Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 260

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                       

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч Т.Чинзориг, түүний өмгөөлөгч А.Ганбат

хохирогч Т.Баярсайхан

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626023021 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, ширээний теннисний Улсын шигшээ багийн тамирчин гэх, ам бүл 6; эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 31 Б байр, 53 тоотод оршин суух, ялгүй, УИ95010319 дугаарын регистртэй, Чимэд овогт Тулгуурын Чинзориг

 

Шүүгдэгч Т.Чинзориг 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, вокзалын орчим “чи миний аавыг яагаад дээрэлхдэг юм” хэмээн бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Т.Баярсайханыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр дуудлагын жолоочоор машинаа бариулаад вокзал дээр очоод Баярсайханг хайж байгаад олж уулзсан. Би Баярсайхан ахтай уулзаад дулаахан газар ярилцье гэж бодоод машин руугаа дагуулж явсан. Би Баярсайхан ахын шилэн хүзүүнээс нь татаад чирч машиндаа суулгасан зүйл огт болоогүй.

Машин дотор ороод намайг таньж байна уу гэж асуухад танихгүй байна гэж хэлсэн. Би Баярсайхан ахад би 42-53 жолоочийг таних уу гэхэд тэр хужаа гөлөгийн хүүхэд чи байсан юм уу гэж надад хэлсэн. Та яагаад манай аавыг дээрэлэхээд байдаг юм гэж асуухад та нар шиг хужаа гөлөг нарыг ална гээд Баярсайхан ах намайг түрүүлж цохьсон. Баярсайхан ах манай аавыг дээрэлхсэн болохоор миний уур хүрээд би Баярсайхан ахыг 1 удаа цохьсон. Би Баярсайхан ахын ярьж байгаагаар 5-6 удаа цохьсон зүйл огт байхгүй. Гэхдээ түүнийг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Т.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Намайг вокзал дээр байж байхад манай найз Хатнаа ирээд чамайг нэг өндөр залуу хайгаад яваад байна гэхээр нь би очиж уулзтал намайг таньж байна уу гэж асуухаар нь би танихгүй байна гэж хэлсэн. Уулзах хэрэг байна дагаад явчих гэхээр вокзалын автобусны буудлын хажууд очсон.

Би Чинзоригоос надаас юу асуух гэсэн юм бэ гэж асуухад миний куртикны араас татаад намайг машинд суулгасан. Би анх цагдаа юм байх гэж дотроо бодсон. Чинзориг утсаараа хүнтэй ярьж байгаад утсаа таслаад шууд миний нүүр рүү цохьсон. Би урдаас нь зууралдаж байгаад машины хаалгыг нь онгойлгоод куртикээ үлдээгээд машинаас буутал намайг дагаж бууж ирээд 2-3 удаа миний нүүр рүү цохьсон. Намайг газар унасны дараа миний нүүр рүү 2-3 удаа өшиглөөд машиндаа суугаад яваад өгсөн. Би утсаар вокзал дээр байсан найзыгаа дуудаад Баянгол дүүргийн цагдаагийн газар очиж өргөдөл гаргасан.

Чинзоригт зодуулсандаа гомдолтой байна. Өгч байгаа 200.000 төгрөгийг нь авахгүй. Ийм мөнгийг юунд ч зарцуулах юм билээ. Эмчилгээний зардал нийтдээ 7 сая төгрөг болох юм байна гэж хэлсэн. Энэ мөнгийг нэхэмжилнэ гэв.

 

Шүүгдэгч Т.Чинзоригийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 27/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 28/, Захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 29-33/, Монголын ширээний теннисний холбооны тодорхойлолт, диплом, өргөмжлөлүүдийн хуулбар /хх-72-103/,

гэрч Сэрээтэрийн Соёлмаагийн “... Тулгуурын Чинзориг миний төрсөн хүү юм. Чинзориг 1995 онд Улаанбаатар хотод төрсөн. 10 жилээ Хятад, Монгол найрамдлын сургуулийг төгсөөд 2016 оны хавар Хүмүүнлэнгийн их сургуулийг төгссөн. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ширээний тениссний спортоор хичээллэдэг. Архи тамхи хэрэглэдэггүй. Хүмүүжлийн доголдолгүй. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ надтай хамт амьдардаг” /хх-н 13/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.  

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Чинзоригт холбогдуулан түүнийг “... 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, вокзалын орчим “чи миний аавыг яагаад дээрэлхдэг юм” хэмээн бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Т.Баярсайханыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 201626023021 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх энэ хэргийг урьд өмнө нь буюу 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 152 дугаартай захирамжаар “... Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн, хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, гэмт хэргийн сэдэлтийг зөв тодорхойлох гэх мэт” үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

 

Гэвч дахин хийгдсэн мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч Т.Чинзоригт холбогдох хэргийн сэдэлтийг, өөрөөр хэлбэл уг хэрэг танхайн сэдэлттэй юу, хувийн сэдэлттэй юу гэдгийг бүрэн гүйцэт тодорхойлсон гэхэд учир дутагдалтай байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлав.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Чинзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1 болгон өөрчиллөө.

 

Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Торгуудын Баярсайханы “... 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орчим би өөрийн машинаар Замын-Үүдээс Улаанбаатар хотруу хүн ачих гээд Замын-Үүдийн вокзал дээр байхад 5 хүн хүрч ирээд миний машинд суусан. Тэгээд би хөдлөх гэж байсан чинь хоёр хүн нь миний машинаас буугаад Соёлоо, Тулгаа гэх хоёр хүний машинд очоод суучихсан. Тэгэхээр нь би Тулгаа дээр очоод хоёр хүнийг маань авчихлаа гээд ууралсан чинь өөдөөс жаахан маргалдаад байхаар нь чи зүгээр л хүн ачиж явж бай гээд нүүр рүү нь нэг удаа түлхчихээд явсан. Тэр үед Тулга эхлээд Замын-Үүдээс түрүүлээд гараад явсан. Тэгээд би хүнээ гүйцээгээд араас нь явж байсан чинь зам дээр тагнуулын шалгалт явагдаад нөгөө машиныг зогсоосон байсан ба намайг бас зогсоогоод миний машинд байсан 3 хүнийг Тулгаагийн машинд суусан хоёр хүнийг тус тус авч яваад намайг явуулаад Тулгааг авч үлдсэн. Түүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр би Улаанбаатар хотод Замын-Үүд рүү хүн ачих гээд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Вокзалын дотор машин зогсоол дээр 11 цагийн орчим зогсож байгаад би зүс таних хүний машинд сууж байсан чинь нэг жолооч чамайг хүн хайгаад байна, 84-48-ын жолооч хаана байна гээд байна гэхээр нь би машинаас буугаад очсон чинь өндөр шар залуу байсан ба намайг хайж байна уу гэтэл чи намайг таньж байна уу, өөртэй чинь уулзаадахъя гээд намайг дагуулаад Барсын автобусны тийшээ дагуулаад явахаар нь би хэсэг дагаж байгаад юу асуух гэсэн юм гэтэл миний шилэн хүзүүнээс куртикний захнаас чирээд, очиж байгаад учраа олъё гээд чирээд явсан. Би тэр үед Замын-Үүдэд болсон асуудлын талаах асуух гэж байгаа юм байна гэж бодсон чинь намайг Сүзүки маркийн 49-30 УБҮ улсын дугаартай машины арын сандал дээр түлхэж оруулаад хажуудаа намайг суулгахаар нь би юу асуух гээд байгаа юм гэхэд нөгөө залуу машин барьж явсан хүндээ шууд хөдөл гэхэд машин хөдлөөд Барсын орчим руу явсан. Тэр үед нөгөө залуу чи миний аавыг яагаад дээрэлхдэг юм бэ гэснээ хажууд утсаар яриад аавтай яриулаадах гээд байсан. Тэгээд гар утсаа таслаад намайг нэг гараараа заамдаж аваад миний нүүрний зүүн талын хэсэг рүү 5-6 удаа гараараа цохисон. Тэр үед би болиулах гээд өөдөөс нь ноцолдоход куртик доош нь шувталж дарчихаад дахиад миний дээрээс миний зүүн талын шанаа орчим руу цохиод зодсон. Тэр үед хаалгыг нь онгойлгосон чинь машин зогссон. Тэр үед би куртикээ шувтлаад машинаас зугтаж буусан. Тэр үед нөгөө шар залуу дахин машинаас бууж ирээд намайг барих гээд 2-3 удаа сарвалзах үед би халтираад газар унасан чинь хөлөөрөө миний нүүр рүү 2-3 удаа өшиглөж намайг зодчихоод машиндаа суугаад яваад өгсөн. Тэр үед машиныг нь барьж явсан хүн үлдсэн байсан ба надад би хамаагүй, намайг хөлслөөд явж байсан гээд байсан. Тэгээд би зодуулсан талаараа цагдаад хандсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад хөнгөн гэмтэл учирсан байсан. Тулгаагийн төрсөн хүү гэх залуу намайг зодож, гэмтэл учруулсан. Тулгаагийн эхнэр Соёлоо гэдэг гар утас нь 99194655 гэсэн дугаартай. Альпарт маркийн машинтай байсан. Есүзү маркийн ногоон өнгийн машин нь 49-30 УБҮ улсын дугаатай. Замын-Үүд, Улаанбаатар хоёрын хооронд хүн зөөж байдаг. Хэрэг болох үед Исүзү маркийн машиныг жолоодож явсан хүн бүгдийг харсан. Настай хүн байсан. Тер үедээ тэр хүн намайг хөлсөлж явсан байсан мөнгөө өгөлгүй яваад өглөө гэж байсан. Тэр үед Хатнаа гээд жолооч намайг асуугаад байхаар нь Тулгаагийн хүүхэд байна гэж таньсан байсан. Намайг зодсон хүнийг дахиж харвал танина. Би зодуулж, эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ” /хх-н 11-12/,

... Надад нэмж ярих зүйл байхгүй. Би уг залууг огт танихгүй. Надад Чинзоригтой урьд хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би Чинзоригийн аав, ээжийг зүгээр л зүс мэднэ. Чинзориг надад ямар ч эмчилгээний зардал төлөөгүй байгаа. Би Чинзоригт хамар луугаа цохиулсанаас болж одоо хамраас өмхий үнэртээд байхаар нь зургийг нь авхуултал цаад тал руугаа идээлсэн байна гэж хэлсэн. Тэгээд хамрын хагалгаа хийлгэхэд 3.000.000 төгрөг, нүдний ухархайн хугарал нь хагалгаанд ороход 4.000.000 төгрөг гэж байсан. Түүнийгээ нэхэмжилнэ” /хх-118/ гэсэн,

гэрч Сэрээтэрийн Соёлмаагийн “... тухайн өдөр 14 цагийн орчим Замын-Үүд, Улаанбаатар хотын чиглэлд явдаг Хатнаа гэх залуу надад танай хүүхэд 84-48-ын жолоочийг зодчихсон юм шиг байна, та ярьдаа гэсэн. Би 84-48ын жолоочийг өмнө нь мэддэг байсан. Тэгээд гар утасных нь дугаарыг аваад Баяраатай ярих гэтэл утсаа авахгүй байсан. Тэгээд дараа нь Баяраа гар утсаа авахаар нь би хаана байна, уулзаадахъя гэхэд Баяраа дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадаа байна гэсэн. Тэгээд Баяраатай уулзахад танай хүүхдэд би хийлгэчихлээ гээд байснаа танай хүүхэд найдвартай жилийн шоронгийн ялтай гээд байсан. Тэгээд би хүү Чинзориг руу залгахад утас нь эхлээд холбогдохгүй байснаа сүүлд нь холбогдохоор нь асуухад тухайн өдөр хүн зөөхөөр Вокзалын орчим явж байгаад Баяраатай дайралдаад та намайг таньж байна уу гэхэд өөдөөс нь танихгүй байна гэхээр нь би 42-53-ын жолооч Тулгаагийн хүүхэд байна, та намайг таньдаггүй юм уу, эсвэл манай аавыг мэдчихээд дээрэлхээд байгаа юм уу гэсэн чинь хужаа гөлөг чиний эцэг юм уу гээд тэрнээс болж маргалдсан гэж хэлж байсан. Өмнө нь би нөхөртэйгээ Замын-Үүд дээр хэдэн хүн хүргэж өгөөд Вокзал дээр зогсож байсан чинь хэдэн хүмүүс хүрч ирээд хэдээр явах вэ бид нар 6-уулаа явж байгаа гэсэн. Тэр үед Тулгаа машин дээрээ байж байсан. Би дэлгүүр орчихоод эргээд ирсэн чинь хүмүүс бужигнаад байхаар нь очиход Тулгаа, Баяраа хоёр маргалдсан. Тэгээд намайг очиход тэр хавьд байсан хүмүүс та нөхрийнхөө аминд орлоо гээд байсан. Тэгээд Тулгаа бид хоёр машинтайгаа хөдлөөд явж байтал тагнуулын ажилтнууд манай машиныг зогсоогоод, Баяраагийн машиныг бас зогсоогоод шалгасан. Тэгээд би Баяраад чи ялихгүй зүйлээр бид нартай маргалдаад яаж байгаа юм гэсэн. Тэр үед тагнуулынхан манай машинд сууж байсан болон Баяраагийн машинд суусан хүмүүсийг шалгаад явуулсан. Тэгээд тэр оройноо манай нөхөр гэртээ ирээд дандаа намайг дээрэлхдэг гээд жаахан уйлсан. Тэр үед манай хүү Чинзориг сонссон байсан. Тэгээд ийм асуудал болсон байх. Би Баяраатай тухайн үед уулзаад эмчилгээний зардал мөнгийг нь өгье гэсэн чинь Баяраа өөрөө надтай холбогдоогүй алга болчихсон. Баяраа нь Доржсүрэн гэх хүнийг манай ах, тэр хүнтэй ярь гээд байсан. Би тухайн хэрэг болох үед яг хажууд нь байгаагүй. Аав нь гэртээ ирээд хүний нутаг хэцүү юм бэ гээд уйлахад манай хүү сонссон юм шиг байна лээ. Гэхдээ тухайн үед санаатай Баяраатай очиж уулзаагүй, хүмүүстэй уулзах гэж явж байгаад Баяраатай дайралдсан юм шиг байгаа юм. Тэр үед манай хүүхдийг Баяраа хужаагийн гөлгийн хүүхэд юм уу гэснээс маргалдаж муудалцсан байх. Түүнээс л болсон байх” /хх-н 13/ гэсэн,

шинжээч эмч Чогсомын Эрдэмболорын “... 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр би Т.Баярсайханы биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн. Баярсайханы биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хоёр талын ухархайн дотор талын /няцрал/ хугарал, зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. Би тухайн үед Бриллианс эмнэлэгт үзүүлсэн томографийн шинжилгээтэй танилцсан бөгөөд дүгнэлтэнд тусгасан байгаа. Тус эмнэлгийн шинжилгээнд тусгасан хамрын хоёр хажуу ханын зөрүүтэй хугарал гэснийг шинжээчийн дүгнэлтэд тусгасан боловч дүгнэлт хэсэгт орхин бичсэн байна. Хамрын яс ухархайн хажууд нимгэн хальс мэт яс байдаг бөгөөд эдгээр яснууд гэмтсэн тохиолдолд 4 хоногоос доош хугацаанд буюу түр хугацаанд эрүүл мэндийг сарниулж эдгэрдэг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Тиймээс тус 15451 дугартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхөд нөлөөлөхгүй” /хх-н 16-17/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Т.Баярсайханы биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хоёр талын ухархайн дотор ханын хугарал, зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн 15451 тоот дүгнэлт /хх-н 15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн “Шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан №15451 тоот дүгнэлттэй санал нэг байна. Т.Баярсайханы биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хоёр талын ухархайн дотор ханын хугарал, зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, хамар ясны хугарал бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан №15451 тоот дүгнэлтэд хамар ясны хугарал гэмтэл тусгагдаагүй байна. Т.Баярсайханы биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 484 тоот бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-н 121-122/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Чимэд овогт Тулгуурын Чинзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Чинзоригт холбогдох хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болжээ.

 

Дээрх байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дэх заалтад нийцэх тул хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Т.Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгтэй холбоотой хохирол төлбөрийн хувьд;

Хохирогч Т.Баярсайхан “... хамрын хагалгаа хийлгэхэд 3 сая төгрөг, нүдний ухархайн хугарлын хагалгаанд ороход 4 сая төгрөг гэж байсан. Түүнийг нэхэмжилж байна” гэжээ. Мөн тэрээр шүүх хуралдааны явцад 7 сая төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Тэрээр нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаагүй тул шаардлагыг нь шийдвэрлэх боломжгүй байна.

 

Хавтаст хэрэг дэх баримтаар эмчилгээний зардалд нийт 145.000 төгрөгний баримт авагджээ. /хх-н 41, 42/

Дээрх 145.000 төгрөг буюу хохирлыг 200.000 төгрөгөөр тооцож хохирогчид өгөх тухай хүсэлтийг шүүгдэгчийн зүгээс гаргасан боловч хохирогч Т.Баярсайхан “авахгүй” гэснийг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Т.Чинзориг нь одоогоор бусдад төлөх төлбөргүй.

Харин хохирогч Т.Баярсайханы цаашид нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Т.Баярсайханы гэх CD болон томографикийн зургыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Чинзориг 16 хоног цагдан хоригдсон болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Чинзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлсүгэй.

 

2. Чимэд овогт Тулгуурын Чинзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3. Т.Чинзоригт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Т.Чинзориг 16 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

түүний “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Энэ шийтгэх тогтоолын хувийг ШШГЕГазрын Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсүгэй.

 

6. Хохирогч Т.Баярсайхан гомдолтой гэснийг, хохирлын мөнгө гэх шүүгдэгчээс өгсөн 200.000 төгрөгийг авахгүй гэснийг тус тус дурдаж,

түүний хохиролд нэхэмжилнэ гэх 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч Т.Баярсайхан нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Т.Баярсайханы гэх CD болон томографикийн зургыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар түүнд буцаан олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Чинзоригт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ