч Ц.О, Г.Д,  Д.Л,  Ш.Л,  А.Н,  Я.Ө,  Г.П,  Ж.Б,  Д.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О,  Г.Д,  Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс манай үйлчлүүлэгч нарыг Ц.О бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэргийн нөхцөл байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж нь нөхцөл хангагддаг хэдий ч манай үйлчлүүлэгч нарын өөрсдийн хийж буй үйлдлийг ухамсарлаж, ойлгосон байдлыг нь харахад Ц.О-тэй бүлэглэж, энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ...эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан. Тухайн нөхцөлд Ц.О нь хэрэг үйлдэх санааг өөрөө анх санаачлан гаргаж, манай үйлчлүүлэгч нарт худал мэдээлэл өгч энэ хэрэгт татан оролцуулсан байдаг. “Тусгай зөвшөөрөлтэй, ямар нэгэн асуудалгүй газарт нөхөрлөлийн журмаар бичил уул уурхайн чиглэлээр ажиллана, та хэдийг ажилтнаар авч өдрөөр цалинжуулна, хоол унд бүх зардлыг нь даана” гэж хэлж итгүүлсэн. Ц.О нь өмнө нь Ө аймагт нөхөрлөл байгуулж, бичил уул уурхайн чиглэлээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан талаар манай үйлчлүүлэгч нар мэддэг, зарим нь тухайн нөхөрлөлд нь хамт ажиллаж байсан учир О-н үгэнд эргэлзээгүй итгээд ажил хийж цалин хөлс авах зорилгоор Өмнөговь аймагт ирсэн. Зарим нэг хүний хувьд /Г.П/ ашигт малтмал олборлох санаа зорилгогүй, нэгнийхээ гуйлтаар Өмнөговь аймагт хүргэж өгөөд буцах зорилготой ирээд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж, өөрийн эд хөрөнгөөрөө хохирсон хүн ч байдаг.

Тухайн гэмт хэрэгт манай үйлчлүүлэгч нар санаатайгаар нэгдэж, хууль бус, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулах гэж байгааг мэдсээр байж, цаашид гарах үр дагаврыг нь ойлгож, ухамсарлаад хамтран оролцсон уу? Эсвэл О-н хэлж ярьсан үг, үйлдэлд итгэж, хайхрамжгүй үйлдлийнхээ улмаас нэгдэж оролцсон уу гэдгийг анхан шатны шүүх анхаарч, нарийн шалган тогтоогоогүй, тухайн газарт очсон, хамт байсан, алт олборлох гэж байгааг мэдсэн учир хууль бус, тусгай зөвшөөрөлгүй гэдгийг нь бичиг баримтыг нь шалгах боломжтой байсан, мэдэх боломжтой байсан гэдэг утгаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж хамтруулан шийтгэж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Эдгээр хүмүүс алт олборлох үйл ажиллагаа нь хууль бус шинжтэй гэдгийг мэдэх боломжтой байсан ч О-н хэлсэн үг, үйлдэлд бүрэн итгэсэн учир тусгай зөвшөөрөлгүй, хууль бус гэдгийг нь мэдэлгүй энэ гэмт хэрэгт хамтран оролцсон байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Ц.О-н мэдүүлэг, манай үйлчлүүлэгч нарын мэдүүлгүүдээс тодорхой харагддаг гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байдаг.

Манай үйлчлүүлэгч нар санаатайгаар мэдсээр байж Ц.О-тэй бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээсээ болж энэ хэрэгт оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна.

Тиймээс 64 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу манай үйлчлүүлэгч Ж.Б, Д.Л, Д.Л, Г.Д, А.Н, Г.П, Я.Ө, Ш.Л нарын үйлдэл холбогдлыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.О-н өмгөөлөгч Б.О нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, мөрдөн шалгах ажиллагааны үеэс тууштайгаар мэдүүлгээ өгсөн бөгөөд шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэн үнийг нь тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулахад ашиглагдах тээврийн хэрэгсэл нь тухайн тээврийн хэрэгслүүдээс гүйцэтгэх үүрэг, ашиглагдах хэлбэрээрээ ялгаатай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж тодорхой заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд л ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлд газар ухах зорилгоор авч очсон улсын дугаартай DX300 маркийн тээврийн хэрэгсэл улсын дугаартай Robex 300LС маркийн тээврийн хэрэгсэл, паажуур, мотор зэргийг хамааруулан үнийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэх ч хүмүүсийн өөрсдийнх нь тухайн газраа очих зорипгоор унаж явсан улсын дугаартай Feilder маркийн тээврийн хэрэгсэл, унтаж амрах, хоол ундаа хийх зорилгоор авч очсон улсын дугаартай Рorter маркийн тээврийн хэрэгсэл, DX300, гobех 300LС ачиж очсон улсын дугаартай Рuso маркийн тээврийн хэрэгсэл,  улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах олборлох гэмт үйлдэхэд ашиглах боломжтой эсэхэд нь дүгнэлт хийлгүй бүгдийг нь шууд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэн, үнийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуульд үл нийцэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.

Шүүгдэгч Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд “Ц.О-г тухайн газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулах гэж байгааг мэдээгүй, хөлсөөр ажиллах гэж очсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу байхгүй” гэж маргаж, мэтгэлцсэн.

Анхан шатны шүүх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгч нар болох Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилээс 4 жил хүртэл хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/64 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Ц.О нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.  Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тэнсэхээр хуульчилсан. Гэтэл Ц.О гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусад шүүгдэгч нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Ингээд зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүхээс тэнссэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, багажийг хураан авч, үнийн дүнг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Гэтэл манай үйлчлүүлэгч нар Ц.О-н хэлсэн үгэнд итгээд, тусгай зөвшөөрөлтэй, нөхөн сэргээлт хийх зорилгоор ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Манай үйлчлүүлэгч нар болгоомжгүй хайхрамжгүй үйлдлээсээ болж холбогдсон. Тэдний үйлдлийг зүйлчилсэн зүйл заалтын гэмт хэрэг нь санаатай хэлбэрээр үйлдсэн байхыг шаарддаг гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэрэг нь гэмт хэргийн субьектив талыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу манай үйлчлүүлэгч нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгч И.О-н 2021 оны 06 дугаар сарын 16-ний өдөр бичсэн 76 дугаартай давж заалдах гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О-н 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бичсэн 2021/26 дугаартай давж заалдах гомдол, хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн сумын багийн нутаг дэвсгэр, гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 115590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх хэлэлцээд “...Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт анх удаа холбогдсон байдал, хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр нэгээс дөрвөн жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв” /3 хх-147/ гэсэн байна. Иймд байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн этгээд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлж, Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газрын сумын нутаг гэх газарт эвдэн сүйтгэсэн, бохирдуулсан талбай тус бүрийг нөхөн сэргээж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах нь зүйтэй гэж үзэв.” /3 хх-148/ гэж шүүхээс хийсэн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй эргэлзээтэй байна.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгоно” гэж заасныг хэрэглэх үндэслэл болж байна.

Иймд хяналтын прокурор Ц.Ариунжаргалын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарт холбогдох 2028000900112 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.            

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                      ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                               Г.ТЭГШСУУРЬ