| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0225/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/03 |
| Огноо | 2025-12-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2026/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
улсын яллагч Г.Ганбагана,
хохирогч Э.*******,
шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307001280254 дугаартай хэргийг 2025 оны 1 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ы 07 дугаар сарын 13-ны өдөр ******* хотод төрсөн, *******тай, *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн хороо, гудамжны од оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан нь гэм буруугийн талаар маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 03 сарын 14-нд Х.*******тэй уулзсан. Х.*******гийн болсон үйл явдлын талаар ярьсан зүйл бүгд үнэн. Тухайн үед надаас 68 314 000 төгрөгийн мах худалдаж аваад сургууль, цэцэрлэгт нийлүүлээд сарын сүүлээр мөнгийг нь өгнө гэж компани дээр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Эхлээд 5 000 000 төгрөг өгөөд, 2 өдрийн дараа 9 000 000 төгрөг өгсөн. Сарын сүүлээр Х.*******гийн утас нь холбогдохоо больж, гадагшаа явсан байсан. Утас руу нь мессеж бичихэд удахгүй 14 цаг гээд Монголд бууна, мөнгийг чинь очиход өгнө гэсэн. Түүнээс хойш утас, фэйсбүүк хаяг нь холбогдохоо больсон. Би найзаасаа мөнгө зээлсэн байсан, тэр найз 04 сард цагдаа шүүх гэж явж байгаад цагдаад гомдол гаргасан. Би тэр үед 2 хүнээс мах авсан байсан. Тухайн үед нэг хүнийх нь мөнгийг өгсөн. Нэг найзынхаа 35 000 000 төгрөгийн махны мөнгийг өгөөгүй байсан. Тухайн үед өөрийнхөө унаж явсан машиныг барьцаалан зээл авч 1 500 000 төгрөгийн хүү төлж барагдуулаад, дахиад 16 000 000 төгрөгийн зээл аваад, дараа нь 10 000 000 төгрөгийн зээл аваад түүний хүү төлбөрт 2 648 000 төгрөг бодогдсон. 2024 оны 05 сард зээл аваад 2025 оны 12 сард төлж дууссан. 2 жилд 2 машины зээл төлсөн. Тэр үед 35 000 000 төгрөгийг найзаасаа зээлснээс 15 000 000 төгрөгийг төлсөн. Одоо 19 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тэр хүн бас цаашаа хүнд өглөгтэй байж байгаад банкнаас 2023 оны 05 сард зээл аваад 2024 оны 12 сар хүртэл зээл төлж 4 600 000 төгрөгийн хүү төлсөн байсан. Шүүхийн нэхэмжлэл гарган нийт 24 000 000 төгрөгийг надаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Би 2023 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Аргагүй байдалд орж зээл аваад нөгөө хүнийхээ төлбөрийг төлөөд одоо бол үнэхээр хүнд байдалд байна. Өмнөх хурал дуусаад Х.******* надтай харилцан тохиролцоод 4-5 газар шилжүүлж өгье гэж ярьсан. 4 газрын нэр шилжүүлсэн, 1 газар шилжүүлээгүй хянан баталгааны хуудас гараагүй гээд хэд хоног хүлээхээр болсон. 54 000 000 төгрөгийн хохирол надад учруулсан. Мөн 8 800 000 төгрөгийн хүү нэхэмжилж байна. Би аймгаас нааш цааш ирж явсан, цагдаад мэдүүлэг өгсөн зардлаа нэхэмжлэхгүй. 5 газрыг 68 000 000 төгрөгийн хохиролд бодож авах гэхээр хэцүү байна. Энэ газруудыг судалж үзэхэд 3 000 000-6 000 000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Би энэ газруудыг эхний ээлжид худалдан борлуулаад цаад хүний хохирлыг өгье гэж бодож байна. 5 газрын 1 газрыг 10 000 000 төгрөгөөр тооцож хохиролд авах боломжтой байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Х.******* нь өөрийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүслийн халиун” ХХК-ний нэрээр Э.*******аас мах худалдан авахаар харилцан тохиролцож, ******* дүүргийн цэцэрлэг, сургуульд мах нийлүүлнэ гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ******* дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх махны агуулахад 126 ширхэг хонины гулууз буюу 3075 килограмм мах, ямааны 57 ширхэг гулууз буюу 1211 килограмм мах, 24 ширхэг бүтэн үхэр буюу 2729 килограмм махыг буулган авч 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нийт төлбөрт 68 314 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож 2023 оны 03 дугаар сарын 13-16-ны өдрийн хооронд 14 000 000 төгрөгийг 2 хуваан шилжүүлж өгч бусад махны төлбөрийг төлөхгүй залилж хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* хотод хувиараа махны бизнес эрхэлдэг. 2023 оны 0 сарын 10-ны үед надтай ******* гэх хүн фэйсбүүк зарын дагуу утсаар холбогдоод мax авъя, байгууллагын санхүүжилт орж ирээгүй байгаа, надад зээлээр өгөх үү гэхээр нь би зээлээр өгөх боломжгүй гэсэн. Түүнээс хойш 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ******* гэх хүн ахин холбоо бариад хотод явж очоод уулзъя гээд ******* хотод ирэхээр нь Бөхийн өргөөний гадаа *******тэй уулзсан. Тухайн үед мах авъя, урьдчилгаа 14 000 000 төгрөг өгье, үлдсэн мөнгийг энэ сарын сүүлээр байгууллагын санхүүжилт орж ирэхээр өгье гэсэн. Би маргааш агуулахыг чинь очиж үзье, тэгээд гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулаад авбал зээл өгч болно гэсэн. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би ******* дүүрэгт очиж мах буулгах агуулах, компанийн гэрчилгээг нь үзээд зээл өгөхөөр болж ******* дүүрэгт ирж *******д нийт 126 ширхэг хонины гулууз мах буюу 3075 кг, ямааны 57 ширхэг гулууз мах буюу 1211 кг, 24 ширхэг бүтэн үхрийн мах буюу 2729 кг мах, нийт 68 314 000 төгрөгийн үнэ бүхий махыг *******гийн агуулахад буулгаж урьдчилгаа болох 14 000 000 төгрөгийг хуваан авсан. Тухайн өдөр нотариат орох гэтэл орой болсон байсан тул нөгөөдөр нь буюу 3 дугаар сарын 17-ны өдөр ******* хотод уулзаад нотариат орж гэрээ хэлцлээ хийгээд салсан. 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр *******гийн утас руу залгаж үлдэгдэл 54 314 000 төгрөгийг маргааш хэдээс шилжүүлэх вэ гэж хэлэх гээд залгатал утас нь message roaming-д холбосон байхаар нь мессеж бичтэл маргааш 11 цагт очно, өөр газар явж байна гэсэн. Би маргааш нь утас руу нь залгатал утас нь холбогдохгүй байсан, фэйсбүүк чатаа үзтэл блок хийсэн байсан. Би махны бизнес эрхэлдэг учир махаа борлуулах гэж фэйсбүүк хуудсанд хонь үхрийн мах зарна гэсэн зар байршуулсан. ******* нь надаас мах аваад ******* дүүргийн сургууль, цэцэрлэгт мах байнга өгдөг, одоо энэ махыг 3 хуваагаад сургууль цэцэрлэгт өгнө гэсэн. Мөн цөөхөн хэдэн байгууллагад мах нийлүүлдэг, 20 гаруй жил ******* дүүрэгт амьдарч байна гэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 51-52 хуудас/,
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие “” ХХК-д менежер ажилтай. Манай аж ахуйн нэгжээс ******* дүүргийн хороонд хувиараа түүхий эдийн ажилтай, *******гийн *******д /хи78071363/ нийт 126 ширхэг хонь 3075 кг, ямааны 57 ширхэг 1211 кг, үхрийн мах 24 ширхэг 2729 кг нийт 68 314 000 төгрөгийн мах өгсөн. 15 000 000 төгрөгийг буцааж манай аж ахуйн нэгжид төлсөн. Үлдэгдэл мөнгийг одоо хүртэл өгөхгүй алга болсон. Анх ******* дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг сургууль цэцэрлэгтэй гэрээтэй, сургууль цэцэрлэгтээ тушаагаад мөнгийг өгнө гэсэн боловч сургууль цэцэрлэгтэй хийсэн гэрээ *******д юу ч байхгүй гэдгийг бид нар мэдээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 55-56 хуудас/,
- Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн сар өдрийг нь санахгүй байна, өглөө эрт Нааяа гэж дууддаг хүүхэн манай гэрт мах зарсан гээд байгаа залуутай хамт ирээд танай агуулахад мах авъя, маргааш гэхэд буцаагаад авна гэхээр нь би эхнэрээ дуудаад асуухад наад хүүхэн чинь өчигдрөөс хойш танай агуулахад мах хийх хэрэгтэй байна гэсэн гэхээр нь би эхнэртээ уурлаад өөрсдөө өчнөөн махтай байж хүний мах авлаа гэхэд за яах вэ таньж мэдэхгүй улс байгаа биш мах хадгалаад маргааш нь авна биз дээ гэхээр нь би зөвшөөрөөд *******г хашаандаа оруулаад агуулахдаа оруулж өгсөн. Өөрсдөө махаа килограммыг нь үзсэн, би тийшээ очоогүй, ******* махаа хиллэж дуусгаад манай хашаан дотор байшингийн урд нэг буйдан дээр мах ачиж ирсэн жолооч, махны эзэн хоёр сууж байхаар нь очоод за яасан махаа хиллэж дуусаж байна уу гэж асуухад дуусаж байна гэхээр нь би мөнгө төгрөгөө яаж тохиролцов гэхэд хоорондоо зохицсон гэсэн. Тэр хоёрт их мөнгөний асуудал хэцүү шүү сайн гэрээ хийгээрэй гээд *******д бас энэ асуудлаа өөрсдөө шийдээрэй надад хамаагүй шүү гэж хэлж байсан. Маргааш нь ******* маркийн машинтай ирээд махаа ачаад явсан. Хонь, үхрийн мах буулгаж байсан, ямар хэмжээний мах байсныг мэдэхгүй, би оролцоогүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 60 хуудас/,
- Шүүгдэгч Х.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сард фейсбүүкийн зарын дагуу мах зарна гэсэн ******* гэх хүнтэй утсаар холбогдож яриад би тухайн хүнээс урьдчилгаа мөнгийг нь өгөөд зээлээр хонь, ямаа, үхрийн махыг ******* дүүргийн нутаг дэвсгэрт аваад өөрийн танил хүний зооринд хийлгэсэн. Би *******аас нийтдээ 68 314 000 төгрөгийн үнэ бүхий үхэр, хонь, ямааны мах аваад нотариатаар гэрээ байгуулж урьдчилгаа болгож 15 000 000 төгрөг *******т өгсөн. Үлдэгдэл 53 314 000 төгрөгийг нь сарын дараа сургууль цэцэрлэгийн санхүүжилт орохоор өгнө гэсэн. Би *******аас авсан махаа маргааш нь хот руу оруулаад дэнжийн мянгын махны зах дээр бөөний үнээр танихгүй махны ид 30 гаран сая төгрөгөөр зарсан. Би мөнгийг аваад банк бусынхаа зээлийг дараад 2023 оны 04 дүгээр сард Турк улс руу ажил хийхээр явсан. Турк улсад 2 жил гаран ажиллаад буцаж Монголд ирээд дахиж буцаж Турк улс руу яваад энэ оны 7 дугаар сард буцаж Монгол улсад ирээд ******* нь намайг *******ын цагдаад өгсөн гэдгийг мэдсэн. Миний нэр дээр “Хүслийн халиун” нэртэй компани бүртгэлтэй байдаг ба энэ компанийнхаа нэрээр гэрээг байгуулсан. *******ын цэцэрлэг сургуулиудад *******аас авсан махаа нийлүүлнэ гэдэг нь бол худлаа зүйл байсан. Би мөнгийг нь эргэлдүүлээд мөнгөө олж авах санаа байсан боловч бүтээгүй. ******* хонь, ямаа, үхрийнхээ махыг тээврийн хэрэгсэлд ачаад ******* дүүрэгт ирэхээр нь би өөрийн танил ын ******* дүүргийн хороо, захын махны складанд буулгаж хүлээж авсан. Тоо ширхэг, килограмм жинг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би тухайн үеийн малын махны үнэлгээг гаргуулах хүсэлтэй байна. Би ер нь *******аас хонь, үхэр, ямааны махыг тyxaйн үеийн зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдаж авсан. Би сургууль цэцэрлэгт мах нийлүүлнэ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 79-82 хуудас/,
- “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НД-25-228 дугаартай “махны нийт үнэлгээ 56 773 000 төгрөг” гэх дүгнэлт /х.х-ийн 68-72 хуудас/
- ******* дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, тодорхойлолт /х.х-ийн 32, 34-38 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 84-88, 91-98 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт) хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдлийг хэлдэг.
Дээрх гэмт хэргийн үйлдлийн арга болох “хуурч” гэдэгт элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг ойлгодог.
Шүүгдэгч Х.******* нь өөрийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүслийн халиун” ХХК-ний нэрээр хохирогч Э.*******аас мах зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож, ******* дүүргийн цэцэрлэг, сургуульд мах нийлүүлнэ гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ******* дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх махны агуулахад 126 ширхэг хонины гулууз буюу 3075 килограмм мах, ямааны 57 ширхэг гулууз буюу 1211 килограмм мах, 24 ширхэг бүтэн үхэр буюу 2729 килограмм мах тус тус буулган авч 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан махны төлбөрийг буцаан өгөөгүй нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхээс *******, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлтэй байна. Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг тайлбар зэргээс үзэхэд шүүгдэгч Х.******* нь хохирогч Э.*******аас 126 ширхэг хонины гулууз буюу 3075 килограмм мах, ямааны 57 ширхэг гулууз буюу 1211 килограмм мах, 24 ширхэг бүтэн үхэр буюу 2729 килограмм мах тус тус гэрээ байгуулан зээлээр худалдан авахдаа махны төлбөрөөс 14 000 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НД-25-228 дугаартай дүгнэлтэд махны нийт үнэлгээ 56 773 000 төгрөг гэж тогтоосон ба үүнээс шүүгдэгч Х.*******гийн мах зээлээр худалдан авахдаа махны төлбөрөөс төлсөн 14 000 000 төгрөгийг хасаж, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 42 773 000 төгрөг гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” хэлнэ гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан их хэмжээ гэдгийг 50 000 000 төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор байна.
Шүүгдэгч Х.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Х.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Уг гэмт хэрэг нь шүүгдэгч Х.*******гийн амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн сэдлээс үйлдэгдсэн байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.******* нь шүүх хуралдаанд бусдаас мах авсан 24 000 000 төгрөгийн төлбөр, нийт зээлийн хүү 8 800 000 төгрөг, махны хохиролд 54 314 000 төгрөг тус тус нэхэмжилжээ. Шүүхээс уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******т 42 773 000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзсэн.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.*******гээс хохирогч Э.*******т учруулсан хохирлоо төлж барагдуулахаар 5 газрын эзэмших эрхийг шилжүүлсэн ба үүнээс 4 газрын эзэмших эрх нь хохирогчид шилжсэн болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нар нь хохирогч Э.*******т шилжүүлсэн газруудын нэг газрыг 10 000 000 төгрөгөөр тооцож хохирлоос хасахаар харилцан тохиролцсон учир албан ёсоор хохирогч Э.*******т шилжсэн 4 газрыг 40 000 000 төгрөгт бодож гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 42 773 000 төгрөгөөс хасаж үлдэх 2 773 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
Харин хохирогч Э.*******аас бусдаас мах авсан төлбөр болон зээл, зээлийн хүү төлсөнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж хохирол нэхэмжилсэн боловч бусдаас мах авсан, зээл авч хүү төлсөн талаарх нөхцөл байдал тогтоогдохгүй, шүүх хуралдаанд гаргасан баримтууд нь нотлох баримтыг шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогч Э.******* нь бусдаас мах авсан төлбөр, зээл, зээлийн хүүтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг гэж шийдвэрлэлээ.
ХОЁР. Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Ганбагана эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, орлого олдог нь банкны хуулгаар нотолсон, насанд хүрээгүй 2 хүүхэдтэй амьдардаг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, тодорхой орлого олдог, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал, цалин орлого, 2 хүүхдийн хэрэглээ, ахуйн хэрэглээ, бусад зардал зэргийг харгалзан 980 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 980 000 төгрөгийн торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй/, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг зохих хэмжээнд төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учруулсан хохирлоос 40 000 000 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2307001280254 дугаартай хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учруулсан хохирлоос 40 000 000 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Х.*******гээс 2 773 000 /хоёр сая долоон зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.*******т олгож, хохирогч нь бусдаас мах авсан төлбөр, зээл, зээлийн хүү төлсөн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА