Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/575

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, Б.************ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,

улсын яллагч Ц.Лхамсүрэн,

иргэдийн төлөөлөгч Х.************,

хохирогч О.************, М.************,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав,

шүүгдэгч Д.************ нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.************ид холбогдох эрүүгийн 2525000000595 дугаартай, 312/2025/0523/Э индекстэй хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.************ нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************ дэлгүүрийн гадаа “танай ээж намайг хөөлөө” гэсэн шалтгаанаар хохирогч О.************ын араас чулуу шидэж, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2025 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян- Өндөр сумын ************ багийн ************ тоотод согтуурсан үедээ урьд нь дээрэлхэж байсан гэсэн шалтгаанаар хохирогч М.************тай хэрүүл маргаан үүсгэж, зүүн гуянд хутгалж, эрүүл мэндэд нь зүүн гуянд шарх, шархыг нээж гэмтсэн бүтцийг сэргээж цус алдалтыг тогтоож гуурс тавих мэс заслын дараах байдал, хурц цус алдалт, цус алдалтын шок бүхий хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.************, хохирогч О.************, М.************ нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000595 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.************ нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************ дэлгүүрийн гадаа “танай ээж намайг гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар хохирогч О.************ын араас чулуу шидэж, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2025 оны 09 дүгээр сарын 14-ний шөнийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн ************тоотод согтуурсан үедээ урьд нь дээрэлхэж байсан гэх шалтгаанаар хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогч М.************тай хэрүүл маргаан үүсгэж, зүүн гуянд хутгалж, эрүүл мэндэд нь зүүн гуянд шарх, шархыг нээж гэмтсэн бүтцийг сэргээж цус алдалтыг тогтоож гуурс тавих мэс заслын дараах байдал, хурц цус алдалт, цус алдалтын шок бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.************ийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.************ын өгсөн: “...6.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан, одоогоор 2.000.000 төгрөгийг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг,

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.************ын өгсөн: “...Тухайн өдөр 09 дүгээр сарын 01-ний өдөр, Д.************ийн төрсөн өдөр байсан. Би хүүхдүүдээ хүргэж өгчхөөд гэртээ унтаж байхад Д.************ залгаад хүрээд ир гэсэн. Тэгээд би автобусаар ************ баг руу очсон. Тэр айл руу ороход ************ унтаж байсан. Тэгээд би төрсөн өдрийн мэнд хайраа гэхэд шууд босож ирээд өшиглөсөн. Дараа нь гадаа архи ууж байсан чинь Бааска ахын охин нь хөөгөөд байхаар нь дагуулаад харъя гэтэл миний утсыг өг гэж уурлаад 8 цагийн үед дэлгүүрийн гадаа байж байхад гэнэт нэг чулуу аваад шидсэн. Гурвалжин хэлбэртэй том чулуу байсан. Тэгэхэд дэлгүүрийн охин намайг хүлээн авах руу хүргэж өгчхөөд яваад өгсөн. Тэгээд толгойдоо оёдол тавиулсан. Эм тариа авсан гэхдээ баримт байхгүй. Одоо толгойгоо томографт харуулмаар байна ...” гэх мэдүүлэг,

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.************ гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: ...Хүний биед хүнд гэмтэл учруулсан, хамтран амьдрагчийнхаа толгойг хагалсан нь үнэн болохыг эмч тогтоосон учир гэм буруутай... гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч О.************ын өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 1-42 тоот гэртээ байхад 15 цагийн орчимд өмнө үерхэж байсан ************ 96118841 дугаараас залгаад төрсөн өдрийн мэнд хүргэдэггүй юм уу гэхээр нь баяр хүргэсэн. Хайраа ганц юм аваад ирээч, мөнгө байна уу гэхээр нь мөнгө байхгүй гэсэн. Хурдан ирээд намайг аваач гэхээр нь байгаа газрыг нь заалгаад ************ийн танил Баасанжаргал гэх хүний гэрт очсон. ************ унтаж байхаар нь хайраа сэрээч, явъя гэхэд согтуу гуйвж, дайвж босож ирээд миний зүүн шилбэ рүү өшиглөсөн. Удалгүй Баасанжаргалын охин орж ирээд ************ийг хөөгөөд гаргаад тэнд байсан хүмүүс тараад явчихсан. ************ намайг хараагаад гудамжинд унаж тусаад байснаа газраас том гурвалжин чулуу аваад миний толгойны ар хэсэг рүү шидчихсэн. Толгойны ард гараа тавихад цус гарч байсан. ************ дэлгүүрийн худалдагч үйл явдлыг харсан. ************ нь намайг ирж аваач гэсэн болохоор очиж авсан. Намайг харааж байснаас танай ээж намайг гэрээсээ хөөсөн гээд намайг хараагаад чулуу шидчихсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 200-201 дүгээр хуудас/,

2. Гэрч С.************гийн өгсөн: “...************ гэх залуу араас нь ирээд ************аас утсаа авъя гээд гар утас нэхээд байсан. ************ надад чиний утас байхгүй гээд хоорондоо маргалдаад байсан. ************ гэнэт газраас чулуу аваад ************ руу шидсэн. Тухайн шидсэн чулуу ************ын толгойн тус газарт оносон. Би эмнэлэг дуудах гэсэн боловч утас нь болохгүй байсан болохоор найзтайгаа хамт ************ыг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 207 дугаар хуудас/,

3. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ОРХ/725/868 дугаартай “О.************ын биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хэргийн  215-216 дугаар хуудас/

4. Хохирогч М.************ын өгсөн: “...Манай хуурай дүү болох ************ын ************ нь 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр урд нь муудалцаж байсан асуудлыг ярьж маргалдаад ************ багийн ************тоотод архи ууж байхдаа 23 цагийн орчим хутгаар миний зүүн хөлийн гуя хэсэг рүү хутгалсан. Би ************той 4-5 жилийн өмнө Булган аймгийн Сайхан суманд эмээ, өвөөгөөс нь идэшний үхэр авч байхдаа танилцаж, тэрнээс хойш мэнд устай, хуурай ах дүү гээд явдаг байсан. Орхон аймагт орж ирэхээрээ манайхаар хааяа орж гардаг. 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 09 цаг өнгөрч байхад хүний утсаар ярьж байна, та хаана байна уулзах уу гэхээр нь би “гэрийнхээ хажуу талын ************ ахынд ганц хоёр юм уугаад байж байна, хүрээд ир” гэсэн. ************ нь манай гэрийг мэддэг, ************ийн гэрийг мэддэг учраас хүрээд ирсэн. Би хөрш айл болох ************гийн ************тоот ************ийн гэрт найз ************, ************ нарын хамт ганц хоёр шил архи уугаад орой 22 цаг болсон. ************ нь 3-4 сарын өмнө хавар манай хашаанд архи ууж байхдаа согтоод агсан тавиад хутга шөвөг барьж аваад байхаар нь ахын хувьд барьж авч заамдаж боогоод боль, ийм зан хэрэггүй гэж хэлж байсан. тэгтэл ************ тухайн үед болж байсан асуудлыг яриад намайг дээрэлхэж байсан биз дээ гэх мэтээр үг хаяад байхаар нь чи хүнээс үг сонсохгүй хаа хүрэх юм бэ, битгий далчигнаад бай, зүгээр ууж идвэл ид гэсэн чинь чи юу гээд байгаа юм гээд цэнхэр иштэй хутгаар миний зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа хутгалсан. Би ************ ахын гэрээс гараад өөрийн гэр буюу ************ багийн 63-08 тоот руу ороод ээжийг дуудаад, эмнэлэг түргэн дуудаад өг, би хутгалуулчихлаа гэхэд ээж хашаанд байдаг найзын эхнэр ************г дуудаад эмнэлэг түргэн дуудаарай гэсэн. Удаагүй түргэн ирсэн ба ************ яанаа, би юу хийчхэв ээ гээд гаслаад зогсож байсан. Цагдаа нар ************ийг аваад явсан. Би ************ид гар хүрээгүй, маргаан бид хоёрын дунд л болсон...” гэх мэдүүлэг /хэргийн 21-23 дугаар хуудас/

5. Гэрч М.************ийн өгсөн: “...М.************тай 2008 оноос хөрш болж одоог хүртэл амьдарч байна. хааяа ганц хоёр шил архи уудаг ба өөр харилцаа байхгүй. ************ийг 2024 оны 2 дугаар сараас таньж мэддэг болсон. 2024 оны цагаан сарын үеэр би хүүгийнхээ үсийг аваад үсний найр хийж, ************ыг үсний найрт урьсан чинь ************ийн хамт ирсэн. Тэгж танилцаж байсан. Манай гэрээр ирж 5-6 удаа архи уугаад явж байсан. Сайн танихгүй, зан харьцааны хувьд их ууртай байдалтай, хүнтэй маргаан зодоон хийх гээд байдаг бололтой байсан. ....би гэртээ ганцаараа байсан ба урд өдөр нь архи уугаад шартсан байсан байхад ************ орж ирээд шар тайлаад ганц хоёр шил архи уугаад сууж байхад ************ийн утас руу ************ яриад ************ манайд байгаагаа хэлсэн. Орой 19 цагийн үед ************ ирсэн санагдаж байна. ************ ************ бид нар архи уугаад сууж байхад ************ нь ************тай чи урд өмнө намайг хоолой боож дээрэлхэж байл уу гээд тэрнээсээ болоод маргалдаад байсан. ************ манай том өрөөнд зогсож байхад ************ гал тогоо руу орсон ба манай гэрийн мах хэрчдэг хоол хийхдээ хэрэглэдэг цэнхэр иштэй хутгыг барьж ирээд ************ын зүүн гуя хэсэгт нэг удаа хутгалсан. ************ зүүн гуя хэсгээ дараад суусан ба би боож өгсөн. ************ нь хажуугийн хашаанд байх гэр лүүгээ ах дүү нартаа хэлэх гээд явсан. Удаагүй цагдаа, эмнэлэг ирээд явцгаасан...” гэх мэдүүлэг /хэргийн 47-48 дугаар хуудас/

6. Гэрч Б.************гийн өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 22 цаг өнгөрч байхад ************ ах орилоод түүний ээж ************ түргэн, цагдаа дуудаарай ************ туслаарай, хурдлаарай гээд орилоод байхаар нь би тэдний байшинд яваад ортол ************ ах гэрийнхээ гал тогооны хэсэгт шалан дээр хэвтсэн байдалтай, зүүн хөлийн гуя хэсгээс цус гарсан байж байсан. Сая хажуу талын айл ************ийн гэрт ************ гэсэн хүн хутгалчихлаа. Би гэртээ үхье гэж бодоод гэр лүүгээ орж  ирлээ гээд орилж байсан. хутгалсан болон хамт архи уусан хүмүүс нь хажууд нь байсан. Аль нь хутгалсан болохыг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 50-51 дүгээр хуудас/

7. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 893 дугаартай дүгнэлтээр “М.************ын биед зүүн гуянд шарх, шархыг нээж гэмтсэн бүтцийг сэргээж цус алдалтыг тогтоож гуурс тавих мэс заслын дараах байдал, хурц цус алдалт, цус алдалтын шок гэмтэл. Зүүн гуянд шарх, шархыг нээж гэмтсэн бүтцийг сэргээж, цус алдалтыг тогтоож гуурс тавих мэс заслын дараах байдал хурц цус алдалт, цус алдалтын шок нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмынх 4.3.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хэргийн 54-55 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн иштэй хутга нэг ширхгийг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.************, О.************, гэрч В.Эрдэнэчимэг, М.************, Б.************, С.************ нарын өгсөн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 893 дугаартай, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учрал болсон гэх ************ багийн 63-08 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Д.************ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч Д.************ нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************ дэлгүүрийн гадаа “танай ээж намайг хөөлөө” гэх шалтгаанаар хохирогч О.************ын араас чулуу шидэж, “дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол,

мөн 2025 оны 09 дүгээр сарын 14-ний шөнийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян- Өндөр сумын ************ багийн ************тоотод согтуурсан үедээ “урьд нь дээрэлхэж байсан” гэх шалтгаанаар хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогч М.************тай хэрүүл маргаан үүсгэж, зүүн гуянд хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн гуянд шарх, шархыг нээж гэмтсэн бүтцийг сэргээж цус алдалтыг тогтоож гуурс тавих мэс заслын дараах байдал, хурц цус алдалт, цус алдалтын шок” бүхий хүнд хохирол тус тус санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.************ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 893 дугаартай дүгнэлтэд,

хохирогч О.************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 102 дугаартай дүгнэлтэд тус тус нэрлэн зааж шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарлажээ.

 

 Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь бүтцийн хувьд төмрөөр хийсэн ир, үзүүртэй, юм хуваах, зүсэх зориулалтаар бэлтгэсэн байх тул дээрх хуулийн тайлбарын зэвсэг гэх ойлголтод хамаарахаар байна.

 

Хохирогч М.************ын биед учирсан “зүүн гуянд шарх, шархыг нээж гэмтсэн бүтцийг сэргээж цус алдалтыг тогтоож гуурс тавих мэс заслын дараах байдал, хурц цус алдалт, цус алдалтын шок” бүхий хүнд гэмтэл тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.************ нь хохирогчийн биед уг гэмтлийг хутга буюу хүйтэн зэвсгээр учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед зэвсэг хэрэглэн санаатай халдаж хүнд гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг, хохирогч О.************ руу чулуу шидэж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, мөн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас,

шүүгдэгч Д.************, түүний өмгөөлөгч Р.Бямбажав нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирол төлбөрийг барагдуулж, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас,

хохирогч нар нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах, хохирлыг барагдуулах гэх байр сууринаас тус тус оролцож санал, дүгнэлтээ гаргав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж оролцохдоо хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Д.************ийг гэм буруутай байна гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлттэй тохирч байна.

Шүүгдэгч Д.************ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж, чулуу шидэх, гуя хэсэгт зэвсэг буюу хутгаар хатгаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Шүүгдэгч Д.************ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн, хүнд хохирол тус тус учирсан гэж шүүх дүгнэлээ.

          Хохирогч М.************ нь шүүхийн хэлэлцүүлэгт биед учирсан хүнд хохирол болох "зүүн гуянд шарх, шархыг нээж гэмтсэн бүтцийг сэргээж цус алдалтыг тогтоож гуурс тавих мэс заслын дараах байдал, хурц цус алдалт, цус алдалтын шок зэргийг эмчлүүлэхэд гарсан зардал болох судас, гуурс тогтоогчийн төлбөр 500,000 төгрөг, эм тариа, памперс, таксины төлбөр 1,220,000 төгрөг, эмчид талархсанаа илэрхийлж өгсөн 300,000 төгрөг, эгч М.************ийн 10 хоног ажилгүй байсан хугацааны цалин 870,000 төгрөг, дүү М.************гийн 3 хоног ажилгүй байсан хугацааны цалин 210,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 4,500,000 төгрөг, нийт 7,600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж холбогдох нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт ирүүлснээс шүүгдэгч Д.************ нь шүүх хуралдаанаас өмнө хохирогчид 2,000,000 төгрөгийг сайн дураараа төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар нотлогдож байна.

          Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу хохирогч М.************ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

         

          Үүнд: Эмчилгээ, оношлогооны төлбөр, эмнэлэг, гэр хоёрын хооронд боолт хийлгэхээр явсан таксины зардалд нийт 1.721.539 төгрөгийн зардал нь нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.************оос гаргуулан хохирогч М.************т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.936.645 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхив.

 

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан иймд иргэний нэхэмжлэгч Д.************гээс гаргасан 1.793.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

         

          Хэргийн 1 дүгээр хавтасны 29 дэх талд хохирогч М.************аас гаргаж өгсөн эмчилгээ, үйлчилгээ /оношийн төлбөр, түнх ба гуя орчмын өнгөц гэмтэл, шарх, дунд чөмөгний хугарал/ гэх 1.941.816 төгрөгийн Ибаримт нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1.641.816 төгрөг, иргэнээс 300.000 төгрөг гарсан гэх зардлын баримт болох нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, хэмжээг шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоол, иргэний нэхэмжлэгч Д.************гийн хэрэгт ирүүлсэн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт буюу Эрүүл мэндийн хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчээс дээрх төлбөрийн давхар гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэснийг зөвтгөж, шийдвэрт залруулга хийж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч зөвтгөсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Хохирогч О.************ нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлж, оношлуулахад гарсан зардлын баримтыг ирүүлээгүй боловч томографт харуулах төлбөр 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаагаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул нэхэмжлэлийг хэлэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Д.************ нь шүүх хуралдаанаас өмнө 2.000.000 төгрөгийг хохирогч М.************ын дансанд шилжүүлсэн, гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн 1,793,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.************ нь гэм хорын хохиролд 3,936,645 төгрөг, хохирогч О.************ нь гэм хорын хохиролд нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг тус тус нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ тогтоолоор шүүгдэгч Д.************ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Д.************ийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж, нийт 7 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************ийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд оруулан тооцох санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулж, эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогч нар нь шүүгдэгчийг гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай тул  түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх гэх байр суурийг тус тус илэрхийлж оролцлоо.

Шүүгдэгч Д.************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг зэвсэг хэрэглэн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.************ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.************ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ...учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

1 дүгээр хавтаст хэргийн 84-114 дэх талд авагдсан, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгэлийн мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.************ нь ** настай, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **************, ******************* багт оршин суух бүртгэлтэй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.************ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хохирогчид учруулсан материаллаг хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш, харин эрх олгосон хэм хэмжээ юм.

Шүүгдэгч Д.************ нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч, 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Д.************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, 3 сарын хугацаагаар хорих ялаар дүйцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 /тав/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5 /тав/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************ийн 2025 оны 10 дугаар сарын өдрөөс эхлэн цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.************ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих-437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорих нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.************ нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч М.************, О.************ нар нь эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримтын шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд тус тус даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* овогт ************ын ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.************ийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Д.************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, 3 сарын хугацаагаар хорих ялаар дүйцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 /тав/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5 /тав/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************ийн цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.************ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих-437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.************ын нэхэмжлэлийн шаардлагаас 3,936,645 (гурван сая есөн зуун гучин зургаан мянга зургаан зуун дөчин тав) төгрөгийг, хохирогч О.************ын нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 (нэг сая) төгрөгийг тус тус нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.************, О.************ нар нь эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн иштэй хутга нэг ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримтын шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд тус тус даалгасугай.  

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНЭРЭЛ

 

                                                ШҮҮГЧИД                                         Д.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                                            Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ